| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/05588/И |
| Дугаар | 101/ШШ2024/04567 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2024/04567
| 2024 10 07 | 101/ШШ2024/04567 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганболд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн ******* /рд:*******/,
Хариуцагч: *******ын ******* /рд:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 16,044,668.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М., Д., хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* Авто Финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч М., Д. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ургийн овогтой *******гийн ******* /РД:*******/, ургийн овогтой *******ын ******* /РД:/ нартай харилцан тохиролцож, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1109130104000507 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлийг олгосон. Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгчидтэй 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 110913010000507 дугаартай “Фидуцийн гэрээ” байгуулж, УЕА улсын дугаартай Toyota Prius суудлын *******машиныг 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгөөр үнэлэн, *******машиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авч, зээлдэгчид шаардлагатай мөнгийг зээлүүлсэн.
Зээлдэгч А.*******, М.******* нар нь *******машиныг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй байхаар тохиролцон, *******машиныг эзэмшилдээ авч явсан боловч 2023 оны 8 дугаар сараас Барьцаат зээлийн гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа зээлийн төлбөр, хүүгээ өнөөдрийг хүртэл гүйцэд төлөлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Зээлдэгч А.*******, М.******* нартай 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн хуваарийн дагуу төлөлт хийгдэхгүй байгаа талаар уулзахад 2023 оны 9 дүгээр сарын 05-ны дотор хүү, алдангийн хамт төлж гэрээний зөрчилгүй болгоно хэмээн бичгээр хүсэлт гаргаж өгсөн хэдий ч тухайн өдрөөс хойш утасны дугаараа авахгүй байсан бөгөөд гэрийн хаягаар нь уулзахаар очиход гэртээ байхгүй гэх зэргээр ямар нэгэн холбоо барихгүй байсаар өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтөө барагдуулаагүй болно.
Нэхэмжлэгчийн хуулийн мэргэжилтэн зээлдэгч А.*******, М.******* нартай зээлийн эргэн төлөлтийн талаар уулзахаар 2023 оны 9, 10 дугаар сард тус бүр 6 удаа, 11 дүгээр сард 4 удаа, 12 дугаар сард тус тус утсаар холбогдох, гэрийн хаягаар нь очих, гэрийн гадаа нь хүлээх зэрэг арга хэмжээг авсан боловч олдоогүй, холбогдох боломжгүй байсан болно. /Нэхэмжлэгч талаас зээлдэгч нартай холбоо тогтоохоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тэмдэглэсэн Хяналтын картыг хавсаргав/.
Зээлдэгчид 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг хийсэн, үүнээс хойш дараа дараагийн зээлийн төлбөрийг хугацаанд барагдуулалгүйгээр зээлдүүлэгчээс зээлдэгчидтэй /бүхий л арга хэмжээг авсан боловч/ уулзах, холбоо барих боломжгүй болсон, мөн тэдний зүгээс холбоо барих, уулзах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь Зээлийн гэрээний 8.2.1-т заасан нөхцөлөөр гэрээг цуцлах үндэслэл бий болсон.
Нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ32024/ дүгээр шүүхийн захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрэн сурвалжлуулах хүсэлтээ гаргаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/ дүгээр шүүхийн захирамжаар эрэн сурвалжлуулах арга хэмжээ авсан.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний 30д2-3/ дүгээр албан бичиг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн , дугаар тодорхойлолтоор хариуцагч нарын оршин суугаа хаяг тодорхой болсон.
Хариуцагч М.******* нь Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны явцад зам тээврийн зөрчил гаргаж, саатуулагдан Цагдаагийн эрх бүхий албан тушаалтантай уулзсаны дараа 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нэхэмжлэгч талтай уулзаж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний дагуу төлбөрийг барагдуулахаа амласан хэдий ч мөн л амлалтаа биелүүлэхгүй алга болсон.
А.*******, М.******* нар нь 2022 оны 4 сарын 07-ны өдрөөс 2023 оны 8 сарын 24-ны өдрийг хүртэл нийт 12,196,171.36 (арван хоёр сая нэг зуун ерэн зургаан мянга нэг зуун далан нэг төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг /Зээлийн эргэн төлөлтийн мэдээг хавсаргав/ төлсөн.
Нэхэмжлэгч Зээлдэгч 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1109130104000507 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ээр 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Хариуцагч тал үндсэн зээл 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг, зээл авсан өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 7,061,168 (долоон сая жаран нэгэн мянга нэг зуун жаран найм) төгрөгийн хугацаандаа төлөгдөөгүй хүүгийн өр үүссэн, мөн тус гэрээний 2.1.3-т заасан Нэмэгдүүлсэн хүү 179,671.89 (нэг зуун далан есөн мянга зургаан зуун далан нэгэн төгрөг наян есөн мөнгө) төгрөг нийт 28,240,840.12 (хорин найман сая хоёр зуун дөчин мянга найман зуун дөчин төгрөг арван хоёр мөнгө) төгрөг төлөх ёстойгоос тэдний төлсөн 12,196,171.36 (арван хоёр сая нэг зуун ерэн зургаан мянга нэг зуун далан нэг төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг хасагдаж, нийт 16,044,668.76 /арван зургаан сая дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран найман төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна.
Хариуцагч тал энэ хугацаанд үндсэн хүүд 4,907,664.78 (дөрвөн сая есөн зуун долоон мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 41,659.04 (дөчин нэгэн мянга зургаан зуун тавин есөн төгрөг дөрвөн мөнгө) төгрөг, үндсэн зээлд 7,246,847.54 (долоон сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун дөчин долоон төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг, нийт төлсөн 12,196,171.36 (арван хоёр сая нэг зуун ерэн зургаан мянга нэг зуун далан нэг төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг төлсөн байна /2024.03.05 өдрийн байдлаар зээлийн тооцооны мэдээллийг хавсаргав/.
Нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргахдаа хариуцагч талын хүүг зогсоосон тул нэхэмжлэлийн дүнг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар гаргасан болно.
Иргэн А.*******, М.******* нарын төлөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 13,753,152.46 /арван гурван сая долоон зуун тавин гурван мянга нэг зуун тавин хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн өрийн үлдэгдэл 2,153,503.45 /хоёр сая нэг зуун тавин гурван мянга таван зуун гурван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 138,012.85 /нэг зуун гучин найман мянга арван хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөг, нэхэмжилбэл зохих 16,044,668.76 /арван зургаан сая дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран найман төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай тохиролцож 2022.3.18-нд барьцаат зээлийн гэрээ байгуулж 21 саяыг 36 сараар зээл олгосон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаас *******машиныг өмчлөх эрхийг шилжүүлж мөнгийг өгсөн. Машиныг хариуцагч нар ашиглаж байх эрхтэй байснаар авч явсан боловч зээлийг эргэн төлөөгүй. Зээлдэгч нартай 2024.8.25-нд уулзахад 9 сарын 5-нд гэрээний зөрчлийг арилгана гэсэн боловч утсаа авахгүй, гэртээ байхгүй болж холбогдож чадаагүй. Хариуцагч нь бидэнтэй холбогдоогүй. Энэ хугацаанд 3 сард нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй гээд хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүний дагаа эрэн сурвалжлуулсан. Улмаар хариуцагч *******тай уулзахад төлөх талаар хүсэлт бичиж өгсөн. Гэтэл төлөлгүй алга болсон. Ингээд дахин нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь 2022.4.7-2023.8.24 хугацаанд нийт 12,196,171.36 төгрөг төлсөн. Ингээд үндсэн зээл 13,753,152.46 төгрөг, хүүд 2,153,503.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 138,012.85 төгрөг, нийт 16,044,668.76 төгрөг гаргуулна. Машиныг хариуцагч нар худалдаж авахдаа мөнгө нь дутаад зээл авч бүртгэл нь манай нэр дээр байгаа болно гэв.
2. Хариуцагч А.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу тул үнийн дүнг зөвшөөрнө. Гэрийн хаягтаа байсан. Буруу хаягаар очсон байх. Утасны дугаар солигдоогүй. ББСБ-г ажиллуулдаг хүн нь манай найз тул шүүхэд өгөхгүй байх гэж бодсон. Зугтсан зүйл байхгүй. Приус маркийн машин барьцаалаад гэрчилгээний нэр нь зээлдүүлэгчийн нэр дээр гарсан. Одоо *******машиныг хариуцагч ******* ашиглаж байгаа юм. Зээл хүүгийн тооцоолол дээр маргаангүй гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээлийн гэрээний хуулбар /хх7-9/, фидуцийн гэрээний хуулбар /хх10-11/, харилцагчийн өргөдөл, анкетын хуулбар /хх12/, харилцагчийн анкетын хуулбар /хх13/, мемориалын баримтын хуулбар /хх14/, зээлийн тооцоолол /хх15/, зээлийн эргэн төлөлтийн мэдээ /хх16/, өөрийн дотоод зээлийн дансны хуулга /хх17/, гараар бичсэн хүсэлт 2 ширхэг /хх18, 19/, хяналтын карт /хх20/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тоот /хх21/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 2 ширхэг /хх22, 23/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт 2 ширхэг /хх24, 25/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 15,906,655.91 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138,012.85 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,753,152.46 төгрөг, хүү 2,153,503.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,012.85 төгрөг, нийт 16,044,668.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч А.*******т 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, хариуцагч М.*******т мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.
Цаашлаад хариуцагч нар нь гэр бүлийн гишүүд гэх бөгөөд нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрсдийн оршин суугаа хаягийг адил тодорхойлсон. Улмаар энэ шүүх хуралдааны товыг хариуцагч М.*******т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д зааснаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч М.******* нь нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
3.1. Хариуцагч А.******* нь шүүх хуралдаанд зээл авсан болон зээлийн тооцооллын талаар маргаагүй бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан *******машиныг одоо хариуцагч М.******* ашиглаж байгаа талаар тайлбарлаж байна.
4. Зохигчид 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар сарын 1.9 хувийн хүү төлөхөөр тохиролцон байгуулжээ. /хх7-9/
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээл олгосон гэдгийг нотлох зорилгоор мемориалын гэх баримтыг шүүхэд ирүүлсэн. Гэвч энэхүү баримт нь нэхэмжлэгчийн дотоод баримт байх бөгөөд хариуцагч нарт бодитоор мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх олгосон гэдгийн нотлохгүй. /хх14/
Гэвч хариуцагч нар нь зээл олгогдож зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон үйл баримтын талаар маргаагүй бөгөөд улмаар хариуцагч А.******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, хариуцагч М.******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээл авсан талаар гараар баримт үйлдэж байсан байна. /хх18, 19/
Иймд нэхэмжлэгчийг гэрээний дагуу зээлийг олгож, гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
5. Зохигчид зээлийн гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан бөгөөд хариуцагч нарын дээрх гараар бичсэн баримтаас үзэхэд зээлийг эргэн төлөх хуваарь зөрчигдсөн байна. Улмаар нэмэлт хугацаа тогтоосон боловч гэрээний үүрэг биелэгдээгүй талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч нар үгүйсгэж маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээг хугацаанаас нь цуцлах эрх үүсжээ.
6. Нэхэмжлэгч нь зээлийн тооцоолол үйлдэж үндсэн зээл 13,753,152.46 төгрөг, хүү 2,153,503.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,012.85 төгрөг, нийт 16,044,668.76 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар тооцооллын талаар үгүйсгэж маргаагүй, өөрөөр хэлбэл зөвшөөрсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй зээлийн тооцооллыг шүүх нотлох шаардлагагүй юм.
Гэвч хэдийгээр хариуцагч нар зээлийн тооцооллын талаар маргаагүй боловч шаардах эрхийн хувьд хуульд нийцэх эсэхийг шүүх шалгах учиртай.
6.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар дээр дурдсан хууль зүйн үндэслэлийн дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй юм.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл, хүүгийн үлдэх төлбөрт 15,906,655.91 төгрөг гаргуулж, нэмэгдүүлсэн хүүд холбогдох 138,012.85 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгэр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч А.*******, М.******* нараас 15,906,655.91 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138,012.85 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 237,483.28 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД