Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/04015

 

 

 

 

 

 

 

 

2024 10 02 182/ШШ2024/04015

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ-ын гудамж, Х ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ дугаар гудамж, ХХ тоотод оршин суух Б.А,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ дугаар гудамж, ХХ тоотод оршин суух П.П нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,493,152.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Хариуцагч П.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б овогтой А, П овогтой П нар нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1160074465 тоот зээлийн гэрээ байгуулан 14,800,000 төгрөгийг 365 хоногт 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч Б.А-ийн Х ХК дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1160074465 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж П.П-г хамтран зээлдэгчээр нэмсэн.

Хариуцагч нар нь 1160074465 тоот зээлийн төлөлтөд үндсэн зээл 2,174,809.95 төгрөг, хүүнд 765.073,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 76.02 төгрөг төлсөн байна.

Б.А, П.П нар нь 1160074465 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил нь 685 хоногийн хугацаа хэтрэлттэй, зээлийн үлдэгдэл 12,625,190.05 төгрөг, хүү 3,565,601 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,361.07 төгрөг, нийт 16,493,152.12 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 16,493,152.12 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн зээлд би хамтран зээлдэгчээр орсон. Энэ зээлээс Б.А-ийг татгалзуулах байдлаар банктай өмнөх шүүх хуралдааны дараа харилцан тохиролцсон. Энэ зээлийг Б.А Х ХК-аас зээл аваад энийг барагдуулаагүй учраас би очиж өөрийн зээлийг авч барагдуулсан. Х ХК-ийн зээлийн эдийн засагч нь харилцан бие биеэ батлан даачих гэхээр нь 2 зээл дээр батлан даасан. Энэ зээлд ямар ч захиран зарцуулалт хийгээгүй. Худалдаа хөгжлийн банк ХК-ийн зээлийг хаах гэж өөрийн зээлээ төлөөд 13,900,000 төгрөгийн төлөлт хийгээд нэг сая гаруй төгрөгийн үлдэгдэл байгаа. Тэр зээлийг Б.А батлан даасан байсан ба үүнээс үүдэн би зээлийг дангаар дараад энэ зээлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

3. Хариуцагч Б.А шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

4. Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн баримтуудын тухайд,

 

4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Х ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 16/494 дугаартай итгэмжлэл /хх-6/, Х ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд /хх-7-9/, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1160074465 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-10-13/, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1160074465 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт /хх-14/, Х дахь 1160074465 дансны хуулга /хх-15-16/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаартай тэмдэглэл /хх-17/, зэрэг баримтуудыг,

 

4.2 Хариуцагч П.П-гээс нотлох баримтаар: хариу тайлбар /хх-38/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.А, П.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,493,152.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Хариуцагч нар нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1160074465 тоот зээлийн гэрээ байгуулан 14,800,000 төгрөгийг 365 хоногт 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил нь 685 хоногийн хугацаа хэтрэлттэй, зээлийн үлдэгдэл 12,625,190.05 төгрөг, хүү 3,565,601 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,361.07 төгрөг, нийт 16,493,152.12 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч П.П нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг Б.А нь Хнаас авсан зээлээрээ Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаагаагүйн улмаас Хнаас удирдах газрын, банкны ажилтнууд манай ажил дээр ирж уулзсан. Тэр үед асуудлыг шийдэхгүй бол ажлаас халах, дараагийн арга хэмжээ авахад бэлэн болсон байсан. Зээлийн эдийн засагч нь та зээл аваад төлөөд өг гэж хэлж тохиролцсоны дагуу зээл авсан. Надад хүч хэрэглээгүй. Энэ талаар бичгээр бичээгүй. Би энэ зээлийг батлан даасан боловч захиран зарцуулаагүй тул төлөхөөс татгалзаж байна гэж маргаж байна.

 

3. Хариуцагч Б.А шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

4. Нэхэмжлэгч Х ХК, хариуцагч Б.А нар 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1160074465 тоот зээлийн гэрээ байгуулан, хариуцагч нь 14,800,000 төгрөгийг 365 хоногт 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэхээр,

Мөн Х ХК, хариуцагч Б.А, П.П нар нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1160074465 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч П.П-г нь үндсэн гэрээнд хамтран зээлдэгчээр нэмэхээр тус тус тохиролцсон байна.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна гэж дүгнэлээ.

4.1 Дээрх зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 14,800,000 төгрөгийг 365 хоногт 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу эргүүлэн төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч Х ХК нь зээлийн мөнгийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Аийн Х ХК дахь 1160074465 тоот дансанд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14,800,000 төгрөгийг 1160074465 тоот зээлийн гэрээний дагуу зээл олгож, өмнөх /ХХБ/ 7,447,620.58 зээлийн зөрүүгээс шимтгэл тооцож авав гэх гүйлгээний утгатай шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

4.2 Хариуцагч нар нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,174,809.95 төгрөг, хүү 765,073.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76.02 төгрөг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч П.П нь зээлийн үлдэгдэл 12,625,190.05 төгрөг, хүү 3,565,601 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,361.07 төгрөг, нийт 16,493,152.12 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тооцоолол, үйл баримтад маргаагүй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Түүнчлэн талуудын байгуулсан 1160074465 дугаартай Барьцаат зээлийн гэрээний 2.4-т Зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн адраас эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээнд заасан зээлийн хүү дээр нэмж банкинд төлнө гэж тохиролцжээ.

 

Хариуцагч нар нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1160074465 дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүргийг 685 хоног хэтрүүлж, үндсэн зээл 12,625,190.05 төгрөг, хүү 3,565,601 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,361.07 төгрөгийг тус тус төлөөгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байх боловч хариуцагч нар нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул Х ХК нь Барьцаат зээлийн гэрээний 8.2-т заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, үндсэн зээл 12,625,190.05 төгрөг, хүү 3,565,601 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,361.07 төгрөг, нийт 16,493,152.12 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

 

6. Шүүхээс хариуцагч Б.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гардуулж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7. Хариуцагч П.П нь зээлийг захиран зарцуулаагүй гэж маргаж байх боловч Х ХК болон Б.А нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээнд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж, хамтран зээлдэгчээр нэмэгдэхээр тохиролцсон байх тул хуульд заасан гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байна.

 

8. Иймд, хуулийн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Б.А, П.П нараас зээлийн гэрээний үүрэгт 16,493,152.12 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХК -д олгож шийдвэрлэсэн болно.

 

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,415.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 240,415.76 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, заасныг баримтлан хариуцагч Б.А, П.П нараас зээлийн гэрээний үүрэгт 16,493,152.12 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х ХК -д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,415.76 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.А, П.П нараас 240,415.76 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА