Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1028

 

 

 

 

         2022           10            27                                        2022/ДШМ/1028

 

 Х.Аэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Г.Бадамханд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамхандын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.Аэд холбогдох 2210000000851 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.А нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Баян-Өлгийгөөс ачуулсан будаагаа зарж борлуулаад 10 хоногийн дараа өгнө, ашгаа хуваана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Нийг төөрөгдөлд оруулж, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 25 дугаар байрны 161 тоотод байрлах гэрээсээ шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкин дахь 5720862505 тоот дансанд авч залилсан, мөн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 800.000 төгрөгийг зээл нэрийдлээр хуурч авч залилсан, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж нийт 40.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Нт энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Аийн өмгөөлөгч Г.Бадамханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.А нь хэрэг бүртгэлтийн эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр болсон гэм буруугийн асуудал хэлэлцсэн шүүх хуралдаанд оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирол төлөх зорилгоор ажлын тав хоногийн завсарлага хүссэнийг шүүх хүлээн авч хангасан боловч түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, хохирол төлөх боломжоор хангаж өгөхийг хүссэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээж авалгүйгээр “... шүүх гэм буруутайд тооцсон тул...” гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр шүүх хуралдаан үргэлжилж эхлэх хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ нь хохирол төлөх ажиллагааг ихэд хүндрүүлсэн хэдий ч шүүгдэгчийн гэр бүл нь хохирлын 40.800.000 төгрөгийг завсарлагын хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Б.Нт бүрэн төлж барагдуулсан болно. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааны завсарлага дуусаж, шүүх хуралдаан үргэлжилсэн боловч прокурор Н.Пүрэвтогтох хэргийн материалтай танилцаагүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасанд, өмгөөлөгч миний бие улсын яллагчид хэргийн материалтай танилцах богино хугацааны завсарлага өгөөд, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт тавьсан хэдий ч, шүүх хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг завсарлуулж, 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаа, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг эхнээс нь явуулах зохицуулалтыг зөрчсөн шийдвэр гаргасан.

Шүүх шүүгдэгч Х.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзээгүй, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасныг авч үзээгүй, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасныг авч үзэлгүйгээр хорих ял оногдуулсан нь хэт хатуурхсан шийдвэр боллоо гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Аэд хохирол төлөх бололцоо олгохгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байж чадаагүй бөгөөд энэ нь түүнд хорих ял оногдуулахад нөлөөлсөн байж болох юм.

Х.А нь 54 настай, ам бүл 3, эхнэр,14 настай охины хамт амьдардаг, ач охин  Б.Бг /өнчин/ асран хамгаалж, халамжилдаг, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, хил хамгаалах байгууллагад офицер, заставын дарга, гаалийн байгууллагад гаалийн улсын байцаагч зэрэг ажлыг 18 жил хийж байгаад 2008 онд автын осолд орж, улмаар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан, одоо бөөрний нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг хүн юм. Эхнэр Ж.Наранцацралт нь Баянзүрх дүүргийн тойрогт нотариатчаар ажилладаг ба Х.А нь өөрийн байр болох Хан-уул дүүргийн Алтай хотхоны урд байрлах “Ривер стоун”-оос 9 км зайтай “”Шинэ зууны удирдагч” Ерөнхий боловсролын сургуульд 9 дүгээр ангид суралцдаг охиноо сургуульд нь хүргэх, авах, мөн ”Монгол оюу билэг” Ерөнхий боловсролын сургуулийн 4-р ангид суралцдаг ач охин Б.Бг сургуульд нь хүргэх, авах, нотариатчийн бичиг, техникийн ажилд туслах гээд байнгын ажилтай байдгийн чөлөө завсраар мал, мах, хүнсний зүйлийн бизнес хийдэг хүн юм. Х.Аийн бизнесийн жилийн орлого нь 6.000.000-15.000.000 төгрөг, гэр бүлийн сарын орлого нь 5.000.000-6.000.000 сая төгрөг байдаг ба үл хөдлөх эд хөрөнгөөр 2 орон сууц, гэр бүлийн хэрэгцээний газар бүртгэлтэй, өөрөөр хэлбэл өөрийн болон гэр бүлийн тогтмол орлоготой, өмч хөрөнгөтэй хүн болно. Х.Аийн ХААН банкин дахь 5720862505 данс нь одоо 7 414 449 төгрөг 50 мөнгөний үлдэгдэлтэй байна. Х.А нь Б.Нээс 40.000.000 төгрөг шилжиж орсноос 4 хоногийн дараа буюу 2022 оны 5 дугаар 23-ны өдөр Б.Нийн аав Д.Бд 1 ширхэг дунд гарын мана хөөрөг, 1 ширхэг дунд гарын хаш хөөрөг, нийт 2 хөөргийг барьцаалж 800.000 төгрөг бэлнээр авсан байдаг. Х.А энэ 800.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Нийн дансанд шилжүүлж, гэмт хэргийн хохирлоо төлсөн. Харин Д.Б 2 хөөргийг нь одоо хүртэл өгөөгүй X.А хохирч яваа ба энэ нь түүний 3.000.000 төгрөгөөс доошгүй үнэлгээтэй хөрөнгө юм. Х.А нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа ба түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдлыг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэх нь илүү оновчтой байсан гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Улсын яллагч нь шүүгдэгч Х.Аийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, гэр бүл, ахуй амьдрал, өмч хөрөнгө зэрэг хувийн байдлыг нь харгалзаад 12.000.000 төгрөгөөр торгох санал, дүгнэлт гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож байна. Өмгөөлөгч миний бие улсын яллагчийн саналыг ялын төрлийн хувьд дэмжсэн ч хэмжээний хувьд багасгаж, 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож өгөхийг шүүхэд хүссэн боловч шүүх эдгээр санал, дүгнэлтэд ул суурьтай дүгнэлт хийхгүйгээр, шүүгдэгч Х.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний санхүүгийн эх үүсвэр, цалин орлогыг тодорхойлсон баримтгүй, торгох ялыг сонгон хэрэглэх нь зохимжгүй, шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй гэж түүний бизнес, гэр бүлийн төлөө хийж буй ажил, өөрийнх нь болон гэр бүлийн орлого, өөрийнх нь өмч хөрөнгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй, хувийн байдлыг дутуу тодорхойлж хорих ял оноосон нь шударга, үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй гэж үзэж гомдол гаргалаа. Иймд шүүгдэгч Х.Аэд 1 жилийн хорих ял оногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/605 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Аэд торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь миний нас, биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна. Өмгөөлөгч Г.Бадамхандын гаргасан гомдол, тайлбарыг дэмжиж оролцож байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлж чадна. ...” гэв.

Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.Аэд холбогдох Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хяналт тавьж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн материал болон давж заалдах гомдолтой бүрэн танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж заасан зарчмын дагуу анхан шатны шүүх хуралдаан явагдсан. Шүүгдэгч Х.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд явагдаагүй. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх асуудал шүүхэд үүрэг болгосон заалт биш тул энэ талаар анхан шатны шүүх авч хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж ойлгосон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Аэд 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах тухай санал гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог гэж үзэж байна. Хохирогчийн зөрчигдсөн эрх шүүхийн шатанд 40.800.000 төгрөгийн хохирол, төлбөр төлөгдсөн байна гэж ойлгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул торгох ялыг шүүгдэгчид оногдуулахгүй байх үндэслэл, бусад хүний эрх, ашгийг хөндөхгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн зорилгыг тодорхойлсон. Гэмт хэрэг үйлдсэн хүн цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх сэргээх хохирол нөхөн төлүүлэх зорилготой байдаг. Шүүгдэгч Х.А нь хохирол, төлбөрийг бүрэн төлж, барагдуулсан. Мөн шүүхийн шатнаас түүнд тодорхой хэмжээний цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд хоригдож байх хугацаандаа өөрийн гэм буруудаа дүгнэлт хийж, гэмшиж байгаа гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. ...” гэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Х.А нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Баян-Өлгийгөөс ачуулсан будаагаа зарж борлуулаад 10 хоногийн дараа өгнө, ашгаа хуваана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Нийг төөрөгдөлд оруулж, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 25 дугаар байрны 161 тоотод байрлах гэрээсээ шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкин дахь 5720862505 тоот дансанд авч залилсан, мөн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 800.000 төгрөгийг зээл нэрийдлээр хуурч авч залилсан, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж нийт 40.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Н нь “...А гэгч залуу надад хандаж “ах нь Баян-Өлгий аймгаас будаа ачуулах гэж байгаа юм. Одоо надад 40.000.000 төгрөг хэрэг болоод байна, хүү нь хэдэн хувь байсан ч хамаагүй” гэхээр нь надад одоо 40.000.000 төгрөг байхгүй гэж хэлсэн. ...А гэгч нь миний утас руу удаа дараа залгаад “14 цагаас өмнө яаралтай олоод өгөөч мөнгийг нь гүйцээгээд хийчихвэл будаагаа ачуулах гээд байна” гэж хэлэхээр нь 40.000.000 төгрөгийг өөрийн данснаас Аийн Хаан банкны 5720862505 тоот данс руу шилжүүлсэн. А над руу залгаад “ёстой их баярлалаа. Би 10 хоногийн дараа аавд чинь ашиг өгөөд чиний мөнгийг эргүүлж өгнө” гэж амлалт өгсөн. Би А гэх хүнийг огт танихгүй. Харин миний эцэг Б надад А нь манай нутгийн ёстой дажгүй хүн гэж хэлж байсан. Би маш их гомдолтой байна. Энэ асуудлаас болоод сэтгэл санаа болон санхүүгээр маш их хохирч байна. Би 40.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...Анх мөнгө авахдаа 2 ширхэг хөөрөг хадгалуулаад миний итгэлийг олж авсан. ...” /хх 9-12, 13/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 35-36/, хохирол төлсөн баримт /хх 83/,

гэрч Д.Бгийн “...Би А гэдэг хүнийг Говь-Алтай аймгийн Алтай суманд заставын дарга хийж байх үеэс мэддэг болсон. А нь над руу ярьдаг байсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин Н дээр очоод Аээр өөрөөр нь хийх гэж байгаа бизнессийнх нь талаар яриулсан. ...А нь одоог хүртэл Нээс авсан 40.000.000 төгрөгийг өгөөгүй бөгөөд “удахгүй өгнө, мөнгө бүтсэн” гэсээр байгаад өдийг хүрсэн. ...А нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр надаас 800.000 төгрөг авсан. Уг мөнгийг ба миний охин Нээс авсан мөнгөтэй хамт эргүүлж төлнө гэж хэлсэн. Миний охин уг хэрэгт 40.000.000 төгрөг нэхэмжилж байгаа учраас би давхар 800.000 төгрөг нэхэмжилнэ. Миний өмнөөс 800.000 төгрөгийг нэхэмжлээд явахад надад татгалзах зүйлгүй. ...” /хх 14-15/,

гэрч П.Бын “...Н нь 2022 оны 5 дугаар сарын 18, 19-ний өдөр “40.000.000 төгрөг байна уу” гэхээр нь зөвшөөрсөн ба гэрээс ирээд бэлнээр аваад явсан. Түүнээс хойш одоог хүртэл өгөөгүй байна. Харин сүүлд сонсоод байхад нэг хүнд залилуулсан гэж сонссон. ...Н надаас авсан учраас өөрөө надад мөнгөө өгөх ёстой. Бид нар найз, гэр бүлийн харилцаатай учраас өөрсдөө зохицуулаад авчих болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 22-23/,

яллагдагч Х.Аийн “...Нтэй уулзаад “будаа болон махны бизнесс хийх гэж байгаа тул 40.000.000 төгрөгийн хэрэгцээ байна” гээд ярьсан чинь Н нь надад “уг 40.000.000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлье” гээд 14 хоногийн дотор 48.000.000 төгрөг болгож өгнө гэж тохиролцоонд хүрсэн. Бас “40.000.000 төгрөг авч байгаа юм чинь 2 ширхэг хөөрөг үлдээе” гэж хэлээд Нт өгөх гэсэн боловч миний аав Бд өгчих гэж хэлсний дагуу хаш, мана гэсэн 2 ширхэг хөөрөг үлдээсэн. Би Нээс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Хаан банкны 5720862505 тоот дансанд 40.000.000 төгрөг аваад уг мөнгийг тэр дор нь хүнд 34.000.000 төгрөгийн өртэй байсан учраас шууд шилжүүлээд үлдэгдэл 6.000.000 төгрөгийг Дорнод аймаг руу 2 хоног Б ахтай явахдаа буудал, бензин, шатахуун, мөн хувийн хэрэглээндээ хэрэглэж дуусгасан. ...Надад мөнгө орж ирэх байсан учраас эргүүлээд төлнө гэж бодоод үрчихсэн юм. Одоогийн байдлаар мөнгөний эх үүсвэр орж ирсэн зүйл байхгүй. Удахгүй энэ ажил бүтэхээр хохирол мөнгийг тэр даруй төлж барагдуулах болно. Нээс авсан 40.000.000 төгрөгийг хувийн хэрэглээндээ зарцуулаад өөр газраас мөнгө орж ирэхээр нь бизнесс хийнэ гэж бодож байсан юм. ...” /хх 29-30, 31-32/ гэсэн мэдүүлгүүд зэргээр давхар нотлогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Аийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, Х.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж хуульчилсан байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад буюу гэм буруугийн хуралдааны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирол төлөхөөр завсарлага авч, энэ хугацаанд хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх ба мөн шүүгдэгч Х.Аийн хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох буюу 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 975.000 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хэмжээг 3.025.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 3.025.000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Х.Аийг нэн даруй суллах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. ...” гэж хуульчилсан.  

Анхан шатны шүүхээс Х.Аэд холбогдох хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зарлан хуралдуулсан бөгөөд уг шүүх хуралдаанд прокурор Ц.Гэрэлчимэг томилолтоор оролцож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авч хуралдааныг завсарлуулан 2022/ШЗ/1499 дугаартай шүүгчийн захирамж гаргасан байна.

Үүний дараа 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд прокурор Н.Пүрэвтогтох томилогдон оролцсон байх бөгөөд прокуророос хуульд заасны дагуу хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2022/ШЗ/1538 дугаартай шүүгчийн захирамж гарган шийдвэрлэжээ.

Мөн хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр үргэлжлүүлсэн байх бөгөөд энэ хуралдаанд прокурор Н.Нямдорж томилогдон оролцож 2022/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоол гарсан байна. 

Гэвч анхан шатны шүүхээс эдгээр эрхийн акт буюу шүүгчийн захирамж болгонд шүүх хуралдааны тэмдэглэл гаргалгүй, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд 605 дугаартай нэг хурлын тэмдэглэл гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн, уг хугацаанд 3 прокурор томилогдон оролцсон байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах ба тэдгээрт хавтаст хэргийн материал танилцуулна. Хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг тэдний хүсэлтийг харгалзан шүүх тогтооно. ...” гэж заасан хуулийн заалтад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Гэвч 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 65 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 975.000 төгрөгөөр хасаж тооцон, шүүгдэгч Х.Аэд оногдуулсан торгох ялын хэмжээг 3.025.000 төгрөгөөр тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Х.Аэд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 3.025.000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Х.Аийг нэн даруй сулласугай. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ