Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 448

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Б.Тунамал,

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Н.Мөрөн, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уриах овогт Нарантунгалагийн Мөрөнд холбогдох 1711000570088 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинэ иргэншил дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 47-527в тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Уриах овогт Нарантунгалагийн Мөрөн /РД- УХ99091038/.

 

Холбогдсон хэргийн талаар: Н.Мөрөн нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Мөрөн нь 2017 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Давхарын” дэлгүүрийн орчим хохирогч Ц.Сэрээтэрийг хувийн таарамжгүй харицааны улмаас нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, зүүн хөмсөгний дээд хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Сэрээтэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Амина гээд Батцэнгэлийн найзыг авахаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт давхарын буудлаас авахаар очих үед Аминагийн найз залуу гэх Мөрөн нь намайг буруугаар ойлгож хардсаны улмаас миний хамар руу чулуугаар 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөрөнгөөс 500.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/.

гэрч Э.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр цэнхэр дэлгүүрийн ойролцоо найз залуу Энхбаярын Мөрөн /96226276/-гийн найз Лхагвагийн гэрт очсон. Лхагваагийн утасны дугаарыг мэдэхгүй, манай найз залуу Мөрөн, Лхагваа нар архи уугаад дуусчихсан байсан. Би гэртээ харих болоод 05 цагийн үед Батцэнгэл гэх найзыгаа залгаад намайг ирээд аваач гэхэд удалгүй такси бариад Батцэнгэл найз Сэрээтэрийн хамт ирсэн. Тэгээд найз залуу Мөрөн бид хоёр гарч ирээд би эхлээд таксины урд талд суусан. Би утсаа үлдээчихээд Мөрөнг утас аваад ир гээд явуулсан. Тэр хооронд Батцэнгэл, Сэрээтэр нартай юм яриад сууж байсан, хойшоо хараад тэр хоёртой тэврэлдэж мэндчилсэн. Тэр үйлдлийг найз залуу Мөрөн хараад намайг хардаад хаалга онгойлгоод Сэрээтэр гэж залууг нүүрэн тус хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 8716 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.Сэрээтэрийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, зүүн хөмсөгний дээд хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 18х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Мөрөн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч Н.Мөрөнд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг нь харгалзан түүнд шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Хохирогч Ц.Сэрээтэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөрөнгөөс 500.000 төгрөг авсан...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Мөрөнг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Уриах овогт Нарантунгалагийн Мөрөнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мөрөнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Мөрөн нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Н.Мөрөн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ