Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2024/04703

 

 

 

 

 

 

                             2024       10         14

            101/ШШ2024/04703

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* овогт *******гийн ******* /рд:*******/,

Нэхэмжлэгч:

 

Хариуцагч:  “******* *******” ХХК /рд:*******/-д холбогдох,

 

145,679,586.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нарын төлөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргаж, хамтран нэхэмжлэгч Д. нь дэмжсэн нэхэмжлэл болон тэдгээрийн төлөөлөгч Т.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие “******* *******” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай “Баянзүрх дүүрэг, хороо, Их тын аманд баригдах IV хотхонд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан Баянзүрх дүүргийн онд байрлах “ХАДАТ ВИЛЛА IV” хотхонд байрлах загварын тоот дотор засалгүй 78.69 м.кв бүхий амины орон сууцыг захиалсан.

Гэрээний 5.1-д заасны дагуу орон сууцыг 2023 оны 04 дүгээр өдрийн дотор барьж, хүлээлгэн өгөх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, холбогдох бичиг баримтыг гаргахаар харилцан тохиролцсон.

Улмаар 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хас банктай Зээлийн гэрээ байгуулж зээл авахаар болсон. Энэхүү зээлийн гэрээний дагуу 2023 он 08 дугаар сарын 04-ны өдөр өөрийн хуримтлалаас 52,164,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр, 72,036,000 төгрөгийн зээлийн эхний санхүүжилтийг авч, нийт 124,200,000 төгрөгийг “******* *******" ХХК-ийн Хас банкны тоот дансанд шилжүүлсэн билээ.

Гэвч орон сууцыг хугацаанд барьж ашиглалтад ороогүй, барилгын ажлын явц удааширч зогсонги байдалтай байсан тул миний зүгээс гэрээг цуцлах тухай 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр мэдэгдсэн. Тус орон сууцны барилгын ажлын явц өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байна.

Үүний хариуд тухайн “******* *******” ХХК нь гэрээг цуцлахыг зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 21-ний тоот “Мэдэгдэл хүргүүлэх нь” албан бичгээр Гэрээ дуусгавар болон тул гэрээний дагуу төлсөн таны төлбөрийг бид 100 хувь буцаан олгохоо илэрхийлж байна. Гэрээ дуусгавар болох үед урьдчилгаа төлбөрийг буцаан олгох талаар гэрээний 7.5.4 дэх хэсэгт “Мөн гэрээний 7.2.1, 9.2-т заасны дагуу гэрээ дуусгавар болсон тохиолдолд Захиалагчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг тухайн тоот таун*******ыг гуравдагч этгээдэд худалдан борлуулж түүний төлбөр 100 хувь төлөгдсөний дараа буцаан олгоно. Хэрэв Талууд харилцан тохиролцсон бол 120 (нэг зуун хорь) өдрийн дотор буцаан олгож болно” гэж заасны дагуу тантай харилцан тохиролцож энэ мэдэгдэл очсон өдрөөс 120 хоногийн дотор төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Мөн Хас банкны ногоон зээлийн санхүүжилтийн зээлээр авсан төлбөрт ногдох Хас банканд Захиалгын гэрээ цуцлагдах өдөр хүртэл тооцогдсон хүүг, Хас банкнаас ирсэн тооцооллын дагуу төлөх болон. ” гэсэн билээ.

Гэвч энэхүү мэдэгдлийг хүргүүлснээс хойш 160 гаруй хоног өнгөрсөн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөгийн төлбөрийг буцаан төлөөгүй, эргэн төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй, холбогдох утсаа салган алга болсон байдалтай байгаа тул өөрийн төлсөн төлбөрийг гэрээнд заасан алдангийн хамт гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд “******* *******” ХХК-с гэрээний дагуу төлсөн төлбөр болох 145,678,616.56 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,500 төгрөгийн хамт гаргуулан өгч Б.******* намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн задаргаа 52,164,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр, 72,036,000 төгрөгийн зээл, 15,276,000 төгрөг гэрээний хугацаа зөрчсөний алданги (Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 7.4.1-т заасан алданги 123 хоног), 6,203,586.46 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр (Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2023 оны 8 сараас 2024 оны 4 сарыг дуустал хугацаанд төлсөн хүүгийн төлбөр), нийт 145,679,586.46 төгрөг болно.

1.1.         Нэхэмжлэгч нар нь 2023.6.30-нд хариуцагчтай амины орон сууц бариулах гэрээ байгуулсан. 5.1-д 2023.4-р улиралд барьж хүлээлгэн өгч гэрчилгээ өгөхөөр тохирсон. Улмаар банктай гэрээ байгуулсан. Өөрийн хуримтлалаар 52 сая, банкны зээлээр 72,036,000 нийт 124,200,000 төгрөг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Гэвч амины сууцыг барьж ашиглалтад оруулаагүй. Гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Барилгын ажил зогсонги байдалтай байгаа. Хариуцагч нь гэрээг дуусгавар болгож байгаа талаар төлбөрийг буцаан олгох талаар албан тоот өгч байсан. Бусдад зараад буцаан олгоно, тохиролцвол 120 хоногийн дотор төлнө гэсэн. Мөн Хас банкны хүүг төлнө гэсэн. Иймд төлсөн төлбөр 124,200,000 төгрөг, алданги 15,276,000 төгрөг, банкны хүү 6,203,586.46 төгрөг, нийт 145,679,586.46 төгрөг гаргуулна. Банкны хүүг 72,036,000 төгрөгөөс бодсон. Хугацааг 2024.4 сарыг дуустал зээлийн гэрээнд зааснаар бодсон. Алдангийн талаар 7.3.1, 7.4.1-р шаардана гэв.

 

2.             Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Ипотекийн гэрээний хуулбар /хх10-11/, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх13/, зээлийн гэрээний хуулбар /хх14-16/, зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн хуулбар 2 ширхэг /хх18, 19/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх19-20/, амины орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /хх21-26/, төслийн ерөнхий мэдээллийн хуулбар /хх27/, барилгатай холбогдох зургуудын хуулбар /хх28-32/, “Хас банк” ХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 73/1511 дугаар албан тоот /хх106/, Хан банк дахь Б.*******ий дансны хуулга /хх107-108/, төлбөрийн баримтын хуулбар /хх109/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 124,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,479,586.46 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Б.*******, Д. нар нь гэрээний дагуу төлсөн төлбөр 124,200,000 төгрөг, алданги 15,276,000 төгрөг, зээлийн хүү 6,203,586.46 төгрөг, нийт 145,679,586.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагчийн төлөөлөгч нь 2024 оны 06 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. /хх48/

Улмаар энэ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг цахимаар ирүүлсэн. Шүүх уг хүсэлтийг хянаад үндэслэлгүй байсан тул хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарч, хуралдааныг үргэлжлүүлсэн.

 

4.             Зохигчид 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. /хх21-25/

Гэрээний 1.1-д зааснаар хариуцагч нь амины орон сууцыг барьж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээсэн байна. Үүнээс үзэхэд хариуцагч нь амины орон сууцыг барихаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

4.1.         Зохигчид гэрээний хавсралт 1-д заасны дагуу ажлын хөлс төлөх нөхцөлийг тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нар нь нийт 124,200,000 төгрөг төлсөн болох нь “Хас банк” ХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 73/1511 дүгээр албан тоот, төлбөрийн баримтын хуулбараар тогтоогдож байна. /хх26, 106, 109/

4.2.         Гэрээний 5.1-д зааснаар хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн дотор гэрээний зүйлийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд амины орон сууц нь ашиглалтад ороогүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Ийнхүү хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нар нь гэрээнээс татгалзаж, хариуцагч ийнхүү татгалзаж байгаад зөвшөөрч төлбөрийг буцаан олгохоор мэдэгдсэн болох нь хариуцагч хуулийн этгээдийн 2023 оны 11дүгээр сарын 21-ны өдрийн дугаар албан тоотоор тогтоогдсон. /хх93/

Иймд нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсэж, хариуцагч үүнийг зөвшөөрч гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч тал нэгэнт гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч нь гэрээний гүйцэтгэлийг буцаан олгох үүрэгтэй.

Энэхүү үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэгч нарын төлсөн хөлс болох 124,200,000 төгрөгийг буцаан гаргуулна.

 

5.             Нэхэмжлэгч тал нэгэнт гэрээнээс татгалзаж, хариуцагч үүнийг зөвшөөрсөн байх тул гэрээний үүрэг дуусгавар болсон. Ийнхүү гэрээний үүрэг дуусгавар болсноор гэрээний дагуу алданги шаардах эрхгүй юм.

 

6.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэгч нь ажлыг өөрийн эсхүл захиалагчийн материалаар гүйцэтгэх, захиалагч ажлын хөлс төлж, ажлын үр дүнг хүлээн авах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, ажлын хөлсийг хэрхэн төлөх нь гүйцэтгэгчид хамааралгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь ажлын хөлсийг бусдаас зээл авах замаар төлсөн байдал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д хамаарахгүй юм.

Хариуцагчийн дээрх дугаар албан тоотод банкны зээлийн хүүг ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хүртэл хугацаанд банкны тооцооллын дагуу төлөхөөр заасан. Гэвч энэхүү албан тоотоор хариуцагчийн нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг зөвшөөрсөн гэж үзэхгүй бөгөөд албан тоотоос үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр гэрээг дуусгавар болох талаар зохигчид харилцан тохиролцсон байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар нь 2024 оны 04 сарыг дуусах хүртэл хугацааны зээлийн хүү шаардсан нь үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр ажлын хөлс төлөхөөр зээл авсан нь хариуцагчид  хамааралгүй, зээлийн хүү нь гэрээнээс татгалзсантай холбогдох хохиролд хамаарахгүй, хүү шаардсан хугацаа нь үндэслэлгүй байх тул зээлийн хүүд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-с 124,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******, Д. нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,476,586.46 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 886,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 778,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД