Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/1016

 

 

 

 

 

 

 

Г.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/667 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлоор Г.Нд холбогдох 2203002700349 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн Г.Н, ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр ..................... төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ....................... ажилтай, ам бүл 6, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт ............................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................................./;

Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Өргөө 1” кино театрын зүүн талд “Тоуоtа Саmry” маркийн 00-** УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Нг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Г.Нд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Ё.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.796.210 төгрөг нэхэмжилснээс 1.486.740 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1.309.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч Ё.Од эмчилгээний зардалд нийт 2.406.000 төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нь хохирогчид төлбөл зохих төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 499, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч Ё.О нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Г.Нгээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, аливаа юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны улмаас бий болдог бөгөөд энэхүү ойлголт нь гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох ба Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ач холбогдолтой. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь аливаа гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог нэгэн төрлийн зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. Түүнчлэн гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар гадны ямар нэгэн нөлөөгүйгээр тухайн хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” хэмээн гэм буруугийн хэлбэрийг хуульчилсан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.20-д “замын хөдөлгөөнд оролцогч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.7-д /замын хөдөлгөөнд оролцогч гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг/ гэж заасан байх бөгөөд явган зорчигч болон тээврийн хэрэгслийн жолооч нарын эрх, үүргийг зохицуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт нотолдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогийг харгалзан түүний гэм буруугийн хэлбэрийг тогтоодог. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үйл явдал нь явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлийн “а”-д “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах”, 12-д “ойртон яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн явган зорчигчид хориглосон заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдэх болсон байна. Мөн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.Нг “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх яг аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар дурдаагүй бөгөөд анхан шатны шүүхээс мөн аль хэм хэмжээг зөрчсөн талаар тодорхойлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэтгэлцсэн бөгөөд шүүхээс шийтгэх тогтоолдоо мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан өмгөөлөгчийн саналыг хэрхэн үгүйсгэсэн талаар шийдвэртээ огт дурдаагүй. Хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5-6/, хураан авсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/, хохирогч Ё.О нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гарах болсон нь тодорхой харагддаг тул Г.Нг цагаатгах үндэслэлтэй хэмээн үзэж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.21-д заасан тээврийн хэрэгсэлд зориулсан “зорчих хэсэг” рүү нэвтэрч буюу тээврийн хэрэгсэл саадгүй зорчих, хөдөлгөөнд оролцож байгаа нь тогтоогдож байгааг шүүх харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тул давж заалдах шатны шүүхээс Г.Нд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд ч мөн адил энэ тайлбарыг гаргаж байсан. Явган зорчигч гарцгүй газраар зам гарсан бөгөөд шүүгдэгч Г.Н нь гарцаас гарч төв зам руу орох үйлдэл хийхдээ зам, орчны байдлыг сайтар ажиглаагүй Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн. Жолооч гарцаас гарангуутаа 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжих хөдөлгөөнийг хийсэн. Ингэж байр эзлэх үед явган зорчигч 2 дугаар эгнээг туулж дуусаад 1 дүгээр эгнээнээс явган зорчих хэсэг рүү орох үед түүнийг мөргөж гэмтээсэн. Шүүгдэгчид явган зорчигчийг мөргөхгүй байх боломж байсан. Камерын бичлэгээс үзэхэд явган зорчигч зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үйлдэл хийсэн ч шүүгдэгч ослыг гаргахгүй байх боломжтой байсан нь тодорхой харагддаг тул Г.Нг зам тээврийн ослыг болгоомжгүйгээр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Явган зорчигч нэг алхаад л явган хүний зорчих хэсэг рүү орохоор байхад араас нь мөргөж байгаа нь жолоочийг буруутгах үндэслэл болно. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Өргөө 1” кино театрын зүүн талд “Toyota Camry” маркийн 00-** УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ё.Оын “... Гараад “Өргөө 1” кино театрын замын зүүн талаас нь ирээд баруун зүгт зам хөндлөн гарахдаа Жүр үр нарийн боовны газрын зүүн тал харалдаа зүүнээс баруун зүгт зам хөндлөн гарсан. Энэ үед цагийн баримжаа 10 цаг орчим болж байсан байх. Ингээд гарахдаа урдаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг харахад урдаас машин байхгүй болохоор нь зам хөндлөн гарч яваад замын дунд хэсэгт очоод хашлага дээр гарч зогсоод хойноос ирж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг харахад машингүй болохоор нь цааш зам хөндлөн гарсан. Ингэж гарах үед замын баруун талд шахаж зогссон 2 автомашины хойд хэсгээр нь нэг бараан өнгийн суудлын машин гарч ирж байгаа харагдсан. Тэр автомашин дөнгөж хөдөлгөөн эхлэх гэж байсан болохоор нь би амжина гэж бодоод зам хөндлөн гарч явах үед миний хойд хэсэгт шаржигнасан дуу гарч яс хугарч байгаа нь мэдэгдсэн. Тэгээд нэг мэдсэн газарт унасан байсан. Гэтэл нэг эмэгтэй “яана аа, би хүн дайраад алчихлаа, би харсангүй” гээд орилж байгаа сонсогдсон. ...” /хх 22/,

шүүгдэгч Г.Нн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг 15 минутын орчимд “Өргөө 1” кино театрын хойд талд байрлах “Дако” бизнес центрийн авто зогсоолоос хөдөлсөн. Зогсоолоос хөдлөөд “Өргөө 1” кино театрын зүүн талаас урагш чиглэн явсан зам руу нийлээд баруун гар тийш эргэж орсон. Эргэж орох үед уг гарцны урд нэг шар өнгөтэй машин байсан санагдаж байна, “Жийп” маркийн автомашин зогсож байсан. Тэр машины хойд хэсгээр нь тойроод баруун гар тийш дараад эгнээ баруун гар талдаа шилжих үед нэг чимээ гарахаар нь зогсоод хартал миний жолооч талын хаалганы хажууд зам дээр нэг хүн унасан байсан. Хойд суудал дээр сууж байсан манай эгч “хүн мөргөчих шиг боллоо” гээд машинаас буусан. Би машинаас буух гэсэн боловч нөгөө газарт байсан эмэгтэй тулсан байхаар нь жолоочийн эсрэг талын хаалгаар бууж очсон. Намайг очиход жижиг биетэй эмэгтэй хүн толгой орчмоос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би тухайн үед 5-10 км цагийн хурдтай явж байсан. Би тэр эмэгтэйг хараагүй, тэр зам дээр зогсож байсан автомашиныг тойрч байх явцад явган зорчигч давхардсан байх. Гэнэт чимээ гарсан тул зогсоод харсан чинь хүн мөргөсөн байсан. ...” /хх 66-67/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7542 дугаартай “...Ё.Оын биед зүүн шагайн дотор хавчаарын далд хугарал, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, зүүн тохойд зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хх 38-39/ гэсэн дүгнэлт,

мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 703 дугаартай “...Явган зорчигч Ё.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. “Toyota Camry” маркийн 00-28 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хх 40-41/ гэсэн магадлагаа,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Нг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Н нь автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нг 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч О.Санчирбал “...хохирогч Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол гарсан тул Г.Нг цагаатгах үндэслэлтэй, ... тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.21-д заасан тээврийн хэрэгсэлд зориулсан зорчих хэсэг рүү нэвтэрч буюу тээврийн хэрэгсэл саадгүй зорчих, хөдөлгөөнд оролцож байгаа нь тогтоогдож байгааг шүүх харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан тул Г.Нд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Г.Н нь яллагдагчаар “... Тэр машины хойд хэсгээр нь тойроод баруун гар тийш дараад эгнээ баруун гар талдаа шилжих үед нэг чимээ гарахаар нь зогсоод хартал миний жолооч талын хаалганы хажууд зам дээр нэг хүн унасан байсан. ... Би тухайн үед 5-10 км цагийн хурдтай явж байсан. Би тэр эмэгтэйг хараагүй, тэр зам дээр зогсож байсан автомашиныг тойрч байх явцад явган зорчигч давхардсан байх. ...” /хх 66-67/ гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Г.Н нь автомашин жолоодон явахдаа өмнө нь байгаа машины хойд хэсгээр нь тойроод баруун гар тийш дараад эгнээ баруун гар талдаа шилжих үедээ хохирогчийг харалгүйгээр мөргөсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Н нь автомашин жолоодон явахдаа өмнөх замынхаа нөхцөл байдлыг харж хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Н нь автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах” гэж заасан үүргийг биелүүлэх ёстой байжээ.

Зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн нь шүүгдэгч Г.Нн дээрх үйлдлийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/667 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР