Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04156

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04156

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК холбогдох,

11,077,355 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчтай 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ... дугаартай агуулахын байрны түрээсийн гэрээ байгуулсан ба хариуцагч талыг түрээсэлж байсан талбайг нэхэмжлэгч тал 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн талбайг ...талбайн үнийг 33.275 төгрөг болгож байгаа тухай албан бичгийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ....тоот албан бичиг хүргүүлсний дараа хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн талбайг манай байгууллагад урьдчилан хэлж хүлээлгэж өгөлгүй өөрсдөө чөлөөлсөн. Талбайг чөлөөлөх хүртэлх хугацааны 24 өдрийн түрээсийн төлбөрийг хариуцагч нь гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу бүрэн төлөх үүрэгтэй ба түрээсийн төлбөрөөс 11,077,355 төгрөг одоог хүртэл төлөөгүй тул гаргуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгчтэй 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулсны дагуу тухай бүр төлбөр төлж байсан. Гэтэл энэ түрээсийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь үнийг удаа дараа үндэслэлгүй нэмсэн төдийгүй шоу арга хэмжээ зохион байгуулахдаа байнга манай компанийн хаалга үүдийг хааж, үйлчлүүлэгч үйлчилгээ авах боломжгүй нөхцөл байдал үүсгэдэг байсан. Мөн галын аюулгүй байдлаа хангаагүйгээс тухайн байранд гал гарч, манай компанид хохирол учирч, тухайн асуудлаар нэхэмжлэгч талд гомдол, санал, хүсэлт гаргахад түрээсийн гэрээг чинь цуцална шүү, хурдан байр суллаж өгөөрэй гэдэг байсан. Ийнхүү түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, дуусгавар болгох тухайгаа У ХХК-ийн менежерүүдэд удаа дараа мэдэгдэж байсан. Тухайн үед тус компаниас захирал гадаад явсан гэдэг хариу өгч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн талбайг урьдчилан мэдэгдэлгүй өөрсдөө чөлөөлсөн гэдэг нь үндэслэлгүй тайлбар байна. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээ 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 20/т-05 дугаартай агуулахын байрны түрээсийн гэрээ /хх 7-9/, У ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22/264 дугаар албан бичиг /хх 10/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23/026 дугаар албан бичиг /хх 11/, тооцоо нийлсэн акт /хх 12-14/, У ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ...дугаар албан бичиг /хх 30/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаар албан бичиг шүүхэд гарган өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт 11,077,355 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг цуцалснаас хойш түрээсийн төлбөр төлөхгүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид ....талбайг 18,000 төгрөгөөр 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл түрээслэхээр тохиролцсон болох нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр... дугаартай агуулахын байрны түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.

У ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаар албан бичгээр 1 м.кв талбайн үнийг 33,275 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23/026 дугаар албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгджээ.

Улмаар хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн талаар зохигчид маргаагүйгээс гадна 2022 оныг дуустал хугацааны төлбөрийн үлдэгдэлгүй болох нь тооцоо нийлсэн акт, зохигчийн тайлбараар тогтоогджээ.

7. Хариуцагч нь ... байрлах 24б дугаартай, ...талбайн 1 м.кв талбайг 18,000 төгрөгөөр 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ашиг олох зорилгоор түрээслэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.

Энэхүү гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй, энэ тохиолдолд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй юм.

 

Мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн... тоот хаягт байршилтай, ... талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд түрээсийн зүйл болох.... тоот хаягт байрлах 24б дугаартай, 430 м.кв талбай хамаарахгүй гэж хариуцагч тайлбарласан боловч талууд 2020 оны 4 дүгээр сараас эхлэн түрээсийн гэрээний харилцаатай байсан тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй, түрээсийн зүйл нь дээрх талбайн нэг хэсэг гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд талуудын байгуулсан гэрээг хоёр талын санаачилгаар цуцалж, талбайг чөлөөлөх хүртэлх хугацааны төлбөрийг шаардсан гэж үзэхээр байна.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд талууд түрээсийн зүйлийг буцаан хүлээлцсэнээр хариуцагч зорилгоо хэрэгжүүлэх боломжгүй болсон тул зохигч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан зааснаар түрээсийн гэрээг дуусгавар болгожээ.

 

Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх замаар гэрээний зүйлийг буцаан шилжүүлж, түрээсийн гэрээг дуусгавар болгосон учир тухайн гэрээний зүйлд доголдол учирсан, доголдол арилгахыг шаардсан, гэрээг цуцлах хугацааг баримталсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.

 

9. Түүнчлэн хариуцагч нь гэрээний 3.24 дахь хэсэгт Үйл ажиллагааг зогсоосон хоног хугацаанд түрээслэгч тал түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно. зааснаар хариуцагч талбайг чөлөөлөх хүртэлх хугацааны төлбөрийг төлөхгүй байх үндэслэлгүй байна.

 

10. Нэхэмжлэгч түрээсийн зүйлийг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр чөлөөлж, бодитоор гэрээ дуусгавар болсон тул 24 хоног түрээсийн талбайг ашиглажээ.

 

Гэрээний талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тохиролцох эрхтэй бөгөөд 1 м.кв талбайн үнийг 18,000 төгрөгөөр анх тохирсон боловч нэхэмжлэгч үнийг нэмэгдүүлэхээр тохиролцсон гэдгээ нотолж чадсангүй.

Мөн хариуцагчийн үнэ нэмсэн албан бичгийг нэхэмжлэгч хүлээн аваад хариу өгөхгүйгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23/026-ны өдрийн албан бичгээр эс зөвшөөрснөөс гадна 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр талбайг чөлөөлсөн нь үнэ нэмэхийг эсэргүүцэж байжээ.

Түүнчлэн түрээсийн гэрээнд дуугүй байснаар хүлээн зөвшөөрсөнд тооцохоор тохиролцоогүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т зааснаар хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн бол хэлцэл хийсэн гэж үзсэн үндэслэл бүрдээгүй байна.

Иймээс талууд гэрээндээ 1 м.кв талбайг 18,000 төгрөг буюу сарын 7,740,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд өдөрт 249,677 төгрөг, 24 өдөрт 5,992,258.06 төгрөг байх тул хариуцагчаас энэ дүнгээр төлбөр гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,187 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110,826 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О. ХХК-аас 5,992,258.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У. ХХК-д олгож, үлдэх 5,085,096.94 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,187 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,826 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ