| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2017/0066/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/67 |
| Огноо | 2017-11-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/67
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч В.Амарсайхан, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Ваанчигийн Амарсайханд холбогдох эрүүгийн 1717000150014 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Жалайр овогт Ваанчигийн Амарсайхан /РД:ЕЙ68101911/ Төв аймгийн Архуст суманд 1968 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, САА 6 байрны 16-1 тоотод оршин суух, “Баяннексус” ХХК-нд харуул ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, ял шийтгүүлж байгаагүй гэх
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч В.Амарсайхан нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Чандмань” хүнсний дэлгүүрийн урд иргэн Г.Гандөлтэй маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч В.Амарсайхан нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Чандмань” хүнсний дэлгүүрийн урд Г.Гандөлтэй маргалдан, зууралдаж газарт унаж, харилцан зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч В.Амарсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дэнжээс гараад гэр лүүгээ харьж явахад Чандмань дэлгүүрийн ойролцоо танихгүй, согтуу залуу ирээд намайг таних уу, манай аавыг хөгжимчин Гантөмөр гэдэг гээд байсан. Би аавтай нь баазад жолоочоор хамт ажиллаж байсан. Би аавыг чинь танина, чамайг бол танихгүй чи яв гээд цааш нь жаахан түлхэхэд араас зууралдаад, намайг барьж аваад, миний хоолой амыг боож багалзуурдсан. Миний хамар луу цохиод хамраас цус гаргасан. Түүнээс болоод бид барилцаж аваад давхралдаж унасан. Би ганц 2 удаа л цохисон. Би эрүүл байсан. Би аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Зугтаах боломж байсан. Гэхдээ яалт ч үгүй зууралдаад намайг тавихгүй байсан. Эмчилгээний зардалд 400 000 төгрөг өгсөн. Би хуруунд нь хүрээгүй. Надад хүний хуруу гар хугалчихаар мод чулуу барьсан зүйл байхгүй. Ойчихдоо л гараа гэмтээсэн байж магадгүй гэв.
1.2. Хохирогч Г.Гандөл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт 15 цагийн суудлаар ирээд вокзал дээр хуучны танил Содномдаржаатай таараад түүнтэй хамт манай эгчийнд миний цүнхтэй хувцсыг тавиад бид хоёр төмөр замын дэлгүүр орж 1 шил архи аваад модны сүүдэрт сууж байгаад хувааж уугаад би багын найз Тогтохынд очих гээд гэрийг нь заалгахаар явж байгаад Чандмань дэлгүүрийн үүдэнд хуучны танил байцаа Мөнхөөтэй таарсан. Мөнхөө бид хэд мөнгөө нийлүүлж байгаад 1 шил архи аваад уусан. Мөнхөөтэй хамт танихгүй 2 хүн бид нар нийлээд тавуулаа уусан. Ууж байхдаа маргалдаж муудсан асуудал байхгүй. Архи уугаад би нилээн согтсон. Хамт архи ууж байсан нэг танихгүй залуу Содномдаржааг дагуулаад яваад өгсөн. Би байцаа Мөнхөө танихгүй залуу хоёртой хамт үлдсэн. Үлдсэн жаахан архиа ууж сууж байгаад дуусгасан. Тэр хоёроос салаад Чандмань дэлгүүрийн тэнд явж байгаад Амарсайхантай таараад түүнтэй уулзаж байгаад маргалдсан. Яг юунаас болж муудсанаа санахгүй байгаа. Тэгээд ямарч байсан түүнтэй маргалдаад намайг тэр доороо хийгээд зодоод байсан. Юугаар яаж зодсоныг бол мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л би эмнэлэг дээр ирсэн байсан. Ухаан алдсан байсан. Амарсайхан бид 2 өмнө нь маргалдаж муудаж байгаагүй. Миний биеийн байдал гайгүй байна. Эмчилгээ, эм тарианыхаа мөнгийг гаргуулаад авчихвал гомдолгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/
1.3. Гэрч Г.Содномдаржаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн суудал тосоод явж байтал хуучны танил Гандөлтэй таараад ачаагаа гэрт хүргээд өг гэж гуйхаар нь хорихын 75 дугаар байрны урд талд гэр хороололд хүргэж өгсөн. Бид хоёр тэднийхээс гараад дэлгүүр ороод Гандөл надад 1 шил 0.5 литрийн Стандарт архи авч өгөөд бид хоёр дэлгүүрийн тэнд сууж байгаад уусан. Мөнхөө, Баяраа, Найдансүрэн нартай таараад нэг шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад Найдансүрэн бид 2 төмөр зам руу явсан. Харин нөгөө 3 архи уусан газартаа үлдсэн. Бид хоёр төмөр зам ороод миний утсыг 5500 төгрөгөөр зараад дэнжийн Андууд орохоор явж байхад Чандмань дэлгүүрийн яг үүдэн дээр цагдаа нар ирсэн Гандөл баригдсан байх шиг байсан. Бид нарыг хамт архи ууж байхад зодоон болоогүй. Хэн Гандөлийг зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Гандөл нилээд согтсон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
1.4. Гэрч М.Найдансүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед байцаа Мөнхөө, Баяраа бид гурвыг Чандмань дэлгүүрийн үүдэнд байж байхад миний хуучны танил Гандөл, Содномдаржаа 2 ирсэн. Тэр хоёртой таарахаас өмнө байцаа Мөнхөө 1 шил архи авчихсан байсан. Тэгээд бид хэд тэр архиа Чандмань дэлгүүрийн зүүн талын харалдаа гудамжны баруун үзүүрт хувааж уугаад Содномдаржаа бид 2 тэр хэдээс салаад төмөр зам руу явсан. Бид хоёрыг явахад тэр хоёр хоорондоо муудаж, маргалдсан ямар нэгэн зүйл байгаагүй. Гандөлийг хэн зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Хэрүүл маргаан бол болоогүй. Бид хэдээс хамгийн согтуу нь Гандөл байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 дугаар хуудас/
1.5. Гэрч Д.Баяраа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед гэрээсээ гараад Чандмань дэлгүүр орж тамхи авахаар явж байгаад байцаа Мөнхөөтэй таарсан. Тэр нэг шил архи аваад Мөнхөө, Найдансүрэн, Содномдаржаа, Гандөл бид нар Чандмань дэлгүүрийн зүүн талын гудамжинд сууж байгаад 0,75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Ууж дуусаад Найдансүрэн, Содномдаржаа 2 яваад өгсөн. Тэгэхээр нь би Гандөл, Мөнхөө хоёрыг орхиод Чандмань дэлгүүр орж тамхи авахаар явахад тэр хоёр миний араас дагаад дэлгүүрийн үүдэнд ирсэн. Би дотогш орж тамхи аваад гараад ирэхэд Гандөл Амараатай муудаад дэлгүүрийн баруун урд хэсэгт гадаа байж байсан. Би Мөнхөөг үүдний эрээн төмөр түшээд зогсож байхаар нь түүнийг хүргэж өгөхөөр гэр лүү нь авч явсан. Тэр ухаанаа алдталаа согтчихсон байсан. Бид хэдтэй архи ууж байхад Гандөл нилээн согтуу байсан, бараг тасарсан бөгөөд нүүр ам нь зүгээр байсан. Бид нар архи ууж байхдаа хоорондоо маргалдаж муудаагүй. Амараатай муудаад байх шиг байсан. Нэг нэгэнтэйгээ зууралдаад дэлгүүрийн тэнд үлдсэн. Яг тэр хоёрыг хоорондоо зодолдож цохилцохыг хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/
1.6. Гэрч С.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...19 цагийн үед гэрээсээ яваад Чандмань дэлгүүр орж 1 шил Ерөөл нэртэй 0,75 литрийн архи аваад гарч ирэхэд дэлгүүрийн гадаа Гандөл, Найдансүрэн, Содномдаржаа, Баяраа нартай таараад би тэр дөрөвтэй авсан нэг шил архиа Чандмань дэлгүүрийн зүүн талд Рэгцэгийн 2 гудамжны баруун үзүүрт сууж байгаад хувааж уусан. Ууж байгаад би тэр газраа согтоод тасарсан байсан. Түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй тасарсан байсан. Баяраа намайг гэрт хүргэж өгсөн гэж маргааш нь хэлж байсан. Би тэр өдөр архи ууж байхдаа хүнтэй маргалдаж муудаагүй. Шөнө унтаж байгаад сэрэхэд надад хүнтэй маргалдаж муудалцсан шинж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/
1.7. Гэрч В.Мэндсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 23-ны бүтэн сайн өдөр Д.Ганбаатар гэдэг найзындаа Чандмань дэлгүүрийн зүүн талын гудамжинд хашаанд нь гэр буулгаж байшингийн гадна талд нь хураасан. Түүнийг хурааж дуусчихаад харих гээд төмөр зам руу гэр лүүгээ явж байтал Чандмань дэлгүүрийн баруун урд хэсэгт гадаа гудамжинд манай төрсөн ах Амарсайхан танихгүй залуутай зууралдаад хоёулхнаа байж байсан. Би тэр хоёр дээр очиход нэг нэгнийгээ заамдчихсан Амарсайханы фудволк нь урагдаад хамраас нь цус гараад хамаг хувцас нь цус болсон байдалтай байхаар нь би тэр хоёрыг салгасан. Салгахад Амарсайхан шууд гэрийнхээ тийшээ урагшаа явсан. Би ч тэр хүнийг тэнд нь орхиод гэртээ харихаар баруун тийшээ явсан. Тэр намайг явахад босоод баруун тийшээ яваад хашаа налаад сүүдэрт ганцаараа суугаад үлдэж байгаа харагдсан. Намайг очсоны дараа нэг нэгнийгээ зодож цохисон асуудал болоогүй. Намайг очихоос өмнө тэр хоёр хоорондоо зодолдсон байсан юм шиг билээ. Амарсайхан тэр хоёр хоорондоо ямар нэгэн юм ярихгүй байсан. Түүнтэй муудаад байсан танихгүй залуу согтуу байсан. Харин Амарсайхан эрүүл байсан. Тэр танихгүй залуу өдөр нь зах дээр надтай бас таарсан. Тэгэхэд л тэр зах дээр согтуурхаад агсам тавиад хүн хүн рүү янз янз болоод яваад байсан. Орой нь харин манай ахтай гудамжинд муудаад зогсож байсан. Тэр танихгүй залуугийн нүүр хөхөрч хавдсан зүйл ажиглагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/
1.8. Гэрч Ш.Батбаясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би Цагаан-Усны гудамжнаас гараад Ханангийн гудамж орохоор дэнжийн гудамжнуудын баруун үзүүрээр хойшоо алхаж явахад Чандмань дэлгүүрийн баруун урд харалдаа жаахан зайтай 2 танихгүй эрэгтэй хүн хоорондоо дээр доороо ороод зодолдоод байсан. Би нилээн зайтай явж байсан болохоор хоорондоо яг юу гэж ярилцаад байгааг нь бол сонсоогүй. Ямар ч л байсан хоёр бие рүүгээ дайраад зодож, цохиод байгаа харагдсан. Би ч тэр чигтээ хойшоо яваад өгсөн. Намайг явсны дараа юу болсныг би мэдэхгүй байна. Би тэр хоёр хүнийг огт танихгүй юм билээ. Холоос харсан болохоор нэг нэг рүүгээ дайраад дээр доороо ороод зодолдоод байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
1.9. Гэрч А.Цэмбэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 23-ны орой 21 цагийн суудал ороод гэртээ ирэхэд манай дүүгийн хүү Гандөл манай хашааны гадаа ирчихсэн гацаараа сууж байсан. Түүнтэй уулзаад юу болсон талаар асуухад хүнд зодуулчихлаа сая эмнэлэг орж үзүүлээд ирлээ гэж надад хэлсэн. Толгойдоо 3 оёдол тавиулсан гэж хэлж байсан шиг санаж байна. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэр архи үнэртүүлчихсэн согтуу байсан. Удалгүй цагдаа нар ирж түүнтэй уулзсан. Хэнд зодуулсан талаар асуухад өөрөө хэлж мэдэхгүй байсан. Би бол хаана, хэнд зодуулсан талаар огт мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
1.10. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаартай дүгнэлтэнд: Г.Гандөлийн биед зүүн сарвуу 1-р хурууны 2 дугаар шивнүүрийн зөрөөтэй далд хугарал, зүүн мөр, хацар, бүсэлхийд зулгаралт, зүүн хөмсөгт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 35 хуудас/,
1.11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 11-12 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч В.Амарсайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтыг шүүгдэгч В.Амарсайхан нь хийсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: аргагүй хамгаалалтыг хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийнэ. Мөн аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоон төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтанд тооцохгүй гэж заасан. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримт болох шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс дүгнэн үзвэл шүүгдэгч В.Амарсайхан нь хохирогч Г.Гандөлтэй Чандмана дэлгүүрийн үүдэнд тааралдаад хоорондоо маргалдаж шүүгдэгч В.Амарсайхан нь хохирогчийг цааш нь түлхэхэд хохирогч нь түүний нүүрэн тус газарт цохиж улмаар хоорондоо зууралдан газарт унаж харилцан зодолдсон байна.
ХОЁР. Шүүгдэгч В.Амарсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Гэрч Г.Ичинхорлоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “В.Амарсайхан нь манай төрсөн эгч Жамсрангийн хүү байгаа юм. Би түүнийг бага байхаас нь эхлээд мэднэ. Манай Амарсайхан бол хүнд их тусархуу зантай. Ажилч хичээнгүй. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Янз бүрийн ааш авиргүй хүний үгнээс гардаггүй. Надад бол маш их тусалдаг. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй. Амьдрал ахуйн хувьд тийм сайн биш 32 дугаар авто баазад жолоочоор ажиллаж байгаад бааз татан буугдаад түүнээс хойш тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг байж байгаад өнгөрсөн жилээс “Баяннексус” ХХК-нд харуулын ажил хийж байгаа юм. Нэг их хэрэг төвөгт холбогдоод байх хүн биш байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/
2.2. Гэрч Г.Алтанцог мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “В.Амарсайханыг би олон жилийн өмнөөс мэднэ. В.Амарсайхан нь төлөв даруу зантай хүнд их тусархуу сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. Тийм яаран хүн барьж аваад зодох хүн биш. Бид 2 нэг гэрт хамтран амьдраад 4 орчим жил болж байна. Энэ хугацаанд надад болон өөр ямар нэгэн хүнд элдэв янзын ааш авир гаргаж зодож цохиж байсан зүйл байхгүй. Хүн зодоод яваад байхаар тийм ааш авиртай хүн биш гэдгийг нь манай ойр хавийнхан болон нутгийн мэддэг хүмүүс нь сайн мэднэ. Архи уух нь уудаг, уучихаад агсам согтуу тавиад яваад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/
2.3. Хохирогч Г.Гандөлөөс хэрэгт гаргаж өгсөн хохирлын баримтууд, хохирогчийн прокурорын газарт гаргасан өргөдөл, хохирлын 400 000 төгрөг хүлээн авсан баримт /х.х-ийн 46-49, 59-60 хуудас/
2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 38-39 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч В.Амарсайхан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч В.Амарсайхан нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөгөгүй, хохирогч Г.Гандөлийн эмчилгээний зардалд 400 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдлаа.
Хохирогч Г.Гандөлийн ажилгүй байсан хугацааны цалин болох 800 000 төгрөгийн нэхэмжлэлсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жалайр овогт Ваанчигийн Амарсайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Амарсайханыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Амарсайханд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Амарсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч В.Амарсайхан нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөгөгүй, хохирогч Г.Гандөлд эмчилгээний зардалд 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Гандөлийн ажилгүй байсан хугацааны цалин болох 800 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол В.Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТУЛГА