Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/04175

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 31 181/ШШ2024/04175

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг..... байрлах, А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ч.Ц ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А.л оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.А ББСБ ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ц ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Ч.Ц нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 05-нд 7101639746 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 800.000 төгрөгийн зээлийг 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 08-нд 7101670770 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 1.000.000 төгрөгийг зээлийг 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2024/01465 дугаар захирамжаар хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Ч.Ц ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/01465 дугаар шүүгчийн захирамж, А ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, Цахим зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт зэргийг ирүүлжээ.

Шүүхээс хаяг шалгасан мэдэгдэх хуудсыг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Ч.Ц ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас А ББСБ ХХК, нөгөө талаас Ч.Ц нар харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2024/01465 дугаар шүүгчийн захирамжаар Баянгол дүүрэг, 5, Тэмүүлэл, 104, 90 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхээс Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл, ....... тоот хаягт мэдэгдэх хуудсыг дахин хүргүүлэхэд Ч.Ц уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж Харьяалах хорооны засаг дарга тодорхойлж мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

4.Шүүхээс бүртгэх байгууллагын Хур системээс гаргуулсан лавлагаагаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг Говь-Алтай аймаг, ...... тоот байна.

Дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд шуудангийн байгууллагаас дамжих салбар хүлээн авч, буцаан ирүүлээгүй байна.

5. Ч.Ц анх тус байгууллагаас үйлчилгээ авах хүсэлт гаргахдаа үндсэн хаяг орон нутагт боловч Улаанбаатар хотод оршин суугаа хаяг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ..........тоот гэж тэмдэглүүлж байсан ч энэ хаягт оршин суудаггүй нь тогтоогджээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ц ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ч.Ц /Регистрийн дугаар: ДИ../-ийг эрэн сурвалжилсугай.

2.Ч.Ц /бүртгэлтэй хаяг: Говь-Алтай аймаг, ..тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мө. Э.Б., Х.А. холбоо барих утас: 86., 99., 942./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ