Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1027

 

 

 

 

        2022           10            27                                    2022/ДШМ/1027

 

 Г.Б, Ж.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

яллагдагч, хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Х.Мандах,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/2087 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Амармөрөнгийн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дугаартай прокурорын эсэргүүцлээр яллагдагч, хохирогч Г.Б, Ж.Б нарт холбогдох 2209001230314 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Г.Б, Ж.Б нар нь 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53б байрны 30 тоотод үл ойлголцол үүсгэж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Б, Ж.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг судалж үзээд яллагдагч Ж.Б, З.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоож чадаагүй байна.

1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ж.Б, З.Б нарыг хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд нэр бүхий яллагдагч нартай цуг байсан буюу цор ганц гэрч Г.Цээс хэд хэдэн удаагийн тайлбар, мэдүүлгийг авчээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ц “...Бийг манайд ороод ирэхээр нь би өрөө лүүгээ орсон ба 5 минутын орчмын дараа шил хагарч байгаа чимээ гарсан. Тэгээд намайг очиход манай нөхрийн подволк цус болчихсон, Б газар хэвтчихсэн байсан. Тэр хоёр хэн алиныгаа зодсон эсэхийг би мэдэхгүй, хараагүй...” гэх мэдүүлгийг, мөн гэрч Г.Ц “...Б манайд орж ирэхдээ архи барьж орж ирсэн ба тухайн архийг Бод өгөхөд Б “би наадахаар чинь яадаг юм” гэж хэлээд Боогийн мөр, хэсэг рүү нь цохиод тэр хоёр ноцолдоод газар хэвтсэн...” гэх мэдүүлгийг тус тус өгчээ. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад яллагдагч Г.Б, Ж.Б нар нь хэн алиныхаа эрүүл мэндэд халдсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн дээрх мэдүүлгүүд нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгах талаар арга хэмжээ аваагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж тус тус заасан бөгөөд хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэр бүхий яллагдагч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай баримт байхгүй байна. Хэдийгээр нэр бүхий яллагдагч нарын зүгээс хэн хэнийгээ зодсон талаар тайлбар мэдүүлгийг гаргаж байгаа боловч тухайн тайлбар, мэдүүлэг нь өөр бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагджээ. Тухайн тэмдэглэлээс харвал “... Яллагдагч Ж.Б нь Г.Бийн толгой хэсэг рүү нь саарал өнгийн үдээсний машинаар, мөн гараараа толгой хэсэг рүү нь цохисон...” гэх үйл баримтууд тогтоогдож байгаа бол Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн “...Г.Бийн биед чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл учирсныг тогтоож тухайн гэмтлийг хөнгөн зэрэгт хамруулсан байна.

Тэгвэл шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн үү, эсхүл камерын бичлэгт гарсан гэх цаг хугацаанд үүссэн үү гэдгийг тогтоох зорилгоор шинжээч эмчээс асуух нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр яллагдагч Ж.Б, Г.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Б, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Амармөрөн бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүнийг гэрч гэнэ” гэж заажээ. Хэрэг учрал болох цаг хугацаанд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 536 байрны 30 тоотод Ж.Б, Г.Ц, Г.Б нараас өөр хүн байгаагүй нь баримтаар тогтоогдсон.

1. Мөрдөн шалгах ажиллагааны үед Г.Цээс 3 удаа гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр “Би өмнөх мэдүүлэг нь дээр цус хараад бас хүмүүс муудалцсаныг хараад зарим зүйлсийг буруу мэдүүлсэн байсан. 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр нөхөр Б миний гар утсыг үзэж байгаад миний вайбер дээрх Б гэх хүнтэй “3-4 удаагийн уулзсан тухай” харьцсан чат байсан. Тэгээд уурлаад намайг цохисон. Тэр үед миний нүд хөхөрчихсөн. Тэгээд би нөхөртөө зодуулсан, хоёулангийнх нь уулздаг байсан тухай мэдсэн гэж Бэд хэлсэн. Тэр үед Б “ямар нэгэн асуудал болоогүй байхад яахаараа чамайг зоддог юм, би уулзана” гэж хэлж байсан. Тэгээд тэр өдөр нь Б Боотой яриад “уулзъя, ярилцъя” гэхэд Боо “уулзахгүй” гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь би 10 цаг өнгөрч байхад Боо гэртээ ирсний дараа Б рүү яриад чи гэрт хүрээд ирээч Боо ирчихсэн байна. Чи ярилцах хэрэгтэй байна гээд гэрийнхээ хаягийг хэлж өгөөд дуудсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад Б нь гэрийн доор ирсэн байна гэхээр нь би домофоноор гадны орцны хаалгыг онгойлгоод үүдээ нээлттэй орхисон. Тэгтэл Б нь гартаа ногоон ууттай зүйл барьсан орж ирсэн. Тэр үед Боо үүд хэсэгт байсан ба Б ууттай юмаа Боод өгөхөөр нь Боо наадах чинь юу юм гэхэд Б архи гээд Боо руу өгөөд байхаар нь Боо би наадахаар чинь яадаг юм гээд буцаад өөр лүү нь өгөхөд Б эхлээд Боогийн хүзүү мөр хэсэг рүү нь цохиод тэр хоёр ноцолдоод газар хэвтсэн. Тэгээд шил хагарах шиг болоход Боо чи яаж байна гээд босоод ирэхэд Боогийн подволкноос цус гарсан байсан” гэж дахин мэдүүлж эхний мэдүүлгээ хэрхэн буруу, зөрүү мэдүүлсэн талаараа тайлбарласан байдаг. Үүнийг түүний мэдүүлгүүд зөрүүтэй, зөрүүг арилгаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгч энэ талаар ойлгомжгүй, дахин зөрүүтэй байна гэж үзэж буй бол шүүх хуралдааны үед гэрч Г.Цийг оролцуулж, хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх талаар дахин мэдүүлэг авч шийдвэрлэх боломжтой байсан. Харин түүнээс дахин мэдүүлэг авах зорилгоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэж байна.

2. Г.Бийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тухай тогтоолыг тус дүүрэг дэх цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Цэвээндорж нь 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр үйлдэж өгсний дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяа томилогдож, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийж, түүний биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон тухай 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 246 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч, оролцогч нарт танилцуулсан байгаа болно.

Эндээс үзвэл хяналтын камерын бичлэгт тусгагдсан Ж.Б нь Бийн толгойг үдээсний машинаар цохихоос өмнөх цаг хугацаанд үзлэг хийж дүгнэлтийг гаргасан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 04/1022 дугаартай “Гомбодашийн Бийн биед 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлтийг гаргасан” гэх албан бичиг болон 72 дугаар хуудсанд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 246 дугаартай дүгнэлтийн удиртгал хэсэг, хэсэг газрын үзлэгийн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11:14:59 минутын 22:44 секундийн бичлэг байна. Ж.Б нь саарал өнгийн зүйлээр Г.Бийн толгой нь зүүн хэсэгт цохиж, нүдний шилийг унагааж байна” гэх тэмдэглэл зэрэг баримтуудаар шинжээч нь хохирогч Бийн биед 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсний дараа Ж.Б нь үдээсний машинаар толгой руу нь дахин цохих үйл явдал болсон байгаа нь тодорхой байгаа бөгөөд хохирогч Б ч 12 дугаар сарын 09-нд очиж шүүх эмнэлгийн үзлэгт орсон талаараа тодорхой мэдүүлнэ. Иймд энэ талаар шинжээчээс асууж тодруулах шаардлагагүй гэж үзэж байна. Шинжээчээс дээрх асуудлыг тодруулах заавал шаардлагатай гэж үзвэл шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан, асууж тодруулах хууль зүйн боломжтой.

3. Яллагдагч нарын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь, Ж.Б, Г.Б нар яллагдагчаар татагдахаас гадна, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэрэг хянан ажиллагааны давхацсан төрлийн оролцогч нар юм. Тэгвэл эдгээр хэргийн оролцогч нарын хохирогчоор өгсөн мэдүүлгийг хэрхэн яагаад үнэлэхгүй байгаа, ямар учраас тухайн мэдүүлэг нотлох баримт болохгүй байгааг шүүгч нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан захирамждаа дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэмт хэрэг гарсан газар дуудлагаар очиж хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ж.Б, Г.Б нарын биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд нь хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход хэрхэн хамааралгүй талаар дүгнэлт хийлгүй яллагдагч нарын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй тул шүүгчийн 2022/ШЗ/2087 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Б.Амармөрөнгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Уг эсэргүүцэлд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой дурдсан байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна. Шүүгчийн захирамжийн талаар дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Яллагдагч Ж.Бын өмгөөлөгч Х.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/2087 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Эд мөрийн баримтын тухайд, цагдаа хурааж аваад эд мөрийн баримтын тогтоол үйлдэж хэрэгт хавсаргасан атлаа шүүхийн шийтгэх тогтоолд байдаггүй. Гэнэт яллах дүгнэлтэд шилний асуудлын талаар орж ирсэн байдаг. Энэ талаар тодруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Г.Б, Ж.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ж.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор, оролцогчид хуульд заасан чиг үүргийн хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Түүнчлэн, шүүх хуралдаанд гэрч, шинжээч зэрэг хэргийн оролцогч нарыг бүрэн оролцуулж хэргийг цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох ажиллагаа хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг агуулгын хүрээнд хүлээн авах үндэслэлтэй байна.

Гэвч 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/2087 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Амармөрөнгийн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/2087 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Амармөрөнгийн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

           

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ