Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2019/0123

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа би, Санчир-Ундрах ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Санчир-Ундрах ХХК, /түүнийг төлөөлж, захирал Б.Болд-Эрдэнэ/, нөгөө талаас хариуцагч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар, /түүний төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Нямдэлгэр/ нар харилцан буулт хийж, маргаанаа дуусгах зорилгоор дараахь зүйлээр харилцан тохиролцож, энэхүү гэрээгээр шүүхийн өмнө эвлэрч байна.

Үүнд:

1. Хариуцагч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар нь Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийг худалдан авах тухай ЭМДЕГ/ӨӨТҮ/201801 дугаартай нээлттэй, хязгаарлагдмал цахим тендер нь цуцлагдаж, 2019 онд дахин зарлагдахаар болсон тул тендерийн 69, 91 ба 97 дугаар багцуудад орсон эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолтыг дахин хянан үзэж, шинээр зарлах тендерт шинэчлэн бэлтгэхээр болов.

2. Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

3. Талуудыг төлөөлөх эрхтэй этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно.

4. Гэрээний 1%-ийг шүүхэд хүргүүлэн эвлэрлийг баталснаар талууд дээр дурьдсан ЭМДЕГ/ӨӨТҮ/201801 дугаартай нээлттэй тендерийн 69, 91 ба 97 дугаар багцуудад цаашид хоорондоо аливаа маргаангүй болно.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Санчир-Ундрах ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчид нь харилцан тохиролцож, хариуцагч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Нямдэлгэр нь нэхэмжлэгч Санчир-Ундрах ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэтэй Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Санчир-Ундрах ХХК, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Санчир-Ундрах ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох Захиалагчийн тендерийн баримт бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Санчир-Ундрах ХХК, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдэлгэр нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА