Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2024/04396

 

 

 

 

 

                             2024       09          25

            101/ШШ2024/04396

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /рд:*******/-д холбогдох,

 

5,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.******* нь танил *******гээс, 2024 оны 09 сард хоосон газрыг 5 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар худалдаж авсан газартаа 2022 оны 09 сард бууж, хашаа хатгаж, 00 барьж, өнөөг хүртэл амьдарч байна. Амьдарч байх хугацаандаа 1 200 000 төгрөгөөр жорлон барьж, банзаа худалдан авч, хашаа татсан.

Бидний хооронд анх амаар газар худалдах, худалдан авах тохиролцоо хийсэн. ******* нь анх надад уг газраа зарахдаа, “манай энэ хавьд огт газрын бичиг баримт гараагүй, яваандаа гарна, надаас өөр булаалцалдах, заргалдах хүн байхгүй, юу гэж чамд худлаа ярих юм би настай хүн” гэж хэлээд зарсан.

Мөн ******* нь надад мөнгөний хэрэг гараад байна гадаад уруу хүүхдэдээ мөнгө шилжүүлмээр байна гэж хэлээд, газар зарсан 4 650 000 төгрөгөө, тухайн үедээ буюу 2022 оны 10 сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг шилжүүлэн авсан. Харин 600 000 төгрөгт 2 тооны хонийг тооцуулж, гаргуулаад, / 2 хонины тус бүр 25 000 төгрөгөөр гаргасан / хонь гаргуулсан ажлын хөлс 50 000 төгрөг, нийт 4 650 000 төгрөгийг газар зарсны төлбөрт тооцуулан өгсөн.

Гэтэл гэнэтхэн 2024 оны 3 сард үл таних эрэгтэй хүн, намайг эзгүйд манай гэрт ирээд, “энэ газар чинь миний газар, газрын гэрчилгээ нь гарсан байна” гэж хэлээд, утасны дугаараа үлдээгээд явсан байна.

Тэгэхээр нь О.******* би 2024 оны 03 сарын эхээр Баянзүрх дүүргийн газрын албанд өргөдөл гаргасан боловч, Баянзүрх дүүргийн газрын албанаас 2024.03.28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр хариу өгсөн.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024.03.28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт: "... Иргэн Ц.Батбаяраас дээрх байршилд газар эзэмших тухай хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн бөгөөд тухайн үед газар ашиглалтгүй байсан тул 2023 оны дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Засаг даргын 2023 оны А/******* дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна” гэсэн хариу өгсөн.

Иймд хариуцагч ******* нь нэхэмжлэгч надад, газрын гэрчилгээгүй газар зарсан тул газар худалдан авсан дээрх 4 650 000 төгрөг, мөн газар ухаж шинээр жорлон бариулсан 1 200 000 (газар ухуулсан тракторын хөлс 800 000 төгрөг, материалын зардал 200 000, бариулсан ажлын хөлс 200 000 төгрөг) нийт 5 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү

1.1.        Нийт 5,850,000 төгрөг гаргуулна. Энэ нь газрын төлбөрт 4,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн, 600,000 төгрөг хонины мөнгө, 50,000 төгрөг хонийг бэлэн болгосон ажлын хөлс юм. Жорлон ухуулсан 1,200,000 төгрөг юм. Хариуцагчтай танилцаад миний хүүгийн газар гээд, аав нь цуг байсан бөгөөд миний газар гээд хүүхдэдээ мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гэхэд нь итгэсэн. Ингээд мөнгө шилжүүлээд, хонио гаргаж өгсөн. Улмаар 00 бариулсан. Хашааны мөнгөө нэхээгүй. Би 300,000 төгрөгийн сайн хонь гаргаж өгсөн. Би гомдолтой байна. Бичиг баримт гаргаж өгөөгүй. Хонийг гаргаад бэлэн болгоод аваад ир гэхээр нь хүнээр гаргуулсан. 00-н мөнгөө гаргуулж авна. Бичиг баримтгүй гэхдээ би гаргалцаад өгнө гэж хэлсэн. Газар гэрчилгээгүй гэдгийг мэдэж байсан. Хүмүүс газраа зараад байдаг, олон жил болсон минийх гэхээр нь итгэсэн. Хонь нь миний хонь байсан юм. Хөдөөгөөс хонь худалдаж аваад хотод авчирч зардаг юм. Хонь худалдаж авсан бичгээр баримт байхгүй. Нэг бүр нь 300,000 төгрөг гэдгийг нотлох баримт байхгүй. Хөдөөгөөс нэг хонийг 280,000 төгрөгөөр авсан. Газартай болох гэж байсан тул ашиг бодолгүй өгсөн. 00-н газар ухуулаад дээр нь модон жорлон бариулсан. Ухуулахад 800,000 төгрөг, материал нь 200,000 төгрөг. Бариулахад ажлын хөлсөнд 200,000 төгрөг өгсөн. 800,000 төгрөгийн талыг нь бэлнээр өгөөд талыг өөр хүний дансаар шилжүүлсэн. Ийм болохоор дансны хуулга гаргаж ирж чадахгүй байгаа юм. Материал авсан баримт байхгүй. Хүн явуулж авхуулсан юм. Барьсан хүнд бэлнээр 200,000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхдөө бичиг үйлдээгүй гэв.

 

2.            Хариуцагч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрнө. Дансаар өгсөн 4 саяыг буцаан өгөхийг зөвшөөрнө. Учир нь авсан нь үнэн юм. Хонины мөнгөнөөс нэг хонийг 150,000 төгрөг гээд 300,000 төгрөгийг зөвшөөрнө. Яагаад гэвэл том хонь байгаагүй юм. Хонь гаргуулсан 50,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь би хүнээр хийлгээд аваад ир гэж хэлээгүй. Жорлонгийн талаар мэдэхгүй. Хүн өөрөө л ухуулсан байх. Иймд 1,200,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. 3 жилийн өмнө байх манайх тэнд амьдарч байсан нь үнэн. Хүүхэд сургуульд ороод өөр тийшээ нүүсэн. Хүнгүй байсан тул салаад явсан эхнэр хүн буулгасан. Тэр хүмүүс муухай болгоод байсан тул гаргасан. Хүүхэд гадаад яваад газраа зараад мөнгийг нь явуул гэсэн. Нэг залуу авах болсон боловч мөнгийг нь бэлнээр өгч чадахгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч ирээд авъя гэсэн. Тэгэхэд нь би бичиг баримт байхгүй шүү, хурдан хөөцөлд гэж үнэнийг нь хэлсэн. Зөвшөөрөлгүй газар шүү гэхэд тэр хамаагүй гэж хэлсэн. Өөрөө хөөцөлдөөгүй алдчихаад одоо нэхээд байна гэв.

 

3.            Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан тоот болон Хаан банк дахь дансны хуулга нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 4,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч О.******* нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 4,650,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдох хохирол 1,200,000 төгрөг, нийт 5,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч Ц.******* нь газар худалдах худалдан авахаар тохиролцож 4,000,000 төгрөг, 2 тооны хонийг 300,000 төгрөгт тооцож авсан, энэхүү 4,300,000 төгрөгийг буцаан олгохыг зөвшөөрсөн. Гэвч 2 тооны хүнийг нийт 600,000 төгрөгт тооцоогүй, хонь бэлтгэж ирэх талаар хүсэлт гаргаагүй, тухайн газар жорлон барьсан эсэхэд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

4.            Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Хаан банкны дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Улмаар шүүх мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлэхийг шаардсан боловч дээрх дансны хуулгыг бичмэл нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй бөгөөд өөрийн тайлбарыг баримтаар нотлохоос татгалзсан болохыг дурдав.

 

5.            Зохигчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хариуцагчийн оршин сууж байсан гэх газрыг худалдах худалдан авах талаар аман хэлбэрээр харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй.  Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Улмаар зохигч хэн аль нь тухайн газар нь эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгогдоогүй газар байсан бөгөөд одоо бусдад эзэмших эрх олгогдсон гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг.

Гэтэл зохигчдын тайлбараас үзэхэд гэрээний зүйл болох газар нь эрхийн зөрчилтэй, өөрөөр хэлбэл хариуцагч нь уг газрыг худалдах эрхгүй байжээ.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүснэ. Учир нь газар өмчлөх, эзэмших эрхийг төрийн эрх бүхий байгууллага олгох бөгөөд харин хариуцагч нь тухайн эрхийг олгох боломжгүй. Иймд хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгох шаардлагагүй юм.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

 

6.            Нэхэмжлэгч нь дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр 4,000,000 төгрөгийг гэрээний үүрэгт дансаар төлсөн гэх тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй.

Гэвч хариуцагч нь энэхүү 4,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан бөгөөд буцаан төлөхийг зөвшөөрсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул шүүх зохигчдын маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт хүлээн авсан 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй.

 

7.            Хариуцагч нь гэрээний төлбөрт тооцож 2 ширхэг хонины мах авсан болохоо зөвшөөрч байх боловч нэхэмжлэгчийн эр хонь тус бүрийг 300,000 төгрөгөөр тооцсон гэх тайлбарыг үгүйсгэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь хонь нэг бүр нь 300,000 төгрөг гэх боловч хариуцагч нь хонь нэг бүрийг 150,000 төгрөгөөр тооцсон гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Нэхэмжлэгч нь хонь тус бүр 300,000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэх тайлбараа нотлоогүй бөгөөд энэ талаар баримт байхгүй гэж тайлбарлаж байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд 2 тооны хонийг нийт 300,000 төгрөгт тооцож авсан гэж үзэх тул энэ хэмжээгээр энэ шаардлагыг хангаж, үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсэг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгоно.

 

8.            Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр бусдаар хонь тус бүрийг 25,000 төгрөгөөр төхөөрүүлж хөлсийг төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч нь би хонь төхөөрүүлэх талаар хүсэлт гаргаагүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр хонийг төхөөрүүлж, тус бүрд нь  25,000 төгрөг, нийт 50,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, энэ талаар баримтгүй гэж тайлбарлаж байна. Иймд уг шаардлыг хангах үндэслэлгүй.

9.            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэг талын буруугаас шалтгаалж нөгөө тал гэрээнээс татгалзсан бол үүнтэй холбоотойгоор учирсан хохирлоо шаардах эрхтэй байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон газарт жорлон байгуулсан бол гарсан зардлаа шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч нь газар ухуулахад 800,000 төгрөг, материал худалдан авахад 200,000 төгрөг, ажлын хөлсөнд 200,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Цаашлаад энэ талаар баримт байхгүй гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн жорлон байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг нотлох үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан гэх хохирлоо нотлоогүй тул энэ шаардлагыг хангах боломжгүй.

10.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Ц.*******гээс 4,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 83,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ГАНБОЛД