Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2024/04607

 

 

 

 

 

 

                             2024       10          09

            101/ШШ2024/04607

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганболд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ы ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /ИБД:*******/-д холбогдох,

 

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагч Ю.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* овогтой *******той харилцан тохиролцож 2022 оны 08 дугаар сарын үед ОХУ-ын Ставрополь мужийн Ипатово хотоос төмс ачиж Монгол улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлэж оруулж ирсэн болно.

Түүний тээвэрлүүлсэн төмс нь 20,000 кг болсон ба ачааны авто машинаар тээвэрлэж олон мянган км замыг туулж Улаанбаатар хотод авчирсан. Тээврийн хөлсийг нийт 20.000.000 төгрөгөөр тохиролцсон болно. /Тээвэр хийсэн ачааны зориулалттай авто машинуудын холбогдох баримтуудыг хавсаргав./

Гэвч Ю.******* нь тохиролцсон мөнгийг зохих ёсоор төлж барагдуулалгүйгээр өнөөдрийг хүрсэн ба тохиролцсон хөлснөөс үлдэгдэл 10,000,000 төгрөгийг огт төлж барагдуулалгүйгээр өнөөдрийг хүрсэн болно. Миний бие Ю.*******оос тээврийн хөлсөө шаардахад тэрээр үгүйсгэдэггүй /төмсний үнэ унаж алдагдал хүлээсэн гэж л тайлбарладаг/ мөртлөө ирж уулзахаас илт зайлсхийж, утас нь холбогдохгүй явсаар өнөөдрийг хүрч байна.

Хариуцагч Ю.*******ид итгэж олон мянган км замыг нойр, хоолгүйгээр туулж ирсэн байхад тэрээр тохиролцсон хөлсөө өгөхгүй зугтаж байгаад гомдолтой байна.

Цаашид тэрээр миний өмнө хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлнэ гэдэгт миний бие итгэх итгэлгүй болсон тул хариуцагч Ю.*******оос тээврийн зардалд 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хамт тээвэр хийсэн жолооч нарын маргаан мөн тус шүүх дээр хэрэг үүсэж шийдвэрлэгдэж байгаа ба бусад нотлох баримтуудыг иргэний хэрэг үүсний дараа ИХШХШТХ-д заасан эрхийн хүрээнд шүүхэд хүсэлтээ тавих замаар бүрдүүлж өгөх болно.

1.1.        Нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцоод 2022 оны 8 сард ОХУ-с төмс ачиж орж ирсэн. Ингээд улс хоорондын тээвэр хийсэн. Оруулж ирээд хариуцагчид хүлээлгэн өгсөн. Тээврийн хөлсийг 20 саяар тохироод 10 саяыг урьдчилгаанд авсан. Гэтэл төмсийг тээвэрлэх үүргээ биелүүлсэн байхад үлдэх төлбөрийг өгөөгүй. Иймд үлдэх төлбөр 10 саяыг гаргуулна. Хариуцагчийн тайлбар баримтаар няцаагдаж байна. *******ы нэхэмжлэл шүүхэд шийдэгдсэн. Энэ хэрэгт хариуцагч нь энэ хэргийн талаар зөвшөөрсөн байдаг. Машин тус бүрд хөлс тохирсон гэдэг нь хариуцагчийн гаргасан баримтаар болон *******тай чатаар харилцсанаас тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. Төмсний үнэ унасан тул төлбөрөө төлөхгүй байгаа юм гэв.

 

2.                   Хариуцагч Ю.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хандан иргэн Б.*******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. Учир нь миний бие иргэн Б.******* гэгчийг огт танихгүй, мэдэхгүй бөгөөд түүнтэй ОХУ-аас төмс ачуулах тухай ярилцаж байгаагүй, ямар нэгэн яриа, гэрээ, тохиролцоо хийж байгаагүй болно.

Харин 2022 оны 7 дугаар сард ОХУ-ын ийн мужаас төмс тээвэрлүүлэхээр иргэн Л.*******той утсаар ярилцаж, 3 машинаар төмс тээвэрлүүлэхээр тохирч түүнд урьдчилгаанд 30,0 сая төгрөг өгсөн ба үлдсэн төлбөрийг Монголд ирээд төмсөө зарж борлуулаад өгөхөөр Л.*******той тохиролцсон. Ингээд Монгол ирээд төмсөө зарж борлуулж байхад иргэн Л.******* машинаа угаалгах гэсэн, төмсөө буулгамаар байна гэж утасдсан юм. Би тэгээ л гэсэн, гэвч намайг төмс уутлах шуудай худалдан авахаар Дэнжийн 1000-ийн зах явах хооронд ирээд машинаа авахдаа дотор нь байсан төмснүүдийг надад хэлэлгүйгээр авч явсан байсан. Иргэн Л.******* ярилцаж тохиролцсоноосоо буцаж миний зөвшөөрөлгүйгээр төмснүүдийг авч явж намайг хохироосон тул би Баянгол дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст гомдол гаргасан. Үүнийг мэдээд иргэн Л.******* шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагаас надад шүүхэд хандахыг зөвлөсөн бөгөөд нэгэнт иргэн ******* шүүхэд түрүүлж нэхэмжлэл гаргасан тул би хүлээзнэсэн.

Миний бие энэ асуудлаар иргэн Л.*******той маргаантай болохоос иргэн Б.*******тай ямар нэгэн яриа тохироо, гэрээ, маргаан байхгүй болно. Харин иргэн Л.*******, Б.******* нарын хооронд ямар яриа тохироо бийг би мэдэхгүй. Тиймээс иргэн Б.******* нь надад биш иргэн Л.*******д хандаж нэхэмжлэлээ гаргах шаардлагатай юм.

Л.******* бид хоёрын төмс тээвэрлэсэн асуудал гурван шатны шүүхээр шийдвэрлэгдээд дууссан болно.

Иймд Б.*******ын нэхэмжлэл надад хамаагүй, үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү

2.1.        Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг энэ хүнтэй гэрээ байгуулаагүй. 2022.7.12-нд ОХУ-д байхдаа *******той ярьж тохирсон. 3 машинаар төмс тээвэрлэх болсон. 3 машинаар тээвэрлэх болоод нийт 60 саяар тохирсон. Нэхэмжлэгчийг би танихгүй. *******той гэрээ байгуулаад төмсөө ачиж орж ирсэн. Төмсөө зараад үлдэх төлбөрөө төлөх болсон. Энэ үед ******* машинаа угаалгана гэсэн. Би хүн цалинжуулаад төмс ялгуулж байсан. Ингээд ******* нь 30 орчим тонн төмсийг аваад явчихсан. Би цагаад гомдол гаргасныг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ийм учраас нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь *******той учраа олох ёстой. Би нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй. Машинд байсан төмс нь үлдэх төлбөрийг төлөхөд хангалттай хүрэх байсан. ОХУ-с төмс тээвэрлүүлсэн гэдэг талаар маргаангүй. 3 машин тээвэрлэсэн. Энд *******ын 1 машин байсан. 3 машиныг нийт 60 саяар тээвэрлэхээр *******той тохирсон. Картаа *******д өгөөд ******* нь *******т өгсөн байсан. Зөвхөн *******той л ярьсан. ******* надаас ажлын хөлс 18,500,000 төгрөг нэхсэн юм. ******* 1 машинтай байсан. Нөгөөх нь ын машин байсан. ын тайлбар надад хамааралтай биш юм. ******* 2 машинаар нэхэмжлэл гаргаад будилаан үүсгэсэн. ******* машинаа төмс авч явахдаа 3 машины хөлсийг төлнө гэж бодож байсан юм. Энэ талаар мессеж бичсэн байдаг юм гэв.

 

3.            Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Хамтран ажиллах гэрээ /хх5-7/,

3.1.        Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Гэрчээр Л.*******, П., А. нарыг асуусан тэмдэглэл /хх37-38, 59-60, 65-66/, хариуцагчийн Л.*******ы нэхэмжлэлтэй хэрэгт гаргасан тайлбар /хх40-41/, нэхэмжлэгчийн Whatsapp чатад хийсэн үзлэгийн тэмдэглэл /44-56/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Б.******* нь 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч Ю.******* нь нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй гэж маргасан.

 

4.            Хариуцагч нь 2022 оны 07-08 сарын үед ОХУ-с бусдын тээврийн хэрэгсэл болох 3 ширхэг автомашинаар Улаанбаатар хот хүртэл өөрийн худалдаж авсан төмсийг тээвэрлүүлэх, машин тус бүрд 20,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар төмс нь Улаанбаатар хотод хүргэгдэж ирсэн бөгөөд хариуцагч нь урьдчилгаа төлбөрт нийт 30,000,000 төгрөг төлсөн. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

5.            Нэхэмжлэгч нь машин тус бүр хөлсийг тус тусдаа төлөхөөр хариуцагчтай тохиролцсон гэж тайлбарласан бол хариуцагч нь Л.*******той нийтэд нь харилцан тохиролцсон бөгөөд тэрээр бусадтай хэрхэн тохиролцсон талаар мэдэхгүй, нэхэмжлэгчийг танихгүй гэж маргаж байна.

5.1.        Гэрч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 09-ны “өөрийн 2, *******ын 1 машинаар *******ийн төмсийг тээвэрлэсэн, 2 машины 800,000 рубль, ******* 400,000 рубль авсан, төмс тээвэрлэхээс өмнө таньдаггүй байсан, тохиролцсоноос хойш таньдаг болсон, *******, , бид 4 *******той төмс тээвэрлэх талаар ярилцсан, хөлсийг тус тусдаа авсан, ******* рублийн картаа *******т өгсөн, ******* өөр хотоос ирж уулзаад *******т картаа өгсөн, ******* нь ын хүргэн ах, 3 машин 5 хүнтэй ирсэн” гэж тайлбарласан. /хх87-88/

Гэрч П. нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “*******ын туслах жолоочоор тээвэр хийсэн, *******ийн төмс байсан, ******* уруу ярьсан, 4 жолооч сууж байгаад утсаа чанга яригч дээр тавьж байгаа төмс ачих уу гэхэд ачъя гэсэн, *******т нийт 20,000,000 төгрөг өгөх байсан, 20,000,000 төгрөг нь машин тус бүрд” гэж тайлбарласан. /хх59-60/

Гэрч А. нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “2022 оны 8 сард *******ийн ачааг тээвэрлэсэн, *******, *******, , би, ******* цуг байсан, 3 машин явсан, *******ын 1 машин, *******ы 2 машин, ******* ******* 2 утсаар яриад 1 машины 20,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгөөр тохироод 20,000,000 төгрөгийг Улаанбаатар хотод ирээд өгөхөөр тохиролцсон, ******* Хиагт хүртэл цуг явсан” гэж тайлбарласан. /хх65-66/

Цаашлаад хариуцагч Ю.******* нь Л.*******ы нэхэмжлэлтэй хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Л.*******ы гэх 2 автомашины хөлстэй холбоотойгоор тайлбар гаргасан байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийн нэхэмжлэгч Б.*******ын машинаар тээвэрлэсэн ачаатай холбоотой ямар нэг маргааны талаар тайлбарлаагүй.

Эдгээр гэрчийн мэдүүлэг, хариуцагч Ю.*******ийн өмнө нь шүүхэд гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзвэл зохигчид хариуцагчийн худалдан авсан төмсийг ОХУ-с Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэх, хөлс төлөхөөр харилцан тохиролцож эрх зүйн харилцаанд оржээ.

Тодруулбал, хариуцагч нь Л.*******ы 2 ширхэг, Б.*******ын 1 ширхэг автомашинаар өөрийн ОХУ-с худалдан авсан төмсийг тээвэрлүүлэх, машин тус бүрд буюу Л.*******, Б.******* нартай төлөх хөлсний талаар харилцан тохиролцож, улмаар урьдчилгаа төлбөрийг төлсөн байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүсжээ. Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.

Улмаар Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д зааснаар ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах боловч зохигчид бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй, аман хэлбэрээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Гэвч зохигчдын хооронд үүссэн тээвэрлэлтийн гэрээний харилцаа нэгэнт хэрэгжиж, нэхэмжлэгч нь ачааг Улаанбаатар хотод хүргэсэн байх тул хариуцагч нь тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй.

5.2.        Хариуцагч нь Л.*******ы автомашинд хөлс төлөхөд хангалттай хүрэлцэх төмс байсныг тэрээр дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан гэж маргаж байна. Гэвч энэхүү тайлбараас үзэхэд уг төмсийг нэхэмжлэгч Л.******* аваагүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

6.            Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл зохигчид төмс тээвэрлүүлэх, хөлсөнд нийт 20,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, ачааг хүргэх газар хүргэсэн, урьдчилгаанд 10,000,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх хөлс болох 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгө хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Ю.*******оос 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.ГАНБОЛД