Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1039

 

 

 

 

 

 

2022               10            27                                         2022/ДШМ/1039                   

 

Б.А, П.Б, Г.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч П.Б,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Даваажав, Ш.Бадмаараг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/1030 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.А, П.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2101 00021 0293 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бн овгийн Бгийн А, ........... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт .............. дүүргийн .... дугаар хороо, ....................  дугаар гудамжны ......... тоотод оршин суух хаягтай, /РД:........................./,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан;

2. Ш овгийн Пийн Б, .......... оны ... дугаар сарын ...-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ................... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............................./;

3. Ц овгийн Гийн Э, ....... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “....................” ХХК-д геологич ажилтай, ам бүл 2, эхийн хамт ...................... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............................./.

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.62х39 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг П.Бд хууль бусаар борлуулсан, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7.62х39 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авсан буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Эаас худалдан авсан, мөн 5.56х45 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 355 ширхэг сумыг улсын дугааргүй “Lexus RX 450” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан,

шүүгдэгч П.Б нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Агаас 7.62х39 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан, мөн уг сумыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу, 47 дугаар байрны 11 тоот байранд хадгалсан,

шүүгдэгч Г.Э нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 7.62х39 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэн улмаар 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ад борлуулсан, мөн 5.56х45 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 120 ширхэг сумыг 79-67 УБЧ улсын дугаартай “Land cruiser-200” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5.56х45 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 21 ширхэг сумыг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 289 тоотод хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.А, П.Б, Г.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлан тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “5.56х45 мм-ийн калибртай байлдааны зориулалттай 355 ширхэг сумыг улсын дугааргүй, “Lexus RX 450” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бн овгийн Бгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш овгийн Пвийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц овгийн Гийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Эыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ад энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэнссэн хугацаанд шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агаас 5.040.000 төгрөг, шүүгдэгч Г.Эаас 2.000.000 төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдан Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “tenex eley 22LR-40gr-50rds 250 ширхэг сумыг шүүгдэгч П.Бд, Eden /0,75/ архи 2 шил, Соёрхол /0,75/ архи 3 ширхэг, Архи Экспорт /0,75/ архи 6 шил, Чингис /0,75/ архи 2 шил, бэлэн мөнгө 114.300 төгрөг, Хаан банкны POS машин 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Ад тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгож, 7.62 мм-ийн ПС гс загварын сум 5395 ширхэг, 7.62х54R мм-ийн Barnaul загварын сум 231 ширхэг, 2006 5.56х45 гэсэн бичиглэлтэй сум 1 ширхэг, 7.62х39 мм-ийн Barnaul загварын сум 3 ширхэг, 5.56х45 мм-ийн Ball М855 загварын сум 120 ширхэг, 12х70 мм-ийн Sellier Bellot загварын сум 39 ширхэг, 12х70 Патроны охотничьи загварын сум 120 ширхэг, 7.62х51 мм-ийн Sako загварын сум 35 ширхэг, 7.62х54R мм-ийн Sellier Bellot загварын сум 127 ширхэг, 5.56х15R мм-ийн Стандарт 22 загварын сум 840 ширхэг, 5.56х45 мм-ийн Barnaul загварын сум 40 ширхэг, 12х70 мм-ийн Winchester загварын сум 74 ширхэг, 5.56х15R мм-ийн Eley 22LR загварын сум 3739 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт 39-89 УБХ улсын дугаартай “Lexus RX 450h загварын тээврийн хэрэгсэл, 79-67 УБЧ улсын дугаартай “Toyota Land Gruiser-200” загварын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих, шүүгдэгч П.Б, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.62х39 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг П.Бд хууль бусаар борлуулсан, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7.62х39 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаа олж авсан буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Эаас худалдан авсан, мөн 5.56х45 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 355 ширхэг сумыг улсын дугааргүй “Lexus RX 450 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх хэрэгт ...Б.А нарт холбогдох хэрэгт “хойшлуулшгүй тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн” ...79-67 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Lexus RX 450” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж сумыг хураан маркийг тогтоогоогүй, тоо ширхэг тодорхой бус хураан авсан тэмдэглэл үйлдсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх 99-111/, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7.62х39 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авсан буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Эаас худалдан авсан, мөн 5.56х45 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 355 ширхэг сумыг улсын дугааргүй “Lexus RX 450” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан... гэж 6 дугаар сарын 18-ны өдрийн 91 дугаартай прокурорын тогтоолд мөрдөн шалгах ажиллагааг хүчингүйд тооцох тухай тогтоолд Б.А, Г.Эаас хураагдсан сумыг ялган тооцож тогтоогоогүй, сумын марк энгийн болон байлдааны аль нь болохыг тогтоогоогүй, тоо ширхэг зөрүүтэй, шинжээчийн дүгнэлтэд 7.62х396 мм-ийн сумыг байлдааны зориулалттай гэж дүгнэлт гаргасан. Гэтэл дээрх тогтоолын 1-д 7.62 мм-ийн ПС гс загварын сумыг 5395 ширхэг гэж тогтоол үйлдсэн, 7.62х39 мм-ийн Barnaul загварын сум 3 ширхэг хураагдсан гэж тогтоол үйлдсэн байтал шүүхийн шийтгэх тогтоолын 15 дугаар хуудсанд “...шүүгдэгч Б.А байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг П.Бд хууль бусаар борлуулсан, мөн байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг Г.Эаас хууль бусаар олж авсан буюу худалдаж авсан...” гэж шүүх дүгнэсэн ба ямар маркийн сум байлдааны зориулалттай гэдгийг тогтоогоогүй, мөн сум галт хэрэглэл болох эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр ял оногдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аг байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар борлуулсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуульд заасан галт зэвсэг, галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодист хамаарах ойлголтыг Галт зэвсгийн тухай хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтод заасан агуулгаар ойлгож хэрэглэх, тухайн хуульд сум гэсэн ойлголтыг галт зэвсэг болон сум нь гагцхүү галт зэвсэг, буудлагын хэрэгслийн тусламжтайгаар хөнөөх чадварт хувирдаг, дангаар байгаа шинж чанараараа амьд болон бусад биетэд хор хөнөөл учруулах чадваргүй бөгөөд хошуу нь байлдааны эсхүл иргэний зориулалттай болохыг ердийн байдлаар таних бололцоогүй, түүнчлэн байлдааны зориулалттай галт хэрэгсэлд сум багтана гэдгийг хуульд тусгайлан заагаагүй байхад уг хэм хэмжээг төсөөтэйгөөр тайлбарлан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид хамруулах боломжгүй зэргээс үндэслэн сумыг галт зэвсэггүйгээр борлуулсан, худалдан авсан гэх Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Галт хэрэгслээс бусад нь “сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөр хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг хэлнэ гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, сум нь галт зэвсэг болон галт хэрэгслээс тусдаа эд зүйл гэж томьёологдсон байна. Б.Агийн машинд Г.Э хоёр хайрцаг сум оруулж тавих үед цагдаагийн албан хаагч нар ирж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байхад гурван хайрцаг сум худалдан авсан болгож бодит байдлыг нотлох баримтын үндэс дээр тогтоогоогүй, прокурорын 91 дугаартай тогтоолд 5.56х46 мм-ийн Barnaul сум 40 ширхэг гэж тогтоолд дурдсан гэтэл яллах дүгнэлтэд 355 ширхэг байлдааны зориулалттай, шинжээчийн дүгнэлтэд ангийн зориулалттай гэж дүгнэсэн мөрдөн байцаалтаар нотолбол зохих ажиллагаа хийгээгүй. Шинжээч З.Мөнх-Эрдэнийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2942 дугаартай дүгнэлтэд сумыг галт хэрэгсэл мөн эсэх дүгнэлт гаргаагүй /хх 79-89/, З.Мөнх-Эрдэнийн шинжээчээр байцаасан мэдүүлэгт сумыг гал хэрэгсэл хамаарах эсэх талаар асууж тодруулаагүй. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 14/3035 дугаартай Зэвсэгт хүчний жанжин штабаас ирүүлсэн тоотод “Танай газрын хэрэг бүртгэлийн 210100021 дугаартай хэрэг холбогдох 7.62 мм-ийн ПС загварын 711, 90 бүлгийн дугаартай галт хэрэглэл нь 1990 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 711-р бүлгийн дугаартай 7.62 мм-ийн АК, АКМ, АКСМ, СКС зэрэг байлдааны зэвсэгт ашиглагддаг ган зүрхэвч, шидэх цэнэг бүхий байлдааны галт хэрэглэл юм. Уг галт хэрэглэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн галт хэрэгсэл гэдэгт хамаарна гэж ирүүлсэн дээрх тоотод аль маркийн сум хамаарч байгаа нь тодорхойгүй нэг байгууллагын тоотоор хэргийн зүйлчлэлийг заасан нотлох баримтаас хасуулах санал гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан Галт зэвсгийн тухай хуульд сумыг галт хэрэгсэл гэж тодорхойлсон зүйл байхгүй байна.       Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Б.Ад холбогдох үйлдлийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ял оногдуулсныг Галт зэвсгийн тухай хууль болон Улсын Дээд шүүхийн тайлбарыг үндэслэн хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй буюу 2-14 насны 3 охины хамт амьдардаг. Би дахин хэзээ ч сум хадгалахгүй, тээвэрлэхгүй болно. Бд өгсөн сумыг байлдааны сум гэж мэдээгүй. Иймд Бд өгсөн болно. Би 20-иод жил Нарантуул зах дээр гадаа лангуу дээр хүүхдийн дотуур өмд, оймс, фудболк зарж байгаа бөгөөд бие эрхтэн маань өвчилсөн учраас шоронд байхад маш хэцүү, дотор давчдаад байна. Харин 461 дүгээр хорих ангид биеийн эрүүл мэндийг үндэслэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймд надад ял оногдуулсан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг эрхэм хүндэт шүүгч нараас хүсье. Харин өмгөөлөгч Ш.Бадмааргийн надад зөвлөснөөр сум авах, тээвэрлэх, борлуулах нь муу үр дагавар авч ирдгийг бүрэн ойлгож байна. 3 охин маань гурвуулаа хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, эцгийн хайр ивээлийг үзэлгүй өсөж байгаа болно. ...” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Улсын Дээд шүүхийн 570 дугаар тогтоолд галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис гэдэг ойлголтыг Галт зэвсгийн тухай хуульд зааснаар ойлгоно гэсэн байдаг. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис гэдэг нь өөр өөр ойлголттой. Сум бол бие даасан эд зүйл гэж тайлбарласан. Иймд Улсын Дээд Шүүхийн практикт сумыг дангаараа галт зэвсэг гэж үзэхгүй гэх шийдвэрийг гаргасан. Мөн Зэвсэгт хүчний штабын даргын тушаалд галт зэвсэг, галт хэрэгсэл гэдэг ойлголт нэг гэж заасан. Иймд галт хэрэгсэлд сум орно гээд эсрэг тушаал гаргасан. Энэ тушаалыг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзээд Б.Ад ял шийтгэл оногдуулсан. Шийтгэх тогтоолд калибртай сум гэж бичсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад зөвхөн сум хурааж авсан гэж бичсэн байдаг. Сумыг галт зэвсэг, галт хэрэгсэл гэж үзэхгүй гэж заасан байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Дээд Шүүхийн 2018 оны 12 дугаар  сарын 18-ны өдрийн 570 дугаартай тогтоолыг анхаарч үзнэ үү. Өөр хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Агийн хувьд 1680 ширхэг сумыг П.Бд худалдсан. 5040 ширхэг сумыг Г.Эаас худалдан авсан. Шүүгдэгч П.Бгийн хувьд 1680 ширхэг сумыг Б.Агаас худалдан авсан. Улмаар хадгалсан. Шүүгдэгч Г.Э нь 7,62 калибртай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авч тээвэрлэн улмаар Б.Ад худалдсан. Мөн 5,56 калибртай 120 ширхэг сумыг Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан. Мөн 5,56 калибртай байлдааны зориулалттай 21 ширхэг сумыг 2021 оны 6 дугаар сарын 17-ний өдөр тус тус хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг нэр бүхий шүүгдэгч нар үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Сумыг галт хэрэгсэл, галт зэвсэгт хамааруулан үзэхгүй гэдэг маргаан бүхий асуудлыг шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хэлж байна. Үүнийг дараах баримтуудаар үгүйсгэж байна. Зэвсэгт хүчний жанжин штабын шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтэд галт хэрэгслийн талаар тодорхойлж ирүүлсэн. Мөн шинжээч Энхмагнайн өгсөн мэдүүлэгт “Галт зэвсгийн тухай хуульд дарийн шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалттай буудах хэрэгслийг хэлнэ” гэж тодорхойлсон. Сумыг галт хэрэгсэл гэж ойлгодог. Эрүүгийн хуульд заасан галт зэвсэг гэдгийг галт зэвсэг буюу буу, галт хэрэгсэл гэдгийг галт хэрэгсэл буюу сум гэж ойлгож байна гэх мэдүүлэг авагдсан. Үүгээр шинжээчийг асуугаагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Шинжээч сумыг галт хэрэгсэлд хамааруулна гэх мэдүүлгийг өгсөн. Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн галт зэвсгийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2000942 дугаартай дүгнэлтэд тухайн сумны зориулалт болон хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн болохыг дурдсан. Ингэж тодорхойлсны үндсэн дээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүх хэргийг шийдвэрлэсэн. Түүнээс биш хий хоосон мухраар ойлгож сумыг галт хэрэгсэл мөн юм гэж ойлгож дүгнээгүй. Нөгөөтэйгүүр, сумыг галт хэрэгсэл, галт зэвсгээс тусад нь ойлгох боломжгүй. Энэ талаарх маргаан өөр, өөр байдлаар тайлбарлагдаад явж байгаа тохиолдол бий. Зөвхөн 2018 оны Улсын Дээд Шүүхийн тогтоолыг л яриад байна. Түүнээс хойш хэд хэдэн Улсын Дээд Шүүхийн тогтоолууд гарсан. Сумыг галт хэрэгсэлд хамааруулж дүгнэсэн байдаг. Зөвхөн 2018 оны 570 дугаартай тогтоолыг үндэслээд хэрэг биш гэж тайлбарлах нь өрөөсгөл ойлголт юм. Шүүгдэгч Б.Агийн хувьд энэ төрлийн гэмт хэрэгт 2012 оноос хойш холбогдсон. Тэнсэн харгалзах хугацаа дуусаагүй байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн. Сумыг дангаар нь зарснаар галт хэрэгсэл, галт зэвсэгт хамааруулан ойлгохгүй гэх ойлголт өрөөсгөл юм. Оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон. Харин анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ “улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдэл нь тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, энэ талаарх дүгнэлтээ шийтгэх тогтоолд тодорхой хийгээгүй. Үүнийг дурдаж байна. Хэргийн бүрдэл хангагдсан, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Хэрэгсэхгүй болгох эсхүл нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг П.Бд хууль бусаар борлуулсан, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар Г.Эаас худалдан авсан,

шүүгдэгч П.Б нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Агаас 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан, мөн уг сумыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруугийн 47 дугаар байрны 11 тоот байранд хадгалсан,

шүүгдэгч Г.Э нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэн улмаар 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ад борлуулсан, мөн 5.56х45мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 120 ширхэг сумыг 79-67 УБЧ улсын дугаартай “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5.56х45мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 21 ширхэг сумыг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 289 тоотод хадгалсан болох  нь:

гэрч П.Гын: “...Хөдөөгөөс надад сум захисан байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд Баяраа би сум олчихлоо энэ данс руу 200.000 төгрөг хийгээрэй гээд над руу 5064098857 дугаарын данс явуулсан. Тэгээд би хүнээр авхуулсан. Калибр бууны сумаа хөдөө хүнд өгч явуулсан. ...” /2хх 72- 73/,

гэрч Б.Хгийн “...Тэгээд сумны мөнгийг зах дээр байгаа хүний данс руу шилжүүлээд хотоос аймаг явж байгаа хүн сум аваад явсан. ...” /2хх 88-89/,

гэрч Д.Тшийн “...2021 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр би Нарантуул зах дээр явж байтал сум зарна гэсэн хүн байсан. Тэгээд тэр хүнээс бууны сум ямар үнэтэй байдаг вэ гээд тус бүр нь 6.000 төгрөгийн үнэтэй, 5 ширхэг сумыг худалдан авсан. ...” /2хх 92-93/,

шинжээч эмч З.Мөнх-Эрдэнийн “...Дээрх сумнуудыг буудлага үйлдэх боломжтой эсэхийг тогтоох зорилгоор сум тус бүрд тохирох калибртай галт зэвсгээр буудлага үйлдэхэд эдгээр сумнууд нь бүгд буудлага үйлдэж байсан. Дээрх сумнуудыг хаана үйлдвэрлэгдсэн, ямар төрлийн буунд зориулагдсан болохыг тогтоохоор 1-11 хүртэл дугаарласан дугтуйнд байх 22 ширхэг сумны хошуунуудыг зүсэж үзэхэд 4, 5, 7 гэж дугаарласан сумнуудын хошуунууд ган зүрхэвчтэй буюу байлдааны зориулалттай ердийн гэж тодорхойлсон сум байсан. Ер нь сумны хошуу нь сумны зориулалтыг тодорхойлдог. Мөн 10 гэж дугаарласан сум нь Өмнөд Солонгос улсад цэргийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн, сумны хошуу нь ган зүрхэвчгүй сум байсан. Энэ нь манай улсын хуулиар байлдааны сум гэсэн тодорхойлолтод хамаарахгүй. Бусад 12-17 хүртэл дугаарласан дугтуйнд байх сумнууд нь буудлага үйлдэхэд хошуу үйлдэхгүй, бянтгүй гөлгөр гол төмөртэй галт зэвсэгт зориулагдсан сумнууд байсан.” /1хх 94-95/,

шүүгдэгч Б.Агийн “...2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Э над руу утсаар залгаад “АК-ны сум авах уу” гэсэн. Тэгэхээр нь “хэд байгаа юм, хэдээр өгөх вэ” гэхэд Э “5.000 сум байна 2.200 төгрөгөөр ав” гэсэн. Тэгээд би “надад 2 сая төгрөг л байна, бусдыг нь зээлээр өгөх үү” гэхэд “тэгвэл над руу 2 сая төгрөгөө шилжүүлчих” гэсэн. Тэгээд би өөрийн 5064098857 дугаарын данснаас 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эын 5447092169 дугаартай данс руу 2 сая төгрөгийг шилжүүлсэн... Би Бд 7,62 мм-ийн ПС гс загварын 1680 ширхэг сумыг худалдсан...” /2хх 56-58/,

шүүгдэгч Г.Эы “...Миний унаж явсан машинаас 7.62 ПС гс загварын байлдааны, модон хайрцагтай 1680 ширхэг сум, 5.56 мм-ийн ВаН М855 загварын байлдааны 120 ширхэг сум, үргээлэгт хэрэглэдэг, хошуугүй, дуу гаргадаг 3 ширхэг сум, 223 бууны сум 1 ширхэг, 30x0.6 мм-ийн 1 ширхэг сум хураалгасан. Тэгээд манай гэрээс 223 бууны сум 21 ширхэг сум, сумны 2 ширхэг хонгио хураасан. Би зах дээр явж байхад 7.62 ПС гс загварын сум 2.000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хямд зарна гэхээр нь худалдаж аваад А руу “чи сум авах уу” гэж асуухад А “би мөнгө муутай байна, зээлээр өгөх үү” гэхээр нь “тэг” гэж хэлээд сумаа Ад өгч байгаад баригдсан...” /2хх 83-85/,

шүүгдэгч П.Бгийн “...Намайг Нарантуул захын өргөтгөл дээр явж байтал эмэгтэй хүн “сум зарна” гээд зогсож байсан. Тэрээр нэг ширхэг АК-47 бууны 7.62 мм-ийн сумыг 3.000 төгрөгөөр буюу дэлгүүрийн ханшаас 500 төгрөгөөр хямд үнэ хэлэхээр нь нэг авдар буюу 1680 ширхэг сумыг худалдан авсан. ...Гэртээ оруулаад хадгалсан. ...” /2хх 68-69/ зэрэг мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2942 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь ажиллагаатай. Уг сумнуудаар буудлага үйлдэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудыг хаана үйлдвэрлэсэн, ямар зориулалттай болохыг дүгнэлтийн “Үзлэг ба шинжилгээний хэсгийн хүснэгт №1-ээс үзнэ үү. 3. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь Хүснэгт №1-т тусгагдсан зориулалтаар үйлдвэрлэгдсэн байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 79-89/,

Зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 14/3035 дугаартай “...хэрэгт холбогдох 7,62 мм-ийн ПС загварын 711, 90 бүлгийн дугаартай галт хэрэгсэл нь 1990 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 711 дүгээр бүлгийн дугаартай, 7,62 мм АК, АКМ, АКМС, СКС зэрэг байлдааны зэвсэгт ашиглагддаг, ган зүрхэвч, шидэх цэнэг бүхий байлдааны галт хэрэглэл юм. ...” гэсэн албан бичиг /1хх 66/,

хойшлуулшгүйгээр тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн “...цагаан өнгийн Ланд-200 загварын 79-67 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээс цагаан өнгийн Лексус 450 загварын тээврийн хэрэгслийн баруун хаалга онгойлгон хийж байхыг зогсоож нэгжлэг хийхэд ... 10 ширхэгтэй сум, нийт 9 хайрцаг, 25 ширхэгтэй сум 3 хайрцаг нийт 74 ширхэг, 8 ширхэг улаан өнгийн сум, sako 308 хар хайрцагтай сум, шаргал өнгийн сум 20 ширхэг, өөр нэг sako 308 хайрцагт 15 ширхэг сум...” /1хх 99-111/,

хойшлуулшгүйгээр орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 116-125/-үүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан гомдлын “...Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. ...нотолбол зохих ажиллагаа хийгээгүй. ...” гэсэн агуулга бүхий хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “5.56x45 мм-ийн калибртай байлдааны зориулалттай 355 ширхэг сумыг улсын дугааргүй, “Lexus RX 450” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Агийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг П.Бд хууль бусаар борлуулсан, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авсан буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Эаас худалдан авсан үйлдлийг, шүүгдэгч П.Б, Г.Э нарын үйлдлийг 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Эг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.А, П.Б, Г.Э нарын үйлдэл нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаж байх тул тус хуульд хамруулан өршөөх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А “...Галт зэвсгийн тухай хууль, Улсын Дээд шүүхийн тайлбарыг үндэслэн надад холбогдуулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Т.Даваажав “...Ямар загварын сум байлдааны зориулалттай болохыг тогтоогоогүй, мөн сум галт хэрэгсэл болох эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр ял оногдуулсан. ...Эрүүгийн хуульд заасан галт зэвсэг, галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодист хамаарах ойлголтыг Галт зэвсгийн тухай хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтод заасан агуулгаар ойлгож хэрэглэх, тухайн хуульд сум гэсэн ойлголтыг галт зэвсэг болон сум нь гагцхүү галт зэвсэг, буудлагын хэрэгслийн тусламжтайгаар хөнөөх чадварт хувирдаг, дангаар байгаа шинж чанараараа амьд болон бусад биетэд хор хөнөөл учруулах чадваргүй бөгөөд хошуу нь байлдааны эсхүл иргэний зориулалттай болохыг ердийн байдлаар таних бололцоогүй, түүнчлэн байлдааны зориулалттай галт хэрэгсэлд сум багтана гэдгийг хуульд тусгайлан заагаагүй байхад уг хэм хэмжээг төсөөтэйгөөр тайлбарлан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид хамруулах боломжгүй зэргээс үндэслэн сумыг галт зэвсэггүйгээр борлуулсан, худалдан авсан гэх Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Галт хэрэгслээс бусад нь “сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөр хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг хэлнэ гэж тодорхойлсон. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Давж заалдах гомдлуудыг судалж үзэхэд, Галт зэвсгийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэхэд оршдог. Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад “Байлдааны зориулалттай галт зэвсэгтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, байлдааны зориулалттай сум, галт хэрэгсэл, галт зэвсэг зэрэг эд зүйлс нь Галт зэвсгийн тухай хуульд заасан нэр томьёо, ухагдахуунаар ойлгогдохгүй гэсэн ойлголт юм.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай тогтоолд “...“...байлдааны галт хэрэгсэл...” гэж ангийн буунаас бусад буунд хэрэглэдэг бүх төрлийн сумнууд, тийрэлт, шидэлтийн хүчээр байнд хүрч дэлбэрэлтийн хүчээр байг устгах зориулалт бүхий зэвсгийн зүйлсийг хэлнэ.” гэж заасан ба тус тайлбар өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байна.

Иймд Галт зэвсгийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулсан харилцаа, Улсын Дээд шүүх хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн деспозиц шинж зэргийг нэгтгэн дүгнэвэл, байлдааны зориулалттай сум байлдааны галт хэрэгсэл гэдэгт орно гэж дүгнэлээ.  

Өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд “...Б.Агийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар холбогдуулан шалгах ёстой байсан. ...” гэж маргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасан галт зэвсгийг хууль бусаар импортолсон, худалдсан гэдэг ойлголт бол иргэний зориулалтаар өмчлүүлэх, эзэмшүүлэх буюу ангийн болон спорт, нийгмийн харилцаанд зөвшөөрсөн галт хэрэгсэл, сумыг худалдан борлуулах, импортлоход зохих ёсны зөвшөөрөлгүйгээр зарсан, худалдсан, импортолсон зэрэг харилцаанд хамаарна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин анхан шатны шүүхээс Агийн 2008 онын 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Я.Хонгорзул, 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн А.Хүслэн, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн А.Нандин-Эрдэнэ нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн боловч шийтгэх тогтоолд энэ тухай заалт оруулаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/1030 дугаартай шийтгэх тогтоолд зохих заалтыг нэмж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/1030 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

“...Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн охин Я.Х, А.Х, А.Н-Э нарын асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                                      М.ПҮРЭВСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ