Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/997

 

  

 

 

 

                       

Ё.М, Б.С, Ё.Мө нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.С,

шүүгдэгч Ё.Мө, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан,

шүүгдэгч Ё.М, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, Б.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/829 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ё.М, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ё.М, Б.С, Ё.Мө нарт холбогдох 2109000000942 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ........ овгийн Ё.М, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр ................................ төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны офицер, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................ тоотод түр оршин суух, /РД: ................./,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;

2. ......................... овгийн Б.С, ........ оны .....дугаар сарын .....-ны өдөр ......................... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ..........................................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

3. ........... овгийн Ё.Мө, ..... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ......................... төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ................. ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  /РД: ............................/;

Шүүгдэгч Ё.М, Б.С, Ё.Мө нар бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, .... байрны .... тоотод иргэн З.Гын гэрт “хохирол төлбөрөө барагдуулж авах” зорилгоор оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр цонхоор нь нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан дураараа авирлаж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэгт,

мөн З.Гоос 45.000.000 төгрөгийг барагдуулж авах зорилгоор хүчээр авч явж, түүний эцэг, эхээс төлбөрийг нь төлөхийг шаардаж, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод 2021 оны 6 дугаар сарын 25-ны шөнийн 00 цагаас хойш авчирч, улмаар “45.000.000 төгрөгийг өг, одоо гадаадад байгаа ээж рүүгээ ярь, өгөхгүй бол явуулахгүй” зэргээр сүрдүүлэн 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн хооронд дээрх тоотод хүлж эрхшээлдээ байлган барьцаалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ё.М, Б.С, Ё.Мө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ё.М, Б.С, Ё.Мө нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хүн барьцаалах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тухайн хэргийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ё.М, Б.С, Ё.Мө нарыг бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, бүлэглэн бусдыг тодорхой үйлдэл хийлгэхээр шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ё.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ё.Мө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ё.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ё.Мө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1.400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Ё.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 2 сар буюу 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнийг энэ өдрөөс цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ё.Мө-д оногдуулсан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ст оногдуулсан 1.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мө, Б.С нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мө, Б.С нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мө нь түүнд оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Б.С нь түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж, хохирогч 3.Гэрэлт-Од нь шүүгдэгч Ё.М, Ё.Мө, Б.С нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг суран тэлээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ё.Мд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ё.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим зүйлийг зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь, миний бие хохирогч З.Год өөрөө болон хамаатан садан, нийт 19 хүнээс “Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайд ажилд оруулж өгөх нэрийдлээр нийт 45.000.000 төгрөгийг залилуулсан. Улмаар 2021 оны 5 дугаар сард З.Гын харьяа дүүрэг болох Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хандахад уг этгээдийг оргон зайлахад мөрдөж байсан хошууч н.Тэлмэнтэй уулзсан. Тэгэхэд З.Гтой одоо холбоотой байгаа бол бариад өгөөч, хэрэв та надад олж өгвөл таны хохирлыг хамгийн түрүүнд барагдуулж өгье, би аав, ээж, дүүг нь танина, 4 давхараас үсэрч, зугтаж байсан удаатай тул болгоомжтой байхыг сануулсан. 2021 оны 6 дугаар сард З.Гыг барьж авчихаад хошууч н.Тэлмэн рүү удаа дараа залгахад утас нь холбогдохгүй байсан. З.Гыг өөрийн гэрт аваачиж хонуулахдаа цонх, тагтнаас үсрэхээс сэргийлж гар, хөлийг нь хүлж хонуулсан.

Ё.М би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том хүү 7 настай, бага охин 1 настай. Эхнэр маань хоёр хүүхдээ хараад ажил хийж орлого олох боломжгүй. Энэ жил би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 6 га газар төмс, лууван, манжин зэргийг тарьж ургуулсан, одоо хураах цаг болж, бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг үзэх, хураах, борлуулах надаас өөр хүн, хүч байхгүй зэргийг болон З.Г намайг залилан мэхлээгүй байсан бол уг гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан болохыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Е.М-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ё.М нь үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлж, үйлдсэн гэмт хэргийн зарим зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Прокуророос Е.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлснийг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр маргаж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Ё.Мөнх-Эрдэний үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин Ё.Мд дээрх гэмт хэрэгт яг оногдуулсан 10 сарын хорих ялыг эс зөвшөөрч байгаа юм.

Ё.М нь хохирогч З.Гэрэл-Одод 45.000.000 төгрөг залилуулсан, цагдаагийн байгууллага түүнийг олж тогтоохгүй байсан учир хэргийг хариуцсан мөрдөгчийн үгэнд итгэж, түүнийг барьж авсан даруйдаа мөрдөгчид хүргүүлэх гэсэн боловч мөрдөгч н.Тэлмэн утсаа авахгүй байсан учир З.Гыг алдахгүйн тулд гэртээ аваачиж хонуулан, цонхоор үсэрч өөртөө хохирол учруулахаас сэргийлэн паарнаас уяж хонуулсан байдаг.

Ё.М нь залилах гэмт хэргийн хохирогч болоогүй байсан бол өнөөдөр тус гэмт хэрэгт холбогдохгүй байсан, түүний үйлдлийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан нөхцөл байдал, хохирогчид учруулсан бодит хохиролгүй зэрэг болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг шүүхээс хүсэж байна. Түүний залилах гэмт хэргийн хохирогч болсноос тус гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Ё.М нь 1 болон 7 настай бага насны 2 хүүхэдтэй, гэр бүлийн орлого байхгүй, бага насны хүүхдээ асран хамгаалдаг. Ё.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй боловч хувийн аж ахуй буюу ногоо тариалан эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, одоо ногоо хураалтын цаг хугацаа таарч байгаа зэргийг харгалзан үзэхийг хүсье.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулан түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Е.М-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е.М-ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон, заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хүндрүүлж шийдвэрлэсэн байдаг. Е.М-ийн хохирогчоор тогтоогдсон хэрэгт З.Гын буруутай үйл ажиллагаа байгааг анхан шатны шүүх харгалзан авч үзэж хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд авч үзээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болохыг дурдан авч үзээгүй байна. Анхан шатны шүүхээс ноцтой гэмт хэрэг үйлдсэн учраас улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулах нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хариуцлага нь хөнгөдсөн хэрэг болно гэж үзсэн байгаа. Шүүхээс хэрхэн ямар байдлаар тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хүнд ялыг оногдуулж байгаа хууль зүйн дүгнэлт хийж, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн дурдаагүй. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай зарим талаар нийцэхгүй байна. Шүүгдэгч Е.М-ийн хувийн байдлын хувьд гэмт хэрэг үйлдсэн байдлаа анхнаасаа мэдүүлдэг, гэм буруу дээрээ маргах зүйлгүй, бага насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуульд заасны дагуу торгох ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөр нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Ё.Мө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Ё.Мөын өмгөөлөгч Ц.Цогтсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Г.Должинсүрэн, Б.Эрдэнэбаатар нарын гомдлыг дэмжин оролцож байгаа. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хохирогчийн тодорхой хэмжээний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Мөн гэм буруу дээрээ маргахгүй байгаа болон ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэх боломжтой гэж үзэж байна” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 829 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар бодитой дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг зэрэгт нь тохирсон. Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан ялыг хөнгөрүүлэх тухайд, шүүгдэгч Ё.М хүнийг мөрдөн мөшгөх, баривчлах, хорих эрх бүхий байгууллага байгааг мэдсээр байж өөрийнхөө хохирол төлбөрийг нэн тэргүүн ээлжинд барагдуулж авах зорилгоор хохирогчийн халдашгүй байдал, эрх чөлөөнд нь хууль бусаар халдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон ял оногдуулсан. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад 6 сараас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Шүүх түүний үйлдсэн гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг хөнгөрүүлсэн байдлаар оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн зорилгын нэг чиглэл нь тухайн хүнийг цээрлүүлэхэд чиглэсэн байдаг. Тийм учраас Е.М-ийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй. Е.М-ийн хувьд тохиолдлын шинж чанартай энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, гэрч Булган-Эрдэнэ хэдэн өдөр сахиж, хүлээж байж энэ хүнийг барьж авлаа гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлгээс үзэхэд хохирогч З.Гыг барьж авахаар нилээд хэдэн өдрийн цаг хугацааг зарцуулсан байна. Тохиолдлын шинж чанараар үүссэн гэдэг нөхцөл байдлыг үгүйсгэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тусгагдаагүй байсан. Энэ хэсэгт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ё.М, Б.С, Ё.Мө нар бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ..... байрны ... тоотод иргэн З.Гын гэрт “хохирол төлбөрөө барагдуулж авах” зорилгоор оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр тагтны цонхоор нь нэвтрэн орсон гэмт хэрэг,

мөн З.Гоос 45.000.000 төгрөгийг барагдуулж авах зорилгоор хүчээр машинд суулган авч явж, түүний эцэг, эхээс төлбөрийг нь төлөхийг шаардаж, Баянгол дүүргийн .... дугаар хороо, ...... тоотод аваачин гарыг нь хүлж, хүч хэрэглэхээр үг хэллэгээр заналхийлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч З.Гын “...Мөнх-Эрдэнэ манай гэрийн хаягаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 59 дүгээр байранд ирсэн бөгөөд би зугтаж явсан учир уулзаагүй. ... Үүний дараа 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ......байрны ... давхар .... тоот гэртээ байсан. Гэтэл 00 цагийн орчимд би өөрийн эхнэр болон хүүхдийн хамт гэрийнхээ том өрөөнд байж байтал жижиг өрөөний цонхоор Ё.М нь хууль бусаар манай гэрт цонхоор дамжин орж ирсэн. Ё.М нь орж ирчихээд намайг орон дээрээс чирээд гэрийн үүд хэсэг рүү дагуулж гаргасан ба яг гарах үед Мөнх-Эрдэнэтэй хамт байсан Ё.Мө болон Б.С гэх хүмүүс /сүүлд цагдаагийн байгууллага дээр ирээд царайг нь хараад нэрийг нь цээжилсэн/ үүдэнд байсан. Тэгээд тэр гурван хүн намайг гурвуулаа нийлээд хувцаснаас маань чирээд гаргасан. Тэгээд гэрийн гадаа байсан машинд суулгасан. Тэгээд намайг машинд суулгасны дараа Ё.М нь эхнэр П.Баярцэцэгт хандан “танай нөхөр надаас 45.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, одоо тухайн мөнгийг надад өгч миний хохирлыг барагдуулахгүй бол би танай нөхрийг барьцаалж авч явна” гэж хэлсэн. Тэгээд Е.М-ийн машины арын суудал дээр нь сууж байтал Мөнхбат гэх залуу нь намайг “чи муу ямар овоо пизда вэ” гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа цохисон. Тухайн үед Е.М-ийн дүүгийнх нь найз гэх эрэгтэй өөрийгөө өмгөөлөгч гээд байсан залуу байсан ба “ах аа, та ингэж цохиж болохгүй шүү, өөрсдөө асуудалд орно шүү, цагдаад өг, эсвэл хэл амаараа тохиролц” гэж хэлсний дараа Ё.М нь манай эхнэртэй уулзаж дуусчихаад машинаа бариад Ё.Мө нь урд талын суудал дээр суугаад Б.С нь миний хажуу талын суудал дээр суугаад миний цамцнаас барьсан байдалтай явсан. Тэгээд хөдөлсөн ба Мөнх-Эрдэнэ нь замдаа хүнтэй ярьж байгаа бололтой “гав байна уу, би хүн чингэлэгт хийх гэсэн юм” гэж яриад яваад байсан. Тэгээд Баянгол дүүргийн 10 дугаар хороолол орчимд Е.М-ийн гэр гэх 9 давхар угсармал хуучны байр руу ороод лифтээр дээш гараад нэг айл руу орсон. Тухайн айл руу орсны дараа шууд Ё.М нь миний хэвлий хэсэг рүү 2 удаа цохиод би эвхэрч унах гээд хана түшиж байхад Ё.Мө нь миний толгойны дагз хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Ё.М “одоо наадахыг чинь хүлнэ” гэж хэлээд миний гарыг ард талд кабелийн утсаар хүлээд газар унагасан. Тэгээд манай ээж рүү видео коллаар залгаад “та хүүхдээ авмаар байвал 45.000.000 төгрөгийг яаралтай өг” гэж залгаад миний нүүр хэсгийг харуулаад байсан. Гэрт орж ирснээс 1 цаг орчмын дараа Б.С “наадахаа гяндан хүлээгээр хүл” гэж хэлээд миний бүх хувцсыг тайлаад доор нь байсан хивсэнцрийг аваад намайг шалдангаар минь гар болон хөл хооронд минь хүлээд газар хэвтүүлсэн. Тэгээд газар хэвтэж байхад Ё.Мө нь миний зүүн цээж хэсэгт өшиглөсөн ба түүний дараа би амьсгалж чадахгүй эвгүй болсон. Тэгээд тухайн хүмүүс нь том өрөө рүүгээ ороод намайг ээлжилж харж байсан. Мөн намайг доош хараад хэвтсэн байхад нойл угаадаг арзгар үстэй зүйлээр миний бөгс рүү хүргээд “үүнийг чиний бөгсөнд хийнэ” гэж хэлээд инээгээд байсан, би хэн гэдгийг нь хараагүй. Тэгээд шөнийн 03 цагийн орчимд Ё.М нь ээж рүү залгаад “маргааш 10 цаг гэхэд 45.000.000 төгрөгөө бэлэн болгохгүй бол хүүхдийг чинь явуулахгүй шүү” гэж хэлсэн. “Хэрвээ мөнгийг маань өгөхгүй бол би танай хүүхдийг найздаа хэлж зодуулна, хачин болгоно шүү” гэж хэлж байсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн орчимд Ё.М нь ааваас мөнгө авна гээд намайг арын суудал дээр суулгаад өмнөх сууж байсан байрлалаараа суулгаж авч явж байсан. Тэгээд замдаа Өгөөмөр захаар ороод намайг гавлана гээд гав хайсан. Тэгээд удалгүй Ё.М нь төмрөн комучка бариад орж ирж байсан. Тэгээд намайг дагуулаад Налайх дүүрэг рүү явсан ба манай аавын гэрийн гадаа очоод Ё.М нь Мөнхбатдаа “одоо аавтай нь уулзана, та ороод жоохон айлгаад өгчих” гэхэд Мөнхбат нь “би аав руу нь орохгүй” гэсэн. Тэгээд Ё.М нь гэр рүү авч ороод аавтай уулзуулаад аавд хандан “танай хүүхэд надаас 45.000.000 төгрөгийг авсан байгаа, тэрийг төл” гэхээр нь би “энэ хүнээс 45.000.000 төгрөгийг аваагүй, авсан мөнгөө өгнө” гэж хэлсэн. Тэгээд Ё.М нь аавын хажууд Солонгос улсад байдаг Бат-Эрдэнэ гэх дүүтэй ярьсан ба дүүг “ахыгаа авахын тулд мөнгө өг” гэхээр нь дүү “надад 10.000.000 төгрөг л бэлэн байна. Та наад асуудлаа хуулийн байгууллагаар шийдэж болохгүй юм уу” гэхэд Ё.М нь “тэгвэл больё” гэж уурласан ба аав “цагдаа шүүхээрээ шийдье” гэж хэлээд аав Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар, Ё.Мө нарын хамт Налайх дүүргийн цагдаагийн газар руу очсон. ...” /1хх 13-14, 16-21, 180-181/,

гэрч П.Б-ийн “...2021 оны 6 дугаар сарын 25-ны шөнийн 23 цаг 30 минутад би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын арын ... байрны 2 давхрын .... тоот гэр рүүгээ орсон. Гэр рүүгээ ороход миний нөхөр З.Г, хүү Эрхэс нар зочны өрөөний буйдан дээр гар утсаараа оролдсон байдалтай сууж байсан. Би хувцсаа солиод үсээ угаагаад нөхөр хүүхдийнхээ хажууд очоод суутал үл таних /сүүлд цагдаагийн байгууллага дээр ирээд харахад Ёндонлодойн Мөнх-Эрдэнэ гэх/ хүн ... манай нөхрийг чирч гулдчаад гэрээс авч гарах гээд байсан. Тэгээд үл таних хүн нь гэрийн хаалга онгойлгоход үл таних саарал бараан өнгийн хувцастай хүмүүс аваад гарсан. Тэгээд би араас нь гарахад манай нөхрийг саарал өнгийн микро мэт бүхээгтэй тэрэгт суулгаад аваад явсан. З.Гыг яах гэж авч явж байгаа талаар асуухад “мөнгөний асуудал байгаа, чамтай хамааралгүй” гэж хэлж байсан. Манай гэр 2 давхар ба тагтны цонхоор орж ирсэн байна лээ. …” /1хх 35, 55-56/,

шүүгдэгч Ё.М-ийн яллагдагчаар өгсөн “... Миний бие З.Год залилуулан их хэмжээний мөнгөө алдсан учраас эргүүлэн авахын тулд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, .... байрны ... давхарын .... тоотод өөрийн 99295070 гэх дугаараас З.Гын 80631214 гэх утас руу залган “чи гэрийнхээ хаалгыг онгойлгочих, чамтай уулзах шаардлагатай байна” гэхэд “би гэрээсээ гарахгүй, чамтай уулзахгүй” гэж хэлэхээр нь “би тэгвэл хаалга онгойлгодог хүн дуудаж хаалгыг чинь онгойлголоо” гэхэд гэрийнхээ цонхоор үсрээд явчихсан. Тэгээд би 2021 оны 6 дугаар сарын 25-ны 22 цагийн орчим Ё.Мө, Б.С нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ...байрны .... давхарын ... тоотод З.Гтой уулзахаар очсон. Өмнө нь тагтныхаа цонхоор зугтааж байсан учраас би гэрийнх нь цонхон дээр отох маягтай Мөнхбат, Сүхбаатар нарыг хаалгыг нь тогшоодох гэсэн. Гэтэл цонх нь онгорхой байхаар нь би шууд гэр рүү нь ороод З.Гыг “гаръя, уулзаадахъя” гэсэн. Гэтэл эхнэр нь гэх хүн “юун хүмүүс вэ” гээд хашхирахаар нь би эхнэрт нь хандан “танай нөхөр намайг залилчихсан юм” гэж учрыг хэлээд байж байтал З.Г нь гэрээсээ гараад зугтаах гэж байгаад үүдэнд байсан Мөнхбат, Сүхбаатар нартай таарсан. Тэгээд бид нар гэрийнх нь гадаа 84-99 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байгаад З.Г нь ээжтэйгээ ярина гээд эхнэрийнхээ утсаар залгаад ээждээ “Би хүн залилчихсан байгаа, та одоо над руу мөнгө явуулахгүй бол би цагдаад баригдах гээд байна” гэсэн. Тэгэхэд ээж нь гэх хүн утсаар “би одоо бол чадахгүй, Солонгос улсад байгаа тул маргааш өглөө хадгаламжнаасаа мөнгө аваад явуулъя” гэж хэлж байсан. Миний бие Налайх дүүргийн  цагдаагийн Тэлмэн гээд хошуучид шалгагдаж байсан учраас яах ийх тухай асуухаар залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь арга буюу Баянгол дүүргийн ...  дугаар хороо, .... дугаар хороолол, ... дугаар байрны ....давхар .... тоот гэр рүүгээ Сүхбаатар, Мөнхбат, Гэрэлт-Од нарын хамт орсон. З.Г нь өмнө 4 давхараас үсэрч зугтааж байсан гэдгийг хүнээс сонссон учраас З.Гыг хөл болон гарнаас нь хүлээд гэртээ байлгасан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр З.Г нь мөнгөө төлөхийн тулд намайг аавтай минь очоод уулзуулчих гэсэн. Үүний дагуу Налайх дүүрэгт аавтай нь уулзахад “бид нар чиний мөнгийг төлж чадахгүй, шийдүүлдэг байгууллагаар нь шийдүүл” гэсэн. Үүний дагуу З.Гыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. ...” /1хх 65-66/,

шүүгдэгч Ё.Мө-ын яллагдагчаар өгсөн “... Тэгээд харих замд Ё.М замаараа “би нэг хүнтэй уулзах ёстой” гээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 59г байрны гадна цагийг нь санахгүй байна, ямар ч байсан харанхуй болсон байсан. Тэгээд орцны гадна Б.С бид хоёр тамхи татаж байх хооронд Ё.М “гялс хүнтэй уулзчихаад ирье” гэж хэлээд явсан. Хэсэг хугацааны дараа Б.С бид хоёрын зогсож байсан орцон дотор хүмүүс пижигнэлдээд чимээ гарахаар нь яав ийв гээд орц руу ороод дээшлэхэд 2 давхарт Ё.М нэг үл таних шар царайтай, шорт, пудволктой залууг бариад зогсож байсан. Тухайн залууг Ё.М араас нь тэврээд ганцаараа авч гараад машинд суулгасан. Тэр үед Б.С бид хоёр хараад орцны орчим зогсож байхад тухайн залуугийн эхнэр нь гээд хүн гарч ирээд “та нар яагаад хүн авч явах гээд байгаа юм бэ, цагдаа дуудах уу” гэхэд тухайн залуу нь “цагдаа дуудаад хэрэггүй шүү, бид нар өөрсдөө учраа олчихно” гээд болиулсан. Тэгээд Ё.М тэр залуутай хамт хэсэг хугацаанд хоёулаа машин дотор сууж байгаад Ё.М тухайн залуугийн эхнэрт “наад хүн чинь надад 45.000.000 төгрөгийн өртэй” гэж хэлэхэд тухайн эмэгтэй нь Ё.Мд хандан “Би өртэй хүнтэй амьдрахгүй, би энэ хүнтэй чинь хамт амьдрахгүй, хаагуур юу хийж явж байсныг мэдэхгүй байна, та хэд наад хүнээ аваад яв” гээд байсан. Тэгээд бид нар машиндаа Ё.М жолоо бариад би жолоочийн хажуу талын суудал дээр, Сүхбаатар болон тухайн үл таних залуу хоёр ард суугаад бид нар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Е.М-ийн гэр рүү нь явсан. Ё.М хаалгаа онгойлгоод тухайн үл таних залуу, Ё.М, бид нар гэр рүү нь орсон. Гэрт нь ороод бид нар бууз жигнэж идээд унтахаар болоод Ё.М нөгөө залуутай унтлагын өрөөнд, Б.С бид хоёр том өрөөнд унтсан. Маргааш өглөө нь Ё.М “хэдүүлээ Налайх явах хэрэгтэй боллоо, З.Г надад ааваасаа өртэй байсан мөнгөө авч өгье гэж хэлж байна, Б.С та хоёр надтай хамт яваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд бид нар Налайх дүүрэг рүү хамтдаа яваад Ё.М нөгөө залуу хоёр нь аавтайгаа уулзана гээд гэр рүү нь орсон. Хэсэг хугацааны дараа Ё.М, тухайн үл таних залуу, аав нь гарч ирсэн. Тухайн залуу нь “та нар намайг цагдаад битгий өгөөч, би аав, ээжээсээ мөнгө аваад өгнө” гээд байсан. Ё.М Налайх дүүргийн нэг цагдаа руу залгаад өөрөө тухайн цагдаад З.Гыг хүлээлгэн өгсөн. ...” /1хх 73-74/,

шүүгдэгч Б.С-ын яллагдагчаар өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим ажлаа тараад Ё.М гялс хүнтэй уулзаадахъя гэсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 59г байрны орчим очсон. Тэгээд Ё.М “гялс ийшээ яваад ирье” гэсэн. Тэгээд Ё.Мө бид 2 орцны гадна тамхи татаад байж байтал орцноос Ё.М орилоод богино өмд, углааштай хүнийг бариад авсан. Тэгээд эхнэр нь бахираад байхаар нь Ё.М ярилцаад нэг юм тайлбарлаад байсан. Гэтэл эхнэр нь “за тэгвэл та хэд аваад яв” гэсэн. Яг ямар учир шалтгаанаар ярилцаж байгаа талаар мэдээгүй. Тэгээд Ё.М нөгөө залуугийн хамтаар машин дотор яриад байж байснаа “явъя” гээд Мөнх-Эрдэнэ өөрөө жолоогоо бариад явсан. Тэгээд Е.М-ийн гэрт бүгдээрээ очоод хоол унд идээд хоносон. Өрөөнд нь яг юу болсон талаар би мэдэхгүй байна. Ё.Мө бид хоёр бол нөгөө өрөөнд нь байсан, ... Ё.М унтахдаа л гарыг нь хүлсэн гэсэн. Ё.Мө бид хоёр бол гар хүрэх бүү хэл, юм яриа ч үгүй. З.Гыг Е.М-ийн найз л гэж бодсон. Маргааш нь Налайх руу тухайн хүний аав гэх хүнтэй уулзахаар явахад Ё.Мд тухайн хүнийг өртэй гэдгийг мэдсэн. Би Мөнх-Эрдэнийг Гэрэлт-Од гэх хүнийг хулгайлсан гэж мэдээгүй, найзууд л гэж бодсон. Миний хувьд тухайн хүнд нэг ч удаа хүрээгүй болно. ...” /1хх 79/ гэсэн мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 43-46/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч Ё.М, Б.С, Ё.Мө нарыг бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, бүлэглэн бусдыг тодорхой үйлдэл хийлгэхээр шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Е.М-ийн хохирогч З.Гын гэрийн тагтаар дамжин орж, улмаар гэрийн хаалгыг нээхэд шүүгдэгч Б.С, Ё.Мө нар орж ирэн түүнийг хүч хэрэглэн гэрээс авч гарсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн З.Гоос 45.000.000 төгрөгийн өрийг нь барагдуулах зорилгоор хүчээр авч явсан, улмаар түүний эхээс төлбөрийг нь төлөхийг шаардсан, гэртээ авчиран гарыг нь хүлж, хүч хэрэглэхээр үг хэллэгээр заналхийлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ё.М “...би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том хүү 7 настай, бага охин 1 настай. Эхнэр маань хоёр хүүхдээ хараад ажил хийж орлого олох боломжгүй, би ногоо тариалан эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, одоо ногоо хураалтын цаг хугацаа таарч байгаа зэргийг болон З.Г намайг залилан мэхлээгүй байсан бол уг гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан болохыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна...” гэсэн,

шүүгдэгч Е.М-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн “...Ё.М залилах гэмт хэргийн хохирогч болоогүй байсан бол өнөөдөр тус хэрэгт холбогдохгүй байсан, түүний үйлдлийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан нөхцөл байдал, хохирогчид учруулсан бодит хохиролгүй зэрэг болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Ё.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 2 сар буюу 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон, холбогдсон хэргийнх нь зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцжээ.

 

Түүнчлэн, шүүгдэгч Ё.Мд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журамд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ... гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

Шүүгдэгч Ё.М, Б.С, Ё.Мө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хууль хэрэглээний хувьд буруу болсон байх боловч тэдэнд оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон буюу гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялгамжтай оногдуулахаар заасан хэм хэмжээний агуулгын хүрээнд хэрэглэгджээ.

 

Цаашид, Эрүүгийн хуулийн тусгай ангид бүлэглэсэн шинжийг тухайн гэмт хэргийн нэг шинж болгосон тохиолдолд ерөнхий ангийн бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх заалтыг журамлахгүй байхыг анхан шатны шүүх анхаарвал зохино.

 

Иймд шүүгдэгч Ё.М, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ё.Мөнх-Эрдэний шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/829 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.М, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.М-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР