Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1221

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00731 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “Х” ХХК, Ш.Т- нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50 387 997 төгрөгийг “Х” ХХК-аас гаргуулах, “Х” ХХК төлбөрөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд батлан даагч Ш.Т-аас гаргуулах үндсэн, “Х” ХХК нь нэхэмжлэгч “А” ХХК-аас 31 709 400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, У.Г, хариуцагч болон хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч Ш.Т-, хариуцагч нарын өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Х” ХХК-тай сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ш.Т-тай батлан даалтын гэрээг байгуулсан. Батлан даалтын гэрээгээр хэрэв компани үүргээ гүйцэтгэхгүй бол ямар нэгэн маргаан байхгүйгээр Ш.Т- гүйцэтгэнэ гэсэн нөхцөлийг заасан. Гэрээний дагуу “А” ХХК-аас “Х” ХХК нь 16 ширхэг дугуйг 37 670 000 төгрөгөөр худалдаж авсан. 8 250 000 төгрөгийг төлсөн. Сүүлийн 2 жилийн хугацаанд хариуцагч байгууллага төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ зөрчсөн. “Х” ХХК-аас дугуйны төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан. Гэвч Ш.Т- төлбөрөө төлөөгүй. Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээний тусгай нөхцөлийн 3.2.1-т худалдан авагч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэхэд төлж барагдуулна, 7.1-т төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд сар тутамд 1 хувийн хүү тооцно, 2.1-т 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцно гэсэн тохиролцоонуудыг талууд хийсэн. Ингэж тооцоход үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 29 420 000 төгрөг, хүү 6 257 997 төгрөг болсон. 2018 оны дугаар 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ныг хүртэл хүү тооцсон. Энэ хугацаанд нийт 12 хувийн хүү, хүүг 647 хоног тооцсон бөгөөд 1 хоногийн хүү 9 672 төгрөг, нийт 6 257 997 төгрөг болсон. Гэрээний 7.1.2-т заасны дагуу хүүг тооцоход 29 420 000 төгрөгөө 12 хувьдаа үржүүлээд 365 хоногтоо хуваагаад, 1 өдөрт бодогдох хүү 9 672 төгрөгийг 647 хоногт үржүүлээд 6 257 997 төгрөгийн хүү болсон. Гэрээний 7.2.1-т зааснаар 678 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцвол 99 733 800 төгрөг болсон бөгөөд үүнийг Иргэний хуульд нийцүүлэн тооцоход 14 710 000 төгрөг болсон. Нийт нэхэмжлэлийн дүн 50 387 997 төгрөгийг “Х” ХХК-аас гаргуулах, хэрэв “Х” ХХК уг төлбөрөө сайн дураараа гүйцэтгэхгүй бол батлан даагч Ш.Т-аас уг төлбөрийг бүхэлд нь гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр бид нийт 16 ширхэг дугуйг нийтдээ 37 670 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээ 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусах байсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ бол төлбөр төлөх эцсийн өдрийн дотор хүү бодогдоно, тэрнээс хойш бол гэрээний үүргийн хариуцлагын анзын асуудал болно. Анзын тухай ойлголтод алданги орох ба хоног тутамд 0.5 хувиар тооцно. Гэтэл хүү гэж нэг аваад, алданги гэж бас дахиад авах тухай ойлголт байхгүй. Гэрээ сунгагдсан асуудлын талаар үзэхэд талуудын хооронд сунгасан тухай тохиролцоо болоогүй. Яагаад гэвэл гэрээнд та үүргээ 1 сарын дотор биелүүлсэн бол 1 хувийн хүүтэйгээр дугуйны үнийг төлнө, үүнээс хойш 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж алданги бодно гэж заасан. Бид 36 000 000 төгрөгийн 1 хувийн хүүд 326 000 төгрөг хүүнд төлөх боломжтой. 15 000 000 орчим төгрөгт эвлэрэх хүсэлт гаргасан. Гэрээний тухайн үеийн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх үеийн үйл баримтын талаар тодруулахад хариуцагч компани нь 2 машин нэхэмжлэгчээс худалдаж авахын тулд 16 ширхэг дугуйг өөрөөс нь мөн худалдаж авсан. Уг машинуудын дугуй сайн, шаардлага хангаж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тухайн үед нэхэмжлэгч компани нь дугуйнуудыг манай байгууллагаас худалдаж ав гэсэн санал тавьсан. Бид нар Эрээнээс худалдаж авах боломжтой л байсан. Бид Ховд аймгийн Алтай сумын Хөшөөтийн уурхай руу явахад 2 удаа машины мотор эвдэрсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол учирсан хохирлоо шаардах эрхтэй. Шүүх анзын хэмжээ илт их гэж үзвэл түүнийг багасгаж болно. Хэрэв автомашин сайн дугуйтай байсан бол 1 ширхэг дугуйг 2 350 000 төгрөгөөр, нийт 36 000 000 төгрөгөөр 16 ширхэг дугуй худалдаж авах шаардлага байхгүй байсан. Яагаад гэвэл Эрээн хотоос дугуй 1 800 000 төгрөгөөр худалдаж авах байсан. Нийт дугуйн дээр 5 500 000 орчим төгрөгийн нэмэгдэлтэй авсан байдаг. Бид нэхэмжлэлээс үлдэгдэл төлбөр 29 420 000 төгрөг, алданги 14 710 000 төгрөг, хүүнд 326 000 төгрөг, нийтдээ 44 456 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Санхүүгийн түрээсийн гэрээ байсан гээд өгсөн 20 000 000 төгрөгийг нь буцааж өгөхгүй байж, дугуйны үнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Харин талууд хоорондоо тохиролцоод худалдах, худалдан авах гэрээг бол байгуулсан байна. Талуудын хооронд байгуулсан 2 автомашин худалдан авах гэрээ санхүүгийн түрээсийн гэрээ биш гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч 20 000 000 төгрөгийг хариуцагч талд өгөхгүй нь үндэслэлгүй. Автомашин худалдаж авснаас хойш гарсан санхүүгийн баримтуудыг “А” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна. Хэрэв бусад автомашинуудад тэр сэлбэгийг тавих байсан бол заавал тэр богино цаг хугацааны дотор шаардахгүй байсан. Тэр автомашиныг худалдаж аваагүй байсан бол энэ 16 ширхэг дугуйг худалдаж авах ёстой байсан эсэх тухай асуудал бас гарч ирнэ. Тэр худалдаж авсан дугуйнууд эргээд шинэ дугуйны үнээр худалдагдахгүй. Энэ дугуйнуудыг 6 сар үндсэндээ хэрэглээгүй байна. Яагаад гэвэл дунд нь засвар үйлчилгээ хийгдээд явж байсан гэжээ.

 

Хариуцагч Ш.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие батлан даалтын гэрээг байгуулсан.”Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал юм.

Ш.Т-аас ямар үндэслэлээр гэрээний төлбөр, хариуцлага нэхэмжилж байгаа нь тодорхой байх ёстой. Батлан даалтын гэрээ гэдэг үндэслэлээр яриад байгаа болохоос биш компанийн гүйцэтгэх захирал бол компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд бөгөөд тэрийг компанийн зүгээс хэлцэл хийж байгаа тохиолдолд компанийн гүйцэтгэх захирлыг өөрөөр нь батлан даалтын гэрээ байгуулна гэдэг бол төлбөрийн асуудалд хэрхэн яаж батлан даах вэ гэдэг нь ойлгомжгүй. Тиймээс Ш.Т-д холбогдох төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

16 ширхэг дугуй худалдаж авсан асуудалтай салшгүй холбоотой. Howo маркийн 2 ширхэг, 2012 онд үйлдвэрлэсэн, түүнээс хойш 8 жил уул уурхайд тасралтгүй ажилласан хуучин машинуудыг 140 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан гэж гэрээ байгуулахдаа урьдчилаад 20 000 000 төгрөг өгч, түүний дараа автомашинаа ав гэж 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн. Төв аймгийн Заамар сумын байрлах “А” ХХК-ийн хашаанаас тус 2 автомашиныг хүлээж авсан, тухайн үед аль аль талаасаа машин хүлээлцсэн акт үйлдээгүй. Манай байгууллага уул уурхайд олон жил ажилласан бөгөөд 40 тоннын том даацын машинуудыг засаж, сэлбэж чадна, өөрсдөө ч ийм машин ашиглаж байсан, одоо ч ашиглаж байгаа болохоор энэ 2 машиныг өөрсдийн өмч болгож худалдаж авна, Хөшөөтийн уурхайд хөрс хуулалт хийнэ гэсэн төлөвлөгөө, зорилготойгоор худалдан авсан. Бид ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулахыг хүсээгүй. 16 ширхэг дугуйг 5 000 000 төгрөгийн алдагдал гаргаж авсан. 2 автомашинд тавьсан бүх сэлбэгийг “А” ХХК-аас худалдаж авсан, нийтдээ 11 709 400 төгрөгийн зардал гарсан. 2018 оны автомашины татварт 330 000 төгрөг, 9 500 төгрөгийг тус тус өмнөөс нь төлсөн. Үүнийг нэхэмжлэгч автомашинуудаа буцааж авахдаа манайд өгөөгүй. Бид нар автомашинуудыг худалдаж авч байсан учраас татваруудыг хүртэл төлж байсан. Автомашин эвдэрч “Бугат тэнгэр” ХХК-аар 5 105 000 төгрөгөөр моторыг нь засуулсан. Мотор засах гэж 4-5 хоног болсон. Тэгээд 2 машиныхаа моторыг засаад Ховд аймаг руу 1500 км замд явахад том машинууд учраас цагт 5-10 км-ээс хэтрэхгүй мөн зам халтиргаа гулгаатай байсан учраас 11-12 хоног явж байж Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд 4 дүгээр сарын 01-нд очиж, нийт 5 хоног ажилласан, 5 дугаар сард 7 хоног ажилласан, хуучин машин байсан учир жигд ажлын бүтээмж гаргаж чадахгүй байсан. Ажлын бүтээмж гаргаж чадахгүй байсан учир бид нарт захиалагч талаас алданги тооцож байсан. 2018 оны 5 дугаар сарын 03-нд Засгийн газраас шийдвэр гарч Хөшөөтийн уурхайн ажлыг зогсоосон. Үүнтэй холбоотой бид нар 2018 оны 6 дугаар сарын 06-наас бүх техник хэрэгслүүдээ өөрсдийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сум дахь алтны уурхайгаа ажиллаж эхлүүлэхээр нүүж, наадмын өмнөхөн өөрийн алтны уурхайд ирж уурхайн бэлтгэл ажлуудыг хийсээр нэлээд хугацаа орсон, энэ тухайгаа захирал н.Боргилд хэлж танилцуулахад тийм зүйл байхгүй, бид нар 2 машинаа буцаагаад авлаа гээд 2018 оны 08 дугаар сарын 05-ны үед буцаан авсан. Тэр үед бид 2 машинаа авах гэж байгаа бол бидний худалдаж авсан 16 ширхэг дугуйны хамт авахыг хүсэхэд хүлээж аваагүй. Бид 16 ширхэг шинэ дугуйгаа тайлж авсан, оронд нь өөрт байсан дунд зэргийн чанартай 16 ширхэг дугуйг тавьж өгсөн. Бид машины үнэд төлсөн 20 000 000 төгрөгтөө дугуйныхаа мөнгийг суутгана гэхэд н.Боргил захирал анд алданги болон ямар нэгэн хүү тооцохгүй, та боломжтой үедээ дугуйныхаа мөнгийг төлөөрэй гэж хэлсэн. Тиймээс бид одоо машины үнэнд төлсөн 20 000 000 төгрөг, мөн нэхэмжлэгчээс өөрөөс нь худалдаж авч машинуудад нь тавьсан сэлбэг хэрэгслийн үнэ, мотор боолгосон хөлс гэх мэт нийт 11 709 400 төгрөгийг зарцуулж хохирсон учир 31 709 400 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Бид санхүүгийн түрээсийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан. Уг гэрээний тусгай нөхцөлийн 17-д баталгаат хугацаа: техникүүд нь хуучин техникүүд бөгөөд ямар нэгэн хэлбэрээр баталгаат хугацаа, нөхцөл байхгүй болно гэж тохиролцсон. Энэ нь анхнаасаа 2 машин нь хуучин техник байсан гэдгийг мэдэж худалдаж авсан. Ингэж худалдаж авчихаад одоо засварын төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.  Хариуцагч талаас засвар хийсэн гээд төлбөрийн даалгавар, зарлагын баримт, дансны хуулга өгсөн нь манай байгууллагаас авсан 2 ширхэг Howo машинд хийсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Энэ компанид олон жил уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан учраас энэ 2 автомашинаас өөр автомашинууд байгаа. Мөн 16 ширхэг дугуйг бид нар буцааж аваагүй бөгөөд хариуцагч байгууллага өөрсдөө хэрэглэж байгаа. Гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа байдаг. Баталгаат хугацаа олгоогүй тохиолдолд дээрх хугацааны дагуу шаардлага гаргаагүй тул баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолно. 6 сарын хугацаанд эрсдэл ямар тохиолдолд шилждэг вэ гэхээр манайхаас 2 автомашиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлснээр эрсдэл ч шилжсэн. Үүнээс хойш 6 сарын хугацаанд хариуцагч тал доголдлын талаар гомдлын шаардлага гаргах ёстой боловч, энэ хугацаанд гаргаагүй байна. Мөн 20 000 000 төгрөг л төлсөн. Хэрэв бид 6 сар автомашинуудыг түрээслэхэд зах зээлийн ханш сард 25 000 000-30 000 000 төгрөгийн орлого олох байсан.Бид энэ гэрээг хуульд заасан санхүүгийн түрээсийн гэрээ биш зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж үзэж байна. Хүү тооцох талаар гэрээний тусгай нөхцлийн 4.2.2-т сарын хүү, төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд цаашид сард 2 хувийн хүү тооцно гэж заасан. Санхүүгийн түрээсийн гэрээний ерөнхий нөхцөлийн 8.4.6-д түрээсийн зүйлийн эвдрэл гэмтлийг түрээслэгч хариуцна. Түрээсийн зүйлийн урсгал засвар болон урьдчилан сэргийлэх оношлогоо үйлчилгээг өөрийн зардлаар хийж гүйцэтгэнэ, гэрээний тусгай нөхцөлийн 15-д түрээслэгч нь түрээсийн хугацаанд, түрээсийн зүйлийн холбогдох татвар хураамжийг цаг хугацаанд нь төлнө” гэж заасан. Мөн гэрээний 10.5-д зааснаар түрээслэгчийн буруугаас түрээслүүлэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нөхцөлд түрээслэгчийн төлсөн түрээсийн төлбөрийг ашигласан хугацааны төлбөрт шилжүүлэн тооцох буюу түрээсийн зүйлийн ашиглалтыг эд хөрөнгө хөлслөх зарчмаар тооцно, 10.6-д ашигласан хугацаа гэдэгт түрээсийн зүйлийг түрээслүүлэгч түрээслэгчид хүлээлгэж өгсөн өдрөөс хойш буцаан өгсөн өдөр хүртэл хугацааг ойлгоно, 10.7-д гэрээнд түрээслэгчийн буруугаас түрээслүүлэгчийн санаачлагаар цуцалж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нөхцөлд урьдчилгаа төлбөрийг эргүүлэн олгохгүй бөгөөд түрээсийн зүйлийг түрээслүүлэгч эзэмшилдээ эргүүлэн авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг гүйцээн хангуулна гэсэн заалтууд байгаа учраас 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч үлдээсэн. Мөн хариуцагч тал 16 ширхэг дугуйг заавал “А” ХХК-аас аваад байх шаардлага байхгүй байсан. Хөшөөтийн уурхай зогссонд, бүтэн 1 сар техникээ ашиглаагүйд “А” ХХК ямар ч буруугүй, ямар ч оролцоогүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Төв аймгийн Заамар суманд байсан хашаанаас Howo маркийн автомашиныг Улаанбаатар хот руу авч ирэх үед тухайн машинд ямар эвдрэл гэмтэл байх вэ гэдгийг мэдэх боломж бүрэн байсан. Хүлээж авч байгаа хүмүүс өөрсдөө уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүс, 140 000 000 төгрөгийн 2 ширхэг Howo маркийн автомашиныг авахдаа үзэж, шалгасан байх ёстой. Тэндээс Улаанбаатарт ирээд эвдэрчихээд байхад нь буцааж өгөх боломжтой байсан. Тэгэхээр эднийх гэрээнд заасны дагуу, өөрсдөө тохиролцсоны дагуу ч хуучин, засварлах шаардлагатай машин механизм байсан гэдгийг хүлээн зөвшөөрч түүний дагуу авсан гэж үзэж байна. Тиймээс засварын төлбөрийг нэхэмжлэгч хариуцахгүй. 20 000 000 төгрөгийг буцаахгүй гээд заасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 44 456 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5 931 987 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч “Х” ХХК нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд хариуцагч Ш.Т-аас төлбөрийг гаргуулах тухай хариуцагч Ш.Т-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас 20 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч “Х” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 11 709 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Х” ХХК-аас 380 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч “Х” ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч “А” ХХК-аас 257 950 төгрөгийг гаргуулан хариуцагч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Батсайхан давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Тухайлбал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас санхүүгийн түрээсийн гэрээ гэж нэрлэгдсэн гэрээгээр Иргэний хуулийн 243 дугаар 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд  худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Энэхүү худалдах, худалдан авах гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлэхдээ худалдан авагч howo маркийн өөрөө буулгагч 08-82 ТТА улсын дугаартай , 08-81 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгсэл доголдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийхээр, харин уг тээврийн хэрэгслийн сэлбэгийг худалдагч тал болох “А” ХХК-аас худалдан авч тэдний хашаанд засвар үйлчилгээ хийх шаардлагыг тавьсныг хүлээн зөвшөөрч нийт 11 709 400 төгрөгийн зардал гаргаж, тухайн компанийн санхүүгийн дансанд шилжүүлэн дээрх авто машиныг засаж сайжруулан, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байдаг. Гэтэл “А” ХХК нь худалдан авагч “Х” ХХК-ийг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж гэрээнээс татгалзаж техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн улсын оношлогоонд орж, тухайн жилийн татварыг нь төлсөн 2 тээврийн хэрэгслийн буцаан авснаар тус компани 11 709 400 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн. Тээврийн хэрэгслийн сэлбэгийг “А” ХХК-аас худалдан авсан гэдгийг маргадаггүй бөгөөд сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд болох төлбөрийн даалгаврын баримтуудын цаг хугацаа нь ч гэсэн тухай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн хугацаатай тохирч байгаа болно.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ “ ... уг 11 709 400 төгрөг зарцуулж сэлбэг хэрэгсэл авсан, засвар үйлчилгээ хийсэн гэх үйл баримтыг нотлох үндэслэл болохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн т шүүх худалдан авагч худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тайлбарласан байна. Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн доголдлын талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг арилгах зорилгоор талууд харилцан үүрэг хүлээдэг. Үүний дагуу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар худалдан авагч гэрээний зүйлийг буцаан өгсөн, харин үүрэг гүйцэтгүүлэгч худалдагч нь худалдан авагчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан. Гэрээний зүйл болох 2 тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийхгүйгээр ашиглах боломжгүй гэдгийг талуудын хэн аль ойлгож байсан. Энэ нь зохигчдын хооронд байгуулсан “ Санхүүгийн түрээсийн гэрээ” гэж нэрлэсэн гэрээний холбогдох заалтуудаас тодорхой харагдаж байгаа. Үүнээс харахад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох тээврийн хэрэгсэлд сэлбэг худалдан авсан 11 709 400 төгрөг нь зайлшгүй зардал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 11 709 400 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт болон хугацаа хэтрүүлсний торгууль, алдангид нийт 50 387 987 төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч Ш.Т-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсэг буюу 44 456 000 төгрөгийг хариуцагч “Х” ХХК зөвшөөрсөн, үлдэх хэсгийг эс зөвшөөрч марган машины үнэд төлсөн 20 000 000 төгрөг, 2 ширхэг “HOWO” маркийн ачааны машинд тавигдсан сэлбэг хэрэгсэл, засварын зардал 11 709 400 төгрөгийг “А” ХХК-аас шаардсан сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус компаниас худалдаж авсан ачааны машин нь хуучин гэдгийг мэдэж байсан, засаж сэлбэн ашиглахаа зөвшөөрсөн, хэрэв засаж сэлбэснээ зөвшөөрөхгүй байсан бол хуульд заасан хугацаанд доголдлын талаар шаардлага гаргах ёстой байсан гэж, 2 машиныг бүтэн 6 сар ашигласан тул түрээсийн төлбөрт 20 000 000 төгрөгийг суутгасан гэж маргажээ.

 

Хариуцагч Ш.Т- нь бусдын өмнө гэрээгээр хүлээсэн компанийн үүргийг гүйцэтгэх захирлын хувьд батлан даах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй татгалзал гаргасан.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагч Ш.Т-д холбогдуулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

 

Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр өөрөө буулгагч том оврын ачааны машинд тавих 16 ширхэг дугуйг нэг бүрийг нь 2 350 000 төгрөг, нийт 37 600 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээний зүйлийг худалдан авагч “Х” ХХК-д худалдагч талаас шилжүүлэн өгсөн, худалдан авагч дугуйны үнэд 8 250 000 төгрөгийг төлсөн, төлбөрийн  үлдэгдэл 29 350 000 төгрөг болох тухайд талууд маргаагүй, харин үлдэгдэл төлбөрт хүү, алдангийг хэрхэн тооцох нь маргааны зүйл болсон байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Мөн төлбөрийн нөхцлийн тухайд талууд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 3 дугаар сарын 5-ны өдрийн дотор худалдан авсан дугуйны үнийг төлөх хугацааг гэрээгээр тогтоож, “энэ хугацаанаас хэтэрвэл төлбөрийн үлдэгдэлд сарын 1 хувийн хүү тооцно” гэж гэрээний 7.1.1 дэх заалтаар, “худалдан авагч нь тухайн сарын зээлийн эрхээ хугацаанд нь хаагаагүй нөхцөлд барааны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрөөс сарын 1 хувийн хүү тооцно” гэж гэрээний 7.1.2 дахь заалтаар харилцан тохиролцсоныг шүүх гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн үнэ нэмэгдсэн байх зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол шинжийг агуулаагүй гэж үзсэн нь зөв.

 

Гэрээний зүйлийг шилжүүлэн авсан худалдан авагч тал гэрээгээр тохиролцсоны дагуу үнийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй болохоо зөвшөөрсөн бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Талууд үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг нөгөө талдаа төлнө гэж гэрээний 7.2.1 дэх заалтаар харилцан тохиролцсоны дагуу 14 710 000 төгрөгийн алданги шаардсаныг үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх бөгөөд хариуцагч 29 420 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг алдангид 14 710 000 төгрөг, хүүд 326 000 төгрөг төлөхөө зөвшөөрчээ.

 

Иймд шүүх нэхэмжлэлийг 44 456 000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь талуудын тайлбар, бичгийн баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч Ш.Т- нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан “Батлан даалтын гэрээ”-гээр батлан даагч буюу Ш.Т- нь үүрэг гүйцэтгэгч үндсэн гэрээний дагуу хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй, гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээн, үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүргийг үл маргах журмаар өөрийн хөрөнгөөр бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний үүрэг үүсчээ.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-аас батлан даагч буюу хариуцагч Ш.Т-д “Х” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болон цаашид төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болж батлан даагчид үүрэг үүсэх нөхцөл бүрдэж байгаа талаар мэдэгдэж байсан баримтгүй, мөн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нөхцөл байдал тогтоогдоогүй, харин төлбөрийг тодорхой хэмжээгээр төлөхөө зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

Шүүх хэргийн дээрх нөхцөл байдлыг үнэлж, үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх үндэслэл батлан даагчид бүрдээгүй талаар дүгнэж, Ш.Т-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч “А” ХХК нь “Х” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу “HOWO” маркийн өөрөө буулгагч 08-82 ТТА улсын дугаартай, 08-81 ТТА улсын дугаартай, 40 тонны даац бүхий 2 ширхэг ачааны зориулалттай машиныг нийт 140 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, гэрээний дагуу 2 машиныг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн, төлбөрийн урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Талуудын байгуулсан гэрээ Санхүүгийн түрээсийн нэртэй боловч машиныг худалдах, худалдан авах гэрээ байсан талаар хэн аль нь тайлбарласан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлээр 20 000 000 төгрөгийг буцаан шаардсаныг түрээсийн төлбөрт тооцно гэж татгалзсан ч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, 2 машиныг 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр буцаан авсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд худалдагч тал нь гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан авсан байх тул урьдчилгаанд төлсөн төлбөрийг мөн буцаан шилжүүлэх нь хуулийн уг зохицуулалтад нийцэх бөгөөд шүүх 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “А” ХХК-аас гаргуулж хариуцагчид олгосон нь зөв.

 

Хариуцагч тал дээрх 2 ачааны машиныг ашиглахын тулд сэлбэг хэрэгслийг худалдан авч засвар үйлчилгээ хийсэн, 11 709 400 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжлэгчээс шаардаж, санхүүгийн баримт, дансны хуулгыг шүүхэд гаргасан боловч сэлбэг хэрэгсэл гэрээний зүйл болох 2 машинд тавигдсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх зардлыг гэрээний зүйлд зарцуулагдсан нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь буруу биш.

 

Түүнчлэн талууд гэрээгээр автомашины бүрэн бүтэн байдлын тухайд баталгаат хугацаа тогтоогоогүй, “А” ХХК нь 2 машиныг хуучин гэдгийг мэдэж, засч сайжруулах зардлыг худалдагч талаас шаардаж байгаагүй хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд автомашинуудыг ашиглаагүй гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Дээрхээс үзвэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрх үүсээгүй байх тул шүүх 11 709 400 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00731 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ