Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/04451

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                       2024         09           27

                               101/ШШ2024/04451

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганболд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

                Хариуцагч:  Баянзүрх дүүргийн *******,

 

Хариуцагч:  Баянзүрх дүүргийн ******* нарт холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах, 4,210,726 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ө.Аззаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.             Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 2022 оны 12-р сараас 2023 оны 10-р сарын дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 4,210,726₮-ийг хариуцагч нараас гаргуулах.

БЗД-ийн 8-р хорооны иргэн Э.******* нь БЗД-ийн "*******-4” -т 2019 оны 06-р сараас эхлэн ачигчаар ажиллаж байсан боловч БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 11-ний өдрийн 72-р тогтоолыг үндэслэн 2023 оны 12-р сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2-д заасны дагуу БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 03-р сарын 29-ны өдрийн тэмдэглэлээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 04-р сарын 04-ний өдөр гардан авсан.

Ажил олгогч БЗД-ийн “*******-4” -ын 2024 оны 03-р сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр “одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” тухайгаа БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн.

Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас татан буугдаж байгаа БЗД-ийн “*******-4” -ыг хариуцагчаар татаагүй бөгөөд харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”-ийн 4-д “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хуульчилсны дагуу хариуцагчаар БЗД-ийн "*******-4” -ыг татан буулгах тогтоол гаргасан БЗД-ийн *******, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан БЗД-ийн ******* нарыг тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын цалингийн дунджаар тооцож, уг байгууллагад нийтдээ 4 жил 6 сар ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д зааснаар 2 сараар тэтгэмжийг нэхэмжилсэн болно.

Нэр

Ажилд орсон

Ажлаас гарсан

Ажилласан хугацаа

Нэхэмжлэх дүн

1

Э.*******

2019.06 сар

2023.12.22

4 жил 6 сар

2,1053363*2=4,210,726

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БЗД-ийн “*******-4” -ын ачигчаар ажиллаж байсан Э.*******ын 2022 оны 12-р сараас 2023 оны 10-р сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн тарилцааг цуцалсны тэтгэмж 4,210,726₮-ийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

1.1.         Нэхэмжлэгч нь 2019.6 сараас эхлэн нийтлэг үйлчилгээ 4-т ажиллаж эхэлсэн боловч ажлаас чөлөөлсөн. ИТХ-н тогтоолын дагуу ажлаас нь чөлөөлсөн. Хуулийн 82.1-д зааснаар 4,210,726 төгрөг гаргуулна. Хөдөлмөрийн харилцаа цуцалсны тэтгэмж юм. 2022.12-2023.10 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгана. 4 жил ажилласан тул 82.1.2-т зааснаар үндсэн цалинг 2-р үржиж авах эрхтэй. Маргаан таслах хороонд гомдол гаргахад үндэслэлтэй гэж үзсэн. Иймд 154.8-д зааснаар нэхэмжлэл гаргасан юм. Ажил олгогч нь нийтлэг үйлчилгээний газар боловч энэ газрыг тогтоолоор татан буулгаад хэрэгжилтийг *******д хариуцуулсан байдаг. Орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу ******* өмчлөгч байдаг. Хуулийн 4-т аж ахуйн нэгж байгуулах, татан буулгах эрхтэй байдаг. Мөн энэ талаарх эрхийг *******д олгосон тул энэ 2 хариуцагчийг татсан юм. Дундаж цалинг 3 сарын дунджаар тооцож гаргасан байгаа юм гэв.

 

2.             Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь шүүхэд, түүний төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.*******ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 4,210,726 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй байна. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрыг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн байгуулж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн ******* нарт үүрэг болгосны дагуу дүүргийн *******ас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01а/1629 тоот албан бичгээр *******-1, 2, 3, 4 -ыг татан буулгах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр хавсралтын хамт өргөн барьсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь заалтад орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тус асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит арван хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн “*******-1, 2, 3, 4” - ыг татан буулгах тухай 72 дугаар тогтоолыг баталсан.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дараах үндэслэлээр хариуцагч байх үндэслэлгүй байна. Үүнд:

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ны  өдрийн 44 дүгээр тогтоолоор “******* 1,2,3,4” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталсан байдаг. Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Засаг даргын санал болгосноор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Газрын даргыг дүүргийн ******* томилж, чөлөөлнө”, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дүүргийн ******* тогтооно”, 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Газрын захирал нь дүүргийн *******тай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд Засаг даргын өмнө ажлаа хариуцан тайлагнана" гэж тус тус заасан.

Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт “Газрын үйл ажиллагааг урт хугацааны болон жилээр төлөвлөн ажиллаж, биелэлтийг дүүргийн Засаг даргын өмнө тайлагнаж ажиллана” гэж газрын эрх, үүрэгт тусгаж өгсөн ба 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “дүүргийн Засаг даргын Тамгын газарт тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг хүргүүлнэ”, 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт “дүүргийн *******тай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж Нийслэлийн Өмчийн асуудал эрхэлсэн газарт хүргүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр ажилтанд олгох тухай заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагыг, “ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж заажээ. “*******-1, 2, 3, 4” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн *******тай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Газрын захирал нь төсвийн шууд захирагч байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар уг харилцаанд оролцогч ажил олгогч нь “*******-4” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох субъект нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биш байх тул тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч биш байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах тухайд:

“*******-4” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсөвт байгууллага бөгөөд Нийтлэг үйлчилгээний газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу орлого, зарлага, санхүүгийн үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Газрын хийсэн ажлын тайлан, хорооны Засаг даргын гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан гүйцэтгэлийн хувиар санхүүжилтийг тухай бүр олгодог байсан.

“*******-4” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд өөрийн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд буюу татан буугдахаас өмнөх хугацаанд төлөөгүй нь тухайн газрын буруутай үйлдлээс үүдэлтэй байна.

Тус байгууллагын санхүүжилт, аливаа зардал нь тухайн төсвийн жилд зарцуулах дүүргийн хот тохижуулах зардлын төсөвт сууж, төсвийг жил бүр тогтоолоор батлан, харьяа байгууллагад төсөв зарцуулах эрхийг олгосон тул ахин олгох боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн *******д тус тус холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 -д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 4,210,726 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.1.         Засгийн газрын 2022 оны тогтоолоор төрийн оролцоог багасгах зорилгоор зарим ажлыг хувийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсон. Улмаар нийтлэг үйлчилгээний газрыг татан буулгах асуудлыг ******* өргөн барьсан. Хуульд зааснаар аж ахуйн нэгжийг татан буулгах эрхийг иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон тул эрхийн дагуу дээрх асуудлыг хурлаар хэлэлцээд татан буулгах тогтоолыг баталсан. ******* санал болгосноор татан буулгах асуудлыг шийдвэрлэдэг. ******* нь газрын даргыг томилох бөгөөд дарга нь *******д ажлаа тайлагнадаг. Улмаар Засаг даргын тамгын газар санхүүжилт олгодог. Ингээд дарга нь *******тай гэрээ байгуулж ажилладаг тул уг хөдөлмөрийн харилцааны оролцогч нь иргэдийн төлөөлөгчдийн хурал биш тул энэ маргааны хариуцагч болохгүй. Энэ талаар хэрэгт байгаа төсөв батлах тухай тогтоолд тусгагдсан байдаг юм. Нэгэнт олгосон төсвийг дахин олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлээс иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийтлэг үйлчилгээний газрын дарга нь албан тушаалтны хувьд хариуцах ёстой. Гэхдээ нэгэнт татан буугдсан тул өмчлөгч хариуцах ёстой байх гэв.

3.             Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3.1.         Нэхэмжлэгчээс өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх9/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх10-11/, Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар дөрөв -н захирлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалын хуулбар /хх12/, Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар дөрөв -н 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр албан тоотын хуулбар /хх13/, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн хуулбар /хх14-15/

3.2.         Хариуцагчаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн хуралдааны 41 дүгээр тогтоолын хуулбар /хх 54/, 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн хуралдааны 44 дүгээр тогтоолын хуулбар /хх 57/, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар тогтоолын хуулбар /хх 56/, 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 72 дугаар тогтоолын хуулбар /хх 52/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 4,210,726 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бүртгэл хийлгэхийг даалгаж шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Э.******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 4,210,726 төгрөг гаргуулах, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж маргасан.

 

4.             Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын төлөөлөгчид 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шуудангаар, мөн шүүхэд мэдэгдсэн утасны дугаараар энэ хуралдааны товыг мэдэгдсэн. Гэвч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх49, 47/

 

5.             Нэхэмжлэгч нь маргаж буй асуудлаар Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн болох нь тус хорооны 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 16 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх14-15/

Тус хороо нь нэхэмжлэгчийн гомдлыг шалгаад шаардлага нь үндэслэлтэй гэж дүгнэжээ. Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчигдөөгүй.

 

6.             Хариуцагч нар нь дээрх хорооны хуралдааны шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.9-д зааснаар биелүүлээгүй, тодруулбал нэхэмжлэгч тал уг шийдвэрийг зөвшөөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд заасан ерөнхий хугацаагаар тооцно. Учир нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоног нь гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд тооцогдох хугацаа юм. 

Цаашлаад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр гардан авч, 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул дээрх хуульд заасан ажлын 10 хоногт шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. /хх15/

 

7.             Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 72 тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан “******* дөрөв” -г татан буулгах шийдвэр гарсан. /хх52-53-р хуудас/

“******* дөрөв” -н захирлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.*******ыг мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байна. /хх12/

Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 60 дугаар зүйлийн 60.3, 80 дугаар зүйлийн 80.1.1, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.7 болон Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 72 дугаар тогтоолыг үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч нь дээрх тогтоол, тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөгдсөнийг зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосонтой холбоотойгоор тэтгэмж гаргуулах, мөн ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэлийг төлүүлэхийг хүссэн.

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

8.             Дээрх үйл баримтаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэг удаагийн тэтгэмж шаардах эрхтэй.

 

9.             Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор “******* 1, 2, 3, 4” -н дүрэмд өөрчлөлт оруулан баталсан байна. /хх 57-64/

Энэхүү дүрмийн 3.2-т зааснаар “******* 1, 2, 3, 4” -н даргыг дүүргийн ******* томилж чөлөөлнө, цаашлаад 3.3-т зааснаар газрын дарга нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдана, 3.7-д зааснаар газрын дарга нь *******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж, Засаг даргын өмнө ажлаа тайлагнана гэж заасан.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь дээрх дүрмийн зохицуулалтын дагуу ажил олгогч биш тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж маргаж байна.

9.1.         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4-д зааснаар орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон.

Дээрх дүрмийн 1.4-т зааснаар “******* дөрөв” -н өмчлөгч нь хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал байна. Мөн дүрмийн 3.1-т зааснаар Засаг даргын санал болгосноор ******* газрыг байгуулах, татан буулгах эрхтэй гэжээ.

Үүнээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хэдийгээр хуульд заасан эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан боловч татан буулгах шийдвэр гаргасны хувьд уг шийдвэрийн үр дагаврыг хариуцах үүрэгтэй гэж үзлээ.

Түүнчлэн газрыг татан буулгасан 72 дугаар тогтоолд гарах үр дагаврын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан тул Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь эс үйлдэхүйгээр буруутай гэж үзнэ.

9.2.         Цаашлаад, дүрмийн 3.6, 3.7-д зааснаар ******* нь тус газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцна. Мөн газрын дарга нь *******тай гэрээ байгуулж, ажлаа тайлагнаж байна.

Иймд эдгээр үндэслэл болон хариуцагч Баянзүрх дүүргийн ******* нь нэхэмжлэлийг үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.

 

10.          Нэхэмжлэгч нь тус газарт 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн дээрх дугаартай тушаалаар тогтоогдсон. /хх 9, 10-11/

Иймд нэхэмжлэгч нь тус газарт 4 жил 7 сар ажилласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т хамаарч 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, улмаар 10 дугаар сарыг дуустал цалин бодогдсон байх тул дундаж цалинг 8-10 дугаар сард олгосон цалингаас тооцлоо. Ийнхүү тооцвол 08 дугаар сард 2,714,000 төгрөг, 09 дүгээр сард 2,123,000 төгрөг, 10 дугаар сард 1,479,091 төгрөгийн цалин олгогдсон тул дундаж цалин нь 2,105,363.67 төгрөг юм. Үүнийг 2 сараар бодвол хуулийн дээрх үндэслэлээр 4,210,727.34 төгрөгийн тэтгэмж шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсантай холбогдуулан 4,210,726 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

 

11.          Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна. /хх 11/

Улмаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхэлж байсан “******* дөрөв” нь татан буугдсан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал газрын өмчлөгч байсан бөгөөд дүүргийн ******* нь газрын үйл ажиллагаа, санхүүг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнд хяналт тавьж байсан тул хэн алинд нь ажил олгогчийн үүргийг даалгах нь зүйтэй гэж үзлээ. Харин бичилт хийхийг даалгах гэх шаардлагын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг цахим хэлбэрээр хийдэг болсон тул бичилт буюу бүртгэл хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.

 

12.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.             Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн ******* нараас 4,210,726 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгож, хариуцагч нарт 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь тэнцүүлэн нөхөн төлж, бүртгэл хийлгэхийг даалгасугай.

 

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 152,500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД