Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/04452

 

 

 

 

 

 

 

                              2024        09          27  

                    101/ШШ2024/04452

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд би,

Нэхэмжлэгч:  ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 28,871,190.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч О.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.******* Т.Жамбаажамцаас Тоёота ланд круйзер маркийн машиныг зээлээр худалдан авахаар худалдах худалдан авах үнийг 95,000,000 /Ерэн таван сая/ төгрөг байхаар харилцан тохиролцож манай ББСБ-аас зээл хүссэн. Нийт үнийн дүнгээс 15,000,000 /арван таван сая/ төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөр болох 80,000,000 Наян сая/ төгрөгийг манай ББСБ-аас зээлж төлбөрийг шилжүүлсэн.

Хариуцагч Б.*******т “ Авто Финанс” ББСБ ХХК нь 2022 оны 09-р сарын 27-ны өдөр №01/216 тоот зээлийн гэрээгээр 80,000,000 /Наян сая/ төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 2025 оны 09-р сарын 25-ны өдөр хүртэл зээлдүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Тоёота ланд круйзер маркийн УНГ улсын дугаар, ******* арлын дугаар, №******* гэрчилгээний дугаартай хар өнгөтэй машиныг барьцаалан фидуцийн гэрээ байгуулсан.

Зээлдэгч Б.******* нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүйгээс 142 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд гэрээний хугацаанд төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч төлбөр тооцоогоо хийлгүй явсаар өдийг хүртэл явсан.

Зээлдэгч гэрээний хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн тул 2023 оны 03-р сарын 28- ний өдөр фидуцийн гэрээний 5-р зүйлийн 5.1.3, 5.1.4-д заасны дагуу барьцаа хөрөнгийг хураан авсан бөгөөд Б.******* 2023 оны 04 сарын 15-ны өдөр зээл болон хүүгийн төлбөрөө төлж барагдуулна гэсэн хүсэлт гаргасан. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хугацаа өгсөн боловч дээрх хугацаанд огт төлбөр хийгээгүй. Иймд 2023 оны 08 сарын 22-ны өдөр №01 тоот худалдах, худалдан авах гэрээгээр Тоёота ланд круйзер маркийн УНГ улсын дугаар, ******* арлын дугаартай машиныг 75,000,000 /Далан таван сая/ төгрөгөөр худалдан борлуулж борлуулсан үнийн дүнгээс авлага, өр төлбөр болон зээлийн төлөлтийг гэрээнд заасан дарааллаар тооцсон.

Ийнхүү Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 24,631,056.06 төгрөг, үндсэн хүү 4,240,134.27 төгрөг, нийт 28.871.190.33 төгрөгийг төлөх тооцооны үлдэгдэлтэй байна.

Зээлийн гэрээний үүрэгт 28,871,190.33 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.1.        Хариуцагч нь бусдаас машин авах зорилгоор уг машиныг барьцаалсан 80 саяын зээлийн гэрээ байгуулсан. 2025.9.25 хүртэл 36 сараар байгуулсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Энэ талаар утсаар болон биечлэн уулзаж байсан. Зээл авснаа зөвшөөрч, үлдэгдлээ төлөхөө бичгээр баталгаа гаргаж байсан. Удаа дараа зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсэн тул фидуцийн гэрээнд тусгагдсан машиныг худалдах саналыг хариуцагчид тавьсан. Хариуцагч нь машиныг өөрөө нэхэмжлэгчид хүргэж өгсөн. Улмаар машиныг үнэлүүлэхэд 70 саяар үнэлэгдсэн. Гэвч бид 75 сая төгрөгөөр худалдсан. Хариуцагч нь хуулийн 451-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Хуулийн 453.3-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. 75 сая төгрөгөөр зарсныг тооцоод үндсэн төлбөр  24,631,056.06 төгрөг, үндсэн хүү 4,240,134.27 хүү, нийт 28,871,190.33 төгрөг шаардана. Гэрээгээр тохиролцсоноор фидуцийн зүйлийг захиран зарцуулсан. Үүнээс хойш зээлийн гэрээний үлдэх үүрэг ийм болоод байгаа юм. Бид эвлэрэх санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 235.4-т зааснаар фидуцийн гэрээ дуусгавар болсон боловч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул шаардаж байгаа юм. Үнэлгээ болон зарах гэж байгаа талаар зээлийн эдийн засагч мэдэгдсэн боловч энэ талаар баримтгүй байдаг. Яагаад 75 саяар зарсныг зөвшөөрөөгүй бол яагаад жил гаруй энэ талаар маргаагүй юм. Хүүгээ зөвшөөрч байгаа нь үндсэн зээлийг зөвшөөрч байна гэсэн үг юм. Анх үндсэн зээлээ төлөх л санал гаргаж байсан юм гэв.

 

2.            Хариуцагч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 9 сарын 22-ны өдөр “*******” банк бус санхүүгийн байгууллагаас 80,000,000 сая төгрөгийн зээлийг сарын гурван хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд тус машиныг өөрийн ажилдаа зориулж ажлын шаардлагаар авсан. Гэвч тус хугацаанд миний эрхэлж буй бизнесийн хөрөнгө оруулалт цаг хугацаандаа орж ирээгүйгээс болж зогсонги байдалд орсон. Миний хувьд бизнесээ хэвийн байдалд оруулахын тулд орон нутаг уруу нэг сард 4-5 удаа явдаг. Гэвч зээлээр авсан машиныг маань хурааж авснаар орон нутаг уруугаа тогтмол явж чадахаа больж бизнес маань нь цалгардаад байна.

Зээлээ цаг хугацаанд нь хэвийн төлөөгүй нь миний буруу ч зээлийн гэрээ дуусаагүй байхад машин хурааж аваад надаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр шууд худалдаалсан нь буруу гэж үзэж байна. Мөн тус машиныг зах зээлийн үнээс доогуур зарсан нь ******* банк бусын нэхэмжилж байгаа дүнгийн зөрүү үүссэн гэж үзэж байна.

Тиймээс “*******” банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжилж байгаа дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

2.1.        Нэхэмжлэлээс хүү болох 4,240,134.27 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Үндсэн зээл 24,631,056.06 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь машины үнэлгээнээс болж зөвшөөрөхгүй байгаа юм. 75 саяар зарах талаар хэлээгүй бөгөөд зарчихлаа л гэж хэлсэн. Би 95 сая төгрөгөөр авсан. Иймд 75 саяар зарсныг зөвшөөрөхгүй тул үндсэн зээл хасагдах ёстой. Машиныг зарахыг зөвшөөрөөд машиныг аваачиж өгсөн гэж байна. Гэтэл зээлээ төлөөгүй гээд надаас хүчээр хураан авсан. Би тухайн үед зээлээ хэвийн болгоно гээд машинаа үлдээгээд явсан. Гэтэл зарчихсан гэж сүүлд нь хэлсэн гэв.

 

3.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээл хүсэгчийн өргөдлийн хуулбар /хх3/, иргэний зээлийн мэдүүлгийн хуулбар /хх4/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх5/, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх6/, гараар бичсэн баримтын хуулбар /хх6/, зээлийн мэдээллийн лавлагааны хуулбар /хх7/, машины гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар /хх8/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх11/, үнэлгээний тайлангийн хуулбар /хх12-15/, машины зээлийн гэрээний хуулбар /хх16-20/, фидуцийн гэрээний хуулбар /хх21-22/, зээл, хүүгийн тооцоолол /хх23/,

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 4,240,134.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,631,056.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24,631,056.06 төгрөг, хүү 4,240,134.27 төгрөг, нийт 28,871,190.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч Б.******* нь машиныг худалдан авсан үнээс доогуур үнээр мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан гэх үндэслэлээр зээлийн хүү болох 4,240,134.27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үндсэн зээл 24,631,056.06 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.

 

4.            Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж хэрэгт байгаа нотлох баримтыг шинжлэн судлах үед нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар шүүгч тайлбарласан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хуулийн зохицуулалтыг мэдэж байгаа бөгөөд арилжааны банкны шилжүүлгийн мэдээллийг нэхэмжлэгч тал баталгаажуулах эрхтэй. Учир нь цахим шуудангаар ирсэн мэдэгдэл тул бид ийнхүү баталгаажуулна гэх үндэслэлээр шүүхтэй маргалдсан. Энэ талаар шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгчийн төлөөлөгчид сануулж, хуралдааны дэг сахиулахаар анхааруулсан. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дахин хуралдааны дэгийг зөрчиж шүүхтэй маргалдсан, улмаар хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн тул түүнийг хуралдаа танхимаас гаргаж, хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

5.            Зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 80,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан байна. /хх16-20/

Гэрээний 3.3-т зааснаар сарын 3 хувийн хүү, мөн гэрээний 3.13, 2.3-т зааснаар 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу зээлийг гэрээний дагуу олгосон гэдгээ санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй. Гэвч хариуцагч нь зээл олгогдсон үйл баримтыг зөвшөөрсөн бөгөөд энэ талаар гараар баримт үйлдэж байжээ. /хх6/

Иймд нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

5.1.        Зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүссэн хүүгийн үүргийг тооцвол: Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээ 1 жил, 4 сар, 24 хоног хэрэгжсэн. Энэ хугацаанд 1 жилд 28,800,000 /80,000,000*36%/ төгрөг, 1 сард  2,400,000 /28,800,000/12/ төгрөг бөгөөд 4 сард 9,600,000 төгрөг, 1 хоногт 78,904.11 /28,800,000/365/ төгрөг бөгөөд 24 хоногт 1,893,698.64 төгрөг, нийт 40,293,698.64 төгрөгийн хүү тооцогдоно.

Нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй. Иймд нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Тодруулбал, нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн зээл, хүүгийн тооцолд хариуцагчийн төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцэхгүй, буруу юм. /хх23/

Дээрх үндэслэлээр хариуцагчид зээлийг гэрээний дагуу үндсэн зээл, хүүд нийт  120,293,698.64 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

5.2.        Нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн зээлд 55,368,943.94 төгрөг, хүүд 25,367,993.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 312,513.51 төгрөг, нийт 81,049,450.56 төгрөг төлсөн гэх тооцоолол шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч нь энэхүү төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. /хх23/

Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 39,244,248,.08 төгрөг байна. Гэвч зээлийн эргэн төлөлт бүрээр тооцсоны улмаас нэхэмжлэгч нь үндсэн зээлд 24,631,056.06 төгрөг, үндсэн хүү 4,240,134.27 төгрөг, нийт 28,871,190.33 төгрөг шаардсан тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг энэхүү мөнгөн дүнгээр тооцох нь зүйтэй.

 

6.            Зохигчид зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр фидуцийн гэрээ байгуулсан. /хх21-22/

Энэхүү фидуцийн гэрээний зүйл нь 59-68 УНГ улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн машин бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн байжээ. /хх8/

Улмаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үндэслэлээр тухайн машиныг хураан авч 75,000,000 төгрөгөөр бусдад худалдсан талаар зохигч хэн аль нь тайлбарласан. Энэхүү тайлбар нь нэхэмжлэгч болон Д.Бямбадорж нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах  гэрээгээр тогтоогдож байна. /хх11/

6.1.        Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө бодитоор гаргуулан авснаар уг гэрээ дуусгавар болно.

Цаашлаад, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээ дуусгавар болсноор тухайн үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болдог.

Тодруулбал, нэгэнт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрх дуусгавар болсон.

Түүнчлэн зээлийн гэрээний оролцогчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, улмаар зээлдүүлэгч фидуцийн гэрээний зүйлийг бодит байдлаар хүлээн авсан боловч тухайн эд хөрөнгөний үнэлгээ нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол энэ нь зээлдүүлэгчийн эрсдэлд хамаарна. Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон байна.

6.2.        Харин хуулийн энэхүү зохицуулалт нь зээлдүүлэгчид хамаарах бөгөөд харин зээлдэгч нь хүү төлөхөд саад болохгүй буюу хориглохгүй юм.

Иймд хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн зээлийн хүү 4,240,134.27 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

7.1.        Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамжийн талаарх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй. Учир нь банкны шилжүүлгийн баримтыг бусад байгууллага баталгаажуулах эрхгүй. Түүнчлэн мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан зохицуулалт нь хэргийн оролцогчид хамаарахгүй юм.

Гэвч шүүх нэгэнт нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нь хамаарахгүй тул шүүх хэргийн хянан шийдвэрлэсэн болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх боломжгүй тул нөхөн гаргуулах нь зүйтэй. Харин нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлага хангахгүй баримтад дурдсан хураамжийг бодитоор төлсөн бол үүнийг хуульд заасан шаардлага хангасан баримтаар нотолж, жич хүсэлт гаргах замаар буцаан гаргуулах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч Б.*******ээс 4,240,134.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,631,056.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 302,305.95 төгрөг гаргуулж, улсын орлого болгож, хариуцагчаас 82,792.15 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.ГАНБОЛД