| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04297/И |
| Дугаар | 182/ШШ2024/03995 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03995
2024 09 30 182/ШШ2024/03995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ-ийн гудамж, ХХ тоотод байрлах Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ байр, ХХ тоотод байрлах С ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 58,231,661 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э,
Хариуцагчийн төлөөлөгч Л.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус газартай харилцагч С ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна гэж заасан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос тооцон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсэгт Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэх заалтуудыг тус тус зөрчсөн. С ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 39,025,745 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.
Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.
Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага 44.1.2 дахь хэсэгт төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн Даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн С ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 39,025,745 төгрөг, түүнд оногдуулсан алданги 19,205, 916 төгрөг нийт 58,231,661 төгрөгийг барагдуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 415 тоот албан бичгээр манай компанийн нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 39,025,745 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн.
2012 оноос Гаалийн ерөнхий газраас агаарын шуудангийн салбарт гаалийн агуулахын эрх шударга бус өрсөлдөөний тухай болон бусад хууль тогтоомж зөрчин ижил төрлийн үйлчилгээтэй нэг компанид дангаар нь өгснөөс манайд компанийн болон харилцагчдын нууцлал алдагдахаас гадна үнэ 9 дахин нэмэгдүүлж манай компанийг санхүүгийн хүндрэлд оруулсан.
Бид гэрээ хийхгүй гэснээс үүдэн илт хууль бус гэрээний нэг заалтаар тухайн компани шүүхэд хандсан. Хууль бус гэрээ гэж үзэн бид шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар бэлдэж байна.
Мөн цар тахлын үед Pfizer вакциныг тээвэрлэж улсаас нэг ч төгрөг аваагүй. Эдгээр гадаад, дотоод хүндрэлүүдийн улмаас шимтгэл төлөгдөөгүй нь үнэн. Тиймээс нэхэмжлэлийг татан авч, эвлэрлийн гэрээ байгуулж, алданги 19,205,916 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн баримтуудын тухайд,
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 424 дугаартай Итгэмжлэл /хх-4/, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-5/, С ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 02 дугаар сарын тайлан /хх-7-8/, 2024 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт /хх-9/, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 00000008 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага /хх-10/, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00000335 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага /хх-11/, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага /хх-12/, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 228 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага /хх-13/, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 342 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага /хх-14/, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан бичгүүд /хх-16-28/, 2018-2024 оны нийт цалингийн мэдээлэл /хх-29-35/, Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-36-41/, Алданги тооцооллын хүснэгт /хх-47-48/, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 625 дугаартай Итгэмжлэл /хх-62/ зэрэг баримтуудыг,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-55/ зэргийг тус тус гаргаж өгсөн байна.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Ч нь хариуцагч С ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 58,231,661 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч С ХХК нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн 39,025,745 төгрөгийн өр үүссэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алданги тооцно, алдангийн хэмжээ төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар алданги 19,205,916 төгрөг, нийт 58,231,661 гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж, татгалзлын үндэслэлийг ... нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 39,025,745 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 19,205,916 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
3. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр шаардсан ба 2018 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д нийгмийн даатгалын байгууллага гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг ойлгоно гэжээ.
С ХХК нь гадаад худалдаа, ном тогтмол хэвлэл захиалгаар хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, ХХ регистрийн дугаартай, ашгийн төлөө хуулийн этгээд учраас Чт ажил олгогчийн хувьд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.
4.2. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/- ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Ч нь С ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 000053, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 342, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 228, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 00000335, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 00000008 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагуудыг хүргүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 24, 2023 оны 06 дугаар сарын 21, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс тус тус хариуцагч С ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон байна.
Хариуцагч С ХХК нь 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд тус компанид ажиллаж буй даатгуулагчдын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өр 39,025,745 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын Заавал даатгах даатгуулагчдын Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /ШО-9/ гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөхийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 39,025,745 төгрөгийг төлөх зөвшөөрч, маргаагүй тул хариуцагч С ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 39,025,745 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
4.3 Нэхэмжлэгч нь хариуцагч С ХХК-аас алданги 19,205,916 төгрөгийг шаардсан ба хариуцагч нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас үйл ажиллагаа доголдсон тул алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ч нь хариуцагчийн 2018 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны алданги болох 18,809,745 төгрөгийг төлүүлэхээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан арга хэмжээ авсан талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлээс алданги 18,809,745 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31, 44 дүгээр зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигчид алданги тооцох, улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг шаардах эрхтэй тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны алданги 396,171 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
5. Иймд хариуцагч С ХХК-иас 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өр 39,025,745 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны алданги 396,171 төгрөг, нийт 39,421,916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны алданги 18,809,745 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
6. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 355,060 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны /-ийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.4, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 39,421,916 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,809,745 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч С ХХК-аас 355,060 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Даргалагч, шүүгч Т.ЗОЛЗАЯА