Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

 

                                       Б.Цолмонтуяад холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд 

 

Прокурор Э.Гантулга, шүүгдэгч Б.Цолмонтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Содномдорж, хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, О.Сарантуул, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, О.Сарантуул нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Б.Цолмонтуяад холбогдох 1815002830041 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Б.Ц

 

Шүүгдэгч Б.Цолмонтуяа нь Булган аймгийн Булган сумын нутагт 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дархан хангай дэлгүүрийн эзэмшилд байсан “АПУ”-ийн барааны үнэ болон урамшуулалтай бараа болох пивоны үнэ нийт 54,100,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас Б.Цолмонтуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Боржигон овогт Баттүвшингийн Цолмонтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Цолмонтуяаг 12600 /арван хоёр мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.600.000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмонтуяад оногдуулсан 12.600.000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Цолмонтуяад сануулж,

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Цолмонтуяа нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цолмонтуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Цолмонтуяагаас хохирлын үлдэгдэл 42.100.000 /дөчин хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Болормаад олгож,

Шүүгдэгч Б.Цолмонтуяагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж шийдвэрлэжээ.

 

  Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлын агуулга:

  1. “...Тус хэргийн хохирогчоор Л.Болормааг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогчоор Л. Болормааг тогтоохдоо Дархан хангай дэлгүүрийн эзэн Л.Болормаа гэж дүгнэлт хийсэн. Гэтэл энэхүү бусдын гарт алдсан гэх мөнгө нь “Ангийсдүв” ХХК болон “Орхон мандал” ХХК-ийн 2017.04.17 ны өдрийн 05 тоот Апу нэрийн барааг худалдах худалдан авах гэрээний дагуу зээлээр худалдан авсан падаан барааны үнийг “Орхон мандал” ХХК-ийн Л.Нарантуяа шаардсан байдаг. Би 2018.08.24-25 танайд маш их мөнгөний үлдэгдэлтэй байна. “АПУ” ХХК дансанд мөнгөө хийгээч  гэж хэлсэн чинь ..../ Үүний дагуу 2018.08.28 ны өдөр мөнгийг бэлэн болгох үед тухайн газарт ажиллаж байсан Б.Цолмонтуяа /байнга ирж мөнгө авдаг гэх/ ирж мөнгийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл Л.Болормаагийн хувийн мөнгийг аваагүй, гэрээний дагуу “Ангийсдүв” ХХК ийн “Орхон мандал” ХХК-ийн төлбөрт шилжүүлэхээр бэлдсэн бэлэн мөнгийг “Орхон мандал” ХХК-ийн Л.Нарантуяагийн зөвшөөрлөөр мөнгө авдаг байсан Б.Цолмонтуяа авсан байхад иргэн Л.Болормаа эсвэл Дархан хангай дэлгүүрийн эзэн гэх Л.Болормаад хамааралтай хувийн мөнгийг Б.Цолмонтуяад шилжүүлсэн мэт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2. “Орхон мандал” ХХК-ийн Л.Нарантуяагийн зөвшөөрлөөр Б.Цолмонтуяа мөнгө хүлээн авч тооцоо нийлдэг байсныг болиулсан байсан үүнийг Л.Болормаа мэдэж байсан гэх үйл баримтын тухайд хэрэгт нотлогдоогүй буюу нотлох баримтууд зөрүүтэй авагдсныг үндэслэн мөнгийг авах ёсгүй гэдгээ мэдэж байсан гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл “Ангийсдүв” ХХК болон түүний ажилтан нар яллагдагч Б.Цолмонтуяаг мөнгө авах ёсгүй этгээд гэдгийг мэдээгүй байсан, энэ талаар “Орхон Мандал” ХХК болон бусад этгээдүүд мэдэгдээгүй байсан талаарх нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа мөнгө авах ёсгүй этгээдэд мөнгийг өгсөн мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. “Орхон Мандал” ХХК-ийн мөнгийг хүлээн авах этгээд өөрчлөгдсөн талаарх мэдэгдлийг аман болон бичгээр “Ангийсдүв” ХХК-д хүргүүлээгүй болох нь гэрч Г.Ганчимэг, гэрч Б.Батцэцэг нарын мэдүүлэг, “АПУ” ХХК-ийн барааг худалдах худалдан авах гэрээт гэх, гэрч Гандолгорын мэдүүлгүүдээр болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Гэтэл мөнгө авах ёсгүй этгээдэд мөнгийг өгсөн мэт үзэж, хохирогч болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.     

3. “Орхон мандал” ХХК-ийн өөрийн ажилтан биш Б.Цолмонтуяаг удаа дараа мөнгө хүлээн авч тооцоог хийлгүүлэхээр явуулдаг байсан “Орхон мандал” ХХК-ийн хариуцлагагүй үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа хохирогчоор Л.Болормааг тогтоосон нь хуульзүйн үндэслэлгүй. “Орхон Мандал” ХХК-д мөнгө хүлээлгэн өгөх үүргээ “Ангийсдүв” ХХК зөрчөөгүй бөгөөд энэхүү мөнгө хүлээн авах асуудалд “Орхон мандал” ХХК-ийн хариуцлагагүй хандсан асуудлыг яллагдагч Б.Цолмонтуяа ашигласан эсэх, “Орхон Мандал” ХХК нь өөрийн ажилтан биш Б.Цолмонтуяагаар мөнгөний тооцоог хийлгүүлж байсан үйлдлээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо байгаа эсэх, “Орхон Мандал” ХХК нь өөрийн ажилтан биш Б.Цолмонтуяагаар мөнгөний тооцоог хийлгүүлж байсан хариуцлагагүй үйлдлээс болж “Орхон Мандал” ХХК өөрөө хохирсон хохирогч эсэхэд хуульзүйн дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэж байгаа атлаа гэрээний дагуу үүргээ биелүүлсэн “Ангийсдүв” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан гэх Л.Болормааг хохирогч мэт үзсэн нь хуульзүйн үндэслэлгүй. Гэтэл Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Орхон Мандал” ХХК нь “Ангийсдүв” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл өгсөн талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдсныг шүүх анхаарч үзээгүй нь хэргийн нотлох баримтыг тал бүрээс анхаарч үзээгүй гэж үзэж байна. Өөрийн ажилтан биш Б.Цолмонтуяагаар дамжуулан мөнгөний тооцоо хийлгэж байсан үйлдлээс болж “Ангийсдүв” ХХК-ийн гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн мөнгө “Орхон Мандал” ХХК-д очоогүй гэх үйлдэлд “Ангийсдүв” ХХК буруутай мэт нэхэмжлэл гаргасан эрхзүйн үр дагавар нь эрүүгийн хэрэгт хохирогчийг зөв тогтоогоогүй үйл явдалтай шууд холбоотой байна. Өөрөөр хэлбэл “Орхон Мандал” ХХК нь гэрээний дагуу авах ёстой мөнгөө авч чадаагүй нөхцөл байдалд “Ангийсдүв” ХХК эсвэл Б.Цолмонтуяа нарын хэний буруутай үйлдэл болох, уг буруутай үйлдэлд хэний оролцоо үйлдэл нөлөөлсөн, хууль бус болохыг тогтоосноор хохирогчийг зөв тогтоох үндэслэлтэй байгааг анхан шатны шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй.

4. Хохирогчийг зөв тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийгээгүй, зөв тогтоосон эсэхэд анхан шатны шүүх анхаараагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 8.1-р зүйлийн 1, 3 заалт , 9.5-р зүйлийн 1.2 заалтыг анхаарч үзэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 258 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдолын агуулга:

1. Шүүгдэгч Б.Цолмонтуяа нь “Орхон мандал” ХХК-ийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн Дөгөм хүнсний дэлгүүрийн нягтлан бодогч ажлаа хүлээлцэж байх явцлдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дархан хангай дэлгүүрийн эзэмшилд байсан. АПУ-н барааны үнэ болон тус дэлгүүрийн авах пивоны үнэ 54.100,000 төгрөгийг нярав Ганчимэгээс авч өөрийн өр төлбөрт өгч дэлгүүрийн эзэн Л.Болормаад их хэмжээний хохирол учруулсан нь Цолмонтуяагийн хохирогч Болормаа гэрч Наранцацралт, Б.Ариунжаргал, Батцэцэг, Г.Ганчимэг, З.Гандолгор, Б.Ариунжаргал нарын гэрчийн мэдүүлэг камерын бичлэгийн тэмдэглэл зэргээр хөтөлбөргүй нотлогдож тогтоогдлоо гэж үзсэн.“Орхон мандал” ХХК нь АПУ-ийн нэрийн барааны бөөний үйл ажиллагааг Дөгөм дэлгүүрээр явуулдаг.

2. АПУ-н нэрийн барааны бөөний төвийн захирал Л.Нарантуяа дэлгүүрийн эзэн Болормаатай утсаар ярьж тооцоо хийхийг сануулж, Болормаа өөрийн 30,000,000 төгрөг эгч Баярмаагийн авсан барааны үнэ 20,000,000 төгрөгийг нэмж нярав Ганчимэгт өгсөн, тухайн 8/28-ны өдөр Цолмонтуяа АПУ-гийн нэрийн барааны үнийг авахаар ирэхдээ нь урамшуулалт пивоны үнэ нийт 54,100,000 төгрөг өгөхийг зөвшөөрч нярав Ганчимэг нь Цолмонтуяад Дархан хангай дэлгүүрийн эзэн Л.Болормаад их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдлоо. Шүүгдэгч Б.Цолмонтуяа АПУ-ийн тооцоог хариуцан ажиллахаа больсон, авах ёсгүй гэдгээ мэдэж байсан боловч уг мөнгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг төрүүлэн авч өр төлбөртөө өгч байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймээс мөрдөн шалгах ажиллагаанд Дархан хангай дэлгүүрийн эзэн Л.Болормааг тогтоосон нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг хийсэн.

3. Б.Цолмонтуяа нь “Орхон мандал” ХХК, төлбөр тооцоо, “Дөгөм Булган” ХХК тооцооны нягтлан бодогчийн ажлыг хийж байсан. Энэ ажлыг хийж байхдаа гэрээтэй ААН-дээс төлбөр тооцоог хүлээн авдаг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Дархан хангай дэлгүүрээс тооцооны мөнгийг очиж авахдаа өөрийгөө ажлаас гарах гэж байгаа болон гарсан тухайгаа огт хэлээгүй, хэрэв хэлсэн бол тэгээд компаний мөнгийг надад түр өгч байгаа ч би компанид тушаана гэсэн бол итгэл төрүүлсэн гэх нөхцөл байдал гэж үзэх ёстой.

4. Шүүх хуралдаанд Б.Цолмонтуяа нь тухайн үед “Дөгөм Булган” ХХК-д ажиллаж байсан тухайгаа шүүх хуралд мөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ санхүүгийн тайлан гаргаж байсан гэж хэлсэн байдаг. “Орхон Мандал” ХХК-ийн тушаалууд нь хууль бус болохыг хохирогчоор тогтоогдсон Болормаа маш тодорхой баримттайгаар няцаадаг. Мөн “Орхон Мандал” ХХК-ийг Баяраа гэдэг хүн удирддаг. АПУ-ийн нэрийн барааг бөөний үнээр худалдах үйл ажиллагаа нь “Дөгөм Булган” ХХК-ийн үйл ажиллагаагаар явагддаг. Энэ компанид хувьцаа эзэмшигч Нарантуяа байдаг. Дархангай дэлгүүрээс Нарантуяа Энхжаргал нар тооцоо хийхийг шаардаж, Энхжаргал бэлнээр мөнгө очиж авч байсан. Тэгэхээр Цолмонтуяа нь тухайн үед “Дөгөм Булган” ХХК-ийн нягтлан бодогч ажлыг хийж байсан. Бусад ААН-с төлбөр тооцоог хүлээн авдаг компаний төлөөлөгч байсан тул Дархан хангай дэлгүүрийнхэн уг компаний төлөөлөгчид төлбөр тооцоог өгсөн байгаа. Энэ нь “Дөгөм Булган” ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарах АПУ-ийн бөөний худалдааны барааны үнийг тухайн компанид ажилладаг нягтлан бодогч, менежер үйлчлэгч, манаач зэрэг хүмүүсээр тодорхой хугацаанд /сар бүрийн сүүлээр/ төлбөр тооцоог авахуулж, энэ байдлаа дуугүй хүлээн зөвшөөрч ирсэн нь Цолмонтуяаг тухайн компанийг төлөөлж байнгын шинжтэй, хэлцэл гэрээ хийж байсныг эсэргүүцэж байгаагүй. Иймд Цолмонтуяа “Дөгөм Булган” ХХК төлөөлөгч юм.

5. Б.Цолмонтуяагийн үйлдлийн улмаас “Дөгөм Булган” ХХК-д хохирол учирч байна. Учир нь энэ компаний үйл ажиллагаанд АПУ-ийн нэрийн барааны бөөний худалдаа дамжин явагдаж байсан. Энэ компанид Нарантуяа нь нөхөр Баяраагийн хамт хувьцаа эзэмшигч юм. Иймд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Болормааг тогтоосон нь үндэслэлгүй байна. Шүүх хохирогчоор тогтоогдсон Болормаагийн өгсөн тайлбар, мөн түүнээс хэрэгт гаргаж өгсөн баримт зэргийг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийсэнгүй. Цолмонтуяаг Дөгөм хүнсний дэлгүүрийн нягтлан бодогчийн ажлаа хүлээлцэж байхдаа Дархан хангай дэлгүүрийн мөнгө 54,100,000 төгрөгийг авч зээлийн өр төлбөрт өгч Л.Болормаад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэхдээ Цолмонтуяа хэдийнээс ажлаа хүлээлцэж байсан гэж нотолж байгаа ямар баримтыг үндэслэн уг дүгнэлтийг хийсэн нь тодорхойгүй байна.

6. Шүүх хурлын процесс тасралтгүй явагдах хуулийн шаардлага зөрчигдсөн. Шүүгч тайлбарлахдаа “Ангийсдүв” ХХК-тай “Орхон мандал” ХХК гэрээ байгуулсан гэж үзэж байсныгаа тайлбарлаж байснаа тогтоолд үүнээс тэс өөр дүгнэлтийг хийсэн. Шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй мөн ХХШХ-ийг ноцтой зөрчсөн гэж үзэж буй тул шийтгэх тогтоолыг ЭХХШтХ-н 39.1.3-т зааснаар хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Содномдорж гаргасан тайлбарын агуулга: “Б.Цолмонтуяа нь шүүхийн шатанд 12 сая төгрөгийг төлж барагдуулсан байсан. Тухайн үед миний ээж Болормаа нь 6.668.000 төгрөгийг пивоны мөнгө гээд өөртөө авсан. Үлдсэн мөнгө нь “Апу” ХХК-ийн мөнгө учир би мөнгийг хүлээн авч чадахгүй гэдэг хариу үйлдэл үзүүлсэн байсан. Тэр үед 6.668.000 төгрөгөөс илүү мөнгийг “Апу” ХХК-ийн дансанд Цолмонтуяа нь хийсэн байсан бөгөөд Болормаа гэж миний ээжийн нэрийг дахиж барьж гүйлгээ хийсэн байсан.  Миний ээж 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нас барсан бөгөөд үүнээс хойш төлөөлж буй надад болон миний ар гэрт бүгдэд нь мэдэгдээгүй байж яагаад Б.Цолмонтуяа нь миний ээжийн нэрийг барьж байгаа юм бэ. Хэрвээ үнэхээр төлбөрөө төлж байгаа юм бол өөрийнхөө нэрийг бичиж төлөх эсхүл 54.100.000 төгрөгийн төлөлт гэх мэт утга барих боломж байхад шууд миний ээжийн нэрийг барьсан юм бэ. Миний ээж 12 сая төгрөгөөс өөрийнхөө хохирсон гэх мөнгийг авсан бөгөөд илүү мөнгийг “Апу” ХХК-ийн данс руу хийлгэхэд “Апу” ХХК хүлээж авсан байсан. Цолмонтуяа нь шууд “Апу” ХХК руу хандахад “Апу” ХХК яагаад шууд хүлээн зөвшөөрч аваад байна вэ. Энэ нь шүүгдэгч тухайн үед “Апу” ХХК-тай холбоотой “Апу” ХХК-ийн талд ажиллаж байгаа нь харагдаад байгаа юм биш үү. Гүйлгээний утга дээр “Орхон мандал” ХХК-ийн талд байгаа нь мэдэгдээд байгаа юм биш үү.” гэв.

 

 Шүүгдэгч Б.Цолмонтуяа шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбарын агуулга: “Би Ариунболд гэдэг хүнээс хүүтэй мөнгө зээлдэж авдаг байсан. Тэгээд 12 сая төгрөгийн тооцооны үлдэгдэл байсан. 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ариунболд над  руу  утсаар яриад Улаанбаатар хотод хорооллын эцэст хүрээд ир тооцоо нийлэе гээд дуудсан. Тэгээд хүргэн гэх залуу нь байсан. Бид нар тооцоо нийлэхгүй авсан, өгсөн нь тулахгүй гурван цаг гаруй маргаан үүссэн. Тэгээд Ариунболд нь ажилтай гээд явсан. Надтай хамт хүргэн нь үлдсэн. Хүргэн нь намайг өрөөнөөсөө гаргахгүй хориод бид нарын хийсэн тооцоогоор бичиг бичиж өг тэгэх юм бол гаргана гэсэн. Тэгээд би нилээн хэдэн цаг бичихгүй гэж байгаад 12 цагийн үед бичиж өгөөд одоо би Булган аймаг руу буцна гэхэд хүргэн нь өөрөө намайг Булган аймагт машинаараа авч ирсэн. Би тухайн үед ажил хүлээлцэж байсан болохоор өртэй худалдагч нарын тооцоог гаргаад сууж байхад Ариунболдын дүү Ариунжаргал гэдэг хүн над руу утсаар яриад Ариунболдын дүү байна. Ажлынхаа гадаа гараад ир, тооцоо нийлэе, тооцооны дагуу чамд төлбөр төлөх хугацаа өгье гээд дуудсан. Одоо машиных нь дугаарыг санахгүй байна. Цагаан идээ худалддаг захын хажууд приус-30 машин зогсож байна гэсэн. Тэр үед Ариунболдын дүү Ариунжаргал нь одоо чи миний мөнгийг олж өг гээд Дарханхангай дэлгүүр рүү ор гэсэн. Дарханхангай дэлгүүр рүү ороход Баярмаа гэдэг хүн мөнгө тоолоод зогсож байсан. Ариунжаргалд хандан энд мөнгө байхгүй, надад өгөөд байх мөнгө байхгүй. Тооцоо төлбөрийн асуудал байхгүй. Дэлгүүрт ч мөнгө байхгүй гэж байна гээд удаа дараа Ариунжаргалыг аргалж явуулах гэж хичээсэн боловч хоёр талаас шахсаар байгаад одоо бэлэн мөнгөө аваад явгээд сүүлдээ нярваас нь хүртэл гуйхад өө дарга чамд өг гэж байна гээд шахсаар байгаад өгсөн мөнгийг Ариунжаргал булаагаад аваад явсан. Тэр өдрөө би шоконд орсноосоо болоод хэнд ч хэлж чадахгүй байсан. Оройжин бодож байгаад маргааш өглөө нь ээжтэй хамт цагдаа дээр очиж Ариунжаргал мөнгө авсан талаар өргөдөл гаргасан. Ариунжаргал тухайн үед намайг зодож нүдэж, гэмтэл учруулж намайг хүчээр чирж үстэж авч орж мөнгө авсан. Хохирлоос би 14.500.000 төгрөгийг өгсөн. Ариунжаргалыг иргэний шүүхэд өгч үлдэгдэл тооцоогоо хийлгэж өр төлбөрийг барагдуулна” гэв.

 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар талд Цолмонтуяагийн өөрийн гараар бичсэн тооцооны канондсон хувь байгаа. Үүнийг Наранцацрал гэх Цолмонтуяагийн ээж нь цагдаад өргөдөл өгөхдөө Ариунжаргал гэдэг хүний тооцооны хуудасны канондсон хувийг өгсөн байсан юм байна лээ. Үүнтэй холбоотой намайг ингэсэн тэгсэн гээд сая ярьж байна. Үндсэндээ Ариунжаргалын нөхрийнх нь өгсөн мэдүүлэг байгаа. Ариунжаргалын мэдүүлэг байгаа. Ариунболд гэх Ариунжаргалын ахынх нь өгсөн мэдүүлэг байгаа. Өртэй, мөнгө зээлсэн, үлдэгдэлтэй байсан учир үлдэгдлээ авах гэж тооцоо нийлсэн гэдэг. Тэгвэл Цолмонтуяаг Ариунжаргалын ах Ариунболд гэх хүн зочид буудалд авч очоод Болор-Эрдэнэд хүлээлгэж өгсөн. Хүчиндэхээс бусдаар тэр хүн дарамталж байгаад тооцоог хийлгэж авсан. Үнэн хэрэгтээ Ариунжаргалтай ямар ч тооцоо байхгүй. Тэрийг тооцох юм бол 12 сая төгрөгийн л зөрүү байгаа гэдгийг мэдүүлэгтээ зөндөө мэдүүлсэн. Тэр хүн хүчиндэхээс бусдаар бүтэн өдөржингөө зочид буудалд байлгаж дарамталж байгаад бичүүлж авсан. Тэгээд шөнө нь ээжтэйгээ хамт Булган руу явахаар драгон дээрээс таксинд суух гэтэл би Булган явах гэж байна гээд хүчээр авч ирсэн. Маргааш нь ажил дээрээс нь Ариунжаргал өмнө нь Булган аймагт ирчихсэн. Тэгээд шууд Дарханхангай дэлгүүр дээр очоод энд мөнгө байна уу надад мөнгө авч өг гэсэн. Тэгэхээр 54.100.000 төгрөг Дарханхангай дэлгүүрээс Дөгөм дэлгүүрт өгөх барааны үнэ гэдгийг Ариунжаргал гэдэг хүн маш эрт мэдсэн байсан байдаг. Камерын бичлэг байгаа. Камерын бичлэгт Ариунжаргал, Цолмонтуяаг хоёр дахин дагаж орж байгаа талаар гардаг. Цолмонтуяагийн хэлээд байгаа би чадахгүй, айгаад байна, би мөнгө авч болохгүй гээд хэлсээр байхад хүчээр дагаж дагуулж ороод байгаа нь бичлэгээс нотлогддог. Тэнд ороод мөнгө авч байхыг харж зогсож байгаад гараад явсан. Тэгээд энэ хүн мөнгө аваад гарсан. Булааж аваад явсан. Энэ тухай маргааш өглөө нь цагдаагийн газарт мэдэгдсэн. Ямар ч арга хэмжээ аваагүй. Хэрэгт авагдсан цагдаагийн бүртгэлд Наранцацрал гэдэг хүний өргөдөл байгаа. Наранцацрал гэдэг нь Цолмонтуяагийн ээж. Ийм ийм зүйл боллоо. Эд нар чинь хамаатан садан эгч дүү хүмүүс. Наранцацралтын гаргасан өргөдлийг хэн ч шалгаагүй. Өлзийбаяр гэдэг хүн  шалгасангүй. Яагаад шалгаагүй юм бэ гээд гомдол гаргахад прокурор хүлээж аваагүй. Цагдаа шуурхай ажиллаагүй. Цагдаа нь чих дүлий, прокурор чих дүлий байсаар байгаад Ариунжаргал 54.100.000 төгрөгийг аваад явчихсан. Тэр өдөр Болормаа нь өөрөө анхаараагүй. Эцсийн эцэст хэн хохирогч юм бэ. Асуудалд шуурхай хандаад хохирлыг нэн даруй авах боломж байсан. Энэ хүн ээждээ хэлсэн. Ээж нь цагдаагийн газар очиж өргөдөл гаргасан дүр зураг бий болж байна. Ямар дүгнэлт хийж байна вэ гэхээр Ариунжаргал, Болормаа, Болормаагийн нэг дүү Дөгөм дэлгүүрт барааны мөнгө төлөх ёстой. Яаруу сандруу хүнээс авч цуглуулж байгаад өгсөн гэдгээ гэрчийн мэдүүлэгт хэлсэн байдаг. Их хэмжээний мөнгийг өгдөггүй юм байна лээ. Дээр нь өөрөө бараа авна гээд 6.668.000 төгрөгийг Болормаа өөрөө манай бараа захиалсан мөнгө гэдэг. Тэр нь шүүхийн шийтгэх тогтоолоос харагдана. Миний мөнгө ердөөсөө энэ л байгаа юм. Бусад нь барааны мөнгө. Би пиво захиалсан байсан юм аа гэж хэлдэг. 12 сая төгрөгөөс 6 сая гаруй төгрөгийг Болормаагийн хэлснээр ар гэрийнх нь хүнд өгсөн байгаа. Ингэхээр тэд нар яаруу сандруу тэр их хэмжээний мөнгийг урьдчилан бүрдүүлсэн, Улаанбаатараас хүчээр авч ирсэн тооцоо хийж гарын үсэг зуруулсан дүр зураг харагддаг. Ариунжаргал дэлгүүрээс тэр их хэмжээний мөнгө авна, Дарханхангай дэлгүүрээс бусад дэлгүүрүүдэд “Апу” ХХК-ийн барааг тараасан мөнгийг цуглуулж Цолмонтуяа авдаг гэдгийг Ариунжаргал огт мэдэхгүй. Ариунжаргал тэр өдөр л дагуулж явсан үүнээс өөр ямар ч харилцаа үүсч байгаагүй. Ах Ариунболд нь хэлсэн байдаг. Би дүүгээсээ аваад Цолмонтуяад өгдөг юм аа гэдгийг гэрчийн хувиар мэдүүлсэн байдаг. Тэгэхээр Ариунжаргал үүнийг мэдэх ямар ч боломжгүй байсан. Анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 171 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Ерөнхий шүүгч Цэрэндулам гэх хүн байсан. Цэрэндулам шүүгчийн захирамжид Ариунжаргал Цолмонтуяа нарын хооронд их хэмжээний мөнгөний тооцоо байна уу, үгүй юу гэдгийг шалга, мөн энэ хэрэгт Ариунжаргалын оролцоо байна уу гэдгийг шалга, хамтран оролцсон юм биш үү гэсэн. Үүнийг прокурор ч анхаараагүй. Хүсэлт гаргаад ч хүлээж аваагүй. Тэр чигт нь хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна гэж шүүгчийн захирамжид бичигдсэн байхад шалгаагүй орхисон. Тийм учраас шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй байна шүү гэдгийг би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцэхэд хүсэлтээ тавьсан. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч хүсэлтээ тавьсан. Шалгаагүй гэдгийг хэлэхэд анхан шатны шүүх авч хэлэлцээгүй орхисон. Ийм процесс ажиллагаа явагдсан юм шүү гэдгийг хэлэх байна. Цолмонтуяа ийм их хэмжээний мөнгийг Дарханхангай, Дөгөм дэлгүүрийн хооронд тооцоо байгааг мэдэхгүй. Мэдэх боломжгүй. Яагаад гэвэл тэр ажлаас чөлөөлөгдсөн байсан учир мэдэх боломжгүй. Мэдээд очоод аваад байгаа зүйл ердөөсөө биш. Хохирогчийн өмгөөлөгч нар тийм зүйл яриад байна. Тэгэх боломжгүй. Цагдаагийн газар маш шуурхай ажиллаагүй. Прокурор ч анхаараагүй. Яг ингээд харахад Ариунжаргалд тусалчихсан юм шиг. Хохироод байгаа хүн нь Болормаа, Цолмонтуяа хоёр болох нь харагдаад байгаа. Гомдолтой холбоотой зүйлийг л би яриад байна. Гэмт хэрэг хаана гарсан бэ гэдгийг бодох хэрэгтэй. Гэмт хэрэг Дарханхангай дэлгүүр дотор гараад байгаа. Тухайн үед мөнгө шилжүүлэхэд мөнгөний өмчлөгч нь хэн юм бэ, мөнгө хэний мөнгө байсан бэ, “Апу” ХХК-ийн мөнгө юм уу, “Дөгөм” дэлгүүрийн мөнгө юм уу, “Дарханхангайн” мөнгө юм уу гэдгийг бид нар эхлээд тогтоох ёстой. Гэмт хэрэг Дарханхангай дэлгүүр дотор болоод байна. Мөнгө хэний өмчлөлд байсныг энэ хүн авсан бэ, Үүнийг Болормаа өөрөө өг гэж худалдагчдаа хэлээд өгүүлж байгаа бичлэг камерт харагдаж байгаа. Өг гэхээр нь би өгсөн гээд худалдагч хэлдэг. Тэгэхээр үүнийг хараад үзэх юм бол энэ хүн хэн нь хохирогч юм бэ гэдгийг мэдэх ямар ч боломжгүй. Чадахгүй, мэдэхгүй. Буруу юм хийчихээд Ариунжаргалд булаалгачихлаа гэж шаналаад шөнөжин нойргүй уйлж хоносон гэж байна. Хууль зүйн үүднээсээ хохирогч гэж ямар хүн байх ёстой юм бэ гэдгийг энэ хүн ойлгож ухамсарлаж мэдэхгүй. Тэгэхээр бид нар хөндлөнгөөс тооцож үзэж болно. Хэн хохирогч байж таарах вэ, Миний бодлоор хохирогчийг буруу тогтоосон байж магадгүй. Болормаа биш харин нөхрийнх нь нэр дээр байдаг компани хохирогч байж болзошгүй гэх дүгнэлтийг хийж байгаа. Хэн ч хохирогч байлаа гэсэн Цолмонтуяагийн хувьд Ариунжаргалаас иргэний журмаар мөнгөө нэхэмжлэхэд иргэний журмаар авч хэлэлцэхгүй. Эрүүгийн хэргээр шийдвэрлүүл гэдэг. Тэр дотор байгаа юмнуудыг үзээд Иргэний хэргийн анхан шатны шүүх Ариунжаргалыг буруутай ч юм уу, үгүй ч юм уу хэн нь буруутай болохыг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа иргэний журмаар нэхэмжил гэсэн байдгийг буруутгах аргагүй. Тийм байж болзошгүй гэж би үзэж байгаа. Ямар ч байлаа гэсэн, хэн ч байлаа гэхэд төлнө. Хохирогчийн өмгөөлөгч өөрөө авч явж идэж идчихээд Цолмонтуяа чи яагаад Болормаагийн нэрээр тушаадаг юм, өмгөөлөгчөө та яагаад ингэж мөнгө тушаалгаад байна вэ гээд загнаад байна. Энэ чинь одоо сая гарсан шийтгэх тогтоол дээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ шүүх бичсэн байна. Тогтоох хэсгийн 6 дахь заалтаар иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Цолмонтуяагаас хохирлын үлдэгдэл 42.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Болормаад олгосугай гэсэн байна. Болормаад л олгоно. Гэтэл Болормаа талийгаач болчихлоо. Анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан яриагаа өмгөөлөгч нар санаасай гэж бодож байна. Гэм буруугийн шүүх хуралдаан дууслаа. Боломжийн хэмжээнд ээж, аав хоёр нь тэр өдөр мөнгө цуглуулах гээд чадлаараа 12.000.000 төгрөг олж ирээд өгөх гэсэн. Шүүх энэ хүний талд үйлчлэх гээд байсан зүйл байхгүй Сарантуул өмгөөлөгчөө ердөөсөө тийм зүйл байхгүй. Энэ хүн хохирол төлөх хүсэлт тавиад шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаас өмнө хүсэлтийг хүлээж авсан. 12.000.000 төгрөгийг бэлнээр нь авч ирээд өгөх гэхэд авахгүй, би 6.668.000 төгрөгийг авна. Гэхдээ би авахгүй. Бусдыг нь “Апу” ХХК-нд төлөхгүй юу гэсэн. “Апу” ХХК-нд яаж төлөх вэ. Цолмонтуяагаас гэвэл болохгүй. “Апу” ХХК нь Цолмонтуяа гэж юу билээ гэнэ, эдгээрийн хооронд ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Одоо хохирогч Болормаа юм чинь Болормаа нэрээр тушаая гэж ярилцаад 12 сая төгрөгөөс 6.668.000 төгрөгийг хасаад, 5.332.000 төгрөгийг Болормаагаас гэж гүйлгээний утга бичсэн баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Энэ хүн идэж уугаагүй гэдгийг бид нар өөрсдөө мэдэж байгаа. Дээр нь та тэгж тушаалгалаа гээд байна. Би чи заавал Болормаа гэж бичиж тушаа гэж хэлээгүй. Шүүхийн шийтгэх тогтоолд заасныг л энэ хүн баримталж байна. Бид нар ийм байдлаар буруу дүгнэлт хийгээд хүнийг зэмлээд загнаад байх эрх өмгөөлөгч нарт байдаг юм уу. Цолмонтуяа нь Болормааг энэ хүн хохирогч шүү гэж хэлдэггүй шүү. Ердөөсөө энэ хүн мэдэхгүй. Мөрдөгч, прокурор, шүүх тэгж үзсэн. Тийм учраас энэ хүн тэгж төлсөн. Цолмонтуяа өөрийгөө би буруутай гэж хүлээн зөвшөөрдөг. Тэрийгээ сая ч гэсэн ярьж л байна. Энэ дүр зургийг сэргээн товчхон хэлж буй явдал нь энэ хэрэг өвөрмөц сонин байдлаар шийдэгдсэн хэрэг. Ах, дүү хүмүүс ярьж байгаад нэгнийхээ өр төлбөрийг төлүүлэхийн тулд энэ хүн өөрөө цаад компанитайгаа учраа олно биз гэдэг дүр зураг харагдаж байгааг хэлэхийн тулд энэ бүгдийг дурдаж байна. Хохирогчийн өмгөөлөгч нар хохирогч иргэн Болормаа биш ээ. Нөхрийнх нь нэр дээр байдаг компани мөн. Компанийг хохирогч гэж үзнэ гээд байгаа. Би үүнтэй санал нэг байна.  Би “Ангийсдүв” ХХК-ийг гэж бодож байгаа. Харин Дөгөм дэлгүүрийг хохирогч мөн эсэхийг би хэлж мэдэхгүй. 54.100.000 төгрөгийг өгөөрэй гээд нэхсэн зүйл байгаа юу, Цолмонтуяад өгөөрэй гэдэг зүйл байхгүй. Ер нь шаардсан. “Ангийсдүв” ХХК руу нэхэмжлэл явуулсан. Эсхүл Болормаагийн захиалгын дүнг хасаад танай тооцоо ийм байна шүү, өгөөрэй гэсэн зүйл байхгүй. Болормаагийн дүү авсан барааныхаа үнийг энэ мөнгөн дүнтэй нийлүүлсэн байгаа. Тэр хүн бас хохирогч болох юм уу гэдэг явдлууд байгаа. Яг энэ үндэслэлээр хэрэгт  нэмэлт ажиллагаа хийх, мөн Ариунжаргал энэ хэрэгт ач холбогдолтой эсэх асуудлыг заавал шалгаж тогтоо гэдэг. Уг нь харахад шууд тодорхой булаагаад аваад явсан камерын бичлэг, урьдчилан мэдчихсэн байдаг. Нөхөр нь хүчээр Улаанбаатараас авч ирсэн, өглөө Ариунжаргал ирсэн гэх нөхцөл байдлыг харахад Ариунжаргал, Цолмонтуяатай бүлэглэсэн байж болзошгүй зүйл харагдаж л байдаг. Энэ хүнийг гэмт хэрэгт татан оролцуулсан ч гэх юм уу. Дүүгээсээ мөнгө авъя гэж Болормаа нэг ч дурддаггүй. Дүү нь ашгүй мөнгөө аваад явчихсан. Ийм дүр зургуудад нэмэлт ажиллагаа хийлгэхээр хохирогчийг зөв тогтооод татгалзах зүйл байхгүй. Цолмонтуяагийн хувьд өнөөдрийг хүртэл 54.100.000 төгрөгийг төлж чадаагүй. 14.500.000 төлсөн байгаа байдал нь нялх хүүхэдтэй, ажилгүй, орлогогүй хүн. Би анхан шатны шүүх хурал дээр хэлж л байсан. 1000 төгрөгөөр нүүрний маск худалдаж аваад 3,4 дүгээр хороололд зар тавиад 1500 төгрөгөөр хүргэлт хийж маск зарж мөнгө цуглуулан хохирол төлсөн байдаг. Мөн нялх хүүхэдтэй, ажилгүй хүн. Одоо энэ хүн жирэмсэн. Энэ хүн хичээгээд л байгаа. Энэ хүн би төлөхөөс өөр аргагүй гэдгээ ухамсарлачихсан. Одоо аав, ээж хоёр нь трактор зарах гэж байгаа юм байна лээ. Тракторыг аав нь сэлбэгээр засаж босгоод зарах гэж байгаа. Хэрвээ тракторыг зарчих юм бол үлдэгдэл төлбөрийг төлчих боломжтой юм байна лээ. Энэ хүнийг ямар ч орлогогүй байх үед нь хүүхдийнх нь эцэг хаяж яваад дараа нь ойлгоод эргэж ирээд одоо хамт амьдарч байгаа. Тэр залуу ажил хөдөлмөр хийж одоо цалингаар нь амьдарч байна. Энэ мөнгийг төлөх боломж хаана ч байгаа. Төлөхөд асуудал үүсээд Болормаа гээд төлөлтэй биш, Дөгөм, Дарханхангай гээд төлөхөөр хохирогч биш. Хохирол төлөөгүй байхад торгуулийн ял оногдуулсан. Би гомдлыг ердөөсөө ойлгохгүй байгаа. Гомдолд хохирлоо төлөөгүй байхад ял нь хөнгөдсөн гэх санааг гаргаад байгаа. Тэгвэл өөрсдөө яагаад хохирлыг авахгүй гээд байна вэ, яагаад хохирогч биш гээд байна вэ, яагаад төлөхийг шаардаад төлөөгүй байна. Ял нь хөнгөдсөн гэж үзээд байна вэ. Энэ гомдол нь ойлгомжгүй байна. Ялыг нь хөнгөн гэж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаалгах гээд байгаа юм уу, үүнийг би хэлж мэдэхгүй байна.” гэв.

 

  Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт: “Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга би өнөөдрийн шүүгдэгч Б.Цолмонтуяад холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол хүсэлттэй танилцлаа. Хүн болгон өөр өөрт ашигтайгаар тайлбарладаг. Нийтдээ 54.100.000 төгрөгийн хохирол, өр төлбөрийн асуудал яригдаж байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн гарсан цаг хугацаа, санаа, сэдэл зорилго, эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэх юм бол 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Цолмонтуяа нь Болормаагийн дэлгүүр дээрээс очоод барааны үнэ “Апу” ХХК-нд өгөх бусад дэлгүүрүүдийн барааны үнэ болох 54.100.000 төгрөгийг  бэлнээр тоолж аваад гараад өөр хүнд өгсөн нөхцөл байдал үүсч байгаа. Уг нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор маргаан дэгдээд, маргаан үүсээд явангуут хоёр компанийн хооронд асуудал үүсч эхэлж байгаа. “Апу” ХХК манайх танайд бараагаа нийлүүлсэн. Үүнийхээ үнэ төлбөрийг бид нар танай компаниас авна. Танай компани нь манай компанид ажилладаггүй байсан хүнд өгөөд явуулсан учир манайх танайхаас мөнгөө олж авна гэдэг байдлаар иргэний нэхэмжлэл хоёр компанийн хооронд үүссэн. Нөгөө хоёр компани нь хэн хэнээсээ нэхэмжлэх гэхээр Болормаагийн хувьд Цолмонтуяагаас мөнгөө авахаар нэхэмжлэх юм бол манайд хохирол учрахгүй. Манайх зөвхөн өөртөө учирсан хохирол болох пивоны үнийг төлөхөд болно. Энэ хохирлыг Цолмонтуяагаас аваад Цолмонтуяа авсан мөнгөө “Апу” ХХК дараа нь үйл ажиллагаагаа жигдрүүлээд явахад боломжтой гэдэг байдлаар хандаж байгаа нөхцөл байдал харагдаж байна. “Апу” ХХК нь Цолмонтуяагаас гэдэг байдлаар манайх хандаад явах юм бол мөнгөө авч чадахгүй. Болормаагаас авах юм бол боломжтой гэж харагдаж байна. Болормаа нь “Апу” ХХК Цолмонтуяагаас авах юм бол манай үйл ажиллагаа жигд явна гэдэг нөхцөл байдлаар хоёр компани хоорондын асуудал дээр зөвхөн иргэний хувьд дараа нь иргэний хэргийн маргаан үүсгэх энэ асуудал дээр 54.100.000 төгрөгийн асуудлыг хоёр компани хоорондоо чихэж байгаа асуудал. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг хохирогч гэж хэнийх хэлэх юм бэ гэдгийг хуульд тодорхой заасан. “Апу” ХХК хэн нэгэн хүн төлөөлөгчөөрөө дамжуулаад өөрсдийнхөө мөнгийг авдаг байсан. Энэ нь тухайн байгууллагын хариуцлагагүй үйл явдлын нэг болно. Гэвч хохирогчийн хариуцлагагүй байдлаас хохирогч буруутай байдлаар дүгнэх боломжгүй болчихоод байна. Хохирогч хариуцлагагүй байсан уу гэвэл байсан. Нэг талаараа хохирогч гэж “Апу” ХХК-ийг яриад байгаа. Мөн нөгөө талаар Болормаа гэдэг иргэн мөн адил хариуцлагагүй байсан уу гэвэл байсан. “Апу” ХХК-иас олон хүн ирээд авдаг юм чинь ирсэн хүнд нь өгөөд явуулчихъя. Учир юу вэ гэвэл Болормаагийн мэдүүлэг байдаг. Намайг амралт зугаалга гээд бие өвдөөд явж байхад “Апу” ХХК-иас яриад төлбөрийн үлдэгдлээ хийгээрэй гэдэг зүйлийг ярихад би маргааш өглөө хийе гэх нөхцөл байдал яригдаад түүний дагуу Цолмонтуяа улсын дугаар нь Улаанбаатар сертэй машинтай ирж зогсоход нь Цолмонтуяад өгөөд явуул гэдэг байдлаар итгээд урьдын яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 54.100.000 төгрөгийн хохирол учруулж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтол үндэслэл бүхий гарсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, О.Сарантуул нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Цолмонтуяа нь Булган аймгийн Булган сумын нутагт 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дархан хангай дэлгүүрийн эзэмшилд байсан “АПУ”-ийн барааны үнэ болон урамшуулалтай бараа болох пивоны үнэ нийт 54,100,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд дээрх үйл баримтуудыг эргэлзээгүй тогтоосон нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцжээ.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Цолмонтуяагийн дээрх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж, түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Б.Цолмонтуяад хуульд заасан төрөл, хэмжээний дотор 12600 нэгжтэй тэнцэх хэмжээний торох ял оногдуулж, сар бүр 350,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг тус тус хангасан, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн Зургаадугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журмыг хуульд зааснаар баримталсан байна.

Хохирогчийн өмгөөлөгч нараас анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 258 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэж давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

Учир нь: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цолмонтуяагийн “Би 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод байхад Ариунболд ах залгаад хаана байна, мөнгөний тооцоогоо хийе гэхээр нь би “Улаанбаатарт явна, би ч бас уулзах хэрэгтэй байна” гэхэд хороололд “Ану марал” зочид буудал дээр очоод Болор-Эрдэнэ гэж хүнтэй уулзаад байж бай гэсэн. Тэгээд намайг Болор-Эрдэнэ гэх хүнтэй уулзаад байж байхад 5-10 минутын дараа Ариунболд ах орж ирээд тооцоо нийлэхэд надаас хүүнээс хүү бодож маш их мөнгө нэхсэн. Минийхээр 12 сая төгрөг өгөхөөр байгаа гэхэд 60 сая төгрөг нэхэж орой 5 өнгөртөл тооцоо бодож маргалдсан. Тэгээд Ариунболд ах “надад ажил гарчихлаа би эргээд ирнэ” гээд явсан. Тэгсэн Болор-Эрдэнэ би Ариунболдын хамаатан байгаа юм гээд ямар тооцоо байгааг чинь шалгахад 60 сая төгрөг гарлаа. Өр авлагын тооцоогоо хийж байж буудлаас гарна шүү, үгүй бол цагдаа дуудаж хориулна гэж дарамталсан. Тэгээд 5 цаг өнгөрч байхад Ариунболд чамаас 60 сая төгрөг авах ёстой гэсэн тооцоо гаргасан, 60 сая төгрөг өгнө гэж бичиг үйлдэж өг гэсэн. Тэгэхээр нь би ийм их мөнгө өгөхгүй, тооцоогоо буруу гаргаад байна гэхэд тэгвэл цагдаа дуудна гэж дарамтлаад 60 сая төгрөгийн өртэй гэсэн бичиг хийлгэсэн. Би бичихгүй гэж уйлаад 10 гаран удаа бичиж байснаа больж, тэндээс гарахын тулд бич гэсэн зүйлийг нь бичиж өгөх ёстой юм байна гэж бодоод бичгийг бичээд шөнийн 12 цагийн үед буудлаас гарсан. Тэгээд Булган руу таксинд сууна гэж бодож байхад Болор-Эрдэнэ би одоо Булган явах гэж байна, надтай хамт яв гэж хэлсэн. Тэр өдөр би ээжтэйгээ Улаанбаатар хотод байсан ба тэр өдөр Булган руу буцах ёстой байсан. Тэгээд ээжтэйгээ ярих завдалгүй Болор-Эрдэнийн машинд суугаад маргааш өглөө нь 6 цагийн үед Булганд ирсэн. Тэгээд өглөө 9 цаг 30 минутын үед би ажил дээрээ очоод баримтаа үдэж байхад 99993910 гэсэн дугаараас залгаад цагаан идээний зах дээр уулзах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би утсаа цэнэглэж үлдээчихээд машинд нь орж суухад Ариунболдын дүү Ариунжаргал байна гэсэн. Чиний зээлсэн тэр мөнгө миний мөнгө байгаа юм. Би одоо мөнгөө авмаар байна гэж хэлээд одоо мөнгийг маань гаргаж өг, тэгэхгүй бол цагдаа руу явна гэсэн. Танай харилцагч “Дархан хангай” дэлгүүр дээр бэлэн мөнгө байгаа буугаад мөнгө аваад ир гэхээр нь “би мөнгө авах эрхгүй” гэхэд надад мөнгийг маань олж өг, наад дэлгүүр лүүгээ ор гээд нилээн сүрдүүлсэн. Өмнөх өдөр нь зочид буудалд хоригдож байгаа юм шиг сүрдүүлгэнд автсан болохоор айсандаа “Дархан хангай” дэлгүүр лүү орсон. Намайг ороход Баярмаа эгч мөнгө тоолоод байж байсан. Тэгээд намайг мөнгөө авах уу гэхээр нь “би мөнгө авах эрхгүй” гэчихээд гараад Ариунжаргалд “надад мөнгө өгөхгүй байна, захирал мөнгөө өөрөө авсан байна” гэсэн чинь би мөнгөө авч байж сална гээд намайг дахиж оруулсан. Тэр үед худалдагч надаас мөнгөө авах уу гэж асуусан. Тэр үед би мөнгө авахгүй, барааны захиалга өгнө гээд цаасан дээр юм бичиж өгөөд гарсан. Би Ариунжаргалыг явуулахын тулд хэд, хэдэн удаа дэлгүүр лүү орж, гарсан. Тэгээд Ариунжаргал хамт орно гээд хамт ороход худалдагч АПУ-гийн мөнгийг авах уу гээд хайрцагтай мөнгө гаргаж ирэхэд цаанаас Батцэцэг эгч гарч ирсэн. Тэгээд би Батцэцэг эгчид энэ хүнийг явуулаад өгөөч, данс руу энэ мөнгийг хийгээд өгөөч гэхэд Батцэцэг эгч энд юун хүн байгаад байгаа юм, мөнгийг нь данс руу хийнэ гэсэн гэхэд худалдагч Ганчимэг эгч дарга чамд мөнгийг нь өг гэж байна гээд мөнгийг дэлгэсэн. Би мөнгө авахгүй гэж толгойгоо сэгсэрсэн боловч Болормаа залгаад Цолмонтуяад мөнгийг камерын дор тоолж өг гэсэн. Тэгээд би мөнгийг тоолж аваад гарахад Ариунжаргал мөнгийг аваад утсаа салгаад алга болсон. Улаанбаатар хотод Ариунболд, Болор-Эрдэнэ нар намайг сүрдүүлээд байсан болохоор би дэлгүүрээс мөнгө авсан гэж хэлээгүй, Зүүн түрүүний голын эрэг дээр уйлж байгаад тэр оройдоо аавынхаа дүүд болсон зүйлийг хэлсэн. Тэгээд ээж рүү яриад 8 сарын 28-ны өдөр мөнгө алга болсон гэж цагдаад өргөдөл бичиж өгсөн. Өмнө нь “Дархан хангай” дэлгүүр их хэмжээний мөнгө тэгж их бэлнээр өгч байгаагүй. Дандаа дансаар өгдөг байсан. Ариунжаргал тэнд мөнгө байгааг яаж мэдсэн юм бол гэдэг дээр гайхаж байна. “Дархан хангай” ихэнхдээ л 5-6 сая төгрөг бэлнээр өгдөг байснаа гэнэт 54 сая төгрөг бэлнээр гаргаж өгсөнд гайхаж байгаа ч мөнгө авах ёсгүй байж мөнгө авсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Болормаагийн “2007 оноос “АПУ” ХХК-тай харьцаж байсан. Бараагаа зээлээр аваад сарын сүүлээр мөнгөө өгдөг болсон. Дараа нь барааг нь үйлдвэрийн үнээр зараад хувь хүртдэг болсон. Нарантуяа захирал Цолмонтуяа гэж хүн “АПУ”-гийн барааны мөнгийг ирж авч байна гэж хэлсэн. АПУ их задгай компани болохоор хэн нь ч хамаагүй мөнгө ирж авдаг байсан. 2018 оны 7 дугаар сард аймгийн 80 жилийн ой болоод орлого их өссөн. Мөн архины үнэ нэмэгдсэн болохоор мөнгөн дүн өссөн. 80 жилийн дараа би хүүхдүүдтэйгээ зугаалсан. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ирээд 16-ны өдөр ажилчдаараа зугаалганд явсан. Дараа нь 2 охин маань халуураад эмнэлэгт хэвтсэн байсан болохоор хот явах шаардлага гарсан. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Нарантуяа захирал мөнгөө хийгээгүй байна гэж ярихаар  нь маргааш мөнгөө хийнэ гэж хэлсэн. Би хугацаанаасаа хоцорч мөнгөө хийж байгаагүй. Харилцагчийн итгэлийг алдахгүй байхыг хичээдэг, 8 дугаар сарын 28-ны өдөр дэлгүүр дээр Цолмонтуяа ирсэн юм шиг байсан. Надруу Цолмонтуяа мөнгө авах гээд ирсэн байна, хотын дугаартай машин байна гэхээр нь сарын сүүлээр хотоос “АПУ” ХХК-ийн төвөөс хүн ирдэг болохоор төв компаниасаа хүнтэй ирж байна гэж ойлгоод мөнгийг нь өгчих гэсэн. Тэгээд нярав Ганаагийн утсаар Цолмонтуяатай ярьсан “мөнгөө авч байна“ гэхээр нь тэгээд наад мөнгөн дотор чинь 10300000 төгрөгөөр пиво авбал урамшуулал байгаа гэсэн болохоор пивоны үнэ 6600000 төгрөгийг нь одоо өгч байгаа шүү, үлдэгдлийг орой өгнө гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш урамшуулалтай бараа ирээгүй байхаар нь Цолмонтуяа руу яриад “яагаад пиво ирэхгүй байна” гэсэн мөнгийг чинь Ариунжаргал авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар Ариунжаргал вэ гэж асуусан чинь танай Ариунжаргал, Ариунболдын дүү гэсэн. Би Ариунжаргалд чи өртэй юм уу гэсэн жаахан өртэй гэсэн. Тэгээд чамд тэгвэл одоо хэдэн төгрөг байгаа юм бэ гэсэн бүгдийг нь Ариунжаргал авсан гэсэн. Чи юу яриад байгаа хүүхэд вэ, чи ийм их хэмжээний өртэй юм уу гэсэн үгүй гэхээр нь тэгвэл чи цагдаа дуудаач гэсэн. Тэгээд би Нараа эгч рүү яръя, чи цагдаа дууд гэсэн чинь өөдөөс Ариунжаргал данс руу хийчихээд өгнө, хэсэг харзнаж байгаач гэсэн болохоор нь итгээд өгөхөд ийм зүйл боллоо гэж хэлсэн. Тэгээд 29-ний өдөр Баттөр цагдаа над руу цагдаа дээр ир гэж ярихаар нь би одоо очих боломжгүй байна, Улаанбаатарт эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Өмнө нь Энхжаргал над руу ярьсан байсан. Баттөр намайг өнөөдөр гэхэд ир гэхээр нь би одоо чадахгүй, 1 дэх өдөр очно гэсэн. Тэгээд байж байсан Баттөр цагдаа дахин яриад та ямар ч байсан 1 дэх өдөр ирээрэй, эдний нягтлангийн хийсэн ажил байна гэж хэлсэн. Намайг нэгдэх өдөр цагдаа дээр ирэхэд Зоригтбаатар гэх хүн надаас байцаалт авсан. Тэгээд өмгөөлөгч авна гэхэд намайг загнаж дарамт учруулсан. Тэгээд аймгаасаа өмгөөлөгч авч болохгүй юм байна гэж бодоод Орхон аймгаас өмгөөлөгч авсан. Манай дэлгүүр 4 дүгээр сард Цолмонтуяатай тооцоо нийлсэн ба Цолмонтуяа 2013 оноос хойш Дөгөм дэлгүүрт ажиллаж эхэлсэн. Цолмонтуяад 3 дугаар сард арга хэмжээ авсан тушаалыг хэрэгт гаргаж өгсөн байсан, мөн Цолмонтуяад мөнгө битгий өгөөрэй гэж Нарантуяа хэлсэн гэдэг ч надад тэр талаар хэлж байгаагүй. Манай дэлгүүр 4 дүгээр сард Цолмонтуяатай, 5 дугаар сард Цэцэгтуяатай тооцоо нийлсэн. Нүүрэлдүүлж байцаахад Цолмонтуяа 5 дугаар сард тооцоо нийлсэн гэдгээ хэлсэн. Энэ хэрэгт авагдсан тушаалууд бүгд хуурамч байна. “АПУ”-гийн бичиг баримтад шалгалт хийж өгөөч гэж гаргасан хүсэлтийн дагуу 5 дугаар сард арга хэмжээ авсан тушаал гарч ирсэн, харин 8 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халсан гэсэн байсан. Дугаар нь зөрүүтэй байгаа нь уг тушаалууд хуурамч болох нь нотлогдож байна. Өмнө нь Цэцэгтуяа ажлаас гарсан гэдэг боловч халсан тушаал гаргаагүй байж Цолмонтуяаг халсан тушаал гарсан байсан. Мөн “АПУ”-гийн жолооч  солигдсон, гэтэл жолооч нарын тушаал байхгүй байсан. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, тушаалууд бүгд хуурамч байна. Цолмонтуяа 8 дугаар сарын 11-ний өдөр манай дэлгүүрээс бараа авч Дөгөм дэлгүүрт өгсөн. Ажлаасаа гарсан хүн яагаад бараа аваад, Дөгөм дэлгүүр тухайн барааг нь яагаад хүлээж аваад байгаа юм, үүнийг шалгаж өгөөч гэсэн боловч хүлээж аваагүй. Манай дэлгүүр зөвхөн пивоны үнэ 6600000 төгрөгийн хохиролтой, бусад мөнгөний хувьд “АПУ” ХХК хохирогчоор тогтоогдох ёстой” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Наранцацралтын “Тэр үед гэртээ Цолмонтуяатай хоёулаа байдаг байсан. Би 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа яваад орой ажлаа тараад ирэхэд охин маань гэртээ ирээгүй байсан. Тэр үед Цолмонтуяа ажил хүлээлцэх маягаар нилээн явсан ба хааяа гэртээ оройтож ирдэг байсан. Тэгээд орой 21 цаг өнгөрөөгөөд юу болж байгаа юм бол гэж бодоод залгахад утас нь холбогдохгүй байсан. Гэтэл 22 цаг өнгөрч байхад манай нөхрийн дүү Наранхүү над руу залгаад “Цацрал эгчээ Цолмонтуяа манайд байна, хүнд албаны мөнгөө булаалгачихлаа гээд байна. Та дээшээ гараад ирэх үү” гэсэн. Тэгээд гэрээсээ гараад дээшээ өгсөж байхад урдаас Наранхүү, Цолмонтуяа хоёр ирсэн. Тэгээд охиноосоо юу болсон талаар асуугаад охин маань бүх зүйлээ хэлсэн. Өглөө нь ажил дээрээ ажил хүлээлцэх гээд байж байхад Ариунболд ахын дүү Ариунжаргал гараад ир гэж дуудсан. Гараад очиход нь “Дархан хангай” дэлгүүр дээр аваачиж мөнгө авахуулах байдлаар тулган шаардсан юм байна гэж ойлгосон. Дэлгүүр дээр очоод мөнгө авахгүй гэж 2-3 удаа дэлгүүрээс орж гарсан гэж ойлгосон. Цолмонтуяа надад “Ариунжаргалыг явуулах санаатай дэлгүүрээс өөр юм асууж ороод Батцэцэг эгчээс энэ хүнийг явуулж өгөөч гэж гуйсан. Намайг эхлээд ороход Баярмаа байж байгаад “АПУ”-гийн мөнгийг авах уу гэж асуусан. Би мөнгө авахгүй гэж хэлсэн. Тэгээд 2-3 удаа тэр хүнээс зугтъя гэж бодсон ч маш их дарамттай байсан болохоор чадаагүй” гэж ярьсан. Намайг 7 дугаар сарын 10-ны өдөр хот орж шинжилгээ өг гэсэн болохоор би охинтойгоо хамт хот руу явсан. Тэгээд хотод байхад охины утас нь дуугараад ярьсаны дараа “Ариунболд ах намайг ирж зээлсэн мөнгө, түүний хүүгийн өгсөн, авсан тооцоогоо тохиръё гэж байна” гээд намайг хоёулаа хамт явах уу гэхээр нь би “тэгье” гээд хамт явсан. Тэгээд хороолол явах юм байна гэж яриад уулзах газар нь очсон. Охин ороод, би дор хүлээгээд үлдсэн. Зөндөө удсан, би тухайн үед юунаас болоод удаад байгаа юм бол гэж бодоод байсан. Бүр шөнө 23-24 цаг хүртэл гарч ирэхгүй байсан, хүнээс асуух гэхээр дор жижүүрээс өөр хүн байхгүй байсан. Тэгээд 24 цаг өнгөрч байхад охин доошоо бууж ирээд ээжээ хурдан явъя гэсэн. Ингээд явах гэсэн нэг хүн араас ирээд би одоо Булган явлаа та хоёр суучих гээд суугаад явсан. Замд тэр хүн ч дуугарахгүй, охин ч юм ярихгүй байсан. Үүрээр гэртээ ороод би ажил руугаа явсан, охин үлдсэн. Тэгтэл ийм байдал үүссэн байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Энхжаргалын “Дархан хангай дэлгүүр барааныхаа үнийг өгөхгүй байсан. Би дэлгүүр дээр очиж тэр өдрийнх нь орлогыг авсан. Сарын сүүлээр буюу 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр худалдагч нь манай хадам ээж Нарантуяа руу залгаад “мөнгийг чинь өгсөн шүү” гэж хэлэхээр нь хадам ээж “өө тийм үү, дансанд хийсэн үү гэхэд нь Цолмонтуяад  8 сарын 28-ны өдөр өгсөн” гэж хэлсэн байсан. Тэгээд тэр өдрөө Цолмонтуяатай утсаар холбогдоод асуухад “Ариунжаргал гэж хүн ав гэж байгаад авахуулсан” гэсэн байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батцэцэгийн “2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би ээлжийн амралттай байсан болохоор дэлгүүр рүү юм авах гэж орсон. Ороход нярав Ганчимэг намайг “утсаараа дарга руу залгаад өгөөч” гэхээр нь би утсаараа дарга Болормаа руу залгаж өгсөн. Намайг ороход Цолмонтуяа нэг хүүхэнтэй хамт байсан ба Ганчимэг даргатай яриад дарга “АПУ”-гийн мөнгийг Цолмонтуяад өг гэж байна” гээд мөнгийг тоолж Цолмонтуяад хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Ганчимэгийн “Тухайн өдөр Халиун дэлгүүрээс Баярмаа эгч “АПУ”-гийн мөнгө гэж авчирч өгөөд би тэр мөнгийг тоолж авсан. Нийт 54 100 000 төгрөгийг дарга байхгүй байсан болохоор надаар дамжуулж “АПУ”-гийн барааны мөнгийг тушаасан. Тухайн үед Цолмонтуяа “АПУ”-гийн нягтлан хийдэг, тооцоог нь барьж байсан болохоор мөнгийг өгсөн,  Цолмонтуяа өөрөө ирж аваад гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг,

Гэрч З.Гандолгорын “Би “Агуйт” гээд дэлгүүрийг Булган сумын Зүүн түрүүнд ажиллуулдаг. Манайх “АПУ”-гийн барааг шууд авдаг байснаа болиод Нарантуяа эгчээр дамжуулж авдаг болсон. Авахдаа Энхжаргалд захиалга өгдөг байсан. “АПУ”-гийн барааг аваад Цолмонтуяатай харьцаж тооцоо хийж, өр барагдуулдаг байсан ба 2018 оны 7 дугаар сар хүртэл Цолмонтуяатай харьцаж байсан. Мөнгийг бэлнээр өгдөг байсан. Нарантуяа эгч болон бусад хүмүүс Цолмонтуяад мөнгө өгч болохгүй гэж албан ёсоор хэлээгүй, харин асуудал үүсээд Дөгөм дээр ажиллаж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ариунжаргалын “2018 оны 8 дугаар сарын 28-ны өглөө би Булганаас хот явах байсан. Цолмонтуяа надад зээлсэн мөнгөө  ээжээрээ зээл авахуулаад төлнө гэсэн боловч төлөөгүй. Тооцоо нийлэхэд 60 гаруй сая төгрөг болсон. Миний Цолмонтуяад мөнгө зээлж авч өгсөн хүн маань надаас мөнгөө нэхээд байсан.  Цолмонтуяа хэлсэн хугацаандаа  мөнгөө өгөөгүй учир би өргөдлөө цагдаад өгөх гэж байтал Цолмонтуяа өөрөө намайг дуудсан. Тэгээд Цолмонтуяагийн дуудсан газарт ирэхэд 2-3 газраар ороод мөнгийг чинь бүтээж өгнө гэсэн. Эхлээд Од дэлгүүр лүү ороод хэсэг байж байгаад гараад ирсэн. Тэгээд эндээс мөнгө бүтсэнгүй гээд хойшоо яваад нэг дэлгүүр ороодхоё гэхээр нь заасан газарт нь очиход манай эгчийн дэлгүүр байсан. Тэгээд тэр дэлгүүрээс гарч ирээд надад өгөх өглөгөөсөө 54100000 төгрөгийг өгсөн. Би тэр мөнгийг аваад хот руу явсан. Уг мөнгийг мөнгө зээлсэн хүндээ өгсөн” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Мөнгөнтуяагийн “Тухайн өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр намайг ажил дээрээ бараагаа зараад байж байхад хар өнгийн хувцастай, шар үстэй хүүхэн орж ирчихсэн манай ажлын няравын суудаг газар мөнгө тоолоод байж байсан. Тэгээд би хүн цөөрөхөөр нь нярваас элсэн чихэр болон будаа авахаар очиход намайг 1 боодол 5000 төгрөг тоолоод өгөөч гэхээр нь тоолж өгсөн. Тэгээд хүн орж ирээд бараа авъя гэхэд нь буцаад өөрийн суудаг лангуун дээрээ очсон. Намайг очиход манай нярав Ганчимэг, худалдагч Батцэцэг, нөгөө хар хувцастай охин 3 мөнгө тоолж байсан. Хажууд нь манай дэлгүүрийн манаач Нинжбадгар байсан.” гэх мэдүүлэг /1хх-98 тал/,

Гэрч Б.Ариунболдын “Цолмонтуяа нь анх 2017 оноос эхлэн надаар дамжуулан манай дүү болох Ариунжаргалаас Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй АПУ-ын гэрээт борлуулагч Дөгөм дэлгүүрт гэж мөн зээлж авдаг байсан. Мөнгө авуулахдаа янз янзын мөнгөн дүнгээр авахуулж байсан. Одоогоор манай дүү болох Ариунжаргалд 60 гаран сая төгрөгний өртэй ба зээлсэн мөнгөө буцааж төлөхгүй байгаа талаар манай дүү Ариунжаргал надад хэлж байсан юм. Яг хэдэн төгрөг болсныг мэдэхгүй. ...Ариунжаргалын хэлж байгаагаар 115 сая төгрөг болж байгаа гэж хэлсэн. Уг мөнгийг зээлдэж авахдаа данс болон бэлнээр авдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-93 тал/,

Гэрч Х.Цэцэгтуяагийн “Би 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт үйл ажиллгаа явуулдаг Дөгөм хүнсний дэлгүүрийн “АПУ” ХХК-ийн салбарыг хариуцсан нятлангаар ажилласан. Намайг анх нягтлангаар ороход Цолмонтуяа гэх хүүхэн надад ажлаа өгсөн. Тэгээд би ажлаа авсны дараа 2018 оны 5 дугаар сарын сүүлээр Булганы “АПУ” ХХК-тай гэрээт болох “Дархан хангай” дэлгүүрийн захирал Болормаад хандаж Цолмонтуяагийн ажлыг би авсан, тийм учраас одоо орлогоо Цолмонтуяад өгч болохгүй гэж удаа дараа хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-108 тал/,

Гэрч Х.Ариунбаатарын “Манай Дөгөм дэлгүүрийн нягтлангаар ажиллаж байсан Цолмонтуяа нь 2018 оны 8 дугаар сарын сүүлээр манай “АПУ” ХХК-ийн харилцагч болох Дарханхангай дэлгүүрээс “АПУ” ХХК-ийн орлого болох 54 сая төгрөгийг очиж авсан талаар Дөгөм дэлгүүрийн эзэн Энхжаргалаас мэдсэн. Тухайн үед Энхжаргал захирал надад хэлэхдээ Дөгөм дэлгүүрийн нягтлангаар ажиллаж байсан Цолмонтуяаг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тушаалыг гаргаад ажлаас нь халсан гэж хэлж байсан. ...Би өөрөө Дарханхангай дэлгүүрийн эзэн Болормаа гэж хүнд 2018 оны 02 дугаар сараас манай “АПУ” ХХК-ны орлогыг шинээр нягтлан болсон Цэцэгтуяа гэх хүнд өгөөрэй. Цолмонтуяад өгч болохгүй гэж утсаар болон өөрийн биеэр хэлсэн. ...Манай компанид Орхонмандал ХХК, Дархан хангай дэлгүүр, Б.Цолмонтуяа нар нь хохирол учруулаагүй. Орхон Мандал ХХК нь гэрээний дагуу сар бүр бараа материал авч тухайн сар бүрийнхээ 30-ны өдрөөр авсан барааныхаа тооцоог хийдэг. Гэрээнийхээ дагуу ажиллаагүй бол сануулахаас эхлээд гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авдаг” гэх мэдүүлэг /1хх-110, 4хх-111 тал/,

Гэрч Л.Баярмаагийн “Дарханхангай дэлгүүр нь манай төрсөн дүү Болормаагийн дэлгүүр байгаа юм.  2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр манай төрсөн дүү Болормаа Орхон аймагт байдаг Отгоо гэх хүүхнээс 30 сая төгрөг зээлсэн. Уг зээлсэн мөнгөө намайг аваад дэлгүүр дээр аваачаад өг гэж хэлсэн. Тухайн үед би өөрийхөө дэлгүүрийн “АПУ”-гийн барааны  төлбөр болох  20 сая төгрөгийг нэмээд тухайн өдөр  нийт 50 сая төгрөгийг Дарханхангай дэлгүүрийн нярав Ганчимэгт  аваачиж хүлээлгэн өгсөн. Манай дэлгүүр Орхон аймаг дахь “АПУ”-гаас бараагаа авдаг, 2018 оны 8 дугаар сард дүү Болормаагаар дамжуулж Дөгөм хүнсний дэлгүүрийн “АПУ”-гаас бараагаа авахуулсан юм. Тэр барааны мөнгө болох 20 сая төгрөгийг өгсөн. Манай дэлгүүр Булган аймгийн “АПУ”-гаас бараа авч байсан, тэр үед барааны төлбөрийг Дөгөм хүнсний дэлгүүрийн нягтлан бодогч Цолмонтуяа бэлнээр авдаг байсан” гэх мэдүүлэг /1хх-113, 3хх-54 тал/,

Гэрч Х.О17ийн “Л.Болормаад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 30 сая төгрөг зээлдүүлсэн. Сарын 3 хувийн хүүтэйгээр 30 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулахгүйгээр, аман гэрээгээр нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. Л.Болормаа надаас 30 сая төгрөг зээлж авах үедээ Улаанбаатар хотод явж байсан бөгөөд утсаар яриад түүний эгч Л.Баярмаа нь ирж надаас 30 сая төгрөг аваад явсан.  Тэгэхэд л Л.Баярмааг нэг удаа харсан. Л.Болормаа 30 сая төгрөг зээлж авахаас  өмнө надаас мөнгө зээлж аваад хэлсэн хугацаандаа ямар нэгэн асуудалгүйгээр төлдөг, удаахгүй өгдөг байсан юм” гэх мэдүүлэг /3хх-53 тал/,

Гэрч Л.Нарантуяагийн “Манайд Дарханхангай дэлгүүрээс 11938800 төгрөгийн төлөлт хийгдэж, үлдэгдэл 48653940 төгрөгийг өгөөгүй байж байхад энэ үйл явдал болсон. ...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гар утсаар үлдэгдэл мөнгөө хийх талаар хэлэхэд дэлгүүрийн эзэн Болормаа би өөрөө Улаанбаатар хотод явж байна, Булганд очоод би өөрөө мөнгө олж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь хагас, бүтэн сайн өдрийн орлогыг чинь татаад авчихвал яасан юм бэ гэж хэлэхэд хэрэггүй ээ, дэлгүүр мөнгөгүй байгаа гэсэн.  Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Энхжаргал Дарханхангай дэлгүүр дээр очоод кассанд байсан 1720000 төгрөгийг авсан байсан. Тухайн үед Энхжаргал нь Болормаа бид хоёрын хоорондын яриаг мэдээгүй мөнгийг очиж авсан байсан.  2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр намайг эмийн санд зогсож байсан чинь Дарханхангай дэлгүүрийн худалдагч Батцэцэг над руу утсаар залгасан. Батцэцэг гар утсаар надад хэлэхдээ “танай мөнгийг Цолмонтуяад өгсөн шүү, нэмж бараа авахаар илүү мөнгө өгсөн байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “Цолмонтуяад яахаараа мөнгө өгдөг юм бэ?, өгч болохгүй гэж аль эрт хэлсэн шүү дээ” гэхэд Батцэцэг надад “дарга /Болормаа/ мөнгийг өг гэсэн” гэж хэлэхэд нь би гайхаж цочирдоод гар утсаа тасалсан” гэх мэдүүлэг /3хх-56 тал/,

Дархан хангай хүнсний дэлгүүрийн хяналтын камерт 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бичигдсэн ...Цолмонтуяа мөнгө байх лангуун дээр ирэхэд анх мөнгө тоолж байсан хүүхэн утсаар ярьж байгаад 12 цаг 36 минут 42 секундэд Цолмонтуяад шууд утсаа өгөхөд Цолмонтуяа утсаар нь ярьж байгаад буцаагаад утсыг нь өгөхөд анх мөнгө тоолж байсан залуу хайрцагтай мөнгийг лангуун дороос гаргаж ирээд Цолмонтуяад өгөөд  камераа мөнгө тоолоод авч байгаа Цолмонтуяа руу харуулав. Цолмонтуяа нь мөнгийг нэг бүрчлэн өөрөө тоолж байв. Цолмонтуяаг мөнгө тоолж байхад анх мөнгө тоолж байсан хүүхэн өөрийнхөө утсыг зүүн талын чихэн дээр нь барив. Тухайн үед Цолмонтуяа  хэн нэгэнтэй ярив” гэх хэрэг учрал болсон Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дархан хангай хүнсний дэлгүүрийн хяналтын камерт 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-54-56 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Цолмонтуяад холбогдох хэрэгт шаардлагатай гэрч нарыг асууж тодруулсан, нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй, хуульд заасны дагуу зөв шийдвэрлэсэн байна.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан “...анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 258 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Шүүгдэгч Б.Цолмонтуяагийн “АПУ”-ийн барааны тооцоо, төлбөрийг хариуцан ажиллахаа больсон, уг мөнгийг авах ёсгүй гэдгээ мэдэж байсан боловч уг мөнгийг өмнөх төлбөр тооцоо хийж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг төрүүлж, буцаан төлөх зорилгогүйгээр авч өөрийн зээл, тооцооны төлбөрт өгч байгаа  үйлдэл, хохирогч талын түүнд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн өмчлөл, эзэмшилд байсан мөнгөн хөрөнгийг сайн дураар шилжүүлэн өгсөн нөхцөл байдлаараа залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд энэ шинжээрээ бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Дархан хангай дэлгүүрийн эзэн Л.Болормааг хэрэгт хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Цолмонтуяагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохиролд Болормаагаас төлөв гэсэн гүйлгээний утга бүхий 2,500,000 төгрөгийг хохиролд тооцох боломжгүй юм.

Учир нь: Уг хэргийн хохирогч нь Л.Болормаа бөгөөд Апу трейдинг компанийг хохирогчоор тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Цолмонтуяагийн шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг хохирол төлсөн гэж тооцож, хохирол төлбөрөөс хасч тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ

 

 

                                                ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ   

       

                                      

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ