Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1026

 

 

 

 

         2022           10            27                                    2022/ДШМ/1026

 

А.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

хохирогч “Г” банкны хууль ёсны төлөөлөгч Б.Гын өмгөөлөгч Б.Баяраа,

яллагдагч А.Э, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/2263 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай прокурорын эсэргүүцлээр яллагдагч А.Эд холбогдох 2002003820034 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Э нь “Г” банкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, албан тушаалын байдлаа ашиглаж, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай хамтран ажиллах гэрээ /11хх 21/, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ8125001471-Б гэрээ /1хх 227/, мөн өдрийн БГ/8125001471-А дугаартай барьцааны гэрээ /1хх 218/, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ГБ-218/85 дугаартай эвлэрлийн гэрээнүүдээр /1хх 213/ “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-иас “Г” банкинд шилжүүлсэн байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороололд баригдсан

- 203 дугаар байрны 46, 50, 60, 65, 70, 90, 100, 104, 105,

- 204 дүгээр байрны 02, 04, 10, 17, 19, 22, 25, 34, 42, 47, 54, 55, 57, 60,

- 205 дугаар байрны 46 тоот,

- 206 дугаар байрны 1, 3, 7, 10, 15, 18, 19, 31, 33, 34, 40, 42,

- 207 дугаар байрны 63, 87, 88 тоот буюу нийт 39 ширхэг орон сууц,

- 201-В1-60, 201-В1-91, 201-В2-67, 201-В2-85, 201-В2-139, 202-В2-141 тоот буюу нийт 6 авто зогсоол зэрэг нийт 45 үл хөдлөх хөрөнгүүдийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хооронд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн, хуурамчаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулж бусдад хямд үнээр зарж борлуулан нийт 6.479.441.800 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Дөд “мөнгө яаралтай хэрэгтэй байна, удахгүй өгнө” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 52.000.000 төгрөгийг залилсан,

мөн хохирогч Ц.Лд “удахгүй байр зарагдахаар буцааж өгнө” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 70.000.000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 6.601.441.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...”,

2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...гэмт хэрэг гарсан байдал, /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад/,

Мөн хуулийн 1.5-т “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохино. ...” гэж хуульчилжээ.

1. Хэргийн оролцогч болон яллагдагч 39 орон сууц, 6 зогсоол, нийт 45 үл хөдлөхийг зарж борлуулсан талаар тоон дээр маргахгүй байх боловч А.Э эдгээр үл хөдлөх хөрөнгийг хэзээ, хэнд борлуулсан талаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоох ажиллагааг хийх, энэ талаар яллах дүгнэлтэд тусгах,

“Зүүн Хүрээ Шилтгээн” ХХК татан буугдсаныг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж хассан гэсэн лавлагаа авагдсан байна /8хх 171, 11хх 4/.

Яллагдагч А.Эын энэ дурьдсан цаг хугацаанаас өмнө бусдад зарж борлуулсан үйлдэлд ямар хууль зүйн дүгнэлт өгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь ойлгомжгүй байна. Иймд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх,

2. “Хохирлын хэмжээг эвлэрлийн гэрээнд заасан үнийн дүнгээр тооцуулах хүсэлтэй байгаа. Манай дүнг бууруулж хохирлын хэмжээг тооцсоныг зөвшөөрөхгүй байгаа. Иймд манайх блансад тусгагдсан дүнгээр хохирлыг тогтоолгох хүсэлтэй байна. Мөрдөгч, яллагдагч нар тооцоо нийлж хохирлын хэмжээ тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй” гэснийг хүлээн авах үндэстэй байна. Хуульд заасан журмын дагуу бодит хохирлыг тогтоох ажиллагаа хийх, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн аудитор, шинжээч томилж үнэлгээг гаргуулах,

3. Яллагдагч А.Э нь орон сууц буюу үл хөдлөх хөрөнгө зарж борлуулсан орлогоо гадаад улс руу мөнгө шилжүүлсэн эсэхийг шалгаж банкнуудаас лавлагааг гаргуулан авах,

4. “Г” банкыг төлөөлөн тэдний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож буй Гаас дахин мэдүүлэг авах замаар учирсан хохирлыг нэхэмжлэх эсэхийг тодруулах, мөн “Г” банкнаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах эсэхийг дэмжиж буй талаар албан бичгээр тодруулга авч хэрэгт хавсаргах,

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 13 өдрийн 210 дугаартай шүүгчийн захирамжинд дурдсан ажиллагааг бүрэн хийх нь зүйтэй гэж үзлээ. Иймд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.Эд урьд авсан хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан яллагдагч А.Эын “...Тухайн үед Г банкнаас албан ёсоор энэ тэр гэж нэр зааж “Зүүн хүрээ” хотхоны байр, орон сууц, авто зогсоол, үйлчилгээний талбай зэргийг хүлээлгэн өгөөгүй. “Зүүн хүрээ” шилтгээн ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн байруудыг зарж борлуулаарай гэж хэлж байсан. Энэ үед буюу би “Г” банкинд ажилд орж байхдаа хэрэгт холбогдоод байгаа нийт 39 байр, 6 зогсоолыг худалдан борлуулчихсан байсан. Үүнийг би удирдлагуудад мэдэгдээгүй нуусан байсан. Дээрх 39 байр, 6 зогсоолыг худалдан борлуулахдаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг/10хх 242/,

Д.Шинэбаярын хохирогчоор өгсөн “Манай “Зүүн хүрээ” шилтгээн ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хувьцаа эзэмшигч нарын шийдвэрээр татан буугдсан. Холбогдох татварын шалгалт энэ тэрийг нь оруулаад хууль ёсны дагуу татан буулгасан. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээгээр шилжүүлж өгсөн ...207 дугаартай орон сууцны 63, 87, 88 тоот орон сууцнууд, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр “Г” банкинд хүлээлгэж өгсөн 206 дугаар байрны 31, 41, 34, 203 дугаар байрны 50, 60, 65, 70, 90, 100, 105, 104, 204 дүгээр байрны 04, 02, 10, 19, 17, 25, 22, 34, 42, 47, 60, 57 тоот орон сууцнууд, 2018 онд “Г” банкинд зээлийн өрөө төлж барагдуулахын тулд 12 дугаар сарын 15-ны өдөр ГБ-218/85 тоот эвлэрлийн гэрээгээр хүлээлгэн өгсөн 203 дугаар байрны 46, 206 дугаар байрны 01, 03, 10, 15, 18, 19, 33, 40, 07, 204 дүгээр байрны 54, 55, 205 дугаар байрны 46 тоот буюу нийт 39 байр, тус гэрээнд тусгасан байсан 201 дүгээр байрны В1 давхарын 60, 91 тоот, В2 давхарын 67, 85, 138, 141 буюу нийт 6 авто зогсоолыг худалдан борлуулсан байсан. А.Э худалдан авагчид байраа үзүүлдэг, түүний дараагаар компанийн зарах нөхцөлийг танилцуулдаг, үүний дараа худалдан авагч байрыг авахаар болох юм бол гэрээний эх хувийг бэлтгэдэг, ингээд орон сууц захиалгаар бариулах гэрээг гүйцэтгэх захирлаар батлуулдаг” гэх мэдүүлэг /10хх 246/,

Гэрч Б.Билгүүний “А.Э нь “Г” банкны үндсэн болон гэрээт ажилтнаар ямар нэгэн албан тушаал дээр ажиллаж байгаагүй. 2019 онд “Г” банк “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-аас хүлээн авсан хөрөнгүүдийг худалдан борлуулахын тулд тус компанийн ажилтан А.Этай үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж хамтран ажилласан. Тухайн үед А.Эын нийгмийн даатгал зэргийг “Г” банкнаас төлөхгүй, хөрөнгө худалдан борлуулсан үнийн дүнгээс тодорхой хувиар урамшуулал авч ажиллахаар гэрээнд заасан байгаа. А.Эын хувьд банкны зүгээс ямар нэгэн ажлын байрны тодорхойлолт гэж байхгүй" гэх мэдүүлэг /11хх 1/ зэрэг нотлох баримтуудаар А.Э нь “Г” банкны үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй ба “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа ч компанийн удирдлагаас амаар болон бичгээр өгсөн үүрэг болон ажлын байрны тодорхойлолтоор эд хөрөнгийг буюу орон сууц, авто зогсоолуудыг итгэмжлэн хариуцсан этгээд мөн болох нь тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Харин А.Э нь “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр, “Г” банкинд гэрээт ажилтнаар ажиллаж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, “Г” банкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг өөртөө болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлэн авч, үл хөдлөх хөрөнгөнүүдийг бусдад зах зээлийн ханшаас доогуур үнэлгээгээр зарж борлуулан “Г” банкийг залилж хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон тул түүний үйлдлийг урьд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн.

Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаагаар “Зүүн хүрээ шилтгээн” ХХК /РД:5475678/-ийг татан буугдсаныг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, хассан байна гэх тодорхойлолт /8хх 171, 11хх 4/, “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 19/02 дугаартай тогтоол /11хх 5/, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдер Д.Шинэбаярын гэрчээр өгсөн “А.Эын хуурамч гэрчилгээ гаргаж “Г” банкинд өгсөн гэх үйлдэлд татан буугдсан “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-д ямар нэгэн хохирол учраагүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх 30/, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д.Шинэбаярын хохирогчоор өгсөн “...Манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал алга. Энэ байрнуудыг “Г” банкинд шилжүүлж өгөөд бүх өр төлбөрөө хаасан учир нэхэмжпэх асуудлыг “Г” банк шаардаж явсан нь зүйтэй байх” гэх мэдүүлэг /10хх 247/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст Д.Шинэбаярын гаргасан “Эдгээр хөрөнгүүд нь “Г” банктай байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу тус банкинд шилжүүлсэн байсан тул “Г” банк дотооддоо шалгах шийдвэрлэх хүсэлтэй тул гомдлоо татаж авах хүсэлтэй байна. Гомдол саналгүй тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /4хх 216/ зэргээр Д.Шинэбаярыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй байх тул прокурорын тогтоолоор энэхүү шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Яллагдагч А.Э нь “Г” банкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, албан тушаалын байдлаа ашиглаж 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээ /11хх 21/, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ8125001471-Б гэрээ /1хх 227/, мөн өдрийн БГ/8125001471-А дугаартай барьцааны гэрээ /1хх 218/, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ГБ-218/85 дугаартай Эвлэрлийн гэрээнүүдээр /1хх 213/ “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-иас “Г” банкинд шилжүүлсэн байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороололд баригдсан

203 дугаар байрны 46, 50, 60, 65, 70, 90, 100, 104, 105,

204 дүгээр байрны 02, 04, 10, 17, 19, 22, 25, 34, 42, 47, 54, 55, 57, 60,

205 дугаар байрны 46,

206 дугаар байрны 1,3, 7, 10, 15, 18, 19, 31, 33, 34, 40, 42,

207 дугаар байрны 63, 87, 88 тоот буюу нийт 39 ширхэг орон сууц,

201-В1-60, 201-В1-91, 201-В2-67, 201-В2-85, 201-В2-139, 202-В2-141 тоот буюу нийт 6 авто зогсоол зэрэг нийт 45 үл хөдлөх хөрөнгүүдийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хооронд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн, хуурамчаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулж бусдад хямд үнээр зарж борлуулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан цаг хугацааг яллах дүгнэлтэнд “2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хооронд” гэж тодорхой дурдсан байсаар байтал шүүгчийн захирамжинд гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоо гэж үндэслэлгүй шалтгаан дурджээ.

Яллагдагчид ашиггай байдлаар “Зүүн хүрээ шилтгээн” ХХК, “Г” банк нарын хамгийн сүүлд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ГБ-218/85 дугаартай Эвлэрлийн гэрээнд заасан үнэлгээ буюу орон сууцны 1 метр квадратыг 1.800.000 төгрөгөөр тогтоосон, авто зогсоолын үнэлгээг 21.600.000, 24.300.000, 27.000.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзээд,

203 дугаар байрны 46 тоот 88.21 м2, 50 тоот 84.50 м2, 60 тоот 84м2, 65 тоот 84 м2, 70 тоот 84 м2, 90 тоот 84.50 м2, 100 тоот 84.50 м2, 104 тоот 70 м2, 105 тоот 84.50 м2,

204 дүгээр байрны 02 тоот 95.05 м2, 04 тоот 95.05 м2, 10 тоот 70.13 м2, 17 тоот 95.05 м2, 19 тоот 84.50 м2, 22 тоот 95.05 м2, 25 тоот 70.13 м2, 34 тоот 84.50 м2, 42 тоот 95 м2, 47 тоот 95.15 м2, 54 тоот 85.41 м2, 55 тоот 70 м2, 57 тоот 95.11 м2, 60 тоот 70.11 м2,

205 дугаар байрны 46 тоот 61.29 м2,

206 дугаар байрны 1 тоот 106.20 м2, 3 тоот 102.40 м2, 7 тоот 106.20 м2, 10 тоот 106.20 м2, 15 тоот 102.40 м2, 18 тоот 102.40 м2, 19 тоот 106.20 м2, 31 тоот 106.20 м2, 33 тоот 102.40 м2, 34 тоот 106.20 м2, 40 тоот 106.20 м2, 42 тоот 102.40 м2,

207 дугаар байрны 63 тоот 90.52 м2, 87 тоот 89.15 м2, 88 тоот 84.93 м2 тус бүрийг 1.800.000 төгрөгөөр,

201-В1-60 тоот авто зогсоол 24.300.000 төгрөг, 201-В1-91 тоот авто зогсоол 21.600.000 төгрөг, 201-В2-67 тоот авто зогсоол 24.300.000 төгрөг, 201-В2-85 тоот авто зогсоол 21.600.000 төгрөг, 201-В2-139 тоот авто зогсоол 27.000.000 төгрөг, 202-В2-141 тоот авто зогсоол 27.000.000 төгрөгөөр тус тус тооцоход нийт 6.479.441.800 төгрөг болов.

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг дээрх дүгнэлтээр тогтоож, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Г” банкны өмгөөлөгч Б.Баяраа яллах дүгнэлтэнд тусгасан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсээр байтал захирамжийн 2 гэж дугаарласан хэсэгт огт үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй ажиллагаа хийлгэхээр тусгасан байна.

А.Э өөрөө гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч мөн эсэхийг Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Хэдийгээр 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг хүчингүй болгосон боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэж прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч “Г” банкны хууль ёсны төлөөлөгч Б.Гын өмгөөлөгч Б.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн талаас шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Прокурорын бичсэн эсэргүүцлийг эс зөвшөөрч байна. Учир нь, энэ хэрэг анхнаасаа яллагдагч нарын мэдүүлэгт үндэслэгдсэн тул бидний зүгээс гомдолтой байдаг бөгөөд хохирлын хэмжээ маш их буюу 6.479.441.800 төгрөг. Нийт 39 орон сууц, 6 авто зогсоол, 45 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, завшиж, залилсан асуудал байдаг. Банкны байгууллагын нэг онцлог нь банкны өөрийн хөрөнгө буюу эздийн хөрөнгө нь нийт банкны активын 10 хувь орчим байдаг. Өөрөөр хэлбэл, “Г” банкинд хохирол учруулсан нь тухайн банкаар үйлчлүүлж байгаа харилцагч, хадгаламж эзэмшигч, иргэд, аж ахуйн нэгжийн хөрөнгөд халдаж байна. Тэр утгаараа зохицуулалттай хуулийн этгээдийн хувьд онцгой объектод ордог. Бид ашгийн төлөө хуулийн этгээд учраас гол нь хохирлоо төлүүлэх зорилготой. Харамсалтай нь прокурорын зүгээс татан буугдсан хуулийн этгээдээр хохирол тооцох, хохирлын хэмжээг илэрхий буруулах гэх мэтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхий үндэслэлгүй шийдвэр гаргасан. Зарим зүйлийг нь залруулсан боловч бас дутуу асуудлууд байна. Учир нь, хохирлын хэмжээ тогтоож байгаа асуудал дээр хохирол буюу гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хаана, юунд зарцуулсан талаар мөрдөгч, яллагдагч 2 нийлж сууж байгаад тооцоо нийлүүлсэн. Бид бол тусгай зөвшөөрөлтэй, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг банкны байгууллага. Мөрдөгч, яллагдагч нарын гаргасан тооцоолол үндэслэлгүй. Энэ бол 6.479.441.800 төгрөгийн хохирлын асуудал. Банкны урьдчилсан тооцоогоор уг тооцоо тэрбум төгрөгийн зөрүүтэй байгаа. Гэтэл яллагдагч буюу гэмт хэрэгт буруутай этгээд, мөрдөгч 2 санхүүгийн хүмүүс биш атлаа манай хохирлыг юунд захиран зарцуулсан талаар тооцоо нийлсэн асуудал нь үндэслэлгүй. Энэ бол мэргэжлийн санхүүгийн шинжээч эсхүл банкны хийдэг ажил болохоос яллагдагч, мөрдөгч нарын хийдэг ажил биш. Энэ асуудлын тухайд бид гомдолтой байгаа. Иймд шүүгчийн захирамжид дурдсан шаардлагатай бол шинжээч томилох ажиллагаатай бид санал нэгдэж байгаа. Мөн банкнаас завшиж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг захиран зарцуулсан талаар өгсөн мэдүүлэгт ““Вестерн юнион”-д 750.000 ам.доллар шилжүүлсэн” гэж ярьдаг. Энэ талаар баримтыг гаргах бүрэн боломжтой. Монгол улсад “Вестерн юнион”-д гүйлгээ хийдэг арилжааны 3 банк байдаг тул нэрээр нь лавлагаа аваад үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, яллагдагч А.Эын гэмт хэрэг үйлдэж олсон орлогын зарим хэсэг өөрт нь байгаа гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, төлбөрөө төлөх санаа сэдэл, зорилго байгаа эсэх нь хөнгөрүүлэх, хүндрүүлэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтуудад заасан нөхцөл байдалд хамаарч байна. Энэ талаар бүрэн гүйцэт шалгаж, тогтоохгүйгээр нэг нь яллагдаад, нөгөө нь хохирлоо хүлээгээд үлдэх нөхцөл байдалд хүрнэ. Мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зүгээс дутуу гүйцэтгэсэн тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Яллагдагч А.Эын өмгөөлөгч Э.Хашчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн зүгээс 39 орон сууц, 6 автомашины зогсоолыг худалдан, борлуулсан мөнгийг өөртөө ашигласан талаар маргадаггүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой байдаг. Гол асуудал нь хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад ажиллагаа дутуу хийгдээд байна гэдэг үндэслэл, хэчнээн төгрөгийн хохирлыг хэрхэн, яаж учруулсан үйл баримтууд дээр маргадаг. Прокурорын зүгээс “Г” банкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлгээгээр худалдан, борлуулж “Г” банкийг залилж хохирол учруулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн үйлдэл, обьектив тал нь энэ нөхцөл байдлаар илэрсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар “Г” банкны өмч, эд хөрөнгө нь хэзээнээс “Г” банкны өмчлөлд шилжсэн эсэх, энэ хөрөнгийн үнэлгээ яаж бий болсон юм. Мөн “Г” банк хохирол гаргуулах эсхүл орон сууц, авто зогсоолуудыг буцаан гаргуулах эсэх нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан. Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаар “Г” банк нь “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээнд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож хөрөнгийг хүлээлцэнэ гэж тохиролцсон боловч 2019 оны 3 дугаар сард хөрөнгийг хүлээлцэж, акт үйлдэхдээ “Г” банкны хөрөнгө хүлээж авах ажилтнууд нь тухайн орон сууцуудад очиж үзээгүй, цаасан дээр байгаа баримтуудыг хүлээж авснаас болж “Г” банк өөрийгөө хохирчихлоо гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл хөрөнгө шилжиж байгаа буюу гэрээний үндсэн дээр “Г” банкны өмчлөлд шаардах эрх шилжсэн гэж үзвэл эд хөрөнгийн эвлэрлийн гэрээний хавсралт буюу 2019 оны 3 дугаар сард хийгдсэн хөрөнгө хүлээлцэх акт үйлдсэнээр “Г” банкны нэр дээр хөрөнгүүд бодитойгоор шилжиж байгаа. Хэрвээ “Г” банкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх үйлдлийг ялгаж, салгаж үзвэл 2019 оны 3 дугаар сараас буюу хөрөнгө хүлээлцсэн акт үйлдсэнээр “Г” банкны нэр дээр хөрөнгө шилжсэн цаг хугацаанаас хойш хохирлын үнэлгээг тооцох ёстой. Гэтэл уг үнэлгээг огт хийгээгүй буюу “Зүүн хүрээ шилтгээн” ХХК, “Г” банкны аль, аль нь хэчнээн хөрөнгөөр хохирсон ялгааг гаргаагүйгээс үүдэн хэнд, хэчнээн хэмжээний хохирол учирсан талаар үйл баримтыг ярих боломжгүй. Мөн мөрдөгчийн зүгээс 39 орон сууц, 6 авто зогсоолыг худалдан авсан хүмүүсийг иргэний нэхэмжлэгчээр тогтоочихсон. Иргэний нэхэмжлэгчээр тогтоохдоо хэн, хэрхэн, юуг, хэнээс нэхэмжилж байгаа асуудлыг тогтоогоогүй. “Г” банкнаас орон сууцуудаа буцааж авах эсхүл прокурорын дүгнэлтэд дурдсан мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулах эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг хангахгүй байна. Энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох боломжгүй баримт тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоох ажиллагааг хийхдээ тооцооллыг А.Э болон мөрдөгч нар хамтран үйлдэж, акт үйлдсэн мэтээр тайлбарлаж байна. Энэ тухайд шүүхийн зүгээс захирамжийн агуулгатай мэргэжлийн байгууллагын шинжээч томилж, үнэлгээг гаргуулах шаардлагатай. Гэмт хэргийн улмаас учирсан, бий болсон хөрөнгийг А.Э хэрхэн, яаж захиран зарцуулсан талаар дансны хуулгаа мөрдөгчид гаргаж өгсөн байдаг. Энэний дагуу орж ирдэг байсан хөрөнгө, мөнгийг өдрийн зээлдэгч буюу мөнгө хүүлэгч нарт шилжүүлсэн. А.Эын тухайд өөртөө захиран зарцуулж, нэг ч төгрөг, мөнгөн дүн байхгүй талаар тогтоосон ба хохирлын үнлгээг тогтоосон акт, баримт биш. Хэрвээ “Г” банкид учирсан хохирлын цаг хугацаагаар нь тооцож ялгаа зааг гарвал тэр хугацаанаас хойш санхүүгийн зохицуулалтын асуудалд мэргэжлийн аудитын шинжээч томилж гаргуулах нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай санал нэг байна. Уг хэрэг гарах шалтгаан нөхцөл байдлыг тодруулахад А.Э нь гадаад улсын иргэнд мөнгө шилжүүлж залилуулсан. Энэ талаар гомдлыг цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгаа. Анхан шатны шүүхээс гадаадын иргэн рүү мөнгө шилжүүлсэн эсэх, гадаадын банкны гуйвуулгаар хэний данс руу хэрхэн яаж шилжсэн эсэх талаар энэ хэрэгтэй хамтрагдан шалгах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг захирамжийн 3 дахь хэсэгт хийсэн гэж ойлгож байна. Энэ ажиллагааг мөн зайлшгүй хийх хэрэгтэй. Учир нь, хууль тогтоогчийн зүгээс гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл нь гэмт хэрэг үйлдэж байгаа зорилго, сэдэлтэй шууд хамааралтай буюу шүүгдэгчийн эрх зүйн байдалтай холбоотой үнэлэлт, дүгнэлтийг хийхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж үзэж байна. Захирамжийн 4 дэх хэсэгт заасан хохирогчийн буюу “Г” банкны хууль ёсны төлөөлөгчөөс дахин мэдүүлэг авах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Учир нь, хохирол, үл хөдлөх эд хөрөнгийн алийг нь шаардаад байгаа эсэхэд ач холбогдолтой. Иймд захирамжийн биелэлтийг хангуулах ажиллагааг зайлшгүй хийх ёстой. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн учраас хэргийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцааж, тодорхой ажиллагаануудыг хийх ач холбогдолтой байна. Эдгээр ажиллагаануудыг хийх нь А.Эд оногдуулах гэм буруу, санаа, сэдэл, зорилго зэргийг тогтооход ач холбогдолтой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл яллагдагч А.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр А.Эд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжийн “...А.Э үл хөдлөх хөрөнгийг хэзээ, хэнд борлуулсан талаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоох ажиллагааг хийх, хуульд заасан журмын дагуу бодит хохирлыг тогтоох ажиллагаа хийх, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн аудитор, шинжээч томилж үнэлгээг гаргуулах, А.Э нь үл хөдлөх хөрөнгө зарж борлуулсан орлогоо гадаад улс руу шилжүүлсэн эсэхийг шалгаж банкнуудаас лавлагааг гаргуулан авах, “Г” банкнаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахыг дэмжиж буй талаар тодруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс учирсан хохирлыг нэхэмжлэх эсэхийг тодруулах, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 210 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг бүрэн хийх. ...” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/2263 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/2263 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...шүүгчийн захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. ...” гэх агуулга бүхий прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ