Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04157

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04157

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.О 

  

Хариуцагч: Д.А-д 

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.А, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “Бид хоёр 2008 онд танилцаад 2012 онд тусдаа гарсан. 2016 онд охинтой болсон. Одоо охин маань 3 дугаар ангид сурдаг, 8 настай. Охиндоо тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Сургалтын төлбөр бас бус зардлаас нь хамжилцах хэрэгтэй байна. Би ганцаараа ажил хийдэг учраас хэцүү байна. Би байр түрээсэлж амьдардаг. Хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар тогтоолгох хүсэлтэй байна.” гэжээ.  

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Эхнэр хүүхэдтэйгээ цуг амьдармаар байна. Цаашид амьдарлаа үргэлжлүүлмээр байна. Гэрлэлтээ батлуулаад хамт амьдрах хүсэлтэй байна. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Наадмаас хойш сар гаран тусдаа амьдарсан. Би бүх зүйлээ өөрөө болгоод л зохицуулаад л өөрөө хүүхдээ тэжээдэг байсан. Би хувиараа юм хийдэг байсан. Тэтгэлэг тогтоолгосон тогтоолгоогүй би хүүхдээ тэжээдэг бүх зүйлийг болгодог.” гэв. 

 

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 3/, өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх 4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 6/ шүүхэд гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

4. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.А холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэсэн агуулгаар тайлбарласан. 

 

5. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын дундаас 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр охин А.У төржээ.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба зохигчид охин А.У нь эхийн асрамжид байгаа талаар маргаагүй.

 

Иймд хуульд заасан хугацаа болон хэмжээгээр А.У-д эцэг Д.А-с тэтгэлэг гаргуулж олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр охин А.У 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Д.А-с гаргуулан олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ