Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0149

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, Ц.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц******* овогтой Б******* миний бие 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасан. Миний бие хувийн шалтгааны улмаас уг нэхэмжлэлийг гаргах шаардлагагүй болсон тул нэхэмжлэлээс татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авна уу. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзаж болно., 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ц.Б******* нь Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлж, нэхэмжлэлээсээ татгалзсанаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Ц.Б*******ын Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ Ц.Б******* татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ