Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 415

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

Улсын яллагч З.Энхжаргал,  

Шүүгдэгч Д.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашхоролын Сүхбатад холбогдох эрүүгийн 201725021396 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Саба Трейд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, 9-13 насны 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-253 тоотод оршин суух, 1 удаагийн ял шийтгэлтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт  зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жил тэнсэн хянан харгалзсан, Боржигон овогт Дашхоролын Сүхбат /РД:ЧО 82042779/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Сүхбат нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Петро Стар" ХХК-ний шатахуун түгээх 20 дугаар станцын гадна тус бензин колонкын түгээгч хохирогч Б.Үржиймааг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Сүхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 201725021396 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Сүхбат нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” колонкоос бензин авахаар орсон тэгээд би машинаас буугаад бие засах гээд түгээгчээс “00 нь хаана бэ ахын дүү” гэсэн тэгтэл “цаадруугаа тойроод бие засчих” гэсэн тэгээд би цаашлаад бензин авдаг газрын цаашаа яваад бие засаад хүрээд иртэл нэг эмэгтэй гарч ирээд “унждаг улаанаа захирч чадахгүй новш пизда” гээд байсан тэгэхээр нь би эгчээ “уучлаарай” гэсэн чинь “лалар, пизда, шээс” гэх зэргээр доромжилоод байсан тэгэхээр нь би “эгчээ та наад хараалаа зогсоо л доо” гэсэн. Тэгтэл “битгий хуц” гээд амандаа цэрээ бөөгнүүлж байгаад нүүр рүү нулимсан тэгэхээр нь би уурлаад гуя руу нь өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Үржиймаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 5-р сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Петровис” ШТС дээр түгээлт хийж байсан ба нэг эрэгтэй бензин авах гэж байсан машинаас бууж ирээд орлогын талбай дээр шээж байсан... Тэгээд нөгөө залуу бие засаад хүрээд ирэхээр нь тэр залууд “ажлын талбай дээр бие засч болохгүй” гэсэн чинь тэгээд “би яах юм өмдөндөө шээх юм уу, танай энэ түгээгч чинь тэнд шээ гэж хэлсэн ш дээ, чамд ямар хамаатай юм тэнэг авгай үрийн зулай үнэрлээгүй авгай” гэсэн. Тэгэхээр нь би “чи миний хүүхэд шиг л хүн байна яагаад хүн доромжлоод байгаа юм” гээд мөр рүү нь гараараа цохисон, “чи муу янхан гэж доромжлоод салаавч” гаргахаар нь би нулимсан чинь урдаас нулимлаа чи муу хулгайч гэсэн. Би гараараа нэг цохих гээд цохиж чадаагүй, миний давсаг, сав, бөөр, нуруу, бөгс, салтаа руу 7-8 удаа өшиглөсөн... Тухайн үед зүүн гарын булчин хөхөрсөн, сав хэсэгт хөхөрсөн, бөөр хөхөрсөн. Зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Эм тарианы мөнгө 175000 төгрөг, хэвлийн эхо 25000 төгрөг, 3-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 150000 төгрөг, таксины зардал 100000 төгрөг, ажилгүйдэл 860000 төгрөг, сэтгэл санааны гутрал 1000000 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

            Гэрч Д.Өлзийхутаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "....тэгтэл Д.Сүхбат “та яагаад эрэгтэй хүний нүүр рүү нулимаж байгаа юм бэ уучлалт гуйгаад байхад нүүр рүү нулимчлаа” гэж хэлсэн. ...Тэгээд түгээгч эмэгтэйг цохих гээд 1-2 удаа шүргээд байсан тэгээд байж байтал нэг эмэгтэй ирээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд та одоо явж бай гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7115 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Үржиймаагийн биед хэвлий, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна…” гэжээ. /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

                 Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор:

                 “…Эд мөрийн баримт болох 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргахаар тогтов…” гэжээ /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

  Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “…ягаан өнгийн цамцтай, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй 35-40 орчим насны биерхүү эрэгтэй хүн / яллагдагч Д.Сүхбат / бууж ирэн түгээгчийн хажууд 00 цаг 16 минутанд очиход хэсэг хугацаанд харилцан ярилцан түгээгч залуу яллагдагч Д.Сүхбатад гараараа ямар нэгэн зүйлийг ярилцан зааж өгч байгаа бичлэг байна. 00 минут 24 секундэд яллагдагч Д.Сүхбат түгээгчийн заасан зүг рүү явах ба дэлгэцнээс гарч байна. Түүний дараагаар дээгүүрээ цэнхэр өнгийн цамцтай, доогуураа улаан өнгийн өмдтэй 45-50 орчим насны эмэгтэй / хохирогч Б.Үржиймаа/ хүн түгээгч дээр очин ярилцаж байх ба 02 минут 22 секундэд яллагдагч Д.Сүхбат нь хяналтын камерт орж ирэх ба хохирогч Б.Үржиймаа түүний өмнөөс тосон ирж ямар нэгэн зүйл харилцан ярилцан Тоёота Раум автомашины ард очих ба 02 минут 53 секундэд яллагдагч Д.Сүхбат хохирогч Б.Үржиймааг гараараа цохих гэж далайх ба хохирогч Б.Үржиймаа бултаж байгаа бичлэг байна. Түүний дараа яллагдагч Д.Сүхбат нь зүүн гараараа хацараа арчиж байх ба дахин хохирогч Б.Үржиймааг цохиж байна. Түүний дараа түгээгч эрэгтэй яллагдагч Д.Сүхбатийг ирж салгах ба автомашинаас эмэгтэй / гэрч Д.Өлзийхутаг / хүн буун ирж яллагдагч Д.Сүхбатийг мөн салгах гэж оролдох үед яллагдагч Д.Сүхбат цамцаараа нүүрээ дахин арчсаны дараа хохирогч Б.Үржиймаагийн баруун гар руу цохиж байгаа дүрс бичлэг байна. 03 минут 14 секундэд яллагдагч Д.Сүхбатийг гэрч Д.Өлзийхутагийн араас татахад хохирогч Б.Үржиймааг дахин 2 удаа өшиглөж байгаа бичлэг байна 03 минут 27 секундэд яллагдагч Д.Сүхбатийг гэрч Д.Өлзийхутаг хохирогч Б.Үржиймаагаас холдуулан салган авч байна…” гэжээ /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

Д.Сүхбатын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Н.Баянжаргалын мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/, гэрч Ш.Дашхоролын мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Сүхбат нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Петро Стар" ХХК-ний шатахуун түгээх 20 дугаар станцын гадна тус бензин колонкын түгээгч хохирогч Б.Үржиймаа нь “бензин клонкийн ойр орчим бие заслаа” гэж маргаан үүсгэж, улмаар Д.Сүхбатын нүүр орчимд нулимж зохисгүй үйлдэл гаргасанд шүүгдэгч Д.Сүхбат эгдүүцэн уурлаж хохирогч Б.Үржиймааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Сүхбатын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Үржиймаагийн мэдүүлэг, гэрч Д.Өлзийхутагийн мэдүүлэг,  шинжээчийн  №7115 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Сүхбат хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Уг гэмт хэрэг нь хохирогч Б.Үржиймаагийн зүгээс гудамж талбай ялангуяа шатахуун түгээх газрын ойролцоох онцгой бүсэд бие засч болохгүй гэсэн зүй ёсны шаардлагыг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлснээс шүүгдэгч Д.Сүхбат түүнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

 

Шүүгдэгч Д.Сүхбатын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Сүхбат нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба энэ хугацаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуульзүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Д.Сүхбатад ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Б.Үржиймаагаас бичгээр гаргасан хүсэлтэд “ямар нэг гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. /хх-ийн 34 дүгээр хуудас/ 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Сүхбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Боржигон овогт Дашхоролын Сүхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сүхбатыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сүхбатад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Сүхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сүхбат нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сүхбатад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН