| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03719/И |
| Дугаар | 182/ШШ2024/04141 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/04141
2024 10 09 182/ШШ2024/04141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ байр, ХХ давхар ХХ тоотод байрлах А ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ гудамж, ХХ төвд байрлах Э ХК -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэлт ажлын төлбөр 48,394,842 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан нэмэлт ажлын төлбөр 48,394,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Манай компани Э ХК-ийн зарласан Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерт шалгаран, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ЭТТ-2021/501 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж улмаар тус гэрээнд 1 заасан ажлын даалгаврын дагуух зөвлөх үйлчилгээний ажлыг захиалагчийн хүсэл, зорилготой уялдуулан хийж эхэлсэн бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эхний шатны ажил болох эскиз зургаа тохиролцсоны дагуу хугацаандаа хийж дуусган баталгаажуулахаар хүлээлгэн өгсөн.
ЭТТ ХК-ийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хурал болон 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн 06/1664 дугаартай албан тоотоороо Цогтцэций дэх салбар байгууллага нь анх төлөвлөж тооцоолсноос хүн хүчний хувьд нэмэгдсэн тул анх гэрээнд заасан 2 давхар 1873 м.кв талбай бүхий ажлын цар хүрээ хүчин чадлыг 3 давхар 2615 м2 талбай болгон томсгож, нэмж өөрчлөн төлөвлөж өгөхийг хүссэн. Энэ нь бидний хооронд тохиролцон байгуулсан гэрээнд заагдсан ажлын цар хүрээнээс бага зэрэг илүү гарч, санхүү мөнгө, цаг хугацаа, хөдөлмөрийн зардлын хувьд тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр байсан боловч манай компанийн зүгээс өөрсдийн эрх мэдэл, нөөц бололцоогоо харгалзан, үнэгүй нэмж хийж өгөхөөр болсон. Ийнхүү тохиролцсоныхоо дагуу тус бага зэргийн нэмэлт ажлаа өөрчлөн хийж эхний шатны ажлаа 2 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 57 тоот албан бичгээр ЭТТ ХК-д хүргүүлэн баталгаажуулж, эрх бүхий байгууллагуудаар хянуулан, батлуулж 3, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүрэн дуусган хүлээлгэж өгч, эхний ажлын гүйцэтгэлийн 30 хувийн санхүүжилтээ авч, улмаар дараагийн шатны ажил болох ажлын зургийг эхлүүлсэн. Ийнхүү дараагийн шатны ажлын зургийн гүйцэтгэл 80 хувьтай явж байтал манай компанийн зүгээс шалтгаалаагүй асуудал үүсэж, дуусах дөхөж байсан ажлын зурагтаа өөрчлөлт оруулах шаардлагатай болж түүнээс үүдэн ЭТТ ХК гэрээний хугацаагаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЭТТ-2021/501-01 тоот нэмэлт өөрчлөлтөөр сунгасан байдаг.
Удалгүй 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хурал хийсэн бөгөөд тус хурлаар ЭТТ ХК-ны Гүйцэтгэх захирал Ц.Гийн саналаар, Барилга, дэд бүтцийн газрын дарга Ж.А нь энэхүү ажлыг нэгэнт эхлүүлэн хийж байгаагийнх нэг мөр маш гоё зүйл хиймээр байна. Тиймээс одоогийн хийж байгаа ажлаа нэг мөр өөрчилж Олон улсын жишигт нийцсэн 800-1000 хүний багтаамжтай спорт заал бүхий хүчин чадал, цар хүрээгээ 2 дахин нэмэгдүүлсэн спорт цогцолборын барилга мөн усан бассейн нэмж төлөвлөн шинэчлэх саналтай байгаагаа илэрхийлэхэд нь манай компанийн зүгээс "Өмнөх эскиз зурагт оруулсан бага хэмжээний өөрчлөлтийг бид ажлын даалгаварт өөрчлөлт орохооргүй хэмжээний байсан учир үнэ төлбөргүй хийж өгсөн. Энэ удаагийн өөрчлөлт нь бүхлээрээ өөрчлөгдөж, шинэчлэгдэн цар хүрээ, хүчин чадлын хувьд 2 дахин нэмэгдэж томрох болохоор мэдээж ажлын даалгаварт өөрчлөлт орно ингээд ажлын даалгаврын цар хүрээ томрохоор буюу бидний хийгдэх ажлын хэмжээ нэмэгдэж өөрчлөгдөхөөр, дагаад үнэ нэмэгдэж өөрчлөгдөнө мөн нэмэлт хугацаа шаардлагатай болно. Иймд эдгээр асуудлыг шийдэхгүйгээр бидний зүгээс саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд тус асуудлуудаа 2 талаасаа хэлэлцэн, зөвшилцөж, тохиролцсоны үндсэн дээр бид ЭТТ ХК-ийн шинээр өөрчлөн хийх нэмэлт ажлын саналыг хүлээн авч, ЭТТ ХК-ний зүгээс дараах зүйлсийг зөвшөөрсөн байдаг.
1. Гэрээний хавсралт-1-д заасан зургийн даалгавраа шинэчилж, цар хүрээ, хүчин чадлаа нэмэгдүүлэн, томсгож, өөрчлөх;
2. Үнийн санал явуулснаар, санхүүжилт шийдвэрлэж, нэмэлт ажлын
үнийг төлөх;
3. Нэмэлт ажил гүйцэтгэх хугацааг тохиролцон тухайн үед нь сунгах; талаар харилцан тохиролцсон.
Ингээд манай компанийг нэн тэргүүний ээлжид үнийн саналаа явуулаарай гэсний дагуу бид 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үнийн саналаа бодож явуулсан, түүнээс хойш хариу өгөхгүй 1 сар гаран болсон нь бидний ажилд зогсонги байдал үүсгээд байсан тул бид арга хэмжээ авах шаардлагатай болж, ЭТТ ХК-д хандан Өмнөх ажил бүрэн зогссон байгаа тул тохиролцсон ёсоор шинээр өөрчлөн хийх ажлаа эхлүүлэхээ илэрхийлэн, ажил эхлүүлэхэд шаардлагатай зүйлсээ шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн байдаг.
Дээрх албан бичгийн хариу 2022 оны 03 дугаар сарын 07-нд ирсэн бөгөөд түүнд ажлын даалгавраа боловсруулан хавсаргаж явуулсан удахгүй гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулахаа илэрхийлэхэд нь бид ажлын даалгаврын дагуу ажлаа эхлүүлсэн байдаг. 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр албан ёсоор шинэчлэн боловсруулсан ажлын даалгавраа гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж манай компанид өгсөн ба бид шинэчилсэн ажлын даалгаварт тусгагдсан цар хүрээ болон талбайн хэмжээг үндэслэн үнээ нарийвчлан тооцож үнийн саналаа явуулсан бөгөөд мөн тус шинэ ажлын даалгаврын дагуу ажлаа үргэлжлүүлэн хийж байсан ба байнга ажлын явцаа тухай бүрдээ тайлагнаж, мөн л захиалагчийнхаа хүсэл зорилготой уялдуулан төлөвлөн хийж гүйцэтгэсээр 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЭТТ ХК-аар нэмэлт ажлын эскиз зураг буюу шинэ загвар зургаа баталгаажуулахаар хүргүүлсэн ба 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эрх бүхий байгууллагуудаар батлуулан эхний ажлаа бүрэн дуусган дараагийн шатны ажлаа эхэлсэн байдаг. Тухайн нэмэлт өөрчлөлтийн ажилтай холбоотой гэрээний хугацаа сунгах асуудал болон санхүүжилтийн асуудлаа шийдэж өгөхийг удаа дараа сануулан албан тоот явуулж байсан ба удахгүй гэрээнд өөрчлөлт оруулж шийдэж өгнө ажлаа явуулж байгаараа гэсэн хариу өгсөөр байсан. Ийнхүү бидний хувьд анхны санхүүжилт авснаас хойш нэг ч төлбөр авалгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн нь манай туслан гүйцэтгэгч байгууллагуудад давхар асуудал үүсэж эхэлсэн ба энэ тухайгаа удаа дараа утсаар болон уулзалтаар мөн албан тоотоор ЭТТ ХК-д мэдэгдэж байсан. 8 Ийнхүү шинэчлэн томсгон өөрчилж хийлгүүлж байсан ажлыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар гэнэт болиулж / эскиз зураг 100 хувь, ажлын зураг 30 хувийн гүйцэтгэлтэй байсан/, анхны хийж байсан ажлын даалгаврын дагуу тухайн зогсоосон анхны хувилбарыг үргэлжлүүлэх болсон гэнэтийн шийдвэрийг бидэнд мэдэгдэж, бидний хийж байсан ажил болоод зарцуулсан хөдөлмөр, хөлс, цаг хугацааг үл тоон тохиролцож хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд маш хариуцлагагүй үйлдэл гаргасан.
Энэ нь манай компанийн хувьд бидний хийсэн ажлыг үнэгүйдүүлсэнд гомдолтой байсан хэдий ч нэгэнт эхэлсэн ажлаа ямар нэгэн байдлаар хийж дуусган өгөхийг чухалчилсан бөгөөд тус ажлаа дуусгасны дараа нэмэлт хийсэн ажлын төлбөрөө нэхэмжлэхээр орхисон. Бид нэмэлт хийсэн ажлын үнийг нарийвчлан бодож дэлгэрэнгүй задаргааг нь явуулсан байдаг. 10/Дээрх үнийг бодохдоо барилгын зураг төслийн жишиг үнээр бодов.
Ингээд бид шинээр хийж байсан өөрчлөлтөө зогсоож, анхны хийж байгаад зогсоосон ажлаа үргэлжлүүлэн хийж дуусган хүлээлгэн өгч, түүний дагуу тохиролцсон хөлсөө авч дууссан. Ийнхүү тохиролцсон ажлаа хийж дуусгасны дараа бид өөрсдөд учирсан асуудлаа шийдүүлэхийн тулд нэмэлт ажлын төлбөрөө ЭТТ ХК-аас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр албан тоотоор нэхэмжилсэн боловч тухайн үед ЭТТ ХК нь улс орныг хамарсан нүүрсний асуудалтай холбоотойгоор дотооддоо байгууллагын бүтэц зохион байгуулалт хийж, удирдлагууд нь солигдсон байсан бөгөөд бидэнд хариу өгөлгүй удсан юм. Бид аливаа асуудлыг аль болох хүлээцтэй ухаалаг байдлаар боломжит нөхцөл байдлаар шийдэхийг оролдсоор Ирсэн ба тус асуудлаа шийдүүлэхээр нэхэмжилсэн албан тоотын хариу ирэхгүй удсан тул дахин 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин сануулан улс орныг хамарч дотооддоо асуудалтай байгааг нь харгалзан нэлээн удаан хугацаанд тэвчээртэйгээр хүлээцтэй хүлээсэн тухайгаа дурдсан албан тоот явуулахад удалгүй хариу ирж бидэнд нотлох баримт, ажлын даалгаварт оруулсан нэмэлт өөрчлөлтөө ирүүлнэ үү гэсний дагуу утсаар хариу холбогдож, хурлаар бүх баримтаа авч очин танилцуулах хүсэлтээ илэрхийлэн уулзалт товлон, ЭТТ ХК-ийн хуулийн хэлтсээс 2 мэргэжилтэн, барилгын хэлтсээс 2 мэргэжилтэн, манай компанийн 1 менежер хоорондоо тус нэмэлт ажлын төлбөрийн асуудлаар уулзалт хийсэн боловч санхүүжилт шийдэх боломжгүй тухайгаа илэрхийлсэн нь бидний төсөлд зарцуулсан цаг хугацаа, хөдөлмөр сэтгэлийг үл ойшоон нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлыг харсаар мэдсээр байж ийм хариу өгсөнд бид маш их гомдолтой байна.
Ийнхүү бид тухайн нэмэлт ажлын төлбөр гаргуулах асуудлаа ЭТТ ХК-тай хийсэн уулзалт зөвлөгөөнөөр шийдэж чадаагүй тул шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрлээ. Бид ямар ч үндэслэлгүй зүйл шаардаагүй бөгөөд бидэнд цаг хугацааны алдагдалд маш их байсан боловч зөвхөн шинээр нэмж өөрчлөн хийж, дуусган батлуулсан эскиз зургийн гүйцэтгэлийн төлбөр 48 394 842,00 төгрөгийг ЭТТ ХК-аас гаргуулахыг хүссэн. Иймд манай компанийн шинээр нэмж хийсэн эскиз зургийн гүйцэтгэлийн төлбөр 48 394 842,00 төгрөгийг ЭТТ ХК-аас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, биднийг хохиролгүй болгуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Э ХК-ийн зүгээс спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах үйлчилгээ үзүүлэх нээлттэй тендер сонгон шалгаруулалтын зарласан бөгөөд уг тендерт А ХХК шалгарсан.
А ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ЭТТ-2021/501 дугаартай "Э ХК-ийн спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах гэрээ-г байгуулсан. Гэрээ байгуулагдсаны дараа ЭТТ-2021/501 дугаартай гэрээнд 4 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөөр А ХХК-ийн ажил гүйцэтгэх хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
ЭТТ-2021/501 дугаартай Үндсэн гэрээ болон нэмэлт, өөрчлөлтүүдийг Э ХК болон А ХХК-ийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж, дээрх гэрээний үүргийг дуусгавар болгосон. Гэрээ дүгнэсэн актаар ЭТТ-2021/501 дугаартай Үндсэн гэрээгээр тохирсон 176,013,371 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн Талуудын хүлээсэн үүрэг дуусгавар болсныг баталгаажуулсан.
ЭТТ-2021/501 дугаартай ""Э" ХК-ийн спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах гэрээ"" нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийн үндэслэн хийгдсэн.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Э ХК нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, байгуулагдсан гэрээнд заасан төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Талуудын гэрээгээр тохиролцсон үүрэг дуусгавар болсныг баталгаажуулан гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.
Нэхэмжлэлдээ ... 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хурал хийсэн тус хурлаар ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Г-ийн саналаар, Барилга, дэд бүтцийн газрын дарга Ж.А нь энэхүү ажлыг нэгэнт эхлүүлэн хий байгаагийнх нэг мөр маш гоё зүйл хиймээр байна .... манай компанийг нэн тэргүүний ээлжид үнийн саналаа явуулаарай гэсний дагуу бид 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үнийн саналаа бодож явуулсан ..." гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуульд заасны дагуу манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу Гүйцэтгэх захирал, компанийн эрх бүхий албан тушаалтны зүгээс аливаа компанид шууд санал тавьж ажил гүйцэтгүүлэх хууль эрх зүйн боломжгүй.
Учир нь, Э ХК нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бөгөөд манай компанийн үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.2-т заасны дагуу тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, шалгарсан этгээд гэрээ байгуулан ажилладаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн дагуу өөрийн үндсэн ажлаа гүйцэтгэсний дараа уг төсөв өртөгт багтаагүй ажил гарсан тохиолдолд нэмэлт, ажлын гэрээ байгуулах хууль зүйн боломжтой.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийг зөрчиж ажил гүйцэтгэсэн нэмэлт ажлын төлбөрийг манай компаниас нэхэмжилж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн, Иргэний хуульд заасан гэрээ байгуулах санал хүргүүлсэн гэх боломжгүй буюу Компанийн тухай хуульд заасны дагуу манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирлаас санал хүргүүлээгүй, тендерийн хуульд заасны дагуу ажил гүйцэтгээгүй.
Компанийн зүгээс Уурхайн шинэ кемпийг үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах хиймэл нуурын ажлыг будсаар гүйцэтгүүлэх талаар шийдвэр гаргаагүй байхад ямар шалтгааны улмаас нэхэмжлэлд дурдсан этгээдүүдтэй хурал хийж уг ажлыг гүйцэтгэх болсон нь ойлгомжгүй төдийгүй холбогдох албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож ажил гүйцэтгэчхээд уг ажлыг хуулийн дагуу гүйцэтгэсэн гэж нэхэмжлэл гаргаж байгаа өөрөө хуулийн үндэслэлгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор "Э ХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад 2024 оны 06 дугаар сарыг хүртэл ажилласан.
Иймд нэхэмжлэгчийн нэмэлт ажлын төлбөр 48,394,842 төгрөгийг гаруулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Итгэмжлэл /хх-8/, Б.Хосбаярын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9/, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЭТТ-2021/501 дугаартай гэрээ /хх-10-19/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЭТТ-2021/501-01 дугаартай ЭТТ-2021/501 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-20/, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2021/501-02 дугаартай ЭТТ-2021/501 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-21/, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЭТТ-2021/501-03 дугаартай ЭТТ-2021/501-03 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-22/, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ЭТТ-2021/501 дугаартай Э ХК-ийн Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах ажлын явцын тухай хурлын хэлцэл /хх-23/, А ХХК-ийн дүрэм /хх-24-27/, А ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай Загвар зураг хүргүүлэх тухай албан бичиг /хх-28/, Э ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 06/1664 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг /хх-29/, А ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаартай Загвар зураг хүргүүлэх тухай албан бичиг /хх-30/, А ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 69 дугаартай Загвар зураг хүргүүлэх тухай албан бичиг /хх-31/, Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 06/2359 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг /хх-32/, А ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-33/, А ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг /хх-34/, А ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай Зураг төслийн өөрчлөлтийн ажлыг эхлүүлэх тухай албан бичиг /хх-35/, Э ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/414 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-36/, А ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-37/, А ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг /хх-38/, А ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаартай Ажлын явцын тухай албан бичиг /хх-39/, А ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 41 дугаартай Загвар зураг хүргүүлэх тухай Загвар зураг хүргүүлэх тухай албан бичиг /хх-40/, А ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаартай Загвар зураг батлуулах тухай албан бичиг /хх-41/, А ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай Гэрээний хугацаа сунгах тухай албан бичиг /хх-42/, А ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай Гэрээний хугацаа сунгах хүсэлтийн тодруулга албан бичиг /хх-43-45/, А ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай Гэрээний хугацаа сунгах хүсэлтийн тухай албан бичиг /хх-46-47/, Э ХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07/1495 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-48/, А ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаартай Загвар зургийн үнийн задаргаа албан бичиг /хх-49/, А ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаартай Нэмэлт ажлын санхүүжилт шийдвэрлэх тухай албан бичиг /хх-50-51/, Э ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/240 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-52/, Э ХК-ийн Спорт цогцолбор, агуулах, хашаа, харуулын барилга, спортын талбайн загвар зураг /Хавсралт-1/ зэрэг баримтуудыг,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/1141 дугаартай Итгэмжлэл /хх-57/, А ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай Үнийн хөнгөлөлтийн тухай албан бичиг /хх-90/, А ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай Мэдээлэл, материал авах тухай албан бичиг /хх-91/, А ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай Загвар зураг хүргүүлэх тухай албан бичиг /хх-92/, Э ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 06/1664 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг /хх-93/, А ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаартай Загвар зураг хүргүүлэх тухай албан бичиг /хх-94/, А ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаартай Загвар зураг батлуулах тухай албан бичиг /хх-95/, А ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 69 дугаартай Загвар зураг хүргүүлэх тухай албан бичиг /хх-96/, Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 06/2276 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-97/, Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 06/2359 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг /хх-98/, А ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-99/, А ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай Зураг төслийн өөрчлөлтийн ажлыг эхлүүлэх тухай албан бичиг /хх-100/, Э ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/414 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-101/, А ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-102/, А ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг /хх-103/, А ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаартай Ажлын явцын тухай албан бичиг /хх-104/, А ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай Техникийн нөхцөл хүсэх тухай албан бичиг /хх-105/, А ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай Гэрээний хугацаа сунгах тухай албан бичиг /хх-106/, А ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай Гэрээний хугацаа сунгах хүсэлтийн тодруулга албан бичиг /хх-107-108/, А ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаартай Агаар сэлгэлт ачааллын тухай албан бичиг /хх-109/, А ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай Гэрээний хугацаа сунгах хүсэлтийн тухай албан бичиг /хх-110-111/, Э ХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 07/1563 дугаартай Техникийн нөхцөл хүсэх тухай албан бичиг /хх-112/, Э ХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/2011 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-113/, А ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 77 дугаартай Зураг төслийн үнийн задаргаа албан бичиг /хх-114/, А ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаартай Нэмэлт ажлын санхүүжилт шийдвэрлэх тухай албан бичиг /хх-115-116/, А ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай албан бичиг /хх-117/, Э ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/240 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-118/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЭТТ-2021/501 дугаартай Э ХК-ийн Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах ажлын явцын тухай хурлын хэлцэл /хх-119-121, / 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын даалгавар /хх-122-128/, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлын даалгавар /хх-129-130/, 2022 оны 03 дугаар сарын 31-ний ЭТТ-2021/501-02 тоот гэрээ /хх-131/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЭТТ-2021/501-01 тоот гэрээ /хх-132/, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЭТТ-2021/501-03 тоот гэрээ /хх-135/, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №22/03 дугаартай хэлцэл /хх-136/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ЭТТ-2021/501-04 гэрээ /хх-137-138/, А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай Гэрээний хугацааны тухай албан бичиг /хх-139/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22/89 дугаартай Зөвшөөрөл хүсэх тухай дотоод албан бичиг /хх-140/, Ажлын явцын гүйцэтгэлийн тайлан /хх-141-148/, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЭТТ-2021/501 тоот гэрээ /хх-149-157/, Э ХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12/1226 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг /хх-158-173/, А ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай Үнийн хөнгөлөлтийн тухай албан бичиг /хх-174-175/, гэрээ дүгнэсэн акт /хх-187-190/ зэрэг баримтыг тус тус гаргаж өгсөн байна.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э ХК-д холбогдуулан нэмэлт ажлын төлбөр 48,394,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Бид 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тендерт шалгарч анхны ЭТТ-2021/501 тоот Э ХК-ийн спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулаханхны гэрээгээ байгуулсан. Энэ нь эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал н.Г нь өөрөө баталсан байдаг. Үүний дараа 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2021/501-02 тоот гэрээнд 2 дахин нэмэгдүүлсэн ажлын даалгавраа хавсаргаж цуг нэмэлт өөрчлөлт болгон баталж өгсөн. Гэтэл шинэчлэн томсгон өөрчилж хийлгүүлж байсан ажлыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар гэнэт болиулж, анхны хийж байсан ажлын даалгаврын дагуу тухайн зогсоосон анхны хувилбарыг үргэлжлүүлэх болсон гэнэтийн шийдвэрийг бидэнд мэдэгдсэн. Бидний зүгээс хийж байсан ажил болоод зарцуулсан хөдөлмөр, хөлс, цаг хугацааг үл тоон, тохиролцсон үүргээ зөрчсөнд гомдолтой байна. Иймд бидэнд цаг хугацааны алдагдал маш их байсан боловч зөвхөн шинээр нэмж өөрчлөн хийж, дуусган батлуулсан эскиз зургийн гүйцэтгэлийн төлбөр 48,394,842 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...Э ХК-ийн зүгээс 2021 оны үндсэн гэрээ болон нэмэлт өөрчлөлт хийх талаарх гэрээ дүгнэсэн актыг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дээрх гэрээний үүрэг болон төлбөр үүргийн харилцааг дуусгавар болгосон. Гэрээ дүгнэсэн акт нь үндсэн гэрээгээр тохирсон 176,013,370 төгрөгийг шилжүүлж талуудын хүлээсэн үүрэг дуусгавар болсныг баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн нэмэлт ажлын төлбөрт шаардаж байгаа 48,394,842 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 4 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр ямар ч үнийн дүнг нэмэгдүүлсэн нэмэлт өөрчлөлт хийгээгүй. Хариуцагчаас төлөх ёстой байсан мөнгөө Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу төлсөн гэж маргаж байна.
3. Нэхэмжлэгч А, хариуцагч Э ХК нар нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ЭТТ-5021/501 дугаартай Э ХК-ийн спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах гэрээ-г байгуулж, нэхэмжлэгч А ХХК нь Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах үйлчилгээг үзүүлэх, хариуцагч Э ХК нь 176,013,371 төгрөгийн үйлчилгээний хөлс төлөхөөр тус тус тохиролцжээ.
Дээрхээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Талууд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЭТТ-2021/501-01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ/хх-20/-ээр Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06/2359 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг, А ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус үндэслэн Үндсэн гэрээний 2.1 болон 2.2 дахь хэсэгт заасан хугацааг сунгаж,
2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЭТТ-2021/501-02 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ /хх-21/-ээр Э ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/414 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, А ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус үндэслэн Үндсэн гэрээний ажлын даалгаврыг өөрчилж байгаатай холбогдуулан ажлын даалгаврыг шинэчлэн баталж, мөн гэрээний 2.1 болон 2.2 дахь хэсэгт заасан хугацааг сунгаж,
2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЭТТ-2021/501-03 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ /хх-22/-ээр А ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай Гэрээний хугацаа сунгах тухай албан бичиг, А ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай Гэрээний хугацаа сунгах хүсэлтийн тодруулга албан бичиг, А ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай Гэрээний хугацаа сунгах хүсэлтийн тухай албан бичгийг тус тус үндэслэн ЭТТ-2021/501-01 тоот нэмэлт гэрээний 1.1 болон 1.2 дахь хэсэгт заасан хугацааг сунгаж,
2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ЭТТ-2021/501-04 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ /хх-137/-ээр А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай Гэрээний хугацааны тухай албан бичиг, Э ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22/89 дугаартай Зөвшөөрөл хүсэх тухай дотоод албан бичгийг үндэслэн ЭТТ-2021/501-01 тоот нэмэлт гэрээний 1.1 болон 1.2 дахь хэсэгт заасан хугацааг сунгаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХК-ийн зүгээс тавьсан саналын дагуу нэмж өөрчлөн хийж, дуусган батлуулсан эскиз зургийн гүйцэтгэлийн төлбөр буюу нэмэлт зардлыг шаардаж байна гэж, хариуцагч нь гэрээг дүгнэж, гэрээгээр тохиролцсон хөлсийг төлсөн гэж талуудын хооронд маргаан үүсжээ.
Нэхэмжлэгч А ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай Гэрээний хугацаа сунгах хүсэлтийн тодруулга албан бичгээр ... 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/414 дугаартай албан бичгээр ирсэн шинэ ажлын даалгаврын хүрээнд боловсруулагдах спорт цогцолборын нэмэлт өөрчлөлт, авто зогсоол, үзэгчдийн хэсгийн саравч, нэмэлт хүзүүвч, харуулын байрны талбайн нэмэгдэл зэрэг ажлуудын зургийн үнийн зөрүү нэмэгдэл 115,000,000 төгрөгийн гэрээ одоог хүртэл хийгдэж баталгаажаагүй байна гэх, мөн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай Гэрээний хугацаа сунгах хүсэлтийн тухай албан бичгээр ... Бид энэ бүх хугацаанд дахин давтан хийсэн ажлын зардал, цаг хугацааны алдагдалд ороод байгаа бөгөөд шинэ зургийн даалгаврын дагуух загвар зургийн 100 хувь гүйцэтгэл /20,918,550 төгрөг/, ажлын зургийн 30 хувийн гүйцэтгэлийн /30,000,000 төгрөг/ төлбөрийг нөхөж олгоно уу. Энэ үед өмнөх 3 удаагийн өөрчлөлт болон авто зогсоол, тохижилтын өөрчлөлтийн зургийн төлбөр, бусад зардлууд, цаг хугацааны алдагдал зэрэг ороогүй болно гэж албан бичгийг хариуцагч Э ХК-д хүргүүлсэн байна.
Талууд дээрх албан бичгийг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хурал хийсэн байх бөгөөд тус хуралд Э ХК-ийн Төлөвлөлт, зураг төслийн хэлтсийн архитектор Ж.Мөнхбаяр, А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр нар байлцсан бөгөөд тус өдрийн 22/03 дугаар хурлын хэлцлээр Б.Хосбаяр нь ...за за. Нэмэлт санхүүжилт олгогдохгүй бол спорт цогцолборыг хуучин баталсан эскиз зургийн дагуу зурахад болно. Хугацаа хойшилно гэж үү хэмээн тохиролцож, тус хурлаас 1. Спорт заалны нэмэлт төсөв санхүүжилт олгогдохгүй боломжгүй. 2. Спорт цогцолборын зургийг хуучин батлагдсан эскиз зургийн хүрээнд үргэлжлүүлэн ахин ажлын графикийн дагуу хугацаандаа хийж дуусгах-аар шийдвэрлэжээ.
6. Мөн зохигчид 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж, тус актаар нэг талаас Э ХК, нөгөө талаас А ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/504 дугаартай Э ХК-ийн спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ЭТТ-2021/501-01 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/501-02 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ЭТТ-2021/501-03 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт болон 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ЭТТ-2021/501-04 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлтөөр талуудын хүлээсэн үүрэг дуусгавар болсонтой холбогдуулан талууд гэрээг дүгнэж, дуусгавар болгов.
Мөн Гэрээ дүгнэсэн актын 2.1-т гэрээний хугацаанд зөвлөх нь гэрээнд заасан ажлын даалгаврын дагуу барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, шаардлага аюулгүй байдлын шаардлага нийцсэн барилгын зураг төслийг хийж гүйцэтгэж, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2157/2022 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг Захиалагч хүлээн авсан болно, 2.2-т гэрээний хугацаанд захиалагч нь нийт 176,013,371 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний хэрэгжих хугацаанд зөвлөх үйлчилгээний хөлсөнд 105,608,022.6 төгрөг төлсөн болно, 2.3-т энэхүү гэрээг дүгнэсэн актыг баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор зөвлөх үйлчилгээний хөлсний үлдэгдэл 70,405,348.4 төгрөгийн төлбөрөөс гэрээнд заасан зөвлөх үйлчилгээг хугацаа хэтрүүлсэн 4 хоногийн алданги болох 1,408,107 төгрөгийг хасаж, 68,997,241.4 төгрөгийг Зөвлөхийн Голомт банкны 1801005422 тоот дансанд шилжүүлэхээр талууд тохиролцов, 3.1-т Талууд гэрээ дуусгавар болсныг үүгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү гэрээ дүгнэсэн актын талаар аливаа гомдол, нэхэмжлэл гаргах, маргаан гаргахгүй байхаар харилцан тохиролцов гэжээ.
Нэхэмжлэгч А ХХК нь гэрээ дүгнэсэн актын дагуу гэрээний хөлс бүрэн төлөгдсөн үйл баримтад маргаагүй болно.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр баталсан ЭТТ-2021/501-02 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтөд орсон шинэ ажлын загварын дагуу эскиз зургаа хийсэн нэмэлт ажлын төлбөр болох 48,394,842 төгрөгийг шаардаж байна. Мөн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22/03 дугаартай хурлын хэлцлээр нэмэлт санхүүжилт олгогдохгүй бол спорт цогцолборын хуучин баталсан эскиз зургийн дагуу зураад дуусгахыг зөвшөөрсөн нь нэмэлт ажлын төлбөрийг авахгүй гэж зөвшөөрсөн үг биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, талууд нэмэлт ажлын хөлсийг гэрээгээр тохиролцоогүй бөгөөд нэмэлт санхүүжилт олгогдох боломжгүй гэдгийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцэн тохиролцож, анхны ажлын даалгаврын дагуу зураг төслийг хийж гүйцэтгэхээр тохиролцож, хэлцэл үйлдэж баталгаажуулжээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ЭТТ-2021/501-02 дугаартай гэрээнд хийсэн ажлыг дүгнэсэн зүйл байхгүй. Зөвхөн гэрээний өөрчлөлтийг дүгнэсэн байна гэх тайлбар нь талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн Гэрээ дүгнэсэн актаар үгүйсгэгдэж байна.
Иймд нэхэмжлэгч А ХХК нь нэмэлт ажлын төлбөр 48,394,842 төгрөгийг шаардах эрхгүй байх тул хариуцагч Э ХК-д холбогдох нэмэлт ажлын төлбөр 48,394,842 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХК-д холбогдох нэмэлт ажлын төлбөр 48,394,842 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА