Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1263

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00797 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай 47.02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 24 000 000 төгрөг гаргуулах үндсэн, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М- миний бие Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105 А тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 47.02 м.кв талбай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг анх н.Баттогтох нь худалдан авах, миний бие худалдах хүсэл зоригоо илэрхийлсэн тул 2015 оны 9 дүгээр сард тус орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн. н.Баттогтохтой төрөл садангийн холбоотой байсан тул түүнд итгэн байрыг шилжүүлж байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Баттогтохын хүү болох Б.Б- тус байранд амьдарч байна. Тухайн үед орон сууцны худалдах үнийг 75 000 000 төгрөгөөр тохиролцож байсан боловч огт төлбөр төлөлгүй дээрх байрыг ашигласаар байна. Улмаар Б.Б-гаас түүний хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч шаардлагыг биелүүлэхгүй, өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Б.Б-гийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэх, 2015 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх буюу 48 сарын хугацаан дахь байр ашигласан зардал буюу нэг сарыг 500 000 төгрөгөөр тооцон нийт 24 000 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Б-гийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б байр, 105А тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Мөн 2015 оны 9 дүгээр сараас нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сар хүртэл 48 сарын хугацаанд Б.Б- ямар ч төлбөр мөнгө төлөлгүй ашиглаж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.М- орон сууцыг бусад этгээдэд хөлслүүлсэн бол олох ёстой орлогыг нэг сарын 500 000 төгрөг гэж тооцож 24 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 494 000 төгрөг гэж тогтоогдсон дүнгээр 23 712 000 төгрөг шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол Жалханц хутагт Данзанбазарын гудамж 83Б байрны 91 тоотод оршин суух Б.М- Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 83Б байрны 105А тоот 47.02 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг 2015 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэхүү орон сууцыг өөрийн садан төрлийн хамаатан болох Л.Б-од 75 000 000 төгрөгөөр зарах саналыг шууд зөвшөөрч орон сууцыг эзэмшүүлсэн мэт хууль бус нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Б.М-ийн төрсөн ах Л.Б- нь миний төрсөн эцэг бөгөөд 2015 оны 9 дүгээр сард аав маань өөрийн эзэмшдэг нэг хүний гишүүнтэй “О” ХХК-ийн нэр дээр байх Төв аймаг Алтанбулаг сумын нутагт дэвсгэрт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-019529 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан ба 2015 оны 9 дүгээр сард Б.М- 2, 2 өрөө бүхий 2 орон сууцаар зарахаар болсон нэг байр гаргаж өгсөн. Миний хүү ороод амьдарч бай гэж түлхүүр өгснөөр миний бие өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Иймд нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд миний эцэг Л.Б-ын эзэмшлийн орон сууц болохыг тогтоож өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Б.М- нь Л.Б-той хэлцэл хийсэн, Б.Б- нь анх хэлцэл хийсэн хүн биш, Б.М-ийг танихгүй. Орон сууцыг Л.Б-од өгсөн атал Л.Б-оос байрыг нэхэмжилж хариуцагчаар татахгүй, Б.Б-гааг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Б-, Б.М- нар нь 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “О” ХХК-ийг шилжүүлэх, шилжүүлж авах хэлцэл хийж, хэлцлийн дагуу энэ компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлж авснаар Б.М- Л.Б-од 2 өрөө бүхий 2 орон сууц өгөх аман хэлцэл хийсэн. Энэ хэлцлийн үндсэнд 2015 оны 9 дүгээр сард Б.М- Л.Б-од 2 өрөө эхний 1 ширхэг байрыг өгсөн. Дараагийн байрыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Л.Б- хэлсэн ёсоороо энэ компанийн эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хийж өгсөн. Бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээн дээр байрны үндэслэлийг заагаагүй. Учир нь энэ 2 хүн садан төрлийн холбоотой, нэг эцэг, эхийн хүүхдүүд төрсөн ах дүү хоёр юм. Б.М- 2 байр өгөөд оронд нь “О” ХХК-ийг шилжүүлж өөртөө бүрэн авах үндэслэл нь энэ компанийн нэр дээр 73 га газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байсан. Энэ компанийн ашиг орлого, үнэ цэнийг ихэд сонирхож, тусгай зөвшөөрлийн ашиг орлогыг өөрийн болгох, ашиглах үндсэнд 2 өрөө байр өгч, компанийг авах хэлцэл хийсэн. Үүнээс үүдэлтэй Л.Б- авсан байрандаа хүүгээ оруулсан. Б.М- энэ компанийг шилжүүлж авсан нь улсын бүртгэлээр нотлогддог. Энэ байран дээр маргаж байгаа маргаан нь анх компанийг шилжүүлж авах үед Б.М- 2 өрөө байр өгнө гэж, Л.Б- тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаатай компаниа өгөх хэлцэл хийгдсэнээс үүдэлтэй. Б.М- нь барилгын компанитай, хэд хэдэн орон сууц барьж, ашиглалтад оруулсан, үйл ажиллагаагаа удаан явуулж байгаа компанийн захирал юм. Түүнээс байраа худалдаад, ах нь байрыг нь авах гээд, байран дээр үнэ цэнэ ярьж хийсэн зүйл байхгүй. Компаниа шилжүүлж аваад 2017 оны ашигт малтмалын төлбөрийг Б.М- өөрөө төлсөн баримт хэрэгт авагдсан. Өөрөө тусгай зөвшөөрлийн мөнгийг төлж шилжүүлж авч, цааш нь 76 га газрыг ашиглах сонирхлын үүднээс энэ компанийг авч, 2 өрөө байр өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б- миний төрсөн эцэг Л.Б- нь “О” ХХК-ийн захирал бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. “О” ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Алтан булаг сумын богины ам нэршилтэй 73 га газрыг ашигт малтмалын хайгуулын ХҮ-019529 дугаартай тусгай зөвшөөрлийн хамтаар 2015 оны 9 дүгээр сард иргэн Б.М-ийн хүсэл зоригоор Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтуудыг үндэслэн хэлцэл хийж, “О” ХХК-ийн 100 хувийн хувьцаа тусгай зөвшөөрөл зэргийг шилжүүлж, компанийн хувьцааны оронд 2 өрөө бүхий 2 орон сууц авахаар тохиролцсон. Б.М- нь 2015 оны 9 дүгээр сард урьдчилгаа болгон одоо Б.Б- миний амьдарч байгаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 83Б байрны 105А тоот 2 өрөө орон сууцыг миний эцэг Л.Б-од өгсөн бөгөөд дараа нь үлдсэн 1 ширхэг орон сууцыг өгөхөөр болж компани болон тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. Гэвч өнөөдрийг хүртэл Б.М- нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтуудыг зөрчин байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ өгөхгүй хохироосоор байна. Энэхүү орон сууц нь “О” ХХК болон тусгай зөвшөөрлийн хамт Б.М-ийн өмчлөлд шилжүүлж өгсний үр дүнд бий болсон хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл миний эцэг Л.Б- Б.М-тэй хийсэн хэлцлийн үндсэн дээр уг байрыг авч хүү нь болох Б.Б- би тус байранд 2015 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул миний бие өмчлөгч болон үндэслэлтэй хэмээн үзэж байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтуудыг үндэслэн тус байрны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Б.М-ийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт Б.М-, Л.Б- нар нь 2015 оны 9 дүгээр сард хэлцэл хийн, хүсэл зоригоо илэрхийлж, үүний үндсэнд Б.М- нь Л.Б-од орон сууцны эзэмшлээ шилжүүлсэн. Нэхэмжлэлд энэ талаар дурдсан ба нэхэмжлэгч талын хэлснээр нотлогдож байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Хариуцагч нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б байр, 105А тоот хаягт байрлах 47 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийнэ гэж заасан бөгөөд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж заасан. Гэтэл хариуцагч нь “Очир-Адьяа” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон тусгай зөвшөөрлийг шилжүүлсний хариуд дээрх орон сууцыг шилжүүлэн авсан гэх боловч 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, “Бэлэглэлийн гэрээ”-гээр “Очир-Адьяа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгчид хариу төлбөргүйгээр шилжүүлсэн буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар дурдаагүй. Уг компанийн эрх шилжүүлсэн хэлцлийн зорилго нь маргаж буй орон сууцтай холбоогүй тул хариуцагч өмчлөгч болох үндэслэлгүй. Нэхэмжлэгч болон Л.Б- нарын хооронд маргаж буй Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б байр, 105А тоот хаягт байрлах 47 м.кв 2 өрөө орон сууцыг нэг талаас худалдах, нөгөө талаас худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдсэн боловч энэ тухай талуудын хооронд хуульд заасан хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан нь хариуцагчийг маргаан бүхий бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй. Анх нэхэмжлэгч болон Л.Б- нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах тухай амаар хэлцэл хийгдэж байсан боловч орон сууцны эзэмшлийг шилжүүлж байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн орон сууц худалдах хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж байгаа хэлбэр болохоос тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш болно. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах талаар талуудын хүсэл зориг нэгдсэн боловч худалдан авагч тохиролцсон төлбөрийг төлөөгүй нь уг хэлцэл биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж цаашлаад хууль ёсны өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Иймд хариуцагч нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б байр, 105А тоот хаягт байрлах 47 м.кв 2 өрөө орон сууцыг хууль болон гэрээний үндсэн дээр өмчлөх үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047381 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 47.02м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Адуучин овогт Баттогтохын Батзаяагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 23 712 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-гийн нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047381 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 47.02м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.М-т холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810 900 төгрөгөөс 348 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 462 750 төгрөг, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгож, хариуцагч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.Б- давж заалдах гомдолдоо:

... Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үнэн зөв үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заагдсан маргаан бүхий байрыг худалдах, худалдан авах ажиллагаа болоогүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.М- нь 2015 онд гэрч гэх хариуцагчийн төрсөн эцэг Л.Б- хувьцааг нь 100 хувь эзэмшдэг байсан “О” ХХК-ний эзэмшилд байх ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд байх баялаг бүхий орд газраар тухайн маргаан бүхий байрыг солилцож, шилжүүлэн авсан Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заагдсан арилжаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүх анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл иргэн Б.Б- болон Б.М- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заагдсан харилцаа үүсээгүй болох тэдгээр хүмүүс хоорондоо бие биенээ таньдаггүй, харилцаж байгаагүй нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар уг маргаанд Л.Б- нь оролцох тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзаж харин гэрчээр оролцуулах захирамж гаргасан нь болсон үйл явдлын үнэн бодит үйл явдлыг зөв тогтоох чадамжийг алдагдуулсан байна. Гэрч гэж хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болсон үйл явдлыг мэдэж байгаа этгээдийг хэлдэг байхад шүүх субъектийг буруу тогтоосон нь үйл баримт анхнаасаа буруу ойлгогдох нөхцлийг бүрдүүлсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заагдсан хэсгийг нэхэмжлэгч зөрчсөн буюу худал мэдүүлэг шүүхэд өгсөн. Шүүх мөн хуулийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчиж нотлох баримтыг үнэлж дүгнэж чадаагүйгээс үндэслэл бүхий хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гараагүй. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай 47.02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 23 712 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай 47.02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.М- 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, хууль ёсны өмчлөгч байна.

 

Харин хариуцагч нь миний эцэг Л.Б- нь өөрийн эзэмшлийн “Очир-Адъяа “ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газрыг 2 өрөө бүхий 2 орон сууцаар буюу 250 000 000 төгрөгт тооцож өгөхөөр тохиролцсоны дагуу компанийн эрх болон хувьцааг шилжүүлж орон сууцыг эзэмшилдээ авсан гэж маргасан ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлоогүй байна.

 

“О” ХХК-ийг Л.Б- үүсгэн байгуулж 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба уг компанид Төв аймгийн Алтанбулаг сумын Богины ам нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр олгогдсон, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээгээр Л.Б- нь “О” ХХК-ийн эрх болон хувьцааг Б.М-т хариу төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, тус гэрээг үндэслэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрчлөлт оруулсан баримт хэрэгт авагджээ.

 

Мөн маргаан бүхий орон сууцыг 75 000 000 төгрөгөөр худалдахаар Л.Б-той тохирч шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Хариуцагч Б.Б-гийн тухайд орон сууцыг өөрийн хүсэл зоригийн дагуу хууль ёсоор мэдэлдээ аваагүй, харин өөрийн эцэг Л.Б-оос эрх олгогдсоны дагуу орон сууцанд амьдарч, эзэмшиж байсан тул Иргэний хуулийн 89 дүгээр 89.1 дэх хэсэгт зааснаар түүнд эзэмшил үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-гаас орон сууцаа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй, түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлсөн нь зөв.

 

Хариуцагч Б.Б- нь эцэг Л.Б-оос эрх олгогдсоны дагуу орон сууцыг эзэмшиж байсан тул нэхэмжлэгч Б.М- нь Л.Б-од орон сууцыг худалдах зорилгоор эзэмшихийг зөвшөөрснөө үгүйсгээгүй тул маргаан бүхий орон сууцыг хариуцагчийг эзэмшиж байх хугацаанд хөлсөлж олох байсан орлогыг алдагдуулсан үндэслэлээр 2015 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нэг сарын хөлсийг 494 000 төгрөгөөр тооцож хохиролд 23 712 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй. Шүүх 23 712 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Б.Б-д маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх хууль болон гэрээний дагуу үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх өмчлөх эрх үүсээгүй талаар дүгнэж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ