Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/44

 

*******д холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                             Б.Сарантуяа

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч                  З.Нямсүрэн

Иргэний хариуцагчийн төлөөлөгч                      *******

Яллагдагчийн өмгөөлөгч                                    Д.Галтогтох

Яллагдагч                                                             *******   

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/667 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сарантуяагийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бодонгууд овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сум, Улз баг, Аят хорооллын ******* тоотод оршин суух гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ******* /

Яллагдагч ******* нь нийтийн албан тушаалд буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсгийг зөрчиж хийх ёсгүй үйлдэл буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-тай Дорнод аймгийн Дашбалбар суманд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” 06 дугаартай гэрээ байгуулан, “Тэнгэрийн Сор” ХХК-д 2000 м/куб элсийг Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас олборлох эдийн бус ашигтай байдал болон 125,579,200 (нэг зуун хорин таван сая таван зуун далан есөн мянга хоёр зуу) төгрөгийн ашиг орлого олох эдийн давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас яллагпагч Б.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж үзжээ.

Анхан шатны шүүх үндэслэлдээ: “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг зайлшгүй шалган тогтоож нотлох бөгөөд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу, бүрэн бус хийжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Баттулгыг нийтийн албан тушаалд буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсгийг зөрчиж хийх ёсгүй үйлдэл буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-тай Дорнод аймгийн Дашбалбар суманд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” 06 дугаартай гэрээ байгуулан, “Тэнгэрийн Сор” ХХК-д 2000 м/куб элсийг Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас олборлох эдийн бус ашигтай байдал болон 125,579,200 төгрөгийн ашиг орлого олох эдийн давуу байдлыг бий болгосон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох хэргийг шүүхэд ирүүлжээ.

Гэвч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “Тэнгэрийн Сор” ХХК нь Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас 2000 м/куб элсийг олборлосон, түүний улмаас байгаль экологид бодитоор 30,000,000 төгрөгийн хохирол учирсан, түүнчлэн “Тэнгэрийн Сор” ХХК Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас 2000 м/куб элсийг олборлож 125,579,200 төгрөгийн ашиг орлого олсон болох нь бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Баттулгын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсний улмаас байгаль экологид учирсан хохирол бодитой бус, “Тэнгэрийн Сор” ХХК Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас 2000 м/куб элсийг хууль бусаар олборлосон эсэх, тухайн хууль бус олборлолтын улмаас “Тэнгэрийн Сор” ХХК 125,579,200 төгрөгийн ашиг орлого олсон эсэх нь эргэлзээ төрүүлэхүйц, тодорхой бус байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан.   

Хавтаст хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэх, төлбөрийн баримтаар “*******” ХХК-ийг Дашбалбар сумын нутаг дэвсгэрээс 2000 м/куб элсийг олборлож 125,579,200 төгрөгийн ашиг олсон гэж үзэх боломжгүйгээс гадна Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга “*******” ХХК-ийн захирал нарын Дорнод аймгийн Дашбалбар суманд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” 06 дугаартай гэрээнд “2000 м/куб элс олборлоно” гэснийг үндэслэн зах зээлийн үнэлгээгээр гаргасан мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр байгаль экологид 30,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь учир дутагдалтай, бодит байдалд нийцээгүй байна. Иймд өмгөөлөгч Д.Галтогтохын “Байгаль экологид учирсан хохирлын хэр хэмжээг мэргэжлийн байгууллагын шинжээч томилон дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн түүнчлэн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон прокурор “...түгээмэл тархацтай ашиг малтмал хууль бусаар олборлох нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хамаарахгүй бөгөөд “*******” ХХК-ийн элс олборлосон үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэсэн учраас тухайн компанийн хууль бус үйлдлийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, олсон ашиг орлогын асуудал энэ эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэгдэнэ” гэж тайлбарласан.

Яллагдагч Б.Баттулгын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн үйл баримттай “*******” ХХК олсон ашиг орлого хоорондоо шалтгаант холбоотой гэж прокурор үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн учраас эрүүгийн ******* дугаартай хэрэгт “*******” ХХК нь Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас 2000 м/куб элсийг олборлосон эсэх, түүний улмаас байгаль экологид бодитоор хохирол учирсан эсэх, түүнчлэн “Тэнгэрийн Сор” ХХК Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас элс олборлосны улмаас 125,579,200 төгрөгийн ашиг орлого олсон эсэхийг бүрэн дүүрэн эргэлзээгүйгээр тогтоох нь дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдоогүй өөрөөр хэлбэл нотолбол зохих байдлыг нотлоогүй, дээрх байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч *******д холбогдох хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, баримт бичгээр ирсэн яллагдагчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, зурагтай анкетыг Дорнод аймгийн Прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сарантуяа бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхээс хэргийг прокурорт буцаах тухай захирамжид “*******” ХХК нь Дашбалбар сумын нутаг дэвсгэр Мардайн элсний карьер гэх газраас элс олборлосны улмаас 125 579 200 төгрөгийг ашиг олсон эсэхийг бүрэн дүүрэн тогтоох нь дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн “*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 401070421 дугаартай дансны хуулга, нарийн шороо, хайрга чулуу худалдан авах гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн баримт, арилжааны банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар “*******” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсэгт зааснаар Аймгийн засаг даргаас тусгай зөвшөөрөл авалгүйгээр Дашбалбар сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр 2000м/куб элс бэлтгэж “Тун гуан майнз” ХХК руу зарж борлуулсан үйл баримт тогтоогддог.

Хавтаст хэрэгт “Тун гуан майнз” ХХК-тай “*******” ХХК байгуулсан элс нийлүүлэх гэрээ, дээр дурдсан нотлох баримтуудаар “*******” ХХК нь 125 579 200 төгрөгийн ашиг орлого олсон нь нотлогдон тогтоогдсон байхад шүүх ямар үндэслэлээр 125 579 200 төгрөгийн ашиг орлого олсон эсэхийг бүрэн дүүрэн тогтоох шаардлагатай гэж үзсэн, мөн дээрх нотлох баримтуудыг ямар учраас үнэлээгүй нь тодорхойгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Мөн уг захирамжид “Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга “*******” ХХК-ийн захирал нарын Дорнод аймгийн Дашбалбар суманд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” 06 дугаартай гэрээнд “2000 м/куб элс олборлоно” гэснийг үндэслэн зах зээлийн үнэлгээгээр гаргасан мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр байгаль экологид 30,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь учир дутагдалтай.” гэжээ. “*******” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсийг олборлосон гэх энэ үйлдэлд 2019 онд Мэргэжлийн хяналтын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлд зааснаар зөрчлийн шийтгэл ногдуулсан тусдаа үйлдэл бөгөөд энэ ч утгаараа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар энэ дүгнэлтийг гаргуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно.” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын газрын байцаагч С.Отгонболдыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 дугаар тушаалын 2-т энэ аргачлалын дагуу байгалийн нөөц баялаг, ус, хөрс, ургамал, ой, зэрлэг ан амьтад, тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчинд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг тооцох ажлыг зохион байгуулах аймгуудын байгаль орчин, аялал жуулчлалын газар, мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болгосны дагуу Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Иймд дахин мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр энэ үйл баримт нь 2019 онд буюу одоогоос 3 жилийн өмнө болж өнгөрсөн учир одоо дахин “*******” ХХК-ийн хичнээн куб метр элс олборлосон болохыг шалгах ажиллагаа явуулах нь хүндрэлтэй, тогтоох боломжгүй юм.

Энэ хэргийн гол үйл баримт нь яллагдагч ******* нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа ... өөрт давуу байдал бий болгосон үйл баримт юм. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. ******* нь тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-тай элс ашиглуулахаар гэрээ байгуулснаар энэ гэмт хэрэг төгссөн ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэргийн хувьд заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй учир прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хяналтын прокурор Б.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж дээр 125 579 200 төгрөгийн ашиг орлого олсон эсэхийг шалгах хэрэгтэй гэсэн байгаа. Гэрээний дагуу 125 579 200 төгрөгийг шилжүүлж авсан болох нь дансны хуулга, нэхэмжлэх төлбөрийн баримт, арилжааны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байгаа. Ийм байхад нэмэлт үзлэг дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Яагаад энэ баримтыг үнэлэхгүй байгааг ойлгохгүй байна. Мөн мэргэжлийн хяналтын газраас энэ дүгнэлтийг гаргах боломжтой эсэх талаар лавласан. Боломжтой гэсний дагуу дүгнэлт гаргасан гэдгийг хэлэхийг хүсч байна. Энэ хэргийн гол үйл баримт нь нийтийн албанд ажиллаж байхдаа эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан үйлдэл байгаа. Энэ байдал бүрэн тогтоогдсон. ******* ХХК-г торгох шийдвэр гарчихсан. Хэдэн м3 элс авсан гэдгийг тогтоох нь одоо ямар ч шаардлагагүй. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой.

Яллагдагч ******* өмнөх Засаг дарга нар гэрээ байгуулж байсан гэж яриад байна. Хэрэгт энэ баримтыг хавсаргасан байгаа. 2014 оныг хүртэл ингэж гэрээ байгуулж ажилладаг байсан. Гэхдээ 2014 оноос аймаг нийслэлээс тусгай зөвшөөрөл авсан компанитай гэрээ байгуулж ажиллах ёстой гэж зааж өгсөн. Ер нь давуу байдлыг л бий болгосон үйлдлийн талаар хэлэлцэж байгаа асуудал шүү дээ. Тусгай зөвшөөрөл байхгүй байхад гэрээ байгуулаад байна. ...Энэ үйлдлээс нь болж нийтийн эрх ашигт хохирол учирсан. Мөнгөний хэмжээ нь хохирол биш хор уршиг юм. ...Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ү.Бөхчулууны өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбартаа: “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 667 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 30 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Хуульд заасан хохирол 125 579 200 төгрөгийн талаар аль аль нь дурдаагүй байна. Яллах дүгнэлт дээр 30 000 000 төгрөгийн асуудал яригдаагүй байсан. Хүсэлт гаргагч тал өөрсдөө гол эх сурвалжаа гаргаж өгөөгүй байна. ...2014-2019 онд энэ хүмүүст гэрээ хийх эрх байхгүй байна. Тусгай зөвшөөрөл байхгүй гэж үзсэн. 2014 оноос өмнө аймгийн ИТХурал үнэлгээ гаргадаг байсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаад байгаа хохирол дээр үнэлгээ гаргадаг байсан. Тэрнээс хойш л зах зээлийн үнэлгээгээр хохирлыг тооцдог болсон. Гэрч нарын мэдүүлгээр үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.” гэв.

Иргэний хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн хувьд энэ гэрээнээс нэг ч төгрөгийн ашиг олоогүй. “Шинь Шинь” ХХК-тай хамтран ажилладаг байсан. Тэгэхэд нэг Өвөрмонгол нөхөр Мардайн суурин дээрээс элс аваад байсан юм. Энэ талаар сум орон нутагтаа мэдэгдсэн юм уу? гэхэд “мэдэгдээгүй” гэж хариулж байсан. Тэгээд би сум орон нутгийн удирдлагаас энэ байдлаар асууж тодруулсан. Тэгэхэд заавал гэрээ байгуулж ажилладаг талаар мэдэгдсэн. Ингээд нөгөө Өвөрмонгол нөхөрт хэлэхэд “та тэгвэл гэрээ байгуулчих. Бид худалдаж авъя” гэж хэлсэн. Ингээд би эхнэрийн нэр дээр байдаг компанийн нэрээр хүсэлт гаргаж гэрээ байгуулж ажилласан. Яг хэдэн төгрөг олсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Надаас мөнгөө нэхэмжлэхэд нь би компанийн данснаас аваад нягтланд нь шууд хүлээлгэж өгсөн. Би нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Одоо бол үгсэн хуйвалдсан мэт харагдаад байх шиг байна. Тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Амарзаяа гэдэг нягтлангийн дансыг шалгаад үзвэл миний хэлж байгаа зүйлс гэрчлэгдэх ёстой. 120 гаруй сая төгрөгийн ашиг олсон мэт ойлгогдож байгаад харамсаж байна.” гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс “*******” ХХК-ийн дансанд “Тун гуан майнз” ХХК-иас 120 гаруй сая төгрөг орсон гэж үзээд байх шиг байна. Энийг ашиг гэж үзэж хохирлыг барагдуулах саналтай байгаа мэт харагдаж байна. Тухайн хэсэг дээр ямар ч ажил эрхлэгдээгүй. Нэг ширхэг ч элсийг байрнаас нь хөдөлгөөгүй юм. “Тун гуан майнз” ХХК нь зүгээр “*******” ХХК-ийн дансыг ашигласан. Яг ямар хэмжээний элс авсан бэ? Энэ элс нь “*******” ХХК-тай хамааралтай эсэхийг шалгах ёстой. Хэт өнгөц дүгнэлт гаргаж байна гэж бодож байна.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль экологид 30 000 000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ойн сан, амьтан, ургамал, газар, газрын хэвлий, хөрсөнд учирсан бол байгаль экологид учирсан хохиролд тооцно гэж заасан. Элсийг авснаараа энэ хэдийн аль хэсэгт орж байгааг тогтоогоогүй байна. Тогтоосны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тогтоолын дагуу экологийн хохирлыг тооцно. Яг аль хэсэгт заасныг эхлээд тогтоох ёстой. Дараа нь үнэлгээг гаргах ёстой юм. Мэргэжлийн баг энэ хэсэг дээр ажиллахаар заасан байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсэгт энэ талаар тодорхой заасан байдаг. Газрын хэвлий, хөрсөнд учирсан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр хохирлыг тогтоохдоо мэргэжлийн байгууллага үнэлгээг гаргах ёстой. Шинжээч томилохдоо хүртэл алдаатай ажилласан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын газраас Билгүүн гэж хүнийг шинжээчээр томилсон атал Отгонболд гэж хүн шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Мэргэжлийн хүн эсэх нь тодорхой бус байна. Өнөөдрийн зах зээлийн 1м3 элсний үнэ нь 15 000 төгрөг байна. 2000 м3 элс авна гэж тооцсон бол 30 000 000 төгрөг байна гэдэг дүгнэлт л гарна. Үнэхээр тогтоох бол мэргэжлийн байгууллага тогтоох ёстой.” гэв.

Яллагдагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх дарга хууль мэдэхгүй гэрээ хийсэн гэсэн зүйл яригдаж байна. Би шинээр Засаг дарга болсон хүн. 2014, 2015, 2016 онд гэрээ байгуулсан Засаг дарга нарын байгуулсан гэрээ хэрэгт хавсаргагдаж байгаа. Би прокурорт ч гэсэн энэ хүмүүсээс мэдүүлэг авах хүсэлтийг гаргаж байсан. “Боломжгүй” л гэж хэлж байгаа биздээ? Отгонболд ч гэсэн мэргэжлийн хүн юм бол мэргэжлийн дүгнэлт гаргах ёстой. Гэтэл зах зээлийн ханшийг үржүүлээд л хохирол гаргачихдаг юм гэж юу байсан юм. 1990 оноос хойш байгаль экологийн хохирол яригдана өмнө нь хохирдоггүй байсан гэж хэлэх гээд байгаа юм уу? Одоо энэ өмгөөлөгч хүртэл хэлж байна. Намын гишүүн хамааралтай этгээд гэж хэлж байх юм. Нямсүрэн өмгөөлөгч намайг өмнө нь ч гэсэн шүүх хуралдаан дээр намайг “хараваас хулгайч царайтай” гэж хэлж байсан. Ингэж хэлээд зогсож байж болох юм уу? Ганц жижиг цаасаар хүний амьдралыг шийдэх гээд байх юм.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Б.Сарантуяагийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Яллагдагч Б.Батттулгад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас Б.Баттулгыг нийтийн албан тушаалд буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсгийг зөрчиж хийх ёсгүй үйлдэл буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-тай Дорнод аймгийн Дашбалбар суманд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” 06 дугаартай гэрээ байгуулан, “Тэнгэрийн Сор” ХХК-д 2000 м/куб элсийг Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас олборлох эдийн бус ашигтай байдал болон 125,579,200 /нэг зуун хорин таван сая таван зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгийн ашиг орлого олох эдийн давуу байдлыг бий болгосон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Анхан шатны шүүхийн “*******” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэх, төлбөрийн баримтаар “*******” ХХК-ийг Дашбалбар сумын нутаг дэвсгэрээс 2000 м/куб элсийг олборлож 125,579,200 төгрөгийн ашиг олсон гэж үзэх боломжгүйгээс гадна Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга “*******” ХХК-ийн захирал нарын Дорнод аймгийн Дашбалбар суманд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” 06 дугаартай гэрээнд “2000 м/куб элс олборлоно” гэснийг үндэслэн зах зээлийн үнэлгээгээр гаргасан мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр байгаль экологид 30,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь учир дутагдалтай, бодит байдалд нийцээгүй байна. Иймд өмгөөлөгч Д.Галтогтохын “Байгаль экологид учирсан хохирлын хэр хэмжээг мэргэжлийн байгууллагын шинжээч томилон дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийг хүлээн авах,

Б.Баттулгын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн үйл баримттай “*******” ХХК олсон ашиг орлого хоорондоо шалтгаант холбоотой гэж прокурор үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн учраас эрүүгийн ******* дугаартай хэрэгт “*******” ХХК нь Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас 2000 м/куб элсийг олборлосон эсэх, түүний улмаас байгаль экологид бодитоор хохирол учирсан эсэх, түүнчлэн “Тэнгэрийн Сор” ХХК Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас элс олборлосны улмаас 125,579,200 төгрөгийн ашиг орлого олсон эсэхийг бүрэн дүүрэн эргэлзээгүйгээр тогтоох” талаар хийсэн дүгнэлтүүд үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн  Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Иймд давж заалдах шатны шүүх прокурор Б.Сарантуяагийн бичсэн “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэснийг үндэслэн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаалгахаарбичсэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хяналтын прокурор Б.Сарантуяагийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/667 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ЭНХЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД                                   С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                         Ж.ДОЛГОРМАА