| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04111/И |
| Дугаар | 182/ШШ2024/03773 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/03773
| 2024он 09рын 16дөр | 182/ШШ2024/03773 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ХХ хороо, ХХ дүгээр байр, ХХ тоотод оршин суух А.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, баруун сэлбэ гудамж ХХ дүгээр байр, ХХ тоотод оршин суух П.С-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.Н,
Хариуцагч П.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ...П.С нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөгийг 4 сар 6 хоногийн хугацаатай хүүгүй зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан боловч хариуцагч П.С нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар төлөлт хийгээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 150,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 8,850,000 төгрөгийг П.С-той харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулах болсон тул бидний эвлэрлийн гэрээг баталж өгнө үү. Хариуцагчийн гаргасан саналын зөвшөөрч байна гэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид 150,000 төгрөг төлсөн байгаа бөгөөд үлдэгдэл 8,850,000 төгрөгийг 2 хувааж буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,350,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч А.Нд төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: А.Н-гийн нэхэмжлэлтэй, П.Сод холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь дээрх үнийн дүнгээс 150,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 8,850,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
Үүнд, хариуцагч П.С нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,350,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна.
Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй болох мөн хариуцагч П.С нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч П.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцхд хариуцагч П.С нь нэхэмжлэгчид 150,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 8,850,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,350,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
3. Нэхэмжлэгч А.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.С-оос улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч П.С нь 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 8,850,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,350,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Н-д төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.С-оос улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н-д олгосугай.
3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА