| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00362/И |
| Дугаар | 152/ШШ2024/00454 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 152/ШШ2024/00454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** ХК-ийн Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Г-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардалд нийт 15,100,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Р,
Хариуцагч: М.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХК-ийн Увс салбар нь хариуцагч М.Г-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардалд нийт 15,100,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч М.С, хамтран зээлдэгч М.Г нар нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***-наас МN860034160601855519 тоот зээлийн гэрээний дагуу 14,700,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Үндсэн зээлдэгч М.С нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барж, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэгдсэн тул хамтран зээлдэгч М.Г-гаас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банк, эрх бүхий Хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.7.Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ. 20.8.Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ. Зээлийн гэрээний 3.2.3-т Зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээнэ гэж зааснаар хамтран зээлдэгч зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг хүлээхээр заасан. Үндсэн зээлдэгч М.С нь нас барснаар үүнтэй холбоотой үүргийн харилцааг дуусгавар болсон буюу Иргэний хуулийн 240.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Харин холбогдох хууль буюу зээлийн гэрээнд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болохгүй бөгөөд Банк, эрх бүхий Хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж зааснаар тухайн зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлснээр хамтран зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох юм. Зээлдэгч нартай 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан МN860034160601855519 тоот дугаартай хугацаат зээлийн гэрээний 2.1.10-т энэхүү гэрээ байгуулснаар 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тоот дугаартай зээлийн гэрээ хамтран зээлдэгчээр үүрэг хүлээсэн регистрийн дугаартай Б.О-г хамтран зээлдэгчийн эрх үүргээс хасч М.Г-г хамтран зээлдэгчээр оруулав гэж зааснаар тус гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж зааснаар гэрээний үүргийг бүхэлд хүлээх болно. Иймд дээр дурдсан хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч М.Г зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд үүнтэй холбоотой гэрээ болон холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж хүргүүлсэн. Зээлдэгч М.Г 7,555,473 төгрөгийг төлсөн дээрх 15,100,880 төгрөгөөс хасуулсан. Иймд үлдэгдэл 7,545,407 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч М.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би анх банкнаас 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж байна гэж бодож зурсан. ***ны О.П худлаа хэлж зуруулсан байсан. Сүүлд нь төлөх хүн олдохгүй болохоор 5,000,000 зурсан, 9,000,000 төгрөг дээр зурсан гэж нэг хэлээд учир нь олдохгүй юм яриад ийм олон сая төгрөгийн өрөнд оруулсанд ***анд гомдолтой байна. Хүүг нь зогсооно гээд зөндөө бичиг баримт бүрдүүлсэн. Та төлөх үндэслэлгүй гээд зөндөө бичиг баримт цуглуулчихаад эцэст нь ийм олон сая төгрөгийн өрөнд орж шүүхээр дуудагдан ирж байгаадаа маш гомдолтой байна. Миний үнэн зөвийг олж шийдэж өгнө үү. Харин би 2,000,000 төгрөг дээр зурсан гарын үсгээ хүлээн зөвшөөрнө. Түүнээс дээш мөнгө хэлсэн нь худал төрийн албаны хүн ард иргэддээ худал хэлж гарын үсэг зуруулсанд маш их гомдолтой байгаа. Би өөрөө асаргааны нэг хүнтэй бие муу ходоод шархтай, даралт ихтэй, хүүхдэд гэрээслэл бичсэн байгаа сэтгэл санаа бие сэтгэл бүх зүйлээрээ хохирч явж энэ хэргийн үнэн мөнийг үнэнээр шүүж өгөхийг шүүгч та нараас хүсэж байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 7,755,000 төгрөг хийх гэтэл тэмдэгтийн хураамж 235,774.51 төгрөгийг надаар төлүүлсэн. Миний бие үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй. Миний бие тухайн үед нүдний шилээ мартсан байсан учир зээлийн гэрээг уншиж чадаагүй, надад 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ гэж хэлээд гарын зуруулсан. Би зээлийн гэрээг уншаагүй алдаагаа ухамсарлаад дүүгээ нас барсны дараа 7,550,000 төгрөгийг би ах дүүтэйгээ нийлж төлж барагдуулсан. Би тухайн зээлээс ямар ч мөнгө аваагүй. Үндсэн зээлдэгч нь байхгүй байхад *** эрсдэлээ өөрсдөө төлөх хэрэгтэй надад үлдсэн зээлийг төлөх боломж байхгүй... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ***ны гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/149 дүгээр итгэмжлэл, *** Увс салбарын захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 33/201 дүгээр итгэмжлэл, Д.Р-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, мемориалын баримт №20240319884490503374, 2023 оны 10 дугаар сарын 06-ны MN860034160601855519 дугаартай барьцаат зээлийн гэрээ, М.Г-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, М.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, М.С-ын нас барсны гэрчилгээний хуулбар, М.Г-гийн ***-д гаргасан өргөдөл, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас мемориалын баримт №20240701894891286733, харилцах дансны харилцагчийн хуулгыг нотлох баримтаар гаргаж өгчээ.
5. Шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1657 дугаар захирамжийн дагуу ***-наас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №MN860034160601855519 барьцаат зээлийн гэрээ /цалингийн/, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №MN860034160601855519 барьцаат зээлийн гэрээ /цалингийн/, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №MN860034160601855519 барьцаат зээлийн гэрээг /цалингийн/ тус тус нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХК-ийн Увс салбарын хариуцагч М.Г-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
*** ХК-ийн Увс салбар нь хариуцагч М.Г-гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардалд нийт 15,100,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хариуцагч М.Г 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7,555,473 төгрөг төлсөн болох нь М.Г-гийн харилцах дансны харилцагчийн хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Ингээд нэхэмжлэгч *** ХК-ийн Увс салбар нь хариуцагч М.Г-гаас үлдэх 7,545,407 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Зээлдэгч М.С, хамтран зээлдэгч М.Г нар нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***наас МN860034160601855519 тоот зээлийн гэрээний дагуу 14,700,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Үндсэн зээлдэгч М.С нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барж, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэгдсэн тул хамтран зээлдэгч М.Г-гаас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банк, эрх бүхий Хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.7.Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ. 20.8.Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ. Зээлийн гэрээний 3.2.3-т Зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээнэ гэж зааснаар хамтран зээлдэгч зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг хүлээхээр заасан. Үндсэн зээлдэгч М.С нь нас барснаар үүнтэй холбоотой үүргийн харилцааг дуусгавар болсон буюу Иргэний хуулийн 240.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Харин холбогдох хууль буюу зээлийн гэрээнд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болохгүй бөгөөд Банк, эрх бүхий Хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж зааснаар тухайн зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлснээр хамтран зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох юм. Зээлдэгч М.Г 7,555,473 төгрөгийг төлсөн дээрх 15,100,880 төгрөгөөс хасуулсан. Иймд үлдэгдэл 7,545,407 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
... Миний бие үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй. Миний бие тухайн үед нүдний шилээ мартсан байсан учир зээлийн гэрээг уншиж чадаагүй, надад 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ гэж хэлээд гарын зуруулсан. Би зээлийн гэрээг уншаагүй алдаагаа ухамсарлаад дүүгээ нас барсны дараа 7,550,000 төгрөгийг би ах дүүтэйгээ нийлж төлж барагдуулсан. Би тухайн зээлээс ямар ч мөнгө аваагүй. Үндсэн зээлдэгч нь байхгүй байхад *** эрсдэлээ өөрсдөө төлөх хэрэгтэй надад үлдсэн зээлийг төлөх боломж байхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэн М.С, М.Г нар ***-ний Зүүнхангай тооцооны төвтэй 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр MN860034160601855519 дугаартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/, зээлийг зээлдэгчийн ***ин дахь MN610034160600057686 тоот төгрөгийн дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно. Мөн зээлийн гэрээний барьцаанд М.С-ын цалин, нөөтбүүкийг тус тус барьцаалжээ.
Зээлдэгч М.С 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь ИБД:851976831965 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Зээлдүүлэгч буюу банк дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгч М.Г-гаас шаардсан ба хариуцагч нь Миний бие үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй. Миний бие тухайн үед нүдний шилээ мартсан байсан учир зээлийн гэрээг уншиж чадаагүй, надад 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ гэж хэлээд гарын зуруулсан. Би зээлийн гэрээг уншаагүй алдаагаа ухамсарлаад дүүгээ нас барсны дараа 7,550,000 төгрөгийг би ах дүүтэйгээ нийлж төлж барагдуулсан. Би тухайн зээлээс ямар ч мөнгө аваагүй. Үндсэн зээлдэгч нь байхгүй байхад *** эрсдэлээ өөрсдөө төлөх хэрэгтэй надад үлдсэн зээлийг төлөх боломж байхгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.
Учир нь зээлдүүлэгч буюу банк М.С-ын хүсэл зоригийн дагуу 9,200,000 төгрөгийн цалингийн зээл дээр нэмэлт 5,500,000 төгрөгийн зээл олгосон зээлийн нийт хэмжээ 14,700,000 төгрөг болсон бөгөөд зээлийг зээлдэгч М.С-ын дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Мөн зээлдэгч М.С, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.О нар нь ***наас өмнө нь 3 удаа цалингийн зээл авч байсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №MN860034160601855519 барьцаат зээлийн гэрээ /цалингийн/, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №MN860034160601855519 барьцаат зээлийн гэрээ /цалингийн/, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №MN860034160601855519 барьцаат зээлийн /цалингийн/ гэрээгээр тус тус тогтоогджээ.
Харин зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэх М.Г тухайн зээлийг авах хүсэл зориг илэрхийлээгүй, зээлийн барьцаанд түүний цалин болон бусад хөрөнгө, орлого барьцаалаагүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан байх боловч хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх хариуцлага /барьцаа, батлан даалтын болон бусад хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэхийг гэрээнд тусгаагүй/ тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Дээрх гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах орлогоор, үл хөдлөх хөрөнгө, зээлдэгчийн банкин дах харилцах данс, түүгээр орох орлого, бусдаас авах бүх авлагын хамт үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж төлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, банк, зөвхөн М.С-ын цалин орлогын хэмжээ, түүний хүсэлт зэргийг үндэслэн зээл олгосон нь тогтоогдож байна.
Харин хамтран зээлдэгч М.Г нь өөрийн цалин, орлогоо барьцаалаагүй байх тул зээлийн үүргийг хамааруулах боломжгүй байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болохоор заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаар зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч М.С нас барснаар дуусгавар болох тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** ХК-ийн Увс салбарын хариуцагч М.Г-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардалд нийт 7,545,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ***ны ХК-ийн Увс салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** ХК-ийн Увс салбарын хариуцагч М.Г-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардалд нийт 7,545,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ***ны ХК-ийн Увс салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР