| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/04160/И |
| Дугаар | 102/ШШ2024/04208 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/04208
| 2024 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2024/04208 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.М
Хариуцагч: Т ХХК
8,704,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Н.Санчин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Т ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан ... орон сууцыг 1 м.кв талбайг 3,200,000 төгрөгөөр нийт 251,776,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 101,776,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 150,000,000 төгрөгийг ипотекийн зээлээр төлбөрийг төлж дуусган үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ 76.32 м.кв гэж гарсан. Гэтэл би орон сууцныхаа хэмжээг А.ХХК-аар хэмжүүлэхэд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23/091 дүгнэлтээр 73.6 м.кв гарсан. Иймд дутуу 2.72 м.кв талбайн төлбөр 8,704,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “... гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 76.32 м.кв гаргахыг талууд зөвшөөрч, баталгаажуулсан. Т.М байрандаа орж, 2022 оны 8 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан. Мөн хэмжилт гаргасан компанийн стандарт хүчингүй болсон, нөгөө өмчлөгчөөсөө зөвшөөрөл аваагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, орон сууц захиалгаар барих гэрээ /хх 5-7/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 8/, А ХХК-ийн дүгнэлт /хх 16-20/, Хариуцагчаас хуулийн этгээдийн дүрэм /хх 23-26/, орон сууц хүлээлцсэн акт, нэхэмжлэгчийн компанид гаргасан хүсэлт тус тус шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэгч Т.М нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч орон сууцны дутуу талбайн төлбөрт 8,704,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, үнэлгээний стандарт хүчингүй болсон гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.М нь Т ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, ... орон сууцыг нийт үнэ 251,776,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, захиалагч нь үнийг төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчид 2022 оны 1-р улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргийг хүлээж гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч 251,776,000 төгрөгийг бүрэн төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч орон сууцыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.
А ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр ...орон сууцны нийт талбайг 73.6 м.кв гэж хэмжжээ.
7. Т.М. болон Т. ХХК-ийн хооронд Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан боловч баригдсан барилгын нэг хэсгийг худалдан авсан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Т.М. нь Т.ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, ... орон сууцыг 1 м.кв талбайг 3,200,000 төгрөгөөр тохиролцсон боловч 3,283,463.75 төгрөгөөр тооцож нийт үнэ 251,776,000 төгрөгийг шилжүүлсэн бол хариуцагч үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлжээ.
Орон сууцны үнэ цэнэ зөвхөн талбайн хэмжээгээр тодорхойлогдохгүй бөгөөд тухайн орон сууцны байршил, барилгын хийц, ирээдүйн үнэ цэнээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх тохирсон 78,68 м.кв талбайн хэмжээ 76,68 м.кв болоход зөрүү төлбөрөө шаардаагүй бөгөөд дахин хэмжилт хийлгэхэд 73,6 м.кв болсон нь үнийг бууруулах үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ.
8. Түүнчлэн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.”зааснаар 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр орон сууцанд орохдоо талбайн хэмжээний зөрүүтэй байдлын талаар мэдэх боломжтой байхаас гадна хариуцагч нь доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан байх тул хариуцагч Т ХХК-иас орон сууцны талбайн зөрүү 2,72 метр квадрат талбайн төлбөр болох 8,704,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар Т ХХК-д холбогдох 8,704,000 төгрөг гаргуулах Т.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,214 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ