Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2024/04397

 

 

 

 

 

 

 

                             2024       09          25

            101/ШШ2024/04397

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******ын ******* /рд:*******/-т холбогдох,

 

2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тэй 2023.03.13-нд Солонгосын виз гаргаж өгнө гэж *******ийн дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн. ******* хэлсэн ярьснаа зөрчиж худал хэлж мөнгө авсан тул тус шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.1.        2023 оны 3 сард болсон асуудал. Таньдаг хүний найзаар виз гаргуулах гээд мөнгө шилжүүлсэн. Дам дамандаа өөр хүнтэй холбоотой байсан бөгөөд материалаа өгч, авахдаа уулзсан. Цаад хүнээсээ аваад өгөхөд татгалзахгүй. Цаад хүн нь сураггүй байгаа бөгөөд жил хүлээсэн юм. Цагдаад гомдол гаргаад сая надтай холбогдсон. Тэгээд иргэний шүүхэд ханд гэсэн юм. 2,500,000 төгрөгөөс өөр зөндөө их хохирол учирсан. Хариуцагчаас 2,500,000 төгрөг шаардаж байгаа юм. Учир нь мөнгөө хариуцагчийн данс уруу шилжүүлсэн юм гэв.

 

2.            Хариуцагч О.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 1-р сард С.******* Солонгос улс уруу виз гаргаж өгнө гэж хэлээд надаас 4,000,000 төгрөг авсан. Виз маань хэзээ гарах вэ гэж асуухад удаа дараа элдэв шалтаг хэлж хойшлуулж байсан. Мөн энэ хугацаанд манай хүү Жавхлантөгстэй хамт ажилладаг Б.******* гэгч тэр хүндээ хэлээд намайг Солонгос явах сонирхолтой байгаа виз гаргуулмаар байгаагаа хэлсэн. Тэгэхэд би С.*******тэй утсаар холбогдож ярьж тохирсон байсан. Тэрнээс биш би өөрөө виз гаргадаг гэж хэлээгүй. Хоорондоо холбогдож ярьсны дараа ******* нь визний мөнгө болох 2,500,000 төгрөгийг таны данс уруу хийгээд та цааш нь *******д өгчхөөрэй гэсэн юм. Түүнээс би өөрөө адилхан ******* гэх хүнд мөнгө өгөөд хулхидуулсан адилхан хохирогч болохоос хүнд Солонгос явуулна, виз гаргаж өгнө гэж мөнгө авсан зүйл байхгүй.

2.1.        Би энэ хүнийг танихгүй. Манай хүүтэй ажиллаж байгаад дамжуулж надад өгсөн. Тэр мөнгийг нь *******д шилжүүлж өгсөн. 2023.3.23-нд шилжүүлсэн. Виз гаргуулж өгнө гэж ******* хэлсэн. Би бас түүнд 4,400,000 төгрөг өгөөд авч чадахгүй байгаа юм. Хавар шүүх хурал болоод ******* хохирлыг төлөхөөр шийдвэр гарсан. Гэвч одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй бөгөөд шүүгчийн туслах 2 жилийн ял авсан гэж хэлсэн. Дээд шүүхээс асуухад ийм хэрэг байхгүй гэж хэлсэн. Бүртгэл байхгүй гэж хэлсэн. *******эс мөнгөө авч байж энэ хүнийг хохирлыг барагдуулна. Түүнээс наана төлөх боломжгүй гэв.

 

3.            Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3.1.        Нэхэмжлэгчээс Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх32/,

3.2.        Хариуцагчаас Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх21/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх22/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх23-29/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 2,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Б.******* нь БНСУ-н виз гаргуулах зорилгоор өгсөн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч О.******* нь 2,500,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан үйл баримтыг маргаагүй боловч бусдад дамжуулан өгсөн тул тухайн этгээдээс авсны дараа буцаан өгнө гэж маргаж байна.

 

4.            Нэхэмжлэгч нь хариуцагчаар дамжуулан бусдаар буюу С.Сод-эрдэнэ гэгчээр БНСУ-н виз гаргуулахаар 2,500,000 төгрөг төлсөн. Гэвч виз олгогдоогүй тул төлсөн төлбөрийг буцаан гаргуулна гэж тайлбарласан. Хариуцагч нь С.Сод-эрдэнээр виз гаргуулахаар ярилцсан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр цугт нь виз гаргуулахыг хүссэн гэж тайлбарлаж байна.

Улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид 2,500,000 төгрөг шилжүүлж, үүний дараа хариуцагч нь мөн өдөр С.Сод-эрдэнэд 2,500,00 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банк дахь зохигчдын дансны хуулга, шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хх32, 21, 22/

5.            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолоор С.Сод-эрдэнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 6,900,000 төгрөг гаргуулж энэ хэргийн хариуцагч О.*******т олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн байх тул энэ хэргийн хувьд маргааныг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Мөн хариуцагч нь тухайн 6,900,000 төгрөгт нэхэмжлэгчийн шилжүүлсэн 2,500,000 төгрөг дээр өөрийн өгсөн 4,400,000 төгрөг багтаж байгаа талаар тайлбарласан. /хх23-29/

 

6.            Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхой үйлдэл буюу БНСУ-н виз олгоход зуучлуулах зорилгоор 2,500,000 төгрөг олгосон байна. Гадаад улсын виз олгох асуудлыг тухайн улсын ЭСЯ буюу консулын хэлтэс хариуцан ажилладаг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Эдгээр үйл баримтыг харьцуулан үзвэл хэдийгээр хариуцагч нь 2,500,000 төгрөгийг С.*******д дамжуулан шилжүүлсэн байх боловч шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд нэхэмжлэгчийн олгосон мөнгөн хөрөнгийг хамтад нь гаргуулж, олгохоор шийдвэрлэжээ. Иймд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Харин шийтгэх тогтоолоор олгохоор шийдвэрлэсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн гаргуулах нь энэ хэрэгт хамааралгүй тул тухайн мөнгөн хөрөнгийг авсны дараа буцаан төлнө гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч О.*******ээс 2,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД