| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/04724/И |
| Дугаар | 101/ШШ2024/04495 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2024/04495
| 2024 10 02 | 101/ШШ2024/04495 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганболд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Их ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* *******” ХХК /рд:*******/-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Д.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.******* би 2020 онд орон сууц худалдан авах зорилгоор хариуцагч ******* Констракшн ХХК-тай 2020 оны 03 сарын 04-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах 28 тоот гэрээ байгуулсан.
Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хариуцагч нь -1 хотхоны орон сууцыг барьж байгуулж ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Тодруулбал Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д “/7-7 С блок 2-р орц 3 давхар 305 тоот 55.7 м.кв 2 ерөө орон сууцыг 1 метр квадратын 1 100 000 төгрөгөөр тооцож 61 270 000 төгрөгөөр” худалдаж авахаар гэрээний талууд тохиролцсон.
Мөн гэрээний 1 зүйлийн 1,4-д “гүйцэтгэгч тал нь орон сууцыг Захиалагчаас бусад гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэхгүй”, 2 дугаар зүйлийн 2.1.2-д “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 04 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулна” гэж тус тус зохицуулсан.
Ийнхүү хариуцагч талаас 100 хувь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд 1 м.кв 1 100 000 тооцож гэрээ байгуулна гэсэн болохоор Орон сууц захиалгаар бариулах гэрээг 1 м.кв талбайг 1 100 000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Иймээс тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.11 -д “Гэрээний нийт дүн болох 61 270 000 төгрөгт НӨАТ тооцсон. Уг төлбөрийг Захиалагч нь дараах байдлаар гүйцэтгэгч талын Голомт банкны тоот дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч би хариуцагчийн Голомт банканд харилцах данс уруу 2020 оны 03 сарын 04-ны өдөр 61 270 000 төгрөгийг ах дүү нараасаа зээл авч шилжүүлж орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс орон сууц хугацаандаа баригдаж ашиглалтад орохгүй байсан тул менежертэй байнга холбогдож шаарддаг байсан боловч бага багаар баригдаж байгаа үйл явцыг хараад хүлээдэг байсан. Хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш 4 жилийн дараа барилгыг 2024 оны 01 сард ашиглалтад оруулсан.
Гэтэл хариуцагч нь Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д заасан С блок 2-р орц 3 давхар 305 тоот 55.7 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үүрэгтэй боловч хүлээлгэж өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.
Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги Захиалагч талд төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 03 сарын 04-ны өдөр 61 270 000 төгрөгийг шилжүүлж орон сууц 2020 оны 12 сарын 31-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч 2024 оны 01 сард орон сууцыг ашиглалтад оруулсан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцанд оруулахгүй хохироож байгаа тул орон сууц болон алдангийг хамт нэхэмжлэх эрх үүсээд байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж зааснаар 30 635 000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч нь хариуцагч ******* Констракшн ХХК- с нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Иймд хариуцагч “******* Констракшн” ХХК-с Орон сууц захиалгаар бариулах 28 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д заасны дагуу 30 635 000 төгрөгийн алдангийг гаргуулж, Орон сууц захиалгаар бариулах тухай 28 тоот гэрээний дагуу Баянзүрх дүүрэг хороо, -1 хотхоны С блок 2-р орц 3 давхар 305 тоот 55.7 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Л.*******ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* Констракшн ХХК-нд даалгаж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь 5 сард нэхэмжлэл гаргасан. Хэрэг үүссэнээс хойш нэхэмжлэлийн хувь гардуулах зорилгоор ажиллагаа хийсэн. 8 сарын 22-нд хариуцагч нь төлөөлөгч томилоод нэхэмжлэлийн хувь гардаж авсан. Шүүх товыг 8 сарын 24-нд мэдэгдсэн. Иймд хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд эзгүйд шийдэх байр суурьтай.
Нэхэмжлэгч нь 2020 онд орон сууц авах зорилгоор хариуцагчтай 2020.3.4-нд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь барьж ашиглалтад оруулахаар тохиролцсон. Гэрээний 1.3-т 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон. Тухайн үед байр ашиглалтад ороогүй байсан. 1.4-т орон сууцыг бусдад шилжүүлэхгүй, 4-р улирал ашиглалтад оруулахаар заасан. Нэхэмжлэгч нь төлбөрийг гэрээнд заасан дансанд бүрэн төлсөн. Гэтэл орон сууц нь ашиглалтад орохгүй байгаад байсан. Хэзээ ашиглалтад орохыг асуудаг байсан. Барилга бага багаар баригдаж байсан. Гэрээ байгуулагдсанаас хойш 4 жилийн дараа 2024 оны 1 сард ашиглалтад орсон байдаг. Ингээд 2 өрөө орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний 2.1.5-д алдангийн талаар заасан байдаг. Гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтад оруулаагүй, өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй тул алданги шаардах эрхтэй гэж үзэж байна. Алдангийг төлсөн төлбөрийн 50 хувиар шаардаж байгаа юм. Иймд алдангид 30,635,000 төгрөг гаргуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.
Хэрэгт байгаа баримтаар хариуцагч нь нэхэмжлэлийн талаар мэдсэн. Үүнээс гадна 69-н захирамжийг бас мэдсэн. Тэгэхээр энэ хэргийн талаар мэдэж байна. Иймд хуульд зааснаар 14 хоногт тайлбар гаргах үүрэгтэй. Шүүх эрх, үүргийг тайлбарласан. Уг тайлбарыг өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцдог. Хариуцагч нь тайлбар өгөөгүй нь нэхэмжлэлийг татгалзаагүй, зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Алдангийн талаар гэрээнд байсан тул тэр жилдээ ашиглалтад орно гэдэгт итгэсэн байдаг гэв.
2. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх9-14/, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт /хх15/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагчид өмчлөх эрх бүрдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, хариуцагчаас 30,635,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.******* нь орон сууцны өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алдангид 30,635,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж мөн оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. /хх44-45, 48/
Шүүх өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн боловч хариуцагч, түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй байна. Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Зохигчид 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна. /хх9-14/
Энэхүү гэрээний 1.1-д зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээжээ. Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
4.1. Гэрээний 1.1, 1.3-т зааснаар хариуцагч нь Баянзүрх дүүрэг, -1 хотхон, С блок, 2 дугаар орц, 3 дугаар давхар, 305 тоот хаягт байрлах 55.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь нийт 61,270,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцжээ.
Улмаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр буюу гэрээ байгуулагдсан өдөр 61,270,000 төгрөг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хх15/
Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн гэрээний 1.4 болон 1.7-д зааснаар хариуцагч нь гэрээний зүйлийг бусдад худалдах, шилжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар барилга ашиглалтад орсон боловч түүнд хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.
Иймд хариуцагчийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул гэрээний зүйлийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй.
4.2. Нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон, хариуцагч нь барилгын гүйцэтгэгч байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар хариуцагч нь өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өмчлөгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.
5. Гэрээний 2.1.5-д зааснаар хариуцагч нь гэрээний зүйлийг хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
Гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч нь орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гэрээний хугацаа 3 жил, 5 сар, 14 хоногоор хэтэрсэн. Энэ хугацаанд гэрээнд зааснаар 1 хоногт 61,270 төгрөг, 1 жилд 22,363,550 төгрөг, 3 жилд 67,090,650 төгрөгийн алданги тооцогдож байгаа нь гэрээний үнэ буюу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илтэд хэтэрсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь алдангид 30,635,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцнэ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 112 дугаар зүйлийн 112.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ийг Баянзүрх дүүрэг, -1 хотхон, С блок, 2 дугаар орц, 3 дугаар давхар, 305 тоот хаягт байрлах 55.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “******* *******” ХХК-д тухайн орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, хариуцагчаас 30,635,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 846,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 845,825 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 1,000 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД