Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 522

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Б.Нямжав,

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч З.Билэгсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах /№0764/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овогт Загдаагийн Билэгсайханд холбогдох 1711002400061 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "Соёмбо констракшн" ХХК-д менежер ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 43-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хошууд овогт Загдаагийн Билэгсайхан /РД:ЧН77042310/

 

Холбогдсон хэргийн талаар: З.Билэгсайхан нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг зодсон, харгис хэрцгий харьцсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Билэгсайхан нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 27 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Мөнхтуяа, хүүхэд Б.Тэлмэн, Б.Энхлэн, Б.Ирмүүн нарыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

хохирогч М.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Олон хоног хүүхдүүдээ үлдээгээд явсандаа санаа зовоод 7 сарын 18-нд гэртээ очтол Билэгээ согтуу байсан. Намайг гэрт ортол Билэгээ "чи бол трансжендер" наад 3 хүүхэд чинь миний хүүхэд биш хүүхдүүдээ аваад зайл би эхнэртэй хүн, янхан, пизда гэх зэргээр янз бүрээр доромжилж, орилж хашгичаад үсдэж жижиг өрөө рүү чирч оруулаад толгой руу цохисон. Толгой руу 10 гаран удаа алгадах, түлхэх зэргээр цохисон. Тэгснээ наад 3 хүүхдээ аваад зайлаарай гээд охин Энхлэнг хүзүүнээс нь базаж авснаа паар луу шидтэл бага хүү Ирмүүнтэй мөргөлдөж чихнээс нь цус гарсан. Дараа нь том хүү Тэлмэнг хүзүүнээс нь базаад шидэх гэснээ болиод тавьсан. Бага хүүгээ ч гэсэн хаалга онгойлгоод шатны уруу шидэх гэж байгаад больсон. Ер нь архи уусан үедээ надад байнга гар хүрч зоддог байсан. Биений энд тэнд бага хэмжээтэй хөхрөлт үүсээд хурдан эдгэрчихдэг байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Архи ууж агсам тавиад байна гэсэн дуудлага өгч байсан. Хэд хэдэн удаа шүүхээр баривчлагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9х/

Гэрч Ч.Цогзолмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...сүүлд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр З.Билэгсайханы гэрт очиход Билэгээгийн охиных нь нүүр аль талдаа гэдгийг мэдэхгүй хацар дээр нь хөхөрчихсөн байгаа харагдсан.Нөгөө хоёр хүүхэд болон Мөнхтуяа өөрөө зүгээр байсан ил шарх гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/

Гэрч М.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 4, 5 сарын үед өдрийг тодорхой санахгүй байна Мөнхтуяагийн хоёр нүд нь хөхрөөд, хамар нь хавдчихсан байсан ба нөхөр нь орцон дотроо нүүрлүү нь өшиглөж зодсон гэж ярьж байсан.Тухайн үед гэрээсээ хөөгдөөд гарсан учраас цагдаад хэлж чадаагүй гэсэн.Манай эгч Мөнхтуяа Билэгсайхан гэдэг залуутай гэр бүл болсноос хойш байнга дарамтлуулж хүчирхийлэлд байдаг байсан.Эхнэр, хүүхдүүдээ хоол ундгүй орхиод архи уугаад явчихдаг, архи уухаараа агсам тавиад байлгадаггүй, гэр орноосоо хөөж туугаад гаргачихдаг, мөн юу ч үгүй хоосон, гуйлгачин гэх зэргээр доромжилдог, мөнгө олж ир гэж дарамталдаг гэсэн.Миний хувьд тэр хоёрыг анх гэр бүл болоод удаагүй байхад нь нэг удаа эгчийгээ цохиулж байхыг харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

гэрч Б.Тулга, О.Батбаяр, Н.Дамдинсүрэн, Ч.Нарантуяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэм хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх-ийн 6х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээ №9501, 9502, 9503 дүгнэлтүүд /хх-ийн 33, 35, 37/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 496 дугаартай шийтгэвэр /хх-ийн 51-52/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 59-60х/  болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч З.Билэгсайханг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тохирох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.Мөнхтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би З.Билэгсайхантай нийт амьдарсан амьдралын хугацааг, нэг өдрийн 30.000 төгрөгөөр бодож нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэж мэдүүлж байх хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага бодит биш, тодорхойлох болмжгүй байна. Иймд М.Мөнхтуяа энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролынхоо баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.Билэгсайханд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-ийн 48х/, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж буй шалтгаан нөхцлүүдийг шүүхээс дүгнэж үзэн тохирох хэд хэдэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хошууд овогт Загдаагийн Билэгсайханг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцсан буюу Эрүүгийн хуулийн тус гай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Билэгсайханд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтуудад тус тус зааснаар хохирогч М.Мөнхтуяатай харилцахыг хязгаарлах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг үүрэг болгох зэрэг албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. З.Билэгсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Хохирогч М.Мөнхтуяа нь өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ