| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/05045/И |
| Дугаар | 181/ШШ2024/04157 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/04157
2024 10 31 181/ШШ2024/04157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .........байр, 201 тоот хаягт байрлах, ФЭ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Б ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Б ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь Ш.Б тай 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр №FХ/2021/702 дугаартай Зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэл хангуулах фидуцийн гэрээ тус тус байгуулсан. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд заасны дагуу Ш.Б т зээл олгосон боловч гэрээнд заасны дагуу зээлээ төлөхгүй байгаа. Өөрийн гэрийн хаяг дээрээ оршин суудаггүй, манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг анхааруулж, сануулсан боловч төлнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Хариуцагч одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг тодорхойгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2024/18684 тоот шүүгчийн захирамж, зээлийн гэрээний мэдээлэл, зээл хүсэгчийн өргөдөл, зээлдэгчийн бүртгэл, Ш.Б ийн иргэний үнэмлэхийн хуулбар, техникийн тодорхойлолт, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, фидуцийн гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 3-20/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ФЭ ББСБ ХХК нь Ш.Б ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас ФЭ ББСБ ХХК, нөгөө талаас Ш.Б нар харилцан тохиролцож 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээ болон хур систем дэх иргэний хаягийн мэдээлэлд түүний оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, алтан өлгий 16 гудамж, 217 тоот
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32024/18684 тоот шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүрэг, ............... хаягт Ш.Б бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Шүүхээс гэрээ болон иргэний үнэмлэх дэх Баянзүрх дүүрэг, .... хороо, алтан өлгийн ..дугаар гудамж, 217 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй талаар тэмдэглэж мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Б ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ш.Б /Регистрийн дугаар: УА8./-г эрэн сурвалжилсугай.
2.Т.Г. /сүүлийн хаяг: Баянзүрх дүүрэг,........ тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттөмөр, утас:99905242/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ