Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

 

                                                                                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Агар,   

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Хохирогч А.Жавхлан,

Шүүгдэгч П.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Хд холбогдох эрүүгийн 1706034280401 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Кино нэгтгэлд жолооч ажилтай, ам бүл 3, эх дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 10б-536 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт П.Х, /регистрийн дугаар.........../

 

     Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч П.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баярлах “Монгол Кино” үйлдвэрийн байранд хамт ажилладаг А.Жавхлантай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706034280401 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэрч С.Чинсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед кино үйлдвэрийн 1 давхарын буланд байдаг хоосон өрөөнд Хүрлээ ах, Батсүх ах, Жавхаа бид 4 байж байхад Хүрлээ ах Жавхаад хандаад “чи өчигдөр ажлаа хийхгүй хааччихдаг юм бэ” гэсэн чинь Жавхаа Хүрлээ ахруу уурлаад “би тэр ажлыг чинь хийхгүй, би чадахгүй, та нар намайг барахгүй шүү” гэж хэлээд Хүрлээ ахруу салаавч гаргаад байсан. Тэгсэн чинь Хүрлээ ах “чи муу юу гээд хүн рүү салаавч гаргаад байгаа юм” гээд хоорондоо маргалдаад байхаар нь Батсүх бид 2 тэр өрөөнөөс гараад явсан ба барилга дээр оччихоод буцаад нөгөө өрөөндөө хүрээд ирэхэд тэр хоёр нэг нэгнээ бариад авчихсан зууралцаад байж байхаар нь би очоод салгасан…” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Б.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Миний бие хэрэг гардаг өдөр ажил дээрээ байсан чинь А.Жавхлангийн ээж нь залгаад “дүү чинь хүнд зодуулсан байна, чи ажил дээр нь яваад очоодхооч” гэхээр нь ажил дээр нь очсон чинь Жавхлан байхгүй байсан бөгөөд би шууд гэртээ ирээд байтал Жавхлан хүрээд ирсэн. Ингээд Жавхлан бид 2 ГССҮТөврүү явж очоод үзүүлсэн чинь манай дүүгийн төмсөг нь хавдсан, бас гар нь хавдсан байна гэхээр нь шууд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг  /хх-ийн 20/

 

Гэрч Х.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Миний бие тэр өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол кино нэгтгэлийн төв байранд үйлчлэгчийн ажлаа хийгээд байж байхад 1 давхарын коридорын хамгийн цаана байдаг булангийн өрөөнд хүмүүс зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь би өрөөний хаалгыг нь онгойлгоод харсан чинь манай байгуулагын слесарь Жавхаа, захирлын жолооч Хүрлээ 2 маргалдаад зодолдож байсан… тэр хоёрыг салгахад захирлын жолооч Хүрлээ гартаа жижиг турба барьчихсан, Жавхаа нь Хүрлээгийн хоолойноос заамдчихсан байж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Шүүгдэгч П.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед ажил дээрээ байж байтал манай туслах сантехникч А.Жавхлан ажил дээрээ хүрч ирсэн. Би Жавхланг 2 хоног ажилдаа ирээгүй болохоор нь “чи ажлаа хийгээчээ” гэсэн чинь Жавхлан над руу салаавч гаргаад “та нарт ямар хамаатай юм” гээд орилоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Жавхлангийн цамцнаас нь заамдаж аваад салсан. Тэгтэл төд удалгүй Жавхлан миний нас барсан хүүхдийг доромжлоод “чиний хүүхдийг тэнгэр ниргэсэн биздээ, заяа чинь тэр” гэх мэтийн зүйл яриад байсан. Тэгэхээр нь миний уур маш их хүрээд газар хэвтэж байсан богино турба аваад Жавхлангийн зүүн талын бугалган тус газарт нь нэг удаа цохисон чинь Жавхлан миний өөдөөс зууралцаад бид 2 ноцолдож эхэлсэн. Тэгж байтал манай ажлын Чинсанаа, Нямсүрэн хоёр ирээд бид хоёрыг салгасан…” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 57-58/

 

Хохирогч А.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байсан чинь захирлын туслах над руу утасдаад чамайг захирал дуудаж байна гэхээр нь би ажил дээрээ яваад очсон чинь манай захирлын жолооч ах Хүрлээ надруу хүрч ирээд “чи муу юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд миний бэлэг эрхтэн тус газарт нэг удаа өвдөглөсөн. Тэгэхээр нь би Хүрлээ ахыг барьж аваад заамдаж аваад заамдалцаад байж байсан чинь Хүрлээ ах хаалганы хажуу талаас 15-ын 1 метр орчим хэмжээтэй турба гартаа барьж байгаад миний зүүн гарын булчин хэсэгт 2 удаа цохиод түүний дараа зүүн хөлийн бүдүүн гуян дээр 2 удаа цохисон…” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 14182 дугаартай:

“А.Жавхлангийн биед зүүн бугалга, баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32/

 

-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 3-4/

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 10/,

-Монгол Кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгын 2017 оны 12 сарын 05-ны 67 дугаартай хохирогч А.Жавхлангийн талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 35/,

-хохирогч А.Жавхлангийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36-37/,

-хохирогч А.Жавхлангийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 38/

-шүүгдэгч П.Хгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-40/

-шүүгдэгч П.Хгийн оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41-42/

-шүүгдэгч П.Хгийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43/

-шүүгдэгч П.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 45/,

- “Монгол Кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгын 2017 оны 11 сарын 14-ний өдрийн П.Хгийн талаар хийсэн тодорхойлолт /хх-ийн 46/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч П.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч П.Хгийн иргэн А.Жавхлангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Х нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй ба өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр турба 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б овогт П.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Шүүгдэгч П.Х нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан турба нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ