Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 521

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, 

улсын яллагч Д.Дэлгэрмаа,

шүүгдэгч Ч.Удаабаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хуурчин овогт Чойгивийн Удаабаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711007850213 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1958 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арьс ширний технологич мэргэжилтэй, Их засаг олон улсын их сургуулийн харъяа цэцэрлэгийн жижүүр ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь-Эхийн 5 дугаар гудамжны 1726 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, гавъяа шагналгүй, Хуурчин овогт Чойгивийн Удаабаяр /РД:ХН58081976 /,

 

Шүүгдэгч Ч.Удаабаяр нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ч.Удаабаяр нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 6 дугаар гудамжны 82 тоотод оршин суух иргэн М.Отгончимэгийн гэрт засвар хийхээр очих үедээ 1 давхрын унтлагын өрөөний буйдан дээр тавьсан байсан түүний эзэмшлийн “Самсунг Галакси Ж-7” загварын гар утсыг нь нууцаар, хууль бусаар авч нийт 544.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би нэг давхарт нь Цэдвээгийн унтаж байсан өрөөний орны дэргэд байсан “Самсунг маркийн Жи-7” загварын шаргал өнгийн гар утсыг аваад бор өнгийн нацист загварын куртикний дотор талын халаасанд хийсэн. Тухайн үед гэрийн эзэн болон эхнэр нь унтчихсан байсан. Тэгээд би байшингаас гараад явсан. Тэр утсыг асаалттай байлгаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Урт цагааны урд талд байрлах нэрийг нь мэдэхгүй ломбарданд өөрийн иргэний үнэмлэхээр 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан ба тухайн үед ломбардны хүүхэн тухайн утсыг авч өөрийн сим картыг хийж шалгаад авсан. Гар утсыг 7 хоногийн дараа ломбарднаас авч “Тэди” төвийн 2-р давхарт лангуун дээр суудаг зүс мэдэх залууд хадгалуулсан. Хэрэг болсны дараа нөгөө залуутайгаа уулзахаар лангуун дээр нь очсон боловч уг лангуун дээр түр хугацаагаар сууж байсан, хөдөө явчихсан гэж байсан, би тэр залууг зүс мэднэ, нэр усыг нь мэдэхгүй байна. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

хохирогч М.Отгончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 10 цагийн үед манай байшинг засах гэж Удаабаяр нь нэг танихгүй залуугийн хамт ирж тааз янзалсан юм. Тэгээд танихгүй залуу жоохон янзалж байгаад яваад өгсөн. Удаабаяр нь нөхөр Цэдвээ бид хоёрт тусалсан болохоор нь 0.75 литрийн Хар Чингис нэртэй архийг бид 3 хувааж уусан, тухай үед архи ууж байхад миний “Самсунг Жи-7” маркийн шаргал өнгийн гар утас байсан, би гар утсаа 1 давхрын унтлагын өрөөний буйдан дээр тавьсан байсан ба өрөөнд Удаабаяр таазыг янзалж байсан, дараа нь миний гар утас алга болчихоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн, надад Удаабаяр нь надад учирсан хохиролыг нөхөн төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,

Гэрч Н.Наранзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би “Идэр Монгол” ХХК-ны барьцаат зээлийн үйлчилгээний газарт ажиллаж байхад Удаабаяр гэх хүн манай ломбарданд орж ирээд “Самсунг Жи-7” маркийн гар утсыг 150.000 төгрөгөнд 14 хоногийн хугацаатай тавих гэсийн гэж байсан, тухайн үед би гар утсыг шалгаад 150.000 төгрөгөнд авсан. Удаабаяр-г танихгүй. Өөрийнхөө гар утас гэж хэлж тавьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22х/

Эд зүйлийн үнэлгээний “Дамно” ХХК -н 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогч М.Отгончимэгийн гар утсанд үнэлгээ хийсэн №ЧД2-11 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 29х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Удаабаярыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.Отгончимэг нь энэ хэргийн улмаас учирсан хохиролоо бүрэн барагдуулж авсан гомдол, саналгүй гэж байх тул шүүгдэгч Ч.Удаабаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Удаабаярт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байх ба Улсын яллагч нь шүүгдэгчтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд байхгүй ялын төрөл болох торгох ялаар  наймаалцсан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрхи зүйл ангид заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна. Иймд шүүх тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Удаабаярт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, 59 настай болох хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулан, тэнсэж, үүрэг болгох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.      

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуурчин овогт Чойгивийн Удаабаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Удаабаярыг 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Удаабаярт оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнийг хяналтандаа байлгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Удаабаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ