Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2023/0645/З |
Дугаар | 128/ШШ2024/0217 |
Огноо | 2024-03-11 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Пүрэвдоржийн Нарантуяа (РД:ЧВ80110507),
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Маргааны төрөл: Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг хариуцагч хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага: 000494298 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтийг хариуцагч хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, 000494298 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар иргэн Э.Баярцэнгэлийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийг иргэн П.Нарантуяад шилжүүлжээ.
2.2.Дээрх захирамжийг үндэслэн П.Нарантуяад нэгж талбарын 133028/0890 дугаартай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Хар усан тохойд байрлалтай, 20500 м.кв газрыг ногооны газрын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн 000494298 дугаартай гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
2.3.П.Нарантуяагийн 20500 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болжээ.
2.4.Нэхэмжлэгч П.Нарантуяагаас 2023 оны 1 дүгээр сарын 11-ний Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан Одога ХХК нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж хашаа барьж, нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүд гэртээ нэвтрэх орц, гарцыг хаасантай холбогдуулан орц, гарцыг чөлөөлүүлэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна.
2.5.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 15/111 дугаартай албан бичгээр 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлт ирүүлээгүй тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон талаар иргэн П.Нарантуяад хариу хүргүүлсэн байна.
2.6.П.Нарантуяагаас дээрх албан бичигтээ холбогдуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан бөгөөд тус албаны 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 04-08/3711 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч П.Нарантуяад ... газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, ...энэ талаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 15/111 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн, ...та дээрх шийдвэртэй холбогдуулан үүссэн маргааны шүүх, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэх агуулга бүхий хариуг хүргүүлжээ.
2.7.Улмаар нэхэмжлэгч П.Нарантуяа 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав.Маргаж буй үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн зүгээс ...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар зохих журмын дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж, хандахад ... хариуцагч Газар зохион байгуулалтын албаны тухайн газрыг хариуцсан мэргэжилтнүүд дуудлага худалдааны анхны үнийг төлөөд ир, ...газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт хийлгээд ир, ...тухайн газар нь нийслэлийн суурьшлын бүс болж байгаа, одоогоор материал авахгүй байгаа, Хар усан тохой орчмын газрын нэг дор шийдвэрлэнэ гэх зэргээр шалтаг шалтгаан хэлж, материалыг буцаагаад хүлээн авдаггүй байсан, нэхэмжлэгч дээрх шаардлага бүрийг биелүүлж газрын дуудлага худалдааны анхны үнэ 27 сая төгрөгийг төлсөн, мөн 2021, 2022 онд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг хийлгэсэн, ...бичиг хэрэгт материалаа өгөх гэхээр газрын мэргэжилтэнд шалгуулаад ир гээд хүлээж авдаггүй, газар зохион байгуулагч нь дээрх шалтгааныг хэлээд хүсэлт хүлээж авдаггүй, ойлгомжгүй байдлаас болж нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж чадахгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна... гэж, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны зүгээс ...нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж байгаагүй, бүртгэгдээгүй, нэхэмжлэгч хүсэлтээ тухай бүр өгч байсан гэх боловч хариуцагч ямар нэг хүсэлт хүлээн аваагүй, түүнчлэн хүсэлтийг буцаасантай холбоотой гомдол нэхэмжлэгч гаргаж байгаагүй, энэ үйл баримтыг нотолсон баримт хэрэгт байхгүй, тухайн газар эзэмшигч анх газар эзэмших эрх авахдаа дуудлага худалдааны анхны үнийг төлөх ёстой байсан, нэхэмжлэгчийн хувьд нөхөж төлүүлсэн үйл баримт харагдаж байна, газар эзэмших эрх дуусгавар болж байгаа тохиолдолд газар эзэмшигч нь тухайн газарт газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг хийлгэх үүрэгтэй, энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх зэрэг агуулгаар тайлбарлан маргаж байна.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн Хасуу монгол овогт Пүрэвдоржийн Нарантуяа нь 000494298 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Гачуурт, Хар усан тохойд байрлалтай, ногооны зориулалттай, 133028/0890 тоот нэгж талбарын дугаартай, 20500 м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж ирсэн. Нэхэмжлэгч нь дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулахаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хуульд заасан зохих журмын дагуу хандахад тус байгууллагаас дараах шалтаг шалтгааныг тоочин хүлээж авахгүй, өнөөдрийг хүртэл буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүрсэн.
Тодруулбал, нэгдүгээрт Ковид-19 цар тахлын үед материал болон иргэд хүлээж авахгүй байгаа, хэсэг хугацаанд материал авахгүй гэж очих үед буцаасан. Түүний дараагаар газрын мэргэжилтнүүд гадуур ажилладаг тул маргааш ир, нөгөөдөр ир гэж хугацаа зааж буцааж байсан. Хойшлуулж заасан хугацаанд очиход мөн газрын мэргэжилтэн байхгүй гэдэг шалтаг, тайлбарыг хэлж материал авдаггүй байсан. Түүний дараагаар Гачууртын Хар усан тохой буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай холбоотой ойр орчмын бүс нутгийн газрыг дүүргийн Засаг дарга нэг дор шийднэ гэсэн, тийм учраас одоогоор манайх материал авахгүй, тухайн үед нь буюу Хар усан тохойн газрыг шийдвэрлэх хүсэлт материалыг авах үед танай зүгээс хүсэлтээ гаргаарай гэж буцаасан.
Дараа нь газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөд ир гэдэг шаардлага тавьсан. Дуудлага худалдаан анхны үнийг төлөөд ирэх юм бол тухайн материалыг чинь аваад шийдвэрлэх боломжтой, материал хүлээж авах боломжтой гэдэг хариу өгсөн. Уг шаардлага, Газар зохион байгуулалтын албанаас өгсөн заавар, зааварчилгаа, төлбөрийн даалгаврын дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Газрын албаны нэхэмжлэхэд заасан дансанд газрын дуудлага худалдааны суурь үнэ болох нийт 27.060.000 төгрөгийг төлсөн. Ингээд материалаа аваад очингуут дараагийн шалтгаан хэлсэн нь газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил хийлгэх хугацаа болсон байна, тийм учраас энэ ажлаа хийлгээд материалаа бүрдүүлээд ир гэдэг шаардлага тавьсан.
Үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс төрийн байгууллагаас тавьж байгаа шаардлагын дагуу хянан баталгааны дүгнэлт, чанарын баталгааны ажлыг хийлгэсэн. Тодруулбал хэрэгт хоёр удаа хянан баталгааны дүгнэлт 2021, 2022 онд хийгдсэн. Эдгээр нь үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй, янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж материалуудыг буцааж байгаад танай материалыг авах боломжгүй гэдэг хариу хэлсэн. Баянзүрх дүүргийн Газрын албанд очих бүртээ 20 дугаар хороо хариуцсан мэргэжилтэнтэй очиж уулзаж, бүрдүүлсэн материалаа үзүүлдэг. Маргааны явцад танай зүгээс материалаа гаргаагүй, бичиг хэргээр дамжуулж өгөөгүй, бүртгэл байхгүй гэсэн асуудал яригддаг.
Дээр дурдсан шалтаг шалтгааны улмаас материалыг хүлээж аваагүй, бичиг хэрэгт аваачиж өгөхөд газрын мэргэжилтэнд материалаа шалгуулаад газрын мэргэжилтэнд өг, тэгээд бид нар хүлээж авна гэдэг. Газрын мэргэжилтэн дээр очихоор дээрх шалтаг, шалтгааныг дурдаад материал авдаггүй. Ялангуяа Баянзүрх дүүргийн Хар усан тохой орчим нь суурьшлын бүс болох гэж байгаа, нийслэлийн төлөвлөгөөнд орсон гэж амаар хэлдэг байсан, бид нарт бичгээр гаргасан шийдвэрээ үзүүлж байгаагүй. Хотоос ирж байгаа шийдвэрийн дагуу гарч байгаа архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан байгаа. Түүний дагуу бид нар нийслэлийн суурьшлын бүс болгож байгаа гэдэг асуудал тавьж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохой орчмын газруудыг нэг дор шийдвэрлэнэ гэдэг байдлаар өргөдлийг хүлээж авахгүй нэлээн хугацаа алдсан. Энэ ажил нь ямар шатанд явж байгааг мэдэхгүй байна. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс энэ шалтаг, шалтгаанууд нь ойлгомжгүй байгаа бөгөөд төрийн байгууллагын хүнд суртлын улмаас нэхэмжлэгч нь тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж чадахгүй байдалд хүрсэн. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигладаг, энэ нь үзлэг болон бусад баримтуудаар нотлогддог. Тухайн газар дээр тарьсан хүнсний ногоог худалдаалж өөрийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж ахуй амьдралаа залгуулж амьдардаг. Нэхэмжлэгч газар дээрээ хөрөнгө оруулалт хийж, олон зүйл барьж, хийсэн байдаг. Яагаад шалтаг, шалтгаан заагаад буцаагаад байсныг ойлгохгүй байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим маргаан бүхий харилцаанд үйлчилнэ гэж харж байна. Нэгэнт болохгүй байсан юм бол яагаад ийм юм, тийм юм гэж буцаагаад байсан юм. Энэ бүрт нь бид нарт итгэл үнэмшил төрүүлж, манай материалыг сунгаад өгөх юм байна, дуудлага худалдааны үнэ төлчих юм бол болох юм байна гэдэг асуудлаар бид нар дуудлага худалдааны 27.000.000 төгрөг төлсөн.
Жилд тухайн газарт 1.000.000 төгрөгийн төлбөр төлдөг. Гэтэл 27.000.000 төгрөг буюу 27 жилийн төлбөр төлсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах үед ямар нэгэн төлбөрийн болон гэрээний үүргийн зөрчил байх ёсгүй. Үүний ч дагуу бид нар тухайн үед ямар нэгэн үүргийн зөрчил байгаагүй, материал өгөхөд урьдач нөхцөлүүд бүрэн хангагдсан байсан гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл 2019 оны байдлаар нэхэмжлэгч нь ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй байсан нь тооцоо нийлсэн актаар харагддаг. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар төлбөр бодогдохгүй байгаа. Бид нарын хувьд ч гэсэн газрын төлбөрөө төлөх үү, яах вэ гээд энэ асуудлын араас хөөцөлддөг. Үүн дээр ямар нэгэн байдлаар хариу байдаггүй. Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандахаас өмнө уг асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан ном журмын дагуу хийлгэсэн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлэ гэдэг хариу өгсөн. Газрын тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандаж байна. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаар хүсэлт, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд байна. Харин дээрх хүсэлтийг бүртгэн хүлээж авах үүрэг, Засаг даргад танилцуулах, материалыг хүлээж авах үүрэг Газар зохион байгуулалтын үүрэгт хамаарна гэж нэхэмжлэгчээс ойлгож байгаа. Тэр ч утгаараа нэхэмжлэлийн шаардлагаа эдгээр хоёр хариуцагчид холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Газрын алба нь Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн байдаг. Энэ талаар хариуцагчийн зүгээс маргах зүйл байхгүй гэж 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэгт иргэн П.Нарантуяад дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон. Газар эзэмших эрх шилжүүлж ногооны газрын зориулалттай 2 га газрыг олгосон. Гэтэл тухайн иргэний газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байхад хуулийн хугацаа болох Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан буюу эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй, дээрх заалтыг зөрчсөн. Энэ нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болно. Иймд иргэн П.Нарантуяагийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд бичиг хэргээр дамжуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлт ирээгүй, бүртгэгдээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухай бүр өгч байсан, буцаасан гэж байгаа боловч ямар нэгэн буцаасан баримт бичиг, манай байгууллагад хандсан ямар нэг санал, хүсэлт, тухайн хариуцсан газар зохион байгуулагч хүлээж аваагүй, буцаасантай холбоотой гомдол, санал нэхэмжлэгч талаас ирж байгаагүй. Тиймээс Газрын тухай хуулийн 39.1.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа болон газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн газар зохион байгуулагч маргааш ир, нөгөөдөр ир, тийм юм авч ир гэсэн шаардлагууд тавиад буцаагаад байсан гэж байна. Үүнийг нотлох зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, үүнтэй холбоотой албан бичиг, гомдол, санал, хүсэлт байхгүй. Дуудлага худалдааны анхны үнийн тухайд тухайн газар эзэмшигч анх газар эзэмших эрх авахдаа дуудлага худалдааны анхны үнийг заавал төлсөн байх ёстой. Төлөөгүй учраас нөхөж төлүүлсэн үйл баримт харагдаж байна. Түүнээс хугацаа сунгахад заавал дуудлага худалдааны анхны үнийг төлүүлнэ гэсэн зүйл, заалт хуульд байхгүй. Өмнөх хууль, дүрэм журамд заасан зайлшгүй төлөх шаардлагатай газрын дуудлага худалдааны үнийг төлүүлсэн. Дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөр хоёр тусдаа ойлголт юм. Нэхэмжлэгч тал дуудлага худалдааны үнэд 27 сая төгрөг төлсөн нь 27 жилийн газрын төлбөр гэсэн буруу ойлголттой байна. Дуудлага худалдааны анхны үнэ нь иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв-аас дээш талбай дээр газар эзэмших эрх олгож байгаа тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх олгоно гэсэн заалтад үндэслэн тухайн бүсчлэлээсээ хамаараад дуудлага худалдааны үнэ төлж газар эзэмших эрх үүсэх ойлголт юм. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт нь Газрын тухай хуульд заасан үүрэг, холбогдох дүрэм, журамд заасны дагуу таван жилд нэг удаа тухайн газар эзэмшигчийн эрх дуусгавар болж байгаа тохиолдолд хийлгэнэ гэсэн заалтын дагуу дуудлага худалдааны анхны үнийг тухайн газар эзэмшигч заавал төрийн байгууллагын шаардлагагүйгээр хийлгүүлэх үүрэгтэй. Тусгай зөвшөөрөлтэй компаниар тайлангаа гаргуулна. Энэ нь тухайн тайланг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянаад дүгнэлт гаргаж байгаа баримт бичиг юм. Газар эзэмшигч нь газар дээрээ зориулалтын дагуу ашиглаагүй, бөгөөд ногоо тарьсан зүйл байхгүй нь газар дээрх үзлэгээс тодорхой харагддаг. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт дээр газар ашиглалт байхгүй гэж тусгасан. Мөн газрын төлбөр төлөхтэй холбоотой асуудлын тухайд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх 2019 онд дуусгавар болсон. Газар эзэмших эрх дуусгавар болсноор газрын төлбөр төлөх шаардлагагүй тул ямар нэгэн төлбөр гараагүй. Газар эзэмших эрх дуусгавар болох хүртэл хугацаанд ямар нэгэн газрын өр, төлбөр байхгүй байсан. Иргэн П.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 13/1931 дугаартай Газар чөлөөлөх тухай албан бичгээр иргэн П.Нарантуяад ...тус дүүргийн Засаг даргын 2014 оны 115 дугаар захирамжаар олгосон ...20500 м.кв талбай бүхий 133290/4004 нэгж талбарын дугаартай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ...Гэвч тус газрын эзэмших эрхийн хугацаа дууссан, ...хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, ...тухайн газрыг эзэмших эрх дуусгавар болсон, ...Иймд Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн ... дагуу газар чөлөөлөхийг мэдэгдье гэжээ.
2.Дээрх мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс уг мэдэгдлийг П.Нарантуяад гардуулсан эсэх, түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар талууд маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хэргийн оролцогчдын маргаагүй дээрх асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй болно.
3.Мөн хэрэгт авагдсан авагдсан баримтаар 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 000494298 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнд тэмдэглэсэн газрын нэгж талбарын 133028/0890 дугаар нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01110-4-2-2205-22-2109 дугаартай Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил хийлгэх мэдэгдэх хуудас болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталгаажуулсан Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтэд заасан газрын нэгж талбарын дугаар /1332904004/-аас зөрүүтэй байгаа нь тогтоогдож байгаа боловч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ талаар маргаагүй тул шүүх маргаан бүхий газрын нэгж талбарын дугаарын зөрүүтэй байдалд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
4.Монгол Улсын Их Хурлаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт 2022 оны 04 дүгээр сарын 22, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус өөрчлөлт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт тус тус оруулсан бөгөөд шүүх маргааны үйл баримтад холбогдуулан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу 2019 онд мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтыг хэрэглэн маргааныг хянан шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
4.1.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:, 37.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2-т газрын төлбөрийг төлсөн тухай баримт, 37.1.3-т байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт,
37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана... гэж зааж, 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийг, 40 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг тус тус тодорхойлжээ.
4.2.Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд, газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн хугацаа дуусахаа 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох баримтын хамт тухайн шатны Засаг даргад хандан гаргах, Засаг дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан эсэхийг хянан үзсэний үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх буюу газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаагүй, эсхүл эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй бол дүүргийн Засаг дарга хугацаа сунгах хүсэлтийг хангахаас татгалзах эрхтэй байна.
Түүнчлэн, газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зэргээр иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбоотой шийдвэр гаргах эрхийг тухайн шатны Засаг дарга эдэлнэ.
4.3.Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч П.Нарантуяагийн 000494298 дугаартай 20500 м.кв газрыг ногооны зориулалтаар эзэмшүүлсэн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон талаар ямар нэг шийдвэр гараагүй атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч П.Нарантуяа нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
4.4.Энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт заасанчлан нэхэмжлэгч П.Нарантуяагийн газар эзэмших эрхийн гэрчилгээний 000494298 дугаартай 20500 м.кв газрыг эзэмших эрх 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанаас өмнө нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гарган хандаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүйгээр нотлогдоогүй болно.
4.5.Харин нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргахаар удаа дараа хандахад хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албанаас хуульд заагаагүй шаардлага хангаж тавьж, хүсэлтийг хүлээн аваагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан тухайн маргаан бүхий газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 27,060,000 төгрөгийг Төрийн сангийн 1002000000967 дугаартай дансанд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн Худалдаа хөгжлийн банкны 47324698 дугаартай төлбөрийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Анх газар эзэмших эрх үүссэнээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар явуулж, газар эзэмших эрх үүснэ. Сүүлд 2016 болон 2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гараад 2003 оноос хойш ...шинээр газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн төлөөгүй дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлээд газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах, эрх шилжих процессыг явуул гэсэн үүрэг, чиглэл өгсөн захирамж гарсан. Уг захирамжийн дагуу нөхөн төлүүлсэн гэх тайлбараар тогтоогдож байна.
4.4.Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ, 33.2-т Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна гэж заасны дагуу маргаан бүхий 20500 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнийг анх тухайн газрыг эзэмших эрхтэй этгээдээр төлүүлээгүй, дараа нь нэхэмжлэгч П.Нарантуяагаар нөхөн төлүүлснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч өөрөө маргаан бүхий газрын дуудлага худалдааны анхны үнэ хэдэн төгрөг болох, ямар тоот дансанд тушаахыг мэдэх боломжгүй зэрэг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлттэй холбогдуулан хариуцагчаас газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх шаардлага тавьсан, улмаар нэхэмжлэгч уг шаардлагыг хангаснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах боломжтой гэж түүнд итгэл төрүүлсэн гэж үзэхээр байна.
4.5.Түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 2 дахь заалтад харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ гэж тус тус заасны дагуу иргэн, хуулийн этгээд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй, нөгөө талаас төрийн байгууллага, албан тушаалтан харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах үүрэгтэй бөгөөд бичгээр гаргасан өргөдлийг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, бүртгэхээр байна.
4.6.Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч холбогдох бүртгэлд бүртгэж, хүсэлтэд хуульд заасан баримтуудыг бүрэн хавсаргасан эсэх, нэхэмжлэгч эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан эсэхийг хянаж, дүүргийн Засаг даргад танилцуулж, хуульд заасан хугацааны дотор газар эзэмших эрхийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй байтал энэ үүргээ хэрэгжүүлэлгүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөх шаардлага тавьж, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжтой мэт итгэл төрүүлсэн нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүй гэж дүгнэв.
4.7.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.
4.8.Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авалгүй, дээрх байдлаар хууль бус эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгчийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.
5.Хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шүүх үнэлсэн тухайд:
5.1.Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын газар зохион байгуулагчаар гэрч Цэрэннадмидын Отгонбямба нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нь ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн газрын албаны даргын тушаалаар тогтоогдож байна.
5.2.Гэвч гэрч Ц.Отгонбямбын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан ...2019 онд газрын хугацаа сунгуулах хүсэлт өгсөн эсэхийг би мэдэхгүй гэх мэдүүлэг, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Дагвадоржийн Эрдэнэбатын гаргасан ...Газрын гэрчилгээ сунгуулах талаар 2019 оноос хойш маш олон удаа Баянзүрх дүүргийн Газрын албанд очиж байсан. Тэр үед газрын албанд н.Отгонбямба гэдэг хүн байдаг байсан. Очих бүрд ямар нэг шалтаг хэлээд буцаадаг байсан гэх мэдүүлэг, гэрч Пүрэвжалын Энх-Амгалангийн гаргасан ...2019 оноос газрын алба руу хамт явж байсан. ...Тэр үед Баянзүрх дүүргийн Газрын албаны 2 дугаар цонхонд өгөх гэхээр манайх материал авахгүй байгаа Засаг дарга нэгдсэн журмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгана гээд хариу хэлээд буцаадаг байсан гэх мэдүүлэг зэргээс үзвэл 2019 онд нэхэмжлэгч П.Нарантуяа хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргаж байсан эсэх талаар гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, бусад хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулж үзэхэд уг мэдүүлгүүдийг дэмжиж нотолсон баримт хэрэгт байхгүй тул шүүх дээрх гэрчийн мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй гэж үзлээ.
5.3.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, 35.3.4-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх гэж, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журмын 3-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар газар олгох, ...аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход тухай бүр хянан баталгааг хийнэ гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч П.Нарантуяа нь 2019 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан маргаан бүхий газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг эрх бүхий байгууллагаар хийлгэх үүрэгтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
5.4.Өөрөөр хэлбэл, дээрх хууль тогтоомжид зааснаар нэхэмжлэгч нь газар эзэмших эрх үүсэх, дуусгавар болсон тухай бүрд газрын төлөв байдал, чанарын баталгааг хийлгэх үүргийг хүлээх бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлж 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01110-4-2-2205-22-2109 дугаартай Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил хийлгэх мэдэгдэх хуудаст заасны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулж, баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхээр итгэл төрүүлсэн гэж үзэхгүй.
6.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 000494298 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтийг хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, 000494298 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Засаг даргаас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ