| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00548/И |
| Дугаар | 152/ШШ2024/00455 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2024/00455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У.Б-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: У.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие 1969 онд төрсөн. 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид хүнсний ахлах худалдагчаар томилогдон 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал худалдагчаар ажилласан. 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон тушаал цалингийн тодорхойлолт аймгийн архиваас гарч ирсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд миний Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан У.Б-ийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 9-12, 1990 оны 1-4, 7, 9, дүгээр саруудад худалдагчаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 2314 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Түргэн сумын ХБ ангийн даргын 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар Худалдагч томилох тухай тушаал, Увс аймгийн Түргэн сумын ХБ ангийн даргын 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар Шагнал явуулах тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, М.Т-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Э-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 649 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, иргэний хаягийн хуудас №7, гэрч М.Т, Б.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У.Б-гийн Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч У.Б-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч У.Б нь хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Увс аймгийн Түргэн сумын ХБ ангийн даргын 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар Худалдагч томилох тухай тушаалаар У.Б-г хүнсний барааны ахлах худалдагчаар 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилжээ.
Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр У.Б-ийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 9-12, 1990 оны 1-4, 7, 9 дүгээр саруудад худалдагчаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Түргэн сумын ХБ ангийн даргын 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар Шагнал явуулах тухай тушаалаар хүнсний худалдагч Б-г 70 төгрөгөөр шагнаж байжээ.
3.1. Шүүхээс гэрч М.Т, Б.Э нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч М.Т Би 1988 онд Увс аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийг 10-р анги төгссөн. 1988 оны 9 сард Завхан аймгийн Худалдааны техник мэргэжлийн сургуульд У.Б бид хамт худалдагчийн ангид суралцаж 1989 онд худалдагч мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид У.Б бид худалдагчаар хуваарилагдан очсон. У.Б бид хоёр нэгдүгээр ангиасаа хамт нэг ангид суралцаж төгссөн багийн найзууд тул нэгнээ сайн мэднэ. У.Б 1990 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар ажиллаад байгаад хүнтэй суугаад явсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Б.Э Би 1985 онд Завхан аймгийн Худалдааны техникумд элсэж, 1988 онд түүхий эд, бараа судлал мэргэжлээр 3 жил суралцаж төгссөн. 1988 онд төгсөж ирээд Увс аймгийн Түргэн суманд Худалдаа бэлтгэл ангид түүхий эдийн эрхлэгчээр 1992 он хүртэл ажилласан. У.Б 1989 оноос Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар ажиллаж байсан. Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид хамт ажилладаг байсан тул нэгнээ мэднэ. У.Б Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид хүнсний худалдагчаар 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч У.Б нь Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан У.Б-ийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 9-12, 1990 оны 1-4, 7, 9, дүгээр саруудад худалдагчаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Түргэн сумын ХБ ангийн даргын 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар Худалдагч томилох тухай тушаал, Увс аймгийн Түргэн сумын ХБ ангийн даргын 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар Шагнал явуулах тухай тушаал, гэрч М.Т, Б.Э нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч У.Б-гийн Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У.Б-ийн Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР