Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2024/04463

 

 

 

 

 

 

                             2024       09          30

            101/ШШ2024/04463

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганболд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “******* *******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогтой ******* /рд:*******/-д холбогдох,

 

255,576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Манай интернэт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2023 оны 03-р сарын 13-ны өдөр 44317771 тоот гэрээ байгуулж ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт дата багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Мөн төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 169,000 төгрөгийн үнэтэй WiFi Router-г сонгосон багцаа тасралтгүй 12 сар ашигласан тохиолдолд үнэгүй авах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд үнийг бүрэн төлөхөөр харилцан тохиролцож авсан.

Д.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн ******* дугаарын үйлчилгээний 2023 оны 05, 06, 07-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 255,576 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна.

Иймд Д.*******-с ******* дугаарын үйлчилгээний төлбөр 86,576 төгрөг, WiFi Router-н үнэ 169,000 төгрөг, нийт 255,576 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

1.1.        Хариуцагч нь үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч хүсэлт гаргаж гэрээ байгуулсан. Дата багцын үйлчилгээ авсан. Мөн WiFi төхөөрөмж авсан. Үйлчилгээний төлбөрөө төлөөгүй тул үйлчилгээг зогсоож төлбөрийг сануулсан боловч төлөөгүй. Иймд үйлчилгээний төлбөрт 86,576 төгрөг, төхөөрөмжийн үнэ 169,000 төгрөг, нийт 255,576 төгрөг гаргуулна.

Хариуцагч шүүхэд ирээд нэхэмжлэлийг гардаж аваагүй. Татгалзаж байгаа бол энэ талаар тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас нийт 255,576 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь үйлчилгээний төлбөрт 86,576 төгрөг, төхөөрөмжийн үнэ 169,000 төгрөг, нийт 255,576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Шүүх хариуцагчийг дуудан ирүүлэхээр нэхэмжлэлд дурдсан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24 байр, 120 тоот хаягт хариуцагч Д.******* нь оршин суудаггүй талаар тус хорооны Засаг дарга тодорхойлсон. /хх13/

Үүний улмаас шүүх нэхэмжлэлд дурдсан 99805846 дугаарт холбогдоход “Би Довдоны ******* гэдэг хүн мөн. Би очихгүй” гэсэн тайлбар өгсөн нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд тусгагджээ. /хх17/

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18763 дугаар захирамжаар хариуцагч Д.*******ыг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. /хх18-19/

Улмаар хариуцагч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирсэн боловч нэхэмжлэлийн хувийг гардан авахаас болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг тайлбарлуулахаас тус тус татгалзсан болох нь шүүгчийн туслахын холбогдох баримтад хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх20/

Иймд хариуцагч Д.*******ыг нэхэмжлэлийн хувийг гардан авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ мэдэж байгаа гэж үзнэ. Учир нь хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч тайлбар, нотлох баримт гаргах, цаашлаад эрх, үүргээ тайлбарлуулах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй. Түүнчлэн хуульд заасан эрхийг албадан хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тухайн этгээдийн хүсэл зоригоос шууд хамаардаг.

Шүүх хариуцагчид 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д зааснаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй. Мөн хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрөх эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй.

Иймд дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

4.            Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл хэсгээс үзэхэд Д.******* гэсэн бөгөөд гарын үсгийн тайлал бичигдээгүй боловч хариуцагчийн регистрийн дугаар тохирч байна. /хх6/

Зохигчид 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ байгуулсан. /хх8/

Энэхүү гэрээнээс үзэхэд хариуцагч нь 169,000 төгрөгийн төхөөрөмж худалдан авах, уг төхөөрөмжөөр дамжуулж 60 gb-н багцыг 12 сараар сонгож үйлчилгээ авахаар тохиролцжээ.

Улмаар нэхэмжлэгч нь дата үйлчилгээ болон төхөөрөмжийн үнэнд нь нийт 323,825.75 төгрөгийн төлбөр тооцогдож үүнээс 68,250 төгрөгийн төлбөр төлөгдсөн тул үлдэх 255,575.75 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаарх тооцооллыг шүүхэд ирүүлсэн байна. /хх9/

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээр 169,000 төгрөгийн төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд 86,576 төгрөгийн үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй байгаа талаар маргаагүй, зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд хариуцагчаас төхөөрөмж болон үйлчилгээ худалдан авсан төлбөрт нийт 255,576 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.*******аас 255,576 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,318 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Д.ГАНБОЛД