Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/04266

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 21 182/ШШ2024/04266

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ гудамж, ХХ тоотод оршин суух С.О-ийн хүсэлттэй,

 

Д.Т нь охин С-ийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие С овогтой О би анх Д овогтой Т-тай 1996 онд танилцаж, 1997 оноос хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин О.С Нийслэлийн 1 дүгээр амаржих газарт төрсөн. Би өөрөө Өвөрхангай аймаг, Хархорин суманд хаягийн бүртгэлтэй байсан болохоор гэрлэлтээ батлуулж чадаагүй. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй гээд охин С-ийг ээжээр нь овоглон 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсний гэрчилгээ авсан. Бид дараа нь гэрлэлт батлуулж ааваар нь овоглуулах гэсэн боловч хаягийн шилжилт хөдөлгөөн хийж өгөхгүй байсаар 2015 онд хүүхдийн төрсний гэрчилгээгээ авсан юм. Би 2017 онд хөдөөгийн хаягийн шилжилт хийлгэж Улаанбаатар хотын иргэн болсон.

Д.Т бид хоёр 1996 оноос Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ гудамж, ХХ тоот хаягт 28 жил охины хамт амьдарч байгаад зүрхний өвчний улмаас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн эмнэлэгт нас барсан. Д.Т-ыг нас барснаас хойш охин С-д тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэж дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч охин маань надаар овогтой учраас тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох боломжгүй байна гэсэн. Та хүүхдээ талийгаач нөхрийнхөө төрсөн хүүхэд болохыг шүүхээр тогтоолгож ир гэсэн.

Иймд охин С Д.Тын төрсөн хүүхэд мөн болохыг охин С тэжээгчээ алдсаны тэтгэмж авах үндэслэлтэй болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, 1125003831 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, гэрч Д.Э-ийн тодорхойлолт /хх-5/, гэрч Д.Э-ийн тодорхойлолт /хх-6/, О.С-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, 39 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-8/, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-9/, 13551579 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-10/, CVL2411860001001873 дугаартай Төрөл садангийн лавлагаа /хх-19/, CVL2411860001001297 дугаартай Төрөл садангийн лавлагаа /хх-20/, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаартай тодорхойлолт /хх-34/, 1125691408631 дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-35/, 112569147621 дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-36/, зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

2.2. Шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрч Д.Э, Д.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15-18/,

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2024/12123 дугаар захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 13/5048 дугаартай албан бичиг /хх-25/,

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2024/16142 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 380 дугаартай албан бичиг /хх-51/ тус тус хэрэгт авагджээ.

 

Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч С.О Д.Т нь охин Сийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс хэрэгт авагдсан баримт, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр Д.Т нь охин С-ийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. С.О нь шүүхэд гаргасан гаргасан хүсэлтийн үндэслэлийг ... Би өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул Д.Т-тай гэрлэлтээ батлуулж чадаагүй тул охин С-ийг өөрийн нэрээр овоглосон. Гэтэл нөхөр Д.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан юм. Одоо охин С тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл эцэг мөн гэдгийг тогтоолгож ир гэсний дагуу шүүхэд хандаж байна гэж тайлбарлаж байна.

 

3. Хүсэлт гаргагч С.О нь талийгаач Д-гийн Т-тай 1997 оноос 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу түүнийг нас барах хүртэл хугацаанд Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ гудамж, ХХ тоот хаягт хамт амьдарч байсан үйл баримт нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Д.Э, Д.Э нарын мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн 10 хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 399 дүгээр тодорхойлолт, 1125691408631 дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, 112569147621 дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр болон хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч С.О нь өмнө иргэн Дамдинжамцтай гэрлэлтийн баталгаатай байсан гэх шалтгаанаар хамтран амьдрагч С.О, Д.Т нар нь иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан байх ба С.О, Д.Т нарыг хамтын амьдралтай байх явцад тэдний дундаас 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин О.Сэ төрсөн, хүүхдийн эцгийн нэрийг ээж С.Оаар тодорхойлон төрсний гэрчилгээ олгогдсон, С.О нь талийгаач Д.Т-ыг нас барах хүртэл хугацаанд хамтран амьдарч, тэдний дундаас төрсөн охин С нь талийгаач Д.Т-ын асрамжид өсөж бойжиж, хүмүүжсэн үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон.

 

Мөн талийгаач Д.Т нь өөрийгөө тухайн хүүхдийн эцэг мөн гэдгийг маргаангүй хүлээн зөвшөөрдөг байсныг тогтоох нь эрх зүйн ач холбогдолтой бөгөөд гэрч Д.Эийн ...миний бие Д.Тын төрсөн ах нь юм. Миний дүү Д.Т нь С.О-тай 1996 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд охин С төрсөн нь үнэн. Би төрсөн ахын хувьд гэрчилж байна гэх, гэрч Д.Э-ийн С.О нь миний төрсөн дүү Д.Т-ын анхны гэр бүлийн амьдрал нь бөгөөд 1998 онд манайд бэр болж ирсэн. Миний дүү Д.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. Түүний охин С төрсөн өдрөөрөө аавыгаа алдаад уйлаад л сууж байсан. Би Т-ын С гэж боддог байсан боловч ээж О-аар овоглосон болохыг сая иргэний үнэмлэхийг нь захиалах гэж явж байхдаа мэдсэн. С бол миний дүүгийн ганц төрсөн охин нь мөн гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж үзэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3.-т зааснаар хүсэлт гаргагч нь Д.Т нь охин С-ийн эцэг мөн болох үйл явдлыг тогтоолгох зорилгоо хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэж тодорхойлсон.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Тодруулбал, шүүх хуулийн дээрх заалтын дагуу иргэний эдийн болон эдийн бус баялгийн эрхийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгохтой холбоотой, аливаа үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болсон тохиолдолд, тухайлбал эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхийн журмаар тогтоодог онцлогтой.

 

Талийгаач Д.Т нь охин С-ийн эцэг мөн болохыг шүүхээс өөр журмаар тогтоох боломжгүй болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 13/5048 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 380 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг үндэслэн Монгол овогт Дгийн Т нь 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Өндөр овогт О С-ийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

7. Хүсэлт гаргагч С.О-ы тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан Монгол овогт Д-гийн Т  нь 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин О.С-ийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА