Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 152/ШШ2024/00456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч:  Я.М-ийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгч: Я.М,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгч Я.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

       1.1. Миний бие 1969 онд төрсөн 55 настай. 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Худалдааны техник мэргэжлийн сургуулийг худалдагч мэргэжлээр төгссөн. 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Сагил сумын худалдаа бэлтгэл ангид худалдагчаар ажилд ороод 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт байгаа бөгөөд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Би 2024 оны 7 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан ба тухайн үед Нийгмийн даатгалын байгууллагаас 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг тушаал байхгүй үндэслэлээр хасч тооцсон юм байна лээ. Би Улаанбаатар хотод эмчилгээнд явсан байсан тул энэ талаар мэдээгүй. Миний энэ жилүүд ажилласан жилд орвол миний тэтгэмжид тодорхой хэмжээгээр нөлөөлөх учраас энэ хугацааны ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. Иймд Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэл ангид 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

       2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Я.М-ийн Сагил сумын Худалдаа бэлтгэл ангид 1990 оны 1-12, 1991 оны 1-4, 6-12, 1992 оны 1-2, 5-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 312 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 07 дугаар сарын 12 дугаар Буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаал, Я.М-ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, 1991 оны 8 дугаар сар, 1992 оны 9 дүгээр саруудад авахуулсан гэх 2 ширхэг фото зураг, даатгуулагчийн мэдээлэл, Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Ж.С-ийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 309 дүгээр албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас өгсөн зөвлөмжийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 630 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, гэрч Ж.С-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгч Я.М-ийн Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэл ангид 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

         2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Я.М-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч Я.М нь 2024 оны 7 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ба тухайн үед 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан хугацаа тооцогдоогүй үндэслэлээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

         Нэхэмжлэгч Я.М нь 2024 оны 7 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаа ажилласан жилд нь орж тооцогдоогүй болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Иргэн Я.М нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилд орсон, гарсан тушаалгүйн улмаас тухайн оныг ажилласан жилд нь оруулж тооцоогүй тэтгэвэр тогтоосон болно гэх албан бичиг, даатгуулагчийн мэдээлэл, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар тус тус тогтоогджээ.

         3. Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Я.М-ийн Сагил сумын Худалдаа бэлтгэл ангид 1990 оны 1-12, 1991 оны 1-4, 6-12, 1992 оны 1-2, 5-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

       Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 7 дугаар сарын 12 дугаар Буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалаар худалдагч Я.М нь хүнтэй гэр бүл болсонд нэг удаагийн буцалтгүй тэтгэмж болгож 550 төгрөг олгожээ.

       3.1. Шүүхээс гэрч Ж.С-аас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.С Би 1988 оноос Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгч, нярав зэргээр 1993 он хүртэл ажиллаж байсан. Би 1988 онд Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилд ороход Я.М худалдагчаар ажилладаг байсан... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

         4. Нэхэмжлэгч Я.М нь Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэл ангид 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал худалдагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Я.М-ийн Сагил сумын Худалдаа бэлтгэл ангид 1990 оны 1-12, 1991 оны 1-4, 6-12, 1992 оны 1-2, 5-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 07 дугаар сарын 12 дугаар Буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаал, гэрч Ж.С-ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

       5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Я.М-ийн Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэл ангид 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        7. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичилт зөрүүтэй, 1991 оны 8, 1992 оны 9 дүгээр саруудад авхуулсан гэр фото зургууд нь хэн, хэзээ, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тус тус үнэлээгүй болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Адуучин ургийн овогт Я.М-ийн Увс аймгийн Сагил сумын Худалдаа бэлтгэл ангид 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                        ДАРГАЛАГЧ,

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                П.БОЛОР