| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/04988/И |
| Дугаар | 101/ШШ2024/04402 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2024/04402
| 2024 09 25 | 101/ШШ2024/04402 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/,
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /рд:/-нарт холбогдох
75,306,405.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагч Т.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.******* болон Б.******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ1132130103000024 тоот зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр БГ1132130103000024 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Улсын бүртгэлийн дугаар: Ү-, Гэрчилгээний дугаар: Сүхбаатар дүүрэг хороо, **** гудамж ** тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн дугаар: Э-, Гэрчилгээний дугаар: Сүхбаатар дүүрэг, хороо, *** гудамж, *** тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай газрыг барьцаалж зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн тус ББСБ-аас 3 сарын хугацаатай 47,000,000 төгрөгийг нэг сарын 3.00%-ийн хүүтэйгээр зээлсэн. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг ба тэрээр одоогийн амьдарч байгаа хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүйн улмаас түүнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхээс 181/ШШ2024/ дугаартай манай хүсэлтийг шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч нараас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1. Иргэний хуулийн 451.1-т “. . .зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан бөгөөд зээлдэгч нь үндсэн зээлийн үүрэг болох 47,000,000 төгрөгөөс 0 төгрөгийг манай байгууллагад төлсөн ба түүнээс хойш үндсэн төлбөрөөс хасалт хийгээгүй байна. Одоогоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 47,000,000 төгрөг байгаа бөгөөд хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Иргэний хуулийн 452.1-т “. . . зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.1-т “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т “Зээлийн үндсэн хүү сарын 3.00%” гэж зааснаар хүүгийн төлбөрт 28,166,005.39 төгрөг гаргуулж өгнө үү.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.3-т “онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт” буюу хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхийн онцгой ажиллагаа хийлгэж түүнд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-т “нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар" нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа 140,400 төгрөг, нийт 75,306,405.39 төгрөг гаргуулж өгнө үү.
4. Иргэний хуулийн 156.1-т “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх”, 165.1-т “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж зааснаар үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн дугаар: Ү-, Гэрчилгээний дугаар: Сүхбаатар дүүрэг хороо, *** гудамж ** тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн дугаар: Э-, Гэрчилгээний дугаар: Сүхбаатар дүүрэг, хороо, *** гудамж, ** тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай газрын зориулалттай эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.1. Хариуцагч нар нь 2022.9.19-нд зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Гэрээг нотариатаар гэрчлүүлж 47 сая төгрөгийг зээлсэн. Улмаар бид Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж хэрэг хэрэгсэхгүй болгосон. Зээлдэгч өөрчилсөн хаягаа мэдэгдээгүй тул эрэн сурвалжлуулсан. Иймд үндсэн зээл 47,000,000 төгрөг, хүү 28,166,005.39 төгрөг, эрэн сурвалжлуулсан 140,400 төгрөг, нийт 75,306,405.39 төгрөг гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Иргэний хуулийн 452.1 болон банк эрх бүхий этгээдийн хуулийн 21-д зааснаар зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцож байгаа юм. Иймд хүүгээс хасах боломжгүй. Бид нэмэгдүүлсэн хүү бодоогүй. Тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцоолж барьцаалсан. Одоогийн ханш бол хамааралгүй тул барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэв.
2. Хариуцагч Т.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь хүү нь хэт өндөр байна. Хүүгийн мөнгөн дүн өндөр байна. Хүүд 14 саяыг төлнө гэж үзэж байна. ******* бид 2 барьцааны хөрөнгийг дундын санхүүжилтээр барьсан юм. Зах зээлийн ханш нь 200 гаруй сая төгрөг тул үүгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 47 саяыг төлнө. 140,400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Тухайн үеийн ханш гэх боловч анх гарсан өртөг нь 150 сая гаран төгрөг байдаг юм гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх8/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх9/, зээлийн гэрээний хуулбар /хх10-13/, хариуцагч нарын иргэний үнэмлэх болон лавлагааны хуулбар /хх14/, барьцааны гэрээ /хх15-17/, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх18/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх19/, Голомт банкны гүйлгээний баримт /хх20/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн дүгээр шийдвэр /хх21-23/, зээлийн дансны хуулга гэх баримт 2 ширхэг /хх24, 58/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30ё2-3/2896 болон 30ё2-3/2897 дугаар албан тоот /хх25, 26/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 75,071,405.39 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 235,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 47,000,000 төгрөг, хүүд 28,166,005.39 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 140,400 төгрөг, нийт 75,306,405.39 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Т.******* нь үндсэн зээл 47,000,000 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 140,400 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн. Улмаар зээлийн хүү хэт өндөр байх тул хүүд 14,000,000 төгрөг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй, цаашлаад барьцааны зүйлийн зах зээлийн үнэлгээ нэхэмжлэлийн шаардлагаас өндөр тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.1. Шүүх хариуцагч Б.*******д 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргийн дагуу хариу тайлбар ирүүлээгүй. Цаашлаад, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар утсаар мэдэгдэхэд тэрээр “за ойлголоо” гэх хариулт өгсөн болох нь холбогдох баримтад шүүгчийн туслахын хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Дээрхээс үзэхэд хариуцагч Б.******* нь энэ шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй байна. Иймд дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 47,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулсан байна. /хх10-13/
Зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар сард 3 хувийн хүү төлөх, 2.1.8-д зааснаар зээлийн үнийн дүнгээс 1 хувийн шимтгэл тооцохоор тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Т.*******т 46,765,000 төгрөг олгосон болох нь Голомт банкны гүйлгээний баримтаар тогтоогдсон. Хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү шилжүүлгийн мөнгөн дүнг шимтгэлийг тооцож хассан гэж тайлбарлаж байна.
Банкны зээл гэдэг нь мөнгөн хөрөнгийг хариу төлбөр буюу хүүтэйгээр ашиглуулахыг ойлгоно. Мөн зээл олгоход шимтгэл суутган авсан үндэслэлийг нэхэмжлэгч тал тайлбарлаагүй. Түүнчлэн зээл олгоход тухайн хэмжээний зардал гарсан талаар баримт ирүүлээгүй. Иймд зээлийн гэрээ нь 46,765,000 төгрөгийн хэмжээнд хэрэгжсэн гэж үзнэ.
5. Зээлийн гэрээг 3 сараар байгуулсан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дуусах нь зээлдэгчийг хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Зээлийн гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр байгуулж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул зээлийн гэрээ нь 1 жил, 8 сар, 3 хоног хэрэгжсэн. Энэ хугацаанд хариуцагч нарт гэрээний дагуу үүссэн хүүгийн үүргийг тооцвол: 1 жилд 16,824,600 төгрөг, 1 сард 1,402,950 төгрөг, 8 сард 11,223,600 төгрөг, 1 хоногт 46,094.79 төгрөг, 3 хоногт 138,284.37 төгрөг, нийт 28,186,484.37 төгрөгийн хүү тооцогдоно.
Нэхэмжлэгч нь хүүд 28,166,005.39 төгрөг шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэхүү мөнгөн дүнгээр тооцох нь зүйтэй.
Иймд хариуцагч нарт үндсэн зээл, түүний хүүд нийт 74,931,005.39 төгрөг төлөх үүрэг үүсэж байна.
6. Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулах үедээ нэхэмжлэгчид мэдэгдсэн хаягтаа оршин суудаггүйн улмаас зээлийн гэрээний үүрэг шаардахаар тэдгээрийг эрэн сурвалжлуулж 140,400 төгрөгийн зардал гарсан болох нь хариуцагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа болон хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн дүгээр шийдвэрээр тогтоогдсон. /хх14, 21-23/
Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болох 140,400 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Мөн хариуцагч нар нь энэхүү шаардлагын талаар маргаагүй бөгөөд хариуцагч Т.******* нь төлөхийг зөвшөөрсөн, хариуцагч Б.******* нь зөвшөөрсөнд тооцогдож байгааг дурдав.
7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагч нарыг төлбөр төлөөгүй гэж тайлбарласныг хариуцагч нар үгүйсгэж маргаагүй. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг болон үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 75,071,405.39 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
8. Зохигчид зээлийн гэрээ байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан байна. /хх15-17/
Барьцааны гэрээний зүйл нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, *** гудамж, ** тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай газар байна.
Энэхүү хувийн сууцны өмчлөгч, газрын эзэмшигч нь хариуцагч Б.******* болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар, иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдсон. /хх19, 18/
Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцэж, хүчин төгөлдөр болжээ.
Уг барьцааны гэрээний зүйлийн өмчлөгч, эзэмшигч хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул дээрх хууль зүйн үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг барьцааны гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Т.*******ын хувьд барьцааны зүйлийн зах зээлийн үнэлгээ нь зээлийн гэрээний үүргээс өндөр гэх тайлбар нь үндэслэлгүй. Учир нь хэрэв шүүхийн шийдвэрийг барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаад оруулах замаар гүйцэтгэсэн тохиолдолд мөнгөн хөрөнгө илүү гарвал түүнийг төлбөр төлөгчид буцаан олгодог.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Т.*******, Б.******* нараас 75,071,405.39 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 235,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.*******ын өмчлөл, эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт 51 гудамж, 85 тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, хувийн сууц болон тус хаягт байрлах 700 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай газрын эзэмших эрхийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 604,331.03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 603,507.03 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД