| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2202001380169 |
| Дугаар | 2022/ДШМ/1017 |
| Огноо | 2022-10-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ДШМ/1017
Д.Б, Г.Ч нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
яллагдагч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,
яллагдагч Г.Чын өмгөөлөгч О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/1428 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхбатын бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дугаартай эсэргүүцлээр Д.Б, Г.Ч нарт холбогдох 2202001380169 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ........ овгийн Д.Б, ..... оны .... дүгээр сарын ...-ны өдөр ......... төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ......................ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...../;
2. ........ овгийн Г.Ч, ....... оны ... дүгээр сарын .....-ны өдөр ............. төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......................... тоотод оршин суух, /РД: ................./,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;
Яллагдагч Г.Ч нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Саппоро” төвийн замын урд талд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим 58-** УНЗ улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.0109 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Бд 500.000 төгрөгөөр худалдсан,
мөн 2022 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Кореа таун” хотхоны .... дугаар байрны гадна зогсоолд 58-** УНЗ улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 0.1140 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,
яллагдагч Д.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн 5022686**** тоот “Хаан” банкны данснаас Г.Чын эзэмшлийн 542917**** тоот “Хаан” банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсний хариуд “Саппоро” төвийн урд талд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчимд Г.Чаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.0109 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар уг хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн ....дугаар хороо, ....... тоот өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “...гэрч М.Шын мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй...” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй байна. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Д.Б /2хх 139-142/, гэрч М.Ш /2хх 182-183/ нар болсон үйл явдлын талаар өөр өөрөөр мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрүү байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэг үйл баримтын талаар мэдүүлж буй яллагдагч, бусад этгээдийн мэдүүлэгт зөрүү байвал мэдүүлгийн зөрүүг мөрдөн шалгах ажиллагааны явцад арилгах арга хэмжээ авахаар хуульд тодорхой заасан байхад уг ажиллагааг хийгээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх нь гэрч М.Шын үйлдэлд гэмт хэргийн, зөрчлийн шинж бий эсэхийг шалгаж тогтооход буюу яллагдагч Д.Б-ийн мөс гэх бодисыг хууль бусаар олж авсан үйлдэлд гэрч М.Ш хамтран оролцсон эсэх, мөс гэх бодисыг Д.Б-ийн хамт хэрэглэсэн эсэх үйл баримтыг эргэлзээгүй бүрэн тогтооход нөлөөлөхүйц чухал ач холбогдолтой болно. Түүнчлэн, прокурор яллах дүгнэлтдээ гэрч Б.Дын мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгосон /3хх 41/ байх боловч түүний мэдүүлгийг хэрхэн баталж байгаа, эсхүл хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ дүгнээгүй, зөрчлийн шинжтэй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй гэж дүгнэхээр байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-1.6-д “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж тус тус заасан. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д гэрчээр оролцохдоо яллагдагч Г.Чаас “мөс” гэх нэршилтэй бодисыг хууль бусаар олж авч, хэрэглэсэн үйл баримтын талаар мэдүүлжээ /1хх 82/. Хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд тэмдэглэсэн дээрх мэдүүлгээс үзэхэд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байхад мөрдөн шалгах ажиллагаагаар уг үйлдлийг шалгаж, тогтоох ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг нотолж чадаагүй буюу хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, үүнийг шүүхийн шатанд зөвтгөх, засах боломжгүй” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Чад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурорт буцааж, ... шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхээс хууль сануулаагүй авсан Д.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж авсан М.Шын гэрчийн мэдүүлэгтэй зөрүүтэй байна гэж дүгнэж, мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай, ийнхүү ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрүү байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийн нүүрэлдүүлж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн агуулга нь яллагдагчаас өөр бусад хүмүүсийн мэдүүлэг ноцтой зөрүүтэй тохиолдолд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, яллагдагчаас бусад мэдүүлэг өгч байгаа хэргийн оролцогч нарт хамаатай заалтыг хуулийн хариуцлага сануулаагүй яллагдагчийн мэдүүлэгтээ хамаатуулж буруу тайлбарлаж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Түүнчлэн гэрч М.Шыг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөрдөн байцаалтын явцад гэрч М.Шод хууль сануулж мэдүүлэг авахад “...Болор-Эрдэнийг ямар хүнээс “мөс” гэх бодисыг авсан талаар нь хэлж мэдэхгүй байна. Болор-Эрдэнэтэй хамт “мөс” авч хэрэглэхээр түүнд мөнгө өгсөн зүйл байхгүй. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны орой Болор-Эрдэнийн гэрт нь очоод түүнтэй “мөс” гэх бодисыг хэрэглэсэн зүйл байхгүй. Өмнөх өдөр нь авсан “мөс” гэх бодисоо өөрөө хэрэглээд дуусчихлаа гэж байсан. Тэрнээс миний хажууд “мөс” гэх бодисоо хэрэглэж харагдаагүй. 2021 оны шинэ жилээр найз нөхдийнхөө гэрээр хүүхдүүдийн бэлэг тарааж явж байх үедээ Чука буюу Б.Чтай таарч байсан, тэр үед Д.Б нь “манай хуурай дүү” гэж байсан, ямар харилцаа холбоотой болох талаар нь мэдэхгүй. Би цагдаагийн байгууллагын ажилтнуудтай хамтарсан зүйл байхгүй...” /2хх 182-183/ гэж хэргийн талаар тодорхой мэдүүлдэг. Түүний өгсөн сэтгэцэд нөлөөт бодистой холбоогүй талаарх мэдүүлэг хавтаст хэрэгт тусгагдсан “...М.Ш нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, “...бодис илрээгүй...” тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 177-180/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан байдаг. Түүнчлэн 2022 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цаг 45 минутаас 04 цаг 10 минут хүртэлх хугацаанд Д.Б-ийн биед үзлэг хийх ажиллагааны явцад Д.Бэс “Таны биед ямар нэгэн хориотой эд зүйл, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис байна уу, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү” гэж мөрдөгчөөс асуухад тэрээр “Миний доогуур өмссөн хар өнгийн бэлтгэлийн даавуун өмдний зүүн талын урд халаасанд жижиг гялгар ууттай “мөс” гэх мансууруулах бодисын үлдэгдэл үйрмэг байгаа, би сайн дураараа гаргаж өгнө” гэж өөрөө сайн дураараа зааж, гаргаж өгч байсныг дурдах нь зүйтэй байна. /1хх 18-22/ Мөн яллагдагч Д.Б нь Г.Ч дээр ганцаараа очиж, “мөс” гэх бодисыг худалдаж авсан, мөн түүний биеэс авсан биологийн дээжээс метамфетамин агууламж илэрсэн зэргийг шүүх анхаарч үзээгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос мөрдөн шалгах ажиллагаа яаж явагдсан талаар тодорхой дурдсан. Тухайлбал, мөрдөх байгууллагаас Д.Б нь сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдээд байж болзошгүй мэдээллийг нууц эх сурвалжаас хүлээн авч, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх мэдээллийг бүртгэлийн Г-40 дугаараар бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Д.Б нь Хар тамхитай тэмцэх газрын бүртгэл, судалгаа, хяналтад байдаг Г.Чын данс руу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн гүйлгээгээр мөнгөн шилжүүлэг хийсэн үйл баримт тогтоогдсон. ... Прокурорын зөвшөөрлийн дагуу дансны шилжилт хөдөлгөөнийг хянах явцад Д.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Г.Чын эзэмшлийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчдөөс Д.Б нь Г.Чаас сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авсан байж болзошгүй, тухайн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор 2022 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ...... тоотод оршин суух Д.Б-ийн гэрт нэгжлэг хийх, мөн түүний биед үзлэг хийх ажиллагааг явуулахад Д.Б-ийн биеэс хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодис, гэрээс нь сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхэд зориулагдсан хэрэглэгдэхүүн, эд зүйлс илэрсэн. Түүний биеэс илэрсэн тухайн бодисын эх сурвалжийг магадлахад Д.Б нь Г.Чаас худалдаж авсан талаар мэдүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Г.Чаас мөн адил сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хийсэн прокурорын хууль зүйн дүгнэлтийг шүүх үгүйсгэж, няцаахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Гэрч М.Ш нь Д.Б-ийг Г.Чаас “мөс” гэх бодисыг худалдаж авах, мөн худалдаж авсан бодисыг хэрэглэсэн асуудалд хамааралтай гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
2. Прокуророос гэрч Б.Дын мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлсэн, түүний мэдүүлгээр ямар үйл баримтыг баталж байгаа талаар дурдахад яллагдагч Г.Ч нь “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалддаг гэх үйл баримтыг тодорхойлж байгаа юм. Б.Д нь хэдийгээр “мөс” гэх бодисыг Г.Чаас худалдаж авсан талаар гэрчээр мэдүүлэх боловч түүний бие болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаагаар сэтгэцэд нөлөөт бодис биет байдлаар илрээгүй, мөн тэрээр худалдаж авсан бодисоо хэрэглээд дууссан талаар мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар биет байдлаар хуулиар хориглосон бодис илрээгүй асуудалд Б.Дын өөрийнхөө эсрэг гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаагаар сэтгэцэд нөлөөт бодис биет байдлаар илрээгүй, хураагдаагүй буюу Б.Д нь Г.Чаас худалдаж авсан гэх бодисын хэмжээ болон ямар төрлийн бодис худалдаж авсан талаар хууль зүйн дүгнэлтийг хийх боломжгүй, Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх боломжгүй нөхцөл тогтоогдсон гэж үзсэн. Иймээс Б.Дд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан арга хэмжээ авахуулахаар эрүүгийн хэргээс холбогдох материалыг хуулбарлан эрх бүхий албан тушаалтанд албан бичгийг /2хх 184/ хүргүүлсэн болно. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан “яллагдагч Г.Чаас мэдүүлэг авахдаа зодож, эрүүдэн шүүж мэдүүлэг авсан, үүнийг шалгаж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлттэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас бүртгэлийн АТГ-776 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 2991 дугаартай тогтоолоор татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Яллагдагч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурор эсэргүүцэлдээ нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болохгүй мэтээр бичсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжийг олгосон байдаг. Энэ хэрэгт нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагатай. Учир нь, миний үйлчлүүлэгч Д.Б нь М.Шын оролцооны талаар Г.Чаас мөсийг авах чиглэлийг өгсөн талаар мэдүүлсэн байдаг. Мөн хэрэгт Г-040 дугаартай зөвшөөрөл хавсаргагдсан байгаа бөгөөд уг зөвшөөрлийг 2022 оны 2 дугаар сарын 14-ны өдөр авсан. Энэ хугацаанд Г.Ч нь цагдаагийн байгууллагын хяналтад байсныг харуулж байна. Цагдаагийн хяналтад байсан юм бол яагаад М.Шыг бариагүй вэ гэдэгт хардлага төрж байна. Г.Ч тухайн бодисыг хадгалж байсныг мэдэж байсан, М.Ш үүнийг худалдан борлуулах үйлдэлд турхирсан шинж байгаа тул үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй” гэв.
Яллагдагч Г.Чын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь дэмжиж байна. Хэрэгт Г.Чад эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан тухай баримтууд авагдсан. Энэ асуудлаар миний үйлчлүүлэгч гомдол гаргасан ба гомдол нь тусгай субъектийн хэлтэст шалгагдаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гарсан тухай прокурорын эсэргүүцэлд дурдагдсан. Гэвч энэ тухай миний үйлчлүүлэгч болон надад мэдэгдээгүй. Мөрдөгч Болдхуяг 2022 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө миний үйлчлүүлэгчээс хүчээр мэдүүлэг авахдаа зодож, чих рүү нь 3-4 удаа цохисноос болж чихнээс нь булаг гоождог болсон, хацар руу нь алгадсан төдийгүй “...чи худалдан борлуулсан гэж хэл, чи угаасаа авсан, нөгөө хүн чинь хэлсэн...” гэх мэтээр эрүүдэн шүүсэн тухай Г.Ч мэдүүлдэг. Өмгөөлөгчийн зүгээс дээрх асуудалд гомдол гаргасан. Хэрэв эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан бол энэ мэдүүлэг нь нотлох баримт болохгүй. Давж заалдах шатны шүүхээс эрүүдэн шүүсэн асуудлыг нэгтгэн шалгуулахыг хүсэж байна. Мөн хэрэг бүртгэлтийн хэрэг 2022 оны 2 дугаар сард нээгдсэн. Гэтэл энэ үйл явдал нь 2022 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө болсон. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага нь гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх бус зохион байгуулалттайгаар илрүүлдэг болсон мэтээр харагдаж байна. Б.Д миний үйлчлүүлэгчийг дуудаж гаргаж ирэхэд 8, 9 хүн ирээд гэнэт гарч ирээд барьчихсан байсан. Урьдчилан бэлдэж хэн нэгнийг хэрэгт оруулах үйл явц болоод байгаа эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Яллагдагч Д.Б, Г.Ч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.
Нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа нь харьцангуй хязгаарлагдмал шинж чанартай байх бөгөөд яллагдагч Д.Б, гэрч М.Ш нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагаа нь дээрх хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд анхаарвал зохино.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө яллагдагч Г.Чаас “мөс” гэх нэршилтэй бодис худалдан авч байсан талаар хэлсэн байх бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.
Иймд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүдийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хийвэл зохино.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс дараах асуудалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна гэж үзлээ.
Яллах дүгнэлтэд, яллагдагч Г.Чад холбогдох хэргийн үйл баримтыг “Яллагдагч Г.Ч нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Саппоро” төвийн замын урд талд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим 58-63 УНЗ улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.0109 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Бд 500.000 төгрөгөөр худалдсан,
мөн 2022 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Кореа таун” хотхоны .... дугаар байрны гадна зогсоолд 58-** УНЗ улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 0.1140 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, ...” байдлаар тусгажээ.
Дээрх хэргийн үйл баримтаас үзэхэд, Г.Ч нь сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан болон худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Өөрөөр хэлбэл, Г.Чын сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, харин худалдаалах зорилгогүйгээр сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, хадгалсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийн шинжтэй эсэхэд прокуророос хууль зүйн дүгнэлт хийх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах практик ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энхбатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/1428 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энхбатын бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР