Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2024/04355

 

                               

 

 

 

 

 

                  2024       09          20

              101/ШШ2024/04355

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “******* *******” ГХО ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “*******” ХК /рд:*******/-д холбогдох,

 

20,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагчийн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “******* ******* ГХО” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, түүний төлөөлөгч Э.*******, өмгөөлөгч М.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “******* Дистрибьюшн” ГХО ХХК нь гадаад худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа 2017 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд явуулж байна. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд харилцагч байгууллагууд уруу нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнээ байршуулах, хадгалах зорилтоор хариуцагч компанитай 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулан хамтран ажилласан.

Дээрх түрээсийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан цагдаагийн академи, 6а тоотод байрлах хариуцагч “*******” ХХК-н улсын бүртгэлийн өмчлөх эрхийн Ү-******* дугаар гэрчилгээтэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 900 м.кв бүхий талбайг түрээслэх, түрээсийн төлбөрт 1 м.кв үнийг 12,100 төгрөг байхаар нэг сарын түрээсийн төлбөрийг 10,890,000 төгрөг, түрээсийн гэрээний барьцаанд 10,890,000 төгрөг нийт 32,670,000 төгрөгийг хариуцагч компанийн худалдаа хөгжлийн банкны тоот дансанд байршуулахаар, түрээсийн гэрээний хугацааг 2024 оны 01 сарын 16-ны өдрөөс 2024 оны 03 сарын 15-ны өдрийг дуустал буюу нийт 2 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцсон.

Бидний зүгээс дээрх түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэн 2024 оны 01 сарын 17-ны өдөр хариуцагч компанийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн тоот данс уруу “******* Дистрибьюшн” ХХК РД:******* Түрээсийн төлбөр” гэх утгаар 32,670,000 төгрөгийг төлбөрийг бүрэн шилжүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2024 оны 03 сарын 15-ны өдрөөр дуусгавар болж агуулахын чанар, хийц зэрэг нь хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй гэх үндэслэлээр манай байгууллага гэрээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй байгаагаа илэрхийлж хариуцагч компанийн талбайг чөлөөлж эхэлсэн.

Гэтэл хариуцагч “*******” ХХК-н зүгээс түрээсийн гэрээгээр түрээсэлж байсан объектыг бүхэлд нь манай компанийг эзэмшиж ашиглаж байсан гэх үйл баримт гаргаж ирэн 2024 оны 03 сарын 19-ны өдөр 19,602,000 төгрөгийн нэхэмжлэх илгээсэн. Тухайн баримтаас үзэхэд манай байгууллагат түрээсэлж байсан объектыг нийт хэмжээг 3420 м.кв талбайгаар тооцон манай компанийг түрээсийн гэрээний дагуу ашигласан 900 м.кв талбайг хасан үлдэгдэл 2520 м.кв талбайд түрээс бодон санхүүгийн тооцоолол гарган илгээсэн. Талуудын хооронд үндсэн түрээсийн гэрээнээс өөр ямар ч гэрээ, нэмэлт гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд иргэний хуулиар түрээсийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг мөн тавьдаг.

Түүнчлэн хариуцагч компани нь өөрийн агуулахад байсан манай нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг барьцаалан авч манай байгууллагад хүлээлгэж өгөхгүй манай байгууллагын бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулж биднийг болон гуравдагч этгээдүүдийг асар их хохироож байна.

Дээрх үндэслэлгүй санхүүгийн нэхэмжлэх болон хууль бус үйлдэлд манай компанийн зүгээс холбогдох тайлбар авах, өгөх эвлэрлийн замаар маргааныг шийдвэрлэхээр удаа дараа ерөнхий захирал М.*******тай уулзах гэтэл үндэслэлгүйгээр уулзахгүй гэх тайлбарыг гаргаж байсанд бид саналаа албан мэдэгдэл болгон бичиж 2024 оны 03 сарын 19-ны өдөр агуулахын харуулын ажилтнаар эрх бүхий этгээдэд дамжуулуулахаар хүлээлгэж өгсөн.

Ингээд асуудал шийдэгдэхгүй байсанд өөрийн компанийн өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчийн хууль бус барьцаанаас чөлөөлүүлэхээр цагдаагийн байгууллагат гомдол гаргахад БЗД-н цагдаагийн 3-р хэлтсээс албан хаагч ирэн гэрээний маргаан буюу иргэний маргаан байна гэмт хэргийн шинжгүй манай байгууллага хамааралгүй гэсэн.

Ингээд бид нэг тэр бум төгрөгийн бараагаа бусад байгууллагатай хийсэн гэрээний үүрэгт шилжүүлэх, орон нутаг уруу илгээх зэрэг компанийн хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор яаралтайгаар хариуцагчийн агуулахаас чөлөөлөн авах шаардлага бий болсон. Үүнийг ч хариуцагч компани мэдэж 10,000,000 төгрөгийг 2024.03.19-ны өдрийн дотор шилжүүлээд бараагаа ав гэж шахалт үзүүлж эхэлсэн.

Бид дээрх саналыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд барааны хугацаа дуусах холбогдох захиалагч нараас гэрээний хугацаа хожимдсонтой холбоотой хохирол хор уршгийг нэхэмжлэх эрсдэл үүсээд байсан тул хариуцагч компанийн дээрх хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024.03.19-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагч компанийн дансанд “барьцаа” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн.

Бид дээрх мөнгийг ямар нэгэн гэрээ, хэлцлийн үндсэнд шилжүүлсэн бус хариуцагчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох бараа бүтээгдэхүүнээ чөлөөлөх хамгийн хурдан арга байсан тул шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг дахин сунгаагүй, гэрээтэй холбоотой нэмэлт өөрчлөлт хийгдээгүй байтал бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн объектод байгааг далимдуулан ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж бидний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаж гэрээ дуусгавар болсон байх тул манай компанийн хариуцагч компанид барьцаа болгож шилжүүлсэн 10,890,000 төгрөг, ямар ч гэрээ хэлцэлгүй биднийг шахаанд оруулж манай компаниас үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 10,000,000 төгрөг нийт 20,890,000 /хорин сая найман зуун ерэн мянган төгрөг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

1.1. Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “******* Дистрибьюшн” ГХО ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч компанийн зүгээс 2024 оны 07 сарын 29-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлтэй танилцаж дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Үүнд:

Нэг. 2024 оны 01 сарын 16-ны өдрийн Түрээсийн гэрээний төлбөрт 45,738,000 төгрөг шаардсан шаардлагын тухайд

Тус шаардлагын үндэслэл нь манай “******* Дистрибьюшн” ГХО ХХК нь 2024 оны 01 сарын 16-ны өдрийн Түрээсийн гэрээгээр тохирсон 900 м.кв талбайн хэмжээг хэтрүүлж хариуцагч компанийн агуулахын нийт 3,420 м.кв талбайг ашигласан буюу гэрээгээр тохирсноос илүү 2,520 м.кв талбай ашигласан гэх үндэслэлийг гаргасан байна. Уг илүү ашигласан 2,520 м.кв-г 1 м.кв үнийг 12,000 төгрөгөөр тооцон 30,492,000 төгрөгийг шаардсан байна. Уг түрээсийн төлбөр нь 2024 оны 02 сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэлх нэг сарын түрээсийн төлбөр гэсэн байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдсан бөгөөд энэхүү зохицуулалт нь энэхүү маргааны үндэс болоод байгаа түрээсийн зүйл, түрээсийн талбайг тодорхой байлгах түрээслүүлэгч, түрээслэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль тогтоогч хуульчилсан зохицуулалт юм. Манай “******* Дистрибьюшн” ГХО ХХК-г илүү талбай ашигласан гэх боловч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дах хэсэгт зааснаар “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, түрээсийн төлбөрийг өөрчлөх талаар санал хүсэлтээ нөгөө талдаа илэрхийлэх шийдвэрлүүлэх эрхтэй” гэж тусгасны дагуу уг илүү талбайн түрээстэй холбоотойгоор манай компанид огт албан мэдэгдэл хүсэлт хариуцагч компаниас ирүүлж байгаагүй болно.

Мөн талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 6 дугаар 6.5-т “Энэ гэрээтэй холбоотой аливаа нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр үйлдэх бөгөөд талууд гарын үсэг зурж тамга дарснаар уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болж энэ гэрээний салшгүй нэг хэсэг болно” гэж тусгасан. Гэтэл талууд түрээсийн гэрээнд тусгаснаас өөрөөр нэмэлтээр талбай ашиглах талаар огт харилцан тохиролцоогүй буюу гэрээнд нэмэлт өөрчлөлт огт оруулаагүй байдаг.

Манай компанийг уг талбайг ашигласан гэх нотлох нотлохын баримтын тухайд нотлох баримтын шаардлага хангасан зүйл огт байхгүй бөгөөд ашигласан талбайн гэрэл зураг хэмжилт хийлгэсэн албан ёсны байгууллагын дүгнэлт илүү талбай ашигласныг баталгаажуулсан акт, баримт бичиг огт байхгүй байж 2,520 м.кв гэх нарийн тооцооллыг түрээслүүлэгч компани гаргаж ирсэн байдаг.

Харин илүү талбайн түрээсийн төлбөр болох 30,492,000 төгрөгт тооцсон алданги 20,734,560 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэн байх ба сөрөг нэхэмжлэл гаргаж буй “*******” ХХК-н тухайд манай компанитай байгуулсан 900 м.кв талбай түрээсэлсэн гэрээг үндэслэж алданги нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй хууль зүйн огт үндэслэлгүй шаардлага байна. Зүй нь манай компани нь нэмэлтээр талбай ашигласан тухайн талбайд нэмэлт гэрээ хийж түрээсийг тохирч үүргийн гүйцэтгэл хангуулахыг аргыг мөн тохирч гэрээ байгуулсан бол түрээслүүлэгч компани нь уг шаардлагыг гаргах хууль зүйн үндэслэлтэй болох байсан юмаа.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр 2.520 м.кв талбайн түрээсийн төлбөр тус түрээсийн төлбөрөөс бодсон алданги буюу нийт 45,738,000 төгрөгийн нэхэмжлэл нь огт үндэслэлгүй юмаа.

Хоёр.Түрээсийн талбайг 2024 оны 03 сарын 16-с хойш нэг сар ашигласан төлбөрт 41,382,000 төгрөг алданги 20,691,000 төгрөг буюу нийт 62,073,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн тухайд

Манай компанийн зүгээс гэрээний хугацаа дуусахад сөрөг нэхэмжлэл гаргагч “*******” ХХК-н агуулахыг чөлөөлж эхэлсэн бөгөөд харин түрээслүүлэгч хуулийн этгээдийн зүгээс хууль бус үйлдэл гаргаж илүү төлбөр нэхэж манай компанийн барааг барьцаалж эхэлсэн. Энэ талаар манай компани нэхэмжлэлдээ тодорхой дэлгэрэнгүй тайлбар нотлох баримтын хамт гаргасан. Түрээслүүлэгч компанийн хувьд өөрсдөө талбайг чөлөөлөх боломж олгохгүй хууль бус үйлдэл гаргаснаа түрээсийн гэрээг сунгасанд тооцож нэг сарын түрээсийг нэхэмжилж байгаа нь өөрөө ямар ч үндэслэлгүй явдал юм. Нэгэнт нэг сарын түрээс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул алданги ч мөн хууль зүйн үндэслэлгүй зүйл болно.

Гурав. Барьцааны мөнгө буцаахгүй тухайд

Энэхүү барьцааны мөнгө буцаах талаарх үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлага биш хэдий ч сөрөг нэхэмжлэлд дурдсан байгаа тул хуулийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна.

Манай компанийн зүгээс гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түрээслүүлэгч компанийн агуулахад бараагаа хадгалах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу агуулахын чанар, хийц зэрэг нь хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй гэх үндэслэлээр манай байгууллага гэрээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй байгаагаа илэрхийлж хариуцагч компанийн талбайг чөлөөлж эхэлсэн байдаг. Өнөөдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжиж дуусгавар болсон байхад одоог хүртэл зүй бус шалтгаанаар барьцааны мөнгийг буцааж өгөхгүй байгаа нь хуулийн огт үндэслэлгүй асуудал болоод байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

1.2. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний барьцаа 10,890,000 төгрөг, үндэслэлгүй шилжүүлсэн 10 сая төгрөг, нийт 20,890,000 төгрөг гаргуулна. Бид гадаад худалдаа хүнсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид хариуцагчтай бараа хадгалах агуулах түрээсийн гэрээ байгуулсан. 900 м.кв талбай түрээсэлсэн. 1 сарын түрээс 10,890,000 байхаар тохирч 1 сарын түрээсийн төлбөр барьцаалсан. Улмаар 2 сар түрээсэлж төлбөрийг дансанд нь шилжүүлсэн. 2024.1.17-нд гэрээний дагуу түрээсийн төлбөр гэх утгаар 32,670,000 шилжүүлсэн. Түрээсийн гэрээ 2024.3.15-нд дуусгавар болж агуулах нь хүнсний зүйл хадгалах боломжгүй байсан тул чөлөөлж эхэлсэн. Гэтэл хариуцагч нь илүү талбай ашигласан гээд илүү төлбөр нэхэмжилж эхэлсэн. Талууд үндсэн түрээсийн гэрээнээс өөр гэрээ байгуулагдаагүй. Ингээд хариуцагч нь манай 1 тэр бумын барааг барьцаалж хохироосон. Бид эвлэрлээр асуудлыг шийдэхээр уулзах санал гаргасан боловч уулзаагүй. Харуулаар нь дамжуулан санал гаргасан боловч хүлээж аваагүй. Улмаар цагдаад мэдэгдсэн боловч иргэний эрх зүйн маргаан гэсэн. Бид 1 тэр бумын бараагаа яаралтай авах хэрэгтэй болсон тул 10 сая төгрөгийг шилжүүлэх хууль бус шаардлага тавьсныг зөвшөөрч барьцаа гэж шилжүүлсэн. Бид бараагаа авч захиалагчид хүргүүлэхгүй бол нэмэлт хохирол учрахаар байсан юм. Иймд гэрээний хугацаа дууссан тул барьцаа болон гэрээгүй өгсөн нийт 20,890,000 гаргуулж өгнө үү.

Түрээсийн гэрээ цуцлагдсан үндсэн шалтгаан нь хүнсний зүйл хадгалах боломжгүй байсан. Бид бэлэн гоймон хадгалж байсан бөгөөд дээврээс ус гойжиж норж эхэлсэн тул гэрээг сунгаагүй юм. Өмнө нь 2 удаа тус бүр 3 сараар түрээсэлсэн боловч энэ үед намар байсан тул дээврээс ус гойждог гэдгийг мэдээгүй юм. Гэрээ дууссан гэдгийг хариуцагч үгүйсгэсэнгүй. Нэхэмжлэгчтэй харилцаж байсан талаа тайлбарласан бөгөөд зурваст үзлэг хийсэн. Энэ талаар ажилтан Мөнх-Эрдэнээс тодруулах гэтэл тэрээр ажлаас гарсан тул асуух боломжгүй байсан. Хариуцагч нь түүнийг гэрчээр асуулгах боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Гэрээнд төлбөрийн үлдэгдэлтэй бол барааг гаргахгүй талаар гэрээнд байгаа гэдэг. Гэтэл бид гэрээний үүргээ биелүүлсэн, төлбөрийн үлдэгдэлгүй байсан юм. Хэргийн 17 байгаа баримтаар агуулахыг бүрэн чөлөөлсөн баримт байдаг юм. Гэтэл барьцаа мөнгийг буцааж өгөөгүй. Гэрээний 2.1.6-д зааснаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад санал гаргаж, бичгээр үйлдэх ёстой гэж заасан. Талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй. Талбайн хэмжээг өөрчлөөгүй, нэмэлт талбай ашиглаагүй юм. Илүү  талбай ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа юм.

 

1.3 Түрээсийн гэрээ нь бүртгүүлээгүй тул хуулийн шаардлага тавигдана. Гэвч нийт 5,200 м.кв тул 900 м.кв-г бүртгүүлэх хүндрэлтэй. Улмаар гэрээний талаар маргаагүй, хэрэгжээд дууссан тул хүчин төгөлдөр юм. Барьцааг илүү төлбөрт суутгасан гэж байна. Гэтэл барьцаа нь төлбөр төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл төлбөрөө төлсөн тул барьцаа хөрөнгөнөөс илүү талбайн төлбөрт суутгах боломжгүй. Илүү талбайн талаар гэрээгүй юм. Үндэслэлгүй авсан 10 саяыг илүү талбайн төлбөр гэх боловч 2,520 м.кв бичгээр гэрээ байгуулаагүй тул төлбөр авах эрхгүй. Нэхэмжлэгч нь 2,520 м.кв ашиглаагүй энэ талаар мэдээгүй гэдэг. Хариуцагч нь илүү талбай ашиглуулсан талаар баримт ирүүлээгүй. Үүнээс үзэхэд 10 сая төгрөгтэй холбоотой үүрэг үүсээгүй тул Иргэний 492.1.1-д зааснаар гаргуулах үндэслэлтэй гэв.

 

2.            Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, түүний төлөөлөгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч ******* ******* ХХК (цаашид ******* гэх) (РД: *******)-ийн гүйцэтгэх захирал -ы нэхэмжлэлийн дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2024 оны 1-р сарын 16-ны гэрээ байгуулагдсан талаар: Тус өглөө ******* компанийн захирал С.Мөнх-Эрдэнэ манайд хандан “Ерөнхий захирал чинь гадаадад байгаа юм байна. Манайх ер нь танайхаар байнга үйлчлүүлнэ. Гэнэт баахан бараа ирэх гээд хураах агуулахгүй болчхоод байна. Өмнөх нөхцөлөөрөө гэрээгээ хийе, бид бараагаа одоо буулгачихъя, гэрээ зурна гэхээр өдөр алдах нь, баахан машин түрээсэлчихсэн тул төлбөрт уначих гээд байна. Танайх гэрээний төслөө явуулчих, бараагаа агуулахад чинь буулгах боломж олгооч” гэж дугаараас холбогдсон. Өмнө нь 2022, 2023 онуудад түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээ сунгаж байсан тул зөвшөөрч *******ын барааг нь төлбөрөө аваагүй байхдаа агуулахад буулгах зөвшөөрлийг олгосон болно.

Гэрээний төслийг С.Мөнх-Эрдэнийн хэлсэн (и-мэйл-ийг хавсаргав) и-мэйл хаягаар явуулсан. Тэрээр гэрээнд засвар хийх зүйлгүй, танайх гэрээгээ зурчих, би очиж авъя, гэрээний дагуу төлбөрөө шилжүүлнэ гэж санхүү гэрээ нэхээд байна. (Уг нь бараагаа агуулахад маань хураачихсан байгаа шүү дээ, гэрээний 2.2.1 ... төлбөрийг төлсний дараа Түрээслэгчийг талбайд оруулах гэсэн зохицуулалттай). Мөн өдрийн 17 цагт гэрээгээ авна гэсэн боловч ирээгүй, маргааш нь 10:27 цагт гэрээгээ эх хувиар нь өгснөөр төлбөрөө 12:16 цагт хүлээн авсан.

1.            “Агуулахын чанар хийц зэрэг нь хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй” гэсэн нь үндэслэлгүй болох талаар

*******ынхан анх 2022 оны 8-р сард манай агуулахыг үзэн түрээслэх боломжтой гэж хүсэл зоригоо илэрхийлэн 2022, 2023, 2024 онд тус тус гэрээ байгуулсан ба гэрээний 1.6-д “Түрээслэгч энэхүү гэрээний 1.1-т заасан талбайг урьдчилан үзэж түрээсийн зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэн сонгосон болно.” гээд ******* баталгаажуулсан тул үндэслэлгүй.

Доорх гэрээнүүдийг байгуулж, сунгаж байсан бөгөөд 3 дахь гэрээгээ байгуулан бараагаа хадгалж байсан тул уг хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй гэх нь үндэслэлгүй байна.

 

Гэрээний огноо

Гэрээний хугацаа

Талбай

Гэрээний сунгалт/ тайлбар

Төлбөр төлсөн

1

2022.09.01

2022.09.01-2022.11.01 (2 сар)

3’117 м2

2022.11.01-2022.12.01 (1 сар)

2022.09.01

2

2023.08.10

2023.08.10-2023.11.09 (3 сар)

900 м2

 

2023.08.11

3

2024.01.16

2024.01.16-2024.03.15 (2 сар)

900 м2

+2’520 м2 талбай нэмж ашигласан

2024.01.17

 

2.            “Объектыг бүхэлд нь эзэмшиж ашиглаж байсан гэх үйл баримт гаргаж ирсэн” гэсэн нь үндэслэлгүй болох талаар

Уг агуулах нь 5’200 м2 талбайтай. ******* 2022 онд 3’ 117 м2  түрээсэлж байсан. 2024 онд 900 м2 талбай түрээсэлнэ гэж гэрээгээр тохирсон боловч гэрээг нэг жилээр дахин байгуулна гэж хэлээд агуулахын чөлөөтэй талбайд бараа хураасан бөгөөд нийт бараа хураасан талбай нь 3’420м2 болсныг С.Мөнх-Эрдэнэ мессежээр болон нэхэмжлэлд бичсэн талбайг хүлээн зөвшөөрсөн.

3.            “1 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг барьцаалан авсан” үндэслэлгүй болох талаар

*******ын С.Мөнх-Эрдэнэ одоо ашиглаж буй 3’420 м2 талбайг 1 жилийн хугацаагаар түрээслэхээр гэрээ байгуулна гэсэн бөгөөд 2024 оны 1-р сарын 16-нд байгуулсан гэрээг гэрээний дагуу дуусгавар болгох тухай албан бичгээ 30 хоногийн өмнө ирүүлээгүй тул нь бид гэрээ хийнэ гэж итгэсэн байсан. Гэрээний 2.1.10-т Түрээслүүлэгч нь “Гэрээ дуусгавар болоход Түрээслэгч аливаа төлбөрийн үлдэгдэлтэй бол барааг талбайгаас гаргахгүй байх эрхтэй бөгөөд уг талбайг хоослох хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр шаардах эрхтэй” гэж гэрээнд тохиролцсоны дагуу эрхээ эдэлсэн тул *******ын барааг барьцаалсан гэх нь үндэслэлгүй байна.

4.            “Удаа дараа үндэслэлгүйгээр ерөнхий захирал уулзаагүй” гэсэн нь үндэслэлгүй талаар

Удаа дараа гэдэг нь 2024 оны 3-р сарын 19-ний өдрийн 11:13 цагаас эхлэн С.Мөнх-Эрдэнэ залгаснаас эхлээд төлбөр хэсэгчлэн төлсний хоорондох хугацаа нь 5 цаг хүрэхгүй хугацааг хэлж байх шиг байна. Ерөнхий захиралтай уулзъя гэж энэ урьдчилж мэдэгдэх байтугай гэрээг 1 жилээр байгуулна гээд 1-р сарын 16-ны гэрээний хугацаа дуусгавар болгох тухай ******* албан бичиг ирүүлэлгүйгээр бараагаа ачаад бултах гэж байсан билээ. Энэ өдрийн тухайн хугацаанд би компани дээрээ байгаагүй бөгөөд тэд нартай утсаар холбогдож байсан болохыг дурдъя.

5.            “Хариуцагчийн зүй бус үйлдлийг зогсоох гэж 10 сая төгрөг шилжүүлсэн” гэсэн нь үндэслэлгүй болох талаар

Гэрээний 2.1,10-т “Гэрээ дуусгавар болоход Түрээслэгч аливаа төлбөрийн үлдэгдэлтэй бол барааг талбайгаас гаргахгүй байх эрхтэй бөгөөд уг талбайг хоослох хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр шаардах эрхтэй” гэж гэрээнд заасан бөгөөд гэрээний дагуу Түрээслүүлэгч эрхээ эдэлж байгааг зүй бус үйлдэл гэх үү?

Харин ******* нь Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 3-р сарын 19-нд дуудлага өгсөн ба 13:18 цагт Баянзүрх дүүргийн цагдаагийн-2 хэлтэст шилжүүлэн дуудлагын дагуу цагдаа нар ирж “шалгахад гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй байна” гэж шийдвэрлээд явсан бөгөөд цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч чирэгдэл учруулсан.

Хуулийн зөвлөх ******* гэгч эмэгтэй нь манай харуулын утсаар нь залгуулж утсыг авангуутаа “Хуцаад байгаарай ... гадаадын хөрөнгө оруулагчтай ингэж харьцахгүй шүү...” гэх мэтээр үг хэлэх боломжгүй хашгирсан. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин боксчин Т. ба 4-5 хүнээр биднийг дарамтлуулах гэсэн боловч манай харуулаас нь өөр хүн байхгүй байсан тул С. нь ******* болон нарын өмнөөс биднээс уучлалт хүссэн.

Солонгос захирал нь гэрээгээр 19,6 сая төгрөгөөс илүү мөнгө төлөхөө мэдсээр байж монголчуудыг монголынх нь эсрэг хууль бус үйлдэл хийлгүүлэх зорилго нь юу байсан бол?!

Энэ бүхэн өөрсдийнх нь буруугаас болж төлбөр төлөхгүй залилах гэсэн нь санаа байсан нь дээрх тайлбараас ойлгогдох байх.

Зүй нь 1 жилээр гэрээ хийнэ гэж хууралгүй, гэрээний дагуу төлбөрөө төлөн, хугацаандаа гэрээгээ дуусгавар болгох тухай мэдэгдлээ ирүүлсэн бол эдгээр асуудал үүсэх байсан гэж үү?!

Монгол Улсын Иргэний хуулийн 326.2. Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасныг үндэслэн бид сөрөг нэхэмжлэл гаргасан болно.

2.1 Хариуцагч “******* *******” ХХК 20,890,000 төгрөгийг манай компаниас үндэслэлгүйгээр нэхэмжилсэн байна. Уг нэхэмжлэл нь энэхүү сөрөг нэхэмжлэлээр үндэслэлгүй болох нь нотлогдоно.

Манай 2 компани 2022 оноос эхлэн Түрээсийн гэрээг 3 удаа байгуулсан бөгөөд 2024 оны 1-р сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээтэй холбоотойгоор хариуцагч нь манай компанид төлөх ёстой нийт 97’811’000 төгрөгийн өр төлбөр байгаа тул манай компани төлбөр төлөх бус, дараах үндэслэлээр төлбөр нэхэмжлэх эрхтэй байна. Үүнд:

1.            Гэрээгээр 900м2 агуулахын талбайг түрээслэхээр тохиролцсон боловч хариуцагч гэрээний 2.4.4-т заасан “Түрээсийн талбайгаас өөр талбайд бараа бүтээгдэхүүнээ буулгаж хураахгүй” гэснийг зөрчиж талбайн хэмжээг 2’520м2 аар хэтрүүлж нийт 3’420 м2 талбай ашигласан. Энэ нь мөн Иргэний хуулийн 289.1.1. “хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах” гэснийг зөрчсөн байна. Түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан хариуцагч компанийн гүйцэтгэх захирал С.Мөнх-Эрдэнэ 2024-02-24-ний өдрийн мессеж (хавсралт 1)-ээр болон 2024-03-19- ний өдрийн мессежээр тус тус илүү талбай ашигласнаа хүлээн зөвшөөрч манай компанийн тоот утсанд бичиж байсан. Мөн С.Мөнх-Эрдэнэ “манай шийдвэр гаргах хүмүүс болон захирлууд нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлж барагдуулна, мөнгө төлнө” гэх мэтээр мессеж (хавсралт 2)-ээр бичиж байсан.

Гэрээний 1.2-ын дагуу 1м2 талбайн түрээсийн төлбөр нь 12’100 төгрөг тул Хариуцагчаас 2’520м2 илүү ашигласан талбайн 2024 оны 2-р сарын 15-аас 3-р сарын 15 хүртэлх түрээсийн төлбөр 30,492,000 төгрөг, алдангийн хамт Иргэний хуулийн 288.2.5, 326.2-т заасныг үндэслэн нэхэмжлэх эрхтэй. Алданги нь гэрээний 3.5-ын дагуу 2024 оны 7-р сарын 29-ний өдөр хүртэлх 136 хоногийн 20,734,560 төгрөг буюу Иргэний хуулийн 232.4, 234.6 заалтын дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 15,246,000 төгрөг, нийт 45,738,000 төгрөг нэхэмжилж байна.

2.            2024    оны 2-р сарын 13-нд С.Мөнх-Эрдэнэ нэг сарын хугацаанд ашиглах гэж буй 2'520 м2 талбай буюу нийт 3’420 м2 талбайн талаар надтай уулзаж тайлбарлахдаа “бид 3’420 м2 талбайг чинь 3-р сарын 16-аас эхлэн жилээр түрээслэх гэрээ хийнэ, 3-р сарын 15-ыг дуусталх хугацааны тооцоогоо тэр үед нөхөж хийнэ. Одоо хил дээр 80 контейнер бараа ирсэн, танайх ер нь агуулахаа зарах уу, манай солонгос захирал маш их сонирхож байна.” гэж хэлж байсан. Гэрээний 3.7, 4.3-т зааснаар гэрээгээ дүгнэж, дуусгавар болгох эсэхийг шийдвэрлээгүй, талбайг 3-р сарын 16-аас хойш ашигласаар байсан тул гэрээний 4.3-д заасны дагуу гэрээ 1 сараар сунгагдсанд тооцох үндэслэл үүснэ. Иргэний хуулийн 324.1-ийн “Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.” гэж заасан байх тул манай компани 1 сарын түрээс 41,382,000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилнэ. Алданги нь гэрээний 3.5-ын дагуу 2024 оны 7-р сарын 29-ний өдөр хүртэлх 136 хоногийн 28,139,760 төгрөг буюу Иргэний хуулийн 232.4, 234.6-т дагуу үнийн дүнгийн 50 хувь болох 20,691,000 төгрөг, нийт 62,073,000 төгрөг нэхэмжилж байна.

Ер нь манай компанийн удирдлага манаачаасаа 3-р сарын 19-ний өдөр ******* бараагаа 2-3 хоногт зөөгөөд талбай хоосрох юм байна гэж хэлснээр Түрээслэгч талбайгаа орхиж явах гэж байгааг мэдсэн.

3.            Гэрээний 3.7-д заасны дагуу      Гэрээг дуусгавар болгох тухайгаа гэрээний

үндсэн хугацаа дуусахаас 15-30 хоногийн дотор мэдэгдээгүй бол барьцааны мөнгө буцаагдахгүй." Учир нь дараагийн Түрээслэгчтэй тохиролцож гэрээ байгуулахад хугацаа шаардагддаг тул урьдчилан зайлшгүй мэдэгдэх шаардлагатай байдаг. Иймд хариуцагчийн 2024 оны 01 -р сарын 17-нд төлсөн барьцааны 10’890’000 төгрөг буцаагдахгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нийт 107’811’000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс хариуцагчийн 2024 оны 3-р сарын 19-нд төлсөн 10’000’000 төгрөгийг хасаж нийт 97,811,000 (ерэн долоон сая найман зуун арван нэгэн мянга) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч “” ХХК-с гаргуулж өгнө үү

2.2 Гэрээ 2024.1.13-нд санал тавьснаар 2 сарын хугацаагаар 900 м.кв талбайд бараа хадгалах гэрээ хийгдсэн. Тэгээд 2.15-ны үед гэрээнд гүйцэтгэх захирал гэх Мөнх-Эрдэнэ санал тавьсан. Ингэхдээ гэрээгээ жилээр сунгах тул нэмж ирсэн 80 контейнер барааг нэмж 2,520 м.кв хоосон талбай дээр чинь буулгая гэж хэлсэн. Тэгээд гэрээгээ жилээр сунгана гэсэн. Энэ саналыг гэрээгээ сунгана гээд 2,520 м.кв талбайг нэмж ашиглахыг зөвшөөрч амаар болон мессежээр ярилцсан. Гэтэл харуул эднийхийг 3.13-с бараагаа их хэмжээгээр авч эхэлсэн. Энэ талаар асуухад Мөнх-Эрдэнэ бид жилээр түрээслэхээ болилоо гэсэн. Ингэхэд тэгвэл бид 2,520 м.кв талбайг 1 сар ашиглуулсан төлбөрөө авна, хэзээ чөлөөлөх вэ гэсэн. Ингэхэд 3-4 хоногт чөлөөлнө гэсэн. Нэхэмжлэгч нь шөнийн цагаар бараагаа түгээдэг юм. Ингээд бүх бараа нь гараад дуусахаар болсон. Тэгээд бараагаа авчихвал би хоосон үлдэх гэж байгаа талаар хэлэхэд нэхэмжлэх явуулчих гэсэн. Нэхэмжлэх явуулахад 10 сая төгрөг шилжүүлсэн байсан. Үүний дараа манайх ганц харуул байхад олон хүн ирж дайрч доромжилж эхэлсэн. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах боломжгүй гэх боловч өмнө нь удаа дараа түрээсэлж байсан. Мөн худалдаж авах талаар санал гаргаж байсан. Одоо ч гэсэн АПУ хүнсний зүйлээ хадгалж байгаа. Бид хэнийг ч айлгаж сүрдүүлээгүй. Гэрээ 3.15-нд дуусан байсан. Чөлөөлөх бол хэзээ гэдгээ хэл, би дараагийн хүнтэй ярина. Мөн нэмэлт талбайны төлбөрөө л төл гэсэн. Уг нь Мөнх-Эрдэнэ байсан бол ярилцах байсан. Тэр хүн соёлтой харилцсан тул ойлголцож байсан. Гэтэл одоо гүтгээд байж болохгүй. Улмаар бид сөрөг нэхэмжлэл гаргасан. Бид барьцааг суутгаад зөрүү 19 саяын нэхэмжлэх явуулсан боловч 10 саяыг төлсөн. Энэ талаар асуухад болохгүй байна гэхээр нь бараагаа ав л гэсэн.

2,520 м.кв талбай ашигласан талбайны төлбөрийг төлөх ёстой байсан. Мөн жилээр түрээсэлнэ гээд цаг алдагдсан. 10 сая төгрөг нь илүү ашигласан талбайд тооцогдоно. Ингээд 97,811,000 төгрөг гаргуулна. Сөрөг нэхэмжлэлээ болилоо. Гэрээн дээр Мөнх-Эрдэнэ гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан бөгөөд өдөр дутам харилцдаг байсан. Илүү талбай ашигласан болох нь мессежээр нотлогдоно. Харуулын бүртгэлээр мөн нотлогдоно. Илүү талбай ашиглаагүй гээд байгааг ойлгохгүй байгаа. Санхүүгийн баримтаар НӨАТ-н бичилт хийгддэг. Татвар дээр бичилт хийгдэж батлагдсан байдаг. Тэгэхээр барьцааны мөнгө илүү талбайн ашиглалтад суутгагдсан гэдгийг зөвшөөрсөн гэсэн үг юм. Харин 10 сая нь татварт тайлагнагдаагүй байдаг. Хэрэгт энэ талаар баримт байхгүй. Манайх өмнө харьцаж байсан түнш тул чөлөөлөх хугацаа хүртэл өгөөд хүндэтгэлтэй хандсан. Манайтай харилцаж байсан хүнээс өөр юм яриад байна. 10 саяыг төлөөд дутуу байхад нь би хүндэтгэлтэй хандсан. Иймд шүүх бодит байдлыг харж манайхыг хохиролгүй байлгаасай гэж хүсэж байна гэв.

 

3.            Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3.1 Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх7/, итгэмжлэл орчуулгын хамт /хх8-9/, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар /хх10-11/, Төрийн банкны интернэт гүйлгээний мэдээлэл /хх12/, 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн мэдэгдэл 2 ширхэг /хх14, 15-16/, орлогын ордер /хх18/, түрээсийн хөрөнгө хүлээлгэн өгсөн акт /хх19/, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/ дугаар тушаал /хх95/

3.2 Хариуцагчаас итгэмжлэл /хх60/, 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар /хх64-65/, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар /хх66-67/,

3.3 Шүүх 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх86-91/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч “******* ******* ГХО” ХХК нь түрээсийн гэрээний барьцаа 10,890,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 10,000,000 төгрөг, нийт 20,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас илүү талбай ашигласан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрөн маргаж, илүү ашигласан талбай болон хугацаа хэтрүүлж ашигласан төлбөр, алдангид нийт 97,811,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

4.            Шүүх хуралдааныг нээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлах шатанд хариуцагчийн төлөөлөгч М.******* нь шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдаан даргалагч, хүсэлтийн үндэслэл болон агуулга буюу учрын талаар удаа дараа лавласан боловч нэмж тайлбар гаргаагүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэй гэх тайлбар гаргасан. Дээрх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар мөн хуулийн 84 дүгээр зүйл болон 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчээс татгалзахыг хориглосон. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийн үндэслэл болон учрыг тайлбарлаагүй тул уг хүсэлтийг гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

 

5.            Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагчийн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ татан авах эрхтэй бөгөөд ийнхүү татан авсныг мөн зүйлийн 106.5-д зааснаар татгалзсанд тооцно.

Хариуцагчийн төлөөлөгч М.******* нь хариуцагч “*******” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь тус хуулийн этгээдийн талаарх open data системд байгаа мэдээлэл болон хэрэгт байгаа гэрээнүүд, албан тоот, итгэмжлэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид М.******* нь хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх талаар маргаагүй.

Иймд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ татан авсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.            Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулжээ. /хх10-11/

Түрээсийн гэрээний 1.1-д зааснаар хариуцагчийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө дотор 900 м.кв талбайг нэхэмжлэгчид ашиглуулах, нэхэмжлэгч нь төлбөр төлөхөөр тохиролцсон байна.

Уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т нийцэхгүй тул мөн зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр болоогүй гэж үзэхээр байна.

Гэвч уг агуулахын барилга нь нийт 5,200 м.кв талбайтай, нэг өмчлөх эрхийн гэрчилгээтэй бөгөөд 900 м.кв талбайд гэрээ байгуулагдсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн түрээсэлсэн талбай нь илүү хэмжээний талбайтай үл хөдлөх эд хөрөнгө дотор байрлаж байгаа үйл баримтын талаар маргахгүй байна.

Цаашлаад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээсэлсэн тул бүртгүүлэх боломжгүй, иймд гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарласан. Мөн талууд нэхэмжлэгчийг хариуцагчийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө дотор тодорхой хэмжээний талбайг түрээсэлж, түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй, зөвшөөрсөн.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

7.            Түрээсийн гэрээний 1.5, 1.2-т зааснаар гэрээг 2 сарын хугацаатайгаар, сарын 10,890,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Мөн гэрээний 3.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2 сарын түрээсийн төлбөр 21,780,000 төгрөг, 1 сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа буюу 10,890,000 төгрөг, нийт 32,670,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр хариуцагчид төлөх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 32,670,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь Төрийн банкны гүйлгээний мэдээллээр тогтоогдож байна. /хх12/

Иймд нэхэмжлэгчийг түрээсийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

8.            Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн талбайд байсан эд зүйлийг барьцаалж, нэмэлт төлбөр шаардсан тул 10,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор тогтоогдож байна. /хх18/

 

9.            Дээрх үйл баримтын дагуу нэхэмжлэгч нь барьцаа болох 10,890,000 төгрөг, хууль бус шаардлагын улмаас шилжүүлсэн гэж 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

10.         Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх бүхий этгээдийн саналаар гэрээнд заасан 900 м.кв талбай дээр нэмж 2,520 м.кв талбайг илүү ашиглуулсан бөгөөд энэхүү талбайг ашиглуулах үндэслэл нь гэрээг жилийн хугацаагаар сунгах нөхцөл байсан гэж тайлбарлаж байна. Харин нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйл болох агуулах нь хүнсний зүйл хадгалах боломжгүй болсны улмаас бид гэрээг сунгаагүй, түүнчлэн илүү талбай ашигласан талаар мэдээгүй бөгөөд хэрэгт энэ талаар баримт авагдаагүй гэж маргасан.

10.1.     Зохигчдын хооронд 2023 онд байгуулагдсан түрээсийн гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж С.Мөн-эрдэнэ гарын үсэг зурсан бөгөөд энэхүү гэрээний талаар маргаагүй үүсээгүй. Харин маргаж буй 2024 оны түрээсийн гэрээнд гүйцэтгэх захирал гэж С.Мөнх-Эрдэнэ гарын үсэг зурсан байна. Цаашлаад маргаж буй 2024 оны түрээсийн гэрээ байгуулагдах үед С.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэгчид ажиллаж байсан болох нь “******* Дистрибьюшн” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/ дугаар тушаалаар тогтоогдсон. /хх95/

Мөн нэхэмжлэгч нь 2023 болон 2024 оны түрээсийн гэрээ байгуулагдаж хэрэгжсэн бөгөөд хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хүчин төгөлдөр, хэрэгжиж дууссан гэдгийг зөвшөөрч байна. Үүнээс үзэхэд хариуцагчийн бид нэхэмжлэгч талын эрх бүхий этгээдтэй харилцсан гэх тайлбар үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний хүчин төгөлдөр байдал болон түүний хэрэгжилтийн талаар хожим зөвшөөрч байна.

 

11.         Түрээсийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хөрөнгө хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч М.******* нь уг баримтыг үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн. /хх19/

Үүнээс үзэхэд гэрээний 1.5-д зааснаар хугацаа 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан тул нэхэмжлэгч нь бусдын эд хөрөнгийг 5 хоног төлбөргүйгээр ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй. Гэрээний хугацааг хуанлийн хоногоор тооцвол 60 хоногт 21,780,000 төгрөг буюу 1 хоногт 363,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Иймд нэхэмжлэгч нь 5 хоногийн 1,815,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Энэхүү үндэслэлээр хариуцагч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1,815,000 төгрөгийн үүргийг барьцааны зүйлээр хангуулах эрхтэй.

 

12.         Дээр дурдсан үндэслэлээр С.Мөнх-Эрдэнэ нь маргаж буй гэрээг байгуулсан, улмаар эрх бүхий этгээд байсан болох нь тогтоогдсон тул тэрээр гэрээнд нэмэлт оруулах эрхтэй. Гэхдээ гэрээний зүйлийн хэмжээнд нэмэлт оруулсан гэх боловч энэ талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байна. Энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т нийцэхгүй.

12.1.     Гэвч шүүхээс хийсэн үзлэгээр бэхжүүлсэн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч талын эрх бүхий этгээд болох С.Мөнх-Эрдэнэ нь 900+2,520=3,420 м.кв талбайг ашиглаж байсан талаар зөвшөөрсөн байна. Цаашлаад барьцааны мөнгөнөөс суутгал хийгдээд үлдэх 19,602,000 төгрөг шаардсаны хариуд энэ талаар маргаагүй,  нэхэмжлэхээ өгчих гэж бичсэн, мөн нэхэмжлэхээс өөр төлбөр тооцоо байхгүй гэдэг бичгээ өгвөл бид төлөх талаар бичиг өгнө гэж тайлбарлаж байсан байна. /хх86-91/

Иймд эрх бүхий этгээд нь илүү талбай ашигласан болохыг зөвшөөрч байсан байх тул нэхэмжлэгч нь 2,520 м.кв талбайг 1 сарын хугацаанд төлбөргүй ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй. Энэхүү илүү талбайг ашигласан хугацааг хариуцагч тал 1 сар гэж тайлбарлаж, нэхэмжлэгч энэхүү хугацааны талаар маргаагүйг дурдав.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн түрээсийн талбайг хүнсний зүйл хадгалахад ашиглах боломжгүй байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Түрээсийн гэрээний 1.2-т зааснаар 1 м.кв талбайн түрээсийн төлбөрт 12,100 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь 2,520 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрт 30,492,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. Тодруулбал, үзлэгээр тогтоогдсон нотлох баримтад байгаа зурвасаас үзэхэд талууд гэрээний хугацаатай холбогдох буюу түрээсийн гэрээний хугацааг 1 жилээр сунгах хэлцэл биелэгдээгүй тул нэхэмжлэгчийг дээрх талбайг ашиглаж энэхүү мөнгөн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар барьцааны зүйлээс энэхүү үүргийг гүйцэтгүүлэх эрхтэй.

12.2.     Нэхэмжлэгч нь түрээсийн талбайд хадгалагдаж байсан эд зүйлийг авах зорилгоор хариуцагчийн шаардсаны дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан. Гэвч Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероос үзэхэд гүйлгээний утгыг барьцаа гэх агуулгаар тодорхойлсон байна. Иймд энэхүү мөнгөн хөрөнгөнөөс дээрх хууль зүйн үндэслэлээр хариуцагч мөн адил үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь барааг барьцаалсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Харин хариуцагч нь төлөгдөөгүй төлбөрийн талаар маргаан үүссэн бөгөөд 10,000,000 төгрөг шилжүүлснээр үлдэх барааг талбайгаас гаргахыг зөвшөөрсөн гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

13.         Эдгээр үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлэн ашиглаж 1,815,000 төгрөг, мөн гэрээнд зааснаас илүү талбай ашиглаж 30,492,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул дээрх хууль зүйн үндэслэлээр хариуцагч нь барьцаа болох 20,890,000 төгрөгөөр энэхүү үүргийг гүйцэтгүүлэх эрхтэй байна. Иймд хариуцагчийг барьцааны зүйл болох 20,890,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

14.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “*******” ХХК нь нийт 97,811,000 төгрөг гаргуулах тухай “******* ******* ГХО” ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “*******” ХХК-д холбогдох 20,890,000 төгрөг гаргуулах тухай “******* ******* ГХО” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 262,400 төгрөг, хариуцагчийн 647,005 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Д.ГАНБОЛД