Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

Ч.*******од холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.******* даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.*******, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.******* нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******,

 Прокурор Б.*******

Шүүгдэгч Ч.*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.*******гийн даргалж шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.*******ын гаргасан давж заалдах гомдлоор Ч.*******од холбогдох 2023001120161 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.*******ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, , мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамтаар Завхан аймаг сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгонтомах овогт *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч Ч.******* нь Завхан аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэн Д.ын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн 2332800 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/334 дугаартай албан бичиг хүргүүлж уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулан иргэн Д.од давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Боржгонтомах овогт *******ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******од тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.*******од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулж,

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******од тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Завхан аймгийн сумын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/334 дугаартай   албан бичгийг 2023001120161 дугаартай эрүүгийн хэрэгт хадгалж,

7. Шүүгдэгч Ч.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

8. Шүүгдэгч Ч.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.*******ын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 19-ны өдрийн 2022/ШЦТ/86 дугаартай шийтгэх Тогтоолыг 2022 оны 05 сарын 09-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд:

Ч.******* надад холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр хилсээр ял оногдуулсанд гомдолтой байгаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль бус үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдлыг шүүх хяналгүй шууд ял өгсөн гомдолтой байна. Миний бие Д.од давуу байдал бий болгосон зүйл огт байхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хаах бичиг өгчих гэхээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн төлөвлөсөн албан бичгийн төсөл дээр гарын үсэг зурсан үйл явдал болохоос би өөрөө Д. ыг дуудаж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дээр очиж бичиг хийж өгсөн зүйл огт байхгүй. Миний бие албан тушаалаа урвуулан ашигласан зүйл огт байхгүй ашиглаж ч үзээгүй анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хилсээр ял өгсөнд гомдолтой байна. Миний үйлдэл, гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт нь тодорхойгүй байхад ял оноосонд гомдолтой байна. Миний хэргийг ямар нэгэн нөлөөнд авталгүй чин шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье.

Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 19-ны өдрийн 2022/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү

Шүүгдэгч Ч.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 5 жилийн хугацаанд сумын засаг даргаар ажилласан байгаа. Энэ хугацаанд давуу байдал олгох, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлаар ажиллаагүй. Төрд хоёргүй сэтгэлээр ажилласны үр шимд гэмт хэрэгтэн гээд зогсож байгаа даа гомдолтой байна. Сумын ард иргэд намайг хоёр удаа дараалан аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгосон байгаа. Ард иргэдийн сэтгэлийг хөсөрдүүлж эрүү үүсгэж байгаа нь ард иргэдэд хохиролтой байна. Авлигатай тэмцэх газар нь төрийн албан хаагчийг хардах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу шалгаад шүүх рүү шилжүүлсэн. Миний бодлоор шүүхийг үнэ зөвийг тогтоогоод шийдээд өгөх байх гэж бодож байсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулсан. Гэрч нар үнэ зөвийг ярьсан. Тухайн үед мөнгөө төлөхгүй байсан хүнийг мөнгөө төлүүлснийх нь төлөө шүүхийн танхимд зогсож байгаадаа гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан өөрөө ажлаа гүйцэтгэхгүйгээр манай бичиг хэргийн эрхлэгчээр албан бичиг төлөвлүүлж, оны эцэс болж байгаа учир та гарын үсэг зураад өгөөч гээд гуйгаад байсан болохоор би гарын үсэг зурсан байгаа. Мөнгөө төлөхгүй байгаа иргэний зээлийг миний хувьд олгоогүй өмнөх засаг дарга олгосон байсан. Миний хувьд сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэнд үүрэг болгож тухайн зээлийг төлүүлснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсээд байна. Мөн энэ хэрэгт улс төрийн оролцоо байна гэж хардаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа намайг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөс огцруулсан байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж явсны төлөө эрүүгийн хэрэг үүсгэж байгаад гомдолтой байна. Иймд миний хүсэлтийг үнэн зөвөөр шийдэж, анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******од шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэргийн нөхцөл байдлын тухайд Ч.******* нь шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой сум хөгжүүлэх сангийн зээлийг нөхөн төлүүлэх ажиллагаа хийгдсэн байгаа. Ажиллагаа хийгдэхдээ төлбөр төлөг нь хэн байсан, төлбөр авагч нь хэн байсан асуудал яригдана. Төлбөр авагч нь анхан шатны шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Шийдвэр гүйцэтгэгч нь гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Гэрчээр өгсөн мэдүүлэгт: Тухайн хүнтэй 1 жилийн хугацаанд ажиллахад ямар ч хөрөнгө байхгүй байсан учир өрөөнд ороод харилцан тохиролцуулаад албан бичиг авсан гэж мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан нөхцөл байдлын хувьд 2019 оны 9 дүгээр сард хүсэлт өгөөд 12 сард тухайн хэргийг хаасан байсан. Тухайн 3 сарын хугацаанд шийдвэр гүйцэтгэгч нь зээл авагч иргэнтэй нэг ч удаа уулзаагүй байгаа. Гэтэл 2013 онд зээл авахдаа барьцаалсан авто машин, хашаа, байшин бүгд тухайн хүнд байсан. Шийдвэр гүйцэтгэгч нь ямар ч ажиллагаа хийгээгүй байж сумын засаг даргад “Тухайн иргэнд гэрээс өөр эд хөрөнгө байхгүй, гэрийг нь аваад өгнө” гэж хууран мэхэлж шахалт үзүүлсэн байгаа. Хэрэв гэрийг нь хураасан тохиолдолд гэрийг дуудлага худалдаагаар оруулж мөнгөн төлбөрийг нь төлөх журамтай. Гэтэл шууд гэрээр нь хаалгах байдлаар сүрдүүлээд бичиг авсан байгаа. Бичиг авахаасаа өмнө тохиролцох асуудал ярилцсан. Тохиролцохдоо “Тухайн иргэн хавар 6 дугаар сард ямааны ноолуураар төлнө гэж байна. Тийм учир хууль журмын дагуу сунгаад өгөөч” гэх асуудал яригдсан байгаа. Засаг дарга мэргэжилтнээ дуудаад хоорондоо ярилцаж байгаад 6 сар хүртэл хугацаагаар сунгахад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийг 6 дугаар сар гэхэд төлбөрөө хийгээрэй гэж хэлээд мэргэжилтнээс тухайн бичгийг аваад явсан байгаа. Энэ нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан субьектив санаа байхгүй байна. Нийтийн албан тушаалтан нь зориуд хүсэж үйлдсэн байх шаардлагатай. Хэрэг нь анх хаанаас гарсан гэхээр Аудитын шалгалтаар орсон байгаа. Яг ийм байдалтай байсан 8 сум байгаа. Гэрчийн мэдүүлэгт шийдвэр гүйцэтгэгч нь өөрөө хэлсэн байгаа. Тухайн 8 сумд шийдвэр гүйцэтгэгч оролцоогүй сум байхгүй. Шийдвэр гүйцэтгэгч байгууллагын гол зорилго нь юу вэ, гол зорилго нь шүүхээр тогтоосон өр төлбөрийг бүрэн барагдуулах зорилготой тухайн байгууллага ажиллах ёстой. Гэтэл бодит байдалд төлбөр дуусаагүй байхад төлбөр төлөгдсөн гэх бичиг авч байгаа нь хууль бус байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь төлбөрөө бүрэн төлөгдөөгүй талаар мэдэж байсан. Тийм учир гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт, гэм буруугийн асуудал байхгүй байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байгаа. Ч.*******ын хувьд давуу байдал олгосон, гэмт хэргээ хүсэж үйлдсэн зүйл байхгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус шаардлагын үндсэн тийм шийдвэр гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Ч.*******ыг Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөс чөлөөлсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр байхгүй байна. Тэгэхээр нь энэ өөрөө гэмт хэргийн шинжгүй байна. Хэрэв гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хэлбэрийн төдий агуулсан хэрэг гэж үзэж байгаа. Нэмэлт тайлбарыг нотлох баримт шинжлэн судлахдаа тайлбарлаад явна гэж бодож байна гэв.

Прокурор Б.******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Монгол Улсын хэмжээнд 360 сум байдаг. Сум болгон Засаг даргатай. Сумын Засаг дарга нь ЖДҮ сан, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийг гэрээ байгуулаад нэг талд иргэн байна. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээл төлүүлэх ажиллагаанд сумын засаг дарга болон ЗДТГазраас шүүхэд хандан холбогдох иргэний хэрэг үүсгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Энэ хэрэгт шүүгдэгчийн хувьд тухайн шийдвэр гүйцэтгэгчийн гуйлтын дагуу албан бичиг өгсөн. Бодит байдал дээр нөгөө хүн нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ бүрэн төлөөгүй байгаа. Бодит байдал дээр сум хөгжүүлэх сан болон жижиг дунд үйлдвэрийн сангаас гарч байгаа мөнгө төсвийн хөрөнгө байгаа. Гэтэл төрийг төлөөлж ажиллаж байгаа хүн зээлээ төлөөгүй байгаа иргэнийг зээлээ төлсөн гээд яваад байхаар тухайн зээлийг хэн төлөх вэ, төр нь хохирчхоод байхад тухайн хохирлыг хэн барагдуулах вэ, тухайн үед зээлээ төлөөгүй байгаа иргэнд зээлээ төлсөн гээд бичиг хийж өгөөд байгаа нь бусдад давуу байдал олгоод байгаа асуудал юм. Шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Тухайн зээл төлөгдөөгүй талаар мэдэж байсан. Сумын засаг даргад сонголт байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад үүнийг зогсоож байгаа үйлдэл нь зөв үү, буруу юу, засаг дарга нь бичиг хийхгүйгээр зээлээ төлүүлэх боломж байсан. Бусдад давуу байдал үүсгэх нь өөрт ашиг үүссэн байхыг шаардахгүй. Тийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Ч.******* нь Завхан аймгийн сумын засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын иргэн Д. нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1800 дугаартай шүүгчийн захирамжаар тус сумын сум хөгжүүлэх санд төлөх 2.332.800 төгрөгийн өр төлбөрийг төлөгдөөгүй байхад уг төлбөрийг хааж өгнө үү гэсэн агуулга бүхий албан бичгийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн ба албан бичгийг үндэслэн Д.од холбогдох төлбөр гаргуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт нь

 Гэрч Ч.ын “...Д.оос төлбөр гаргуулах талаар анх тухайн сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийг манай шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн... Д.од сайн дураараа төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах талаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д. нь тогтоосон хугацаанд сайн дураараа төлбөрөө төлөөгүй болохоор 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлээд албадлагын арга хэмжээг эхлүүлсэн...би Д.оос төлбөр гаргуулах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сум руу явж Д.ын гэрээс ямар нэгэн хураах эд хөрөнгө байгаа эсэхийг шалгахад хашаан дотроо 5 ханатай гэртэй, тухайн иргэн нь өөрөө хамрын мэс засалд орох гэж байгаа гээд өвчтэй гэртээ хэвтэж байсан...тухай сумд ажиллагаа  хийх гээд нэгэнт ирсэн болохоор төлбөр авагч тал дээр ыг дагуулан очоод засаг дарга ч.*******той уулзаад энэ оос төлбөр гаргуулах юу ч алга хэрэв танай сум орон нутгаас төлбөрөө хурдан хугацаанд гаргуулж аваад танай сумд төлбөр тооцож шилжүүлье гэсэн чинь засаг дарга ******* нь “тэгж яах юм бэ. Манай  сум орон нутгийн төлбөрөө хурдан хугацаанд гаргуулж аваад сангаа хохиролгүй болгуулъя гэж байвал 5 ханатай гэрийг нь хурааж аваад сангаа хохиролгүй болгуулъя гэж байвал 5 ханатай гэрийг нь хураагаад авчихвал хэдэн хүүхдүүд нь гудамжинд хөлдөж үхнэ. Сум орон нутгийг хариуцаж байгаа миний хувьд ийм үйлдэл хиймээргүй байна. одоо ямар арга хэмжээ байна гэхээр нь миний зүгээс “Би төлбөр төлүүлэх зорилгоор ажлаа хийж яваа хүн .Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр авагч тал нь төлбөр төлөгч талтайгаа харилцан тохирсон эвлэрсэн бол ажиллагааг дуусгавар болгодог байгаа.төлбөр авагч тал та нар өөрсдийн чинь мэдэх асуудал хэрвээ төлбөрөө заавал гаргуулж авна гэх юм бол бид ажиллагаагаа үргэлжлүүлээд явна” гэхэд одоо тэгээд хэрэггүй энэ хүний гэр орныг нь хурааж аваад яах вэ бид хүсэлтээ өгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулъя гээд сумын засаг дараг Ч.*******оос шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн бөгөөд тэрхүү албан бичгийг үндэслээд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нээсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хаасан юмаа... гэсэн мэдүүлэг,  гэрч Г., Д. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар,

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, эрүүгийн  хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах “албан үүрэг,албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэжээ.

Өөрөөр хэлбэл,  Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан,

албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулах хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг буюу онцлог шинж юм.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу байдал эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхол гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” , мөн хуулийн 3.1.4-т давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” хэлнэ гэж тус тус тодорхойлжээ.

Дээрх хуулийн заалтын зорилго агуулгаас харахад албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, өөртөө болон бусдад давуу байдал олгох гэдэг нь албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь ашигтай байх, бусдад хууль бус давуу байдал олгосон байхыг ойлгохоор байна.

Тэгвэл  хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Ч.*******ын үйлдэл нь сумын удирдлагын хувьд  нэг иргэний эрх ашгийн төлөө/ өвлийн хүйтэнд буюу  2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5 ханатай гэрээс өөр төлбөр төлөх эд хөрөнгөгүй байхад/ тухайн үед удирдлагын зүгээс хүнлэг, энэрэнгүй хандаж,  холбогдох  арга хэмжээ авсан нь Ч.*******ыг  албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг, буюу хувийн ашиг сонирхол гүйцэлдүүлэх зорилгод ашигласан, Д.од хууль бус давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч Ч.******* нь иргэн Д.ыг төлбөрөөс бүрмөсөн чөлөөлөх санаа зорилгогүй, тухайн нөхцөл байдалд төлбөр төлөхийг хойшлуулсан байх бөгөөд Д.Түмэнтогтогтоход эдийн засгийн давуу байдал олгох санаа зорилгогүй байсан болох нь хэрэгт авагдсан  гэрч Ч.ын “... Ч. ******* нь Д.ын 5 ханатай гэрийг нь хураагаад авчихвал хэдэн хүүхдүүд нь гудамжинд хөлдөж үхнэ. Сум орон нутгийг хариуцаж байгаа миний хувьд ийм үйлдэл хиймээргүй байна гэж хэлж байсан... тухайн өдөр бид ярилцаад Д. нь 2020 оны 06 сар хүртэл төлбөр төлөхийг хойшлуулж байсан  гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.ийн ” анхан шатны шүүх хуралдаанд өгсөн ...2020 оны 06 сар хүртэл төлбөр төлөхийг хойшлуулсан. Би хойшлуулсан хугацаанд төлбөрөө төлж барагдуулсан...гэсэн мэдүүлэг болон Д.ын төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгч Ч.******* нь иргэн Д.ын 2.332.800 нь зээлийн төлбөрт  төлбөр авагчийн нэрийн өмнөөс төлбөрийг хааж өгнө үү агуулга бүхий албан бичгийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн үйлдэл нь өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгох санаа зорилгогүй байх тул Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх  Ч.*******ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Ж., Д., Г., Ч. нарын мэдүүлэг, Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр  гаргаж өгсөн сум хөгжүүлэх сангаас зээл аваад төлөөгүй иргэдийн судалгаа зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн боловч дээрх гэрчүүдийн мэдүүлэг, аудитын дүгнэлт нь Д. нь сум хөгжүүлэх сангаас зээл авсан, зээл төлөгдөөгүй байсан, Ч.******* нь төлөгдсөн гэсэн бичиг хийж өгсөн гэсэн үйл баримтыг нотлохоос бус Ч.******* нь  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтууд нь шүүгдэгч Ч.*******ын үйлдэл нь өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгох санаа зорилгогүй байсан байдлыг нотолсон байна.

Иймд шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул гомдлыг хангаж, шүүгдэгчид  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь

 1. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******од холбогдох 20230011201601 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.*******ыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД  Ш.БАТТОГТОХ

 Ж.БАТТОГТОХ