| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/04968/И |
| Дугаар | 181/ШШ2024/04163 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/04163
2024 10 31 181/ШШ2024/04163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. байрлах, АШ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Н.Б г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А.л оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.АШ ББСБ ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б г эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Н.Б нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 04-нд 7101633317 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 870.000 төгрөгийн зээлийг 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2024/00811 дугаар захирамжаар хаягтаа оршин сууддаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Н.Б г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2024/00811 дүгээр шүүгчийн захирамж, АШ ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20150519 тоот хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, Цахим зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлжээ.
Шүүхээс хаяг шалгасан мэдэгдэх хуудсыг бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч АШ ББСБ ХХК нь Н.Б г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас АШ ББСБ ХХК, нөгөө талаас Н.Б нар харилцан тохиролцож 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2024/00811 дүгээр шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, 53 дугаар гудамж 403 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
4.Шүүхээс дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудас дахин 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлсэн боловч Н.Б уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэж Харъяалах хорооны засаг тодорхойлж мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.
5.Шүүхээс бүртгэх байгууллагын хур системээс гаргуулсан лавлагаагаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 5 дугаар баг Хүйтэн булаг, үржүүлэх 11 гудамж 8 тоот байна.
Энэ хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудас дахин хүргүүлсэн боловч шуудангийн байгууллагаас гардуулан салбар хүлээн авч мэдэгдэх хуудас ирээгүй.
6.Н.Б анх тус байгууллагаас үйлчилгээ авах хүсэлт гаргахдаа үндсэн хаяг орон нутагт боловч Улаанбаатар хотод оршин суугаа хаяг Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, 53 дугаар гудамж 403 тоот гэж тэмдэглүүлж байжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б гийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Н.Б /Регистрийн дугаар: ../-ийг эрэн сурвалжилсугай.
2.Н.Б /бүртгэлтэй хаяг: Өвөрхангай аймаг, ............8 тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мө., П.Б. холбоо барих утас: 880., 860./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ