Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Н.Анхбаяр,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,  

Хохирогч Б.Энхжаргал,

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн 1703000010105 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн 1947 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 70 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер, геологич мэргэжилтэй, ам бүл 1, ганцаарааа Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50-173 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Д.А, /регистрийн дугаар ......................./

 

     Үйлдсэн хэргийн талаар:

            Д.А нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хууль сахиулахын Их сургуулийн урд замд 21-83 УБЦ “Ниссан Тино” маркийн автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө…” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Энхжаргалыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                             /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Д.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө…” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Энхжаргалыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 09 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Цагдаагийн академийн автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо явган хүний гарцаар зам гарч явсан. Миний өмнө хэсэг хүмүүс зам гарч явсан бөгөөд би ард талд нь зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байтал машинд мөргүүлээд замын хойшоо шидэгдэж газар унасан…” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

Гэрч Б.Анхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 09 дүгээр сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад 89050452 дугаараас манай дүү яриад “би урд гарцан дээр машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би шууд гараад очиход дүү Энхжаргал замын хойд талын хашлага дээр хөлөө жийгээд суучихсан, хамаг хувцас нь шороо болсон байдалтай байсан ба мөргөсөн машины жолооч гэх хөгшин настай хүн намайг тосож ирээд “дүүг чинь мөргөчихлөө цагдаа болон эмнэлэг дуудъя” гэсэн. Тэгээд би шууд өөрийн 96063955 дугаараас 103 болон 102 утасруу залгаж дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

 

-Батлан хамгаалахын Эмгэг судлалын Шүүх эмнэлгийн амбулаторын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 523 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын… “Б.Энхжаргалд зүүн шуу ясны урд хэсгийн далд хугарал, баруун мөрний үе, баруун шагай, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдагдахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 48/

 

-Техникийн шинжээчийн 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 576 дугаартай:  Ниссан тино маркийн 21-83 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Д.А нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасач, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн дүрмийн 3 дугаар хавсралтын З заалт “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Энхжаргал нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 64/,

 

-зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гар зурагаар дүрсэлсэн бүдүүвч зураг, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16/

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17/

-баримт бичиг түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10/

-жолооч, явган зорчигч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/

-хохирогч Б.Энхжаргалын эмчилгээний баримтууд /хх-ийн 21-25/

-Д.Аы хохирол төлсөн баримт /хх-ийн 26/

-Батбайгаль ХХК-ийн хохиогч Б.Энхжаргалын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 27-30/

-Баянзүрх дүүргийн 8-р хорооны засаг даргын хохирогч Б.Энхжаргалын талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 31/,

-Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн “Ниссан Тино” маркийн 21-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн дүгнэлт /хх-ийн 54-59/

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 60-61/,

-шүүгдэгч Д.А-ны иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69, 76/

-Д.А-ны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 86/,

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-95/

-хохирогч Б.Энхжаргалд учирсан хохирлын баримтын хуулбар /хх-ийн 97-100/

 

Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 09 сарын 29-ний орой 22 цагийн орчим өөрийн эзэмшлийн Ниссан Тино маркийн 21-83 УБЦ дугаартай автомашинаар Улиастайгаас 1-р хороолол орох гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй ХСИС-ийн урд зам дээр зорчих хэсгийн 1-р эгнээнд явж байгаад явган хүний гарцан дээр ирэхэд 5-6 хүн зам хөндлөн гарч байсан. Би зогсож байгаад зорчигчдийг гаргаад дөнгөж хөдөлгөөн эхлээд 2 метр орчим газар явтан зүүн гар талаас буюу урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарах гээд хар хувцастай хүн гүйгээд гараад ирсэн. Би тормоз гишгээд явган зорчигчийг мөргөөд зогссон…” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/  зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн  шинжээчийн, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн шинжээчийн, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.А нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Д.Ад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага, ялын санкцын хувьд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 төрлийн ял оногдуулахаар хуульчилсан байх ба үүнээс зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд хуульчлан заасан, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг жараас дээш насны эрэгтэйд оногдуулж болохгүйгээр хуульчлан заасан байх учир шүүгдэгч Д.Ад торгох ял оногдуулж шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газарт бичлэг хийсэн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.

 

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, шүүгдэгч  Д.Аы жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.

 

Хохирогч Б.Энхжаргал нь 478.733 төгрөгийн дүн бүхий нотлох баримтыг гаргаж өгөн хавтаст хэрэгт тусгуулж хохирол нэхэмжилснээс шүүгдэгч Д.А нь хохиролд 650.000 төгрөгийг төлж барагдуулсан байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэх үндэслэлтэй байна.

 

Харин хохирогч Б.Энхжаргал нь нийт 4.200.000 төгрөгийн хохиролыг ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол, цаашид хийлгэх эмчилгээний төлбөр гэж нэхэмжилнэ гэсэн болно.

Хохирогч Б.Энхжаргалын ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулахад түүний хэзээнээс хэзээний хооронд ямар хугацаанд ажил хийгээгүй талаархи баримт хэрэгт авагдаагүй байх учир тооцох боломжгүй байна.

Сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний төлбөрийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шийдвэрлэх үндэслэлгүй юм. Өөр өөр хэлбэл ирээдүйд ямар үр дүн гарах эсэхийг тооцон хохирогчид хохирол гаргуулах үндэслэлгүй ба зөвхөн бодитоор учирсан хохиролыг гаргуулж шийдвэрлэхээр хуульчлагдсан.

Иймд хохирогч Б.Энхжаргал нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Ааас нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйлийн 8, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Н овогт Д.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.А нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Энхжаргал нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Ааас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ