| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/00481/И |
| Дугаар | 181/ШШ2024/03722 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/03722
2024 10 07 181/ШШ2024/03722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.У /РД:............./-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,754,021 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Б,
Хариуцагч: Б.У,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Б,
Гэрч: Д.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.А оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Ут холбогдуулан 5,754,021 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Б.У нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч С ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан агуулахын нярвын албан тушаалд ажиллаж эхэлсэн. Тус ажлын хүрээнд агуулахын бараа бүтээгдэхүүний бүртгэлийг хөтлөх, орлого зарлагын тооцоо хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг байсан.
Улмаар хариуцагч нь ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас Samsung Galaxy A52 загварын 7 ширхэг гар утас дутаасан болох нь тооллогын баримтаар тогтоогдсон. Талууд энэ асуудлаар харилцан тохиролцож, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч нь 5,754,021 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар болсон. Хариуцагч Б.Уийн цалингаас хоёр удаа 523,093 төгрөгөөр суутгасан.
Хариуцагч нь Төлбөр барагдуулах гэрээ-ээр тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд хариуцагч Б.Уээс гар утас дутаасан төлбөрт 5,754,021 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр С ХХК-д нярваар ажилд орсон. Эхлээд цахилгаан бараан дээр сарын хугацаатай дагалдан хийж байхад төв оффис дээр ирж хөдөлмөрийн гэрээ байгуул гэж дуудсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа надад уншуулалгүйгээр гарын үсэг зуруулаад авч явсан. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гар утасны ахлах нярав С дээр дагалдангаар ажилласан. Намайг нярваар ажиллахад баримтлах хадгалалт, хамгаалалтын тухай ямар нэгэн дүрэм журам танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нягтлан Х.Бтэй хамт гар утсыг тоолж авахад А52 загварын хар утас 7 ширхэг дутуу байсан. Х.Б нь өөрөө энэ утсыг янзална гэхээр нь өөрөө хариуцах юм байна гэж ойлгож байсан.
Улмаар би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс гар утасны нярваар ажилласан. Утас дутах ямар ч нөхцөл байхгүй. Учир нь би хажуу талдаа утас хянагчтай хамт суудаг. Утсаа тоолж өгөөд хажуугаар нярвын ажлаа хийдэг байсан. Мөн бусад салбар руу утаснуудаа тарааж өгдөг байсан. Хажуу талдаа утас хянагчтай тул утас алга болох нөхцөл огт байхгүй. Миний цалингаас гар утасны төлбөр суутгаж авсан гэдгийг мэдэхгүй. Надад хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2022 оны 1 дүгээр сарын цалинг өгөөд, 2022 оны 3 дугаар сард цалин олгоогүй намайг ажлаас халсан.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгөний тооцоотой холбоотой ажилтан солигдох үед нэг тооллого хийнэ гэж байгаа. Гэтэл Б.Ут ажил хүлээлгэж өгөхөд тооллого хийсэн баримт байхгүй.
Хоёрдугаарт, хариуцагч талаас үзлэг хийлгэсэн Б.Уийн гар утсан дээрх тооллогын баримтын зурагт А52 утасны ард 10д гэсэн тэмдэглэгээ хийсэн нь 10 утас дутуу гэдгийг илэрхийлсэн тэмдэглэгээ юм. Гэтэл энэ тэмдэглэгээтэй баримтыг нягтлан бодогч Х.Б булаагаад авчихсан асуудал яригддаг.
Иймд нэхэмжлэгч талаас гаргаад байгаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооллогын баримтаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан ажилтан солигдох үед хийсэн тооллого гэж үзээд байна уу эсвэл 12.2.3 буюу эд хөрөнгө дутаасан санхүүгийн тооллого гэж үзээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй.
Талуудын хооронд байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-ний 3.5-д талууд хариуцсан эд зүйлийг тоолох, бүртгэхэд биечлэн оролцож бүртгэсэн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулна гэж харилцан тохиролцсон учраас энэ баримтыг нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч нь Энэ баримтын эх хувь байхгүй гэж албан бичиг ирүүлсэн. Гэрч Х.Б мэдүүлэгтээ Нягтлангаар ажилладаг байсан. Миний санхүүгийн бичиг баримтууд бүгд манай санхүүгийн албанд бүрэн эхээрээ байгаа гэсэн боловч нэхэмжлэгч талаас шүүхэд баримтыг ирүүлээгүй. Иймд энэ нь тогтоогдохгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Гэрч Д.Нгийн мэдүүлгээр Төлбөр барагдуулах гэрээ-г хэрхэн, ямар зарчмаар байгуулсан нь тогтоогдож байна. Төлбөр барагдуулах гэрээ гэдэг бол 2 талын хэлцэл, 2 талдаа эрхтэй үүрэгтэй, хариуцлагатай. Хүчин төгөлдөр гэрээг үндэслэж үүрэг үүснэ. Төлбөр барагдуулах гэрээ-нд ажил олгогчийг төлөөлж Э.Л гарын үсэг зурсан, санхүүгийн тэмдэг дарагдсан байгаагаас дүгнэхэд энэ гэрээг Э.Л гэдэг хүнтэй л байгуулчихсан харагдаад байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийг төлөөлж гарын үсэг зурж байгаа бол нэгдүгээрт тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан байх ёстой. Нэг бол тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд өөрөө төлөөлж байж төлбөр барагдуулах гэрээ байгуулна. Иймд уг Төлбөр барагдуулах гэрээ эрх зүйн чадамжтай этгээдүүдийн хооронд байгуулагдсан уу гэдэг дээр шүүх дүгнэлт өгнө үү.
Иймд хариуцагчийг эд хөрөнгийн бүрэн хариуцлага алдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогч нарын зүгээс шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 107,015 төгрөг төлсөн баримт, Э.Н-д олгосон итгэмжлэл, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, С ХХК, Б.У нарын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ........... дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22/01 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ ирүүлсэн.
3.2. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар ирүүлсэн.
3.3. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр С ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Б.Уийн утас хүлээж авсан тооллогын баримтыг гаргуулж, хариуцагч Б.Уийн гар утсанд тооллогын баримтын зурагт үзлэг хийж, Д.Н, Х.Б нарыг гэрчээр асуусан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.У нь С ХХК-ийн агуулахын нярваар ажиллаж байх хугацаандаа Samsung Galaxy A52 загварын 7 ширхэг гар утас дутаасан. Талууд энэ асуудлаар харилцан тохиролцож, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 5,754,021 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар болсон. Гэвч хариуцагч Б.У нь Төлбөр барагдуулах гэрээ-нд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гар утас дутаасны төлбөрт 5,754,021 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Надад анх нярвын ажил хүлээлгэж өгөхдөө тооллого хийгээгүй. Мөн тооллого хийхдээ намайг оролцуулдаггүй. Нэхэмжлэгч талын дутсан гээд байгаа гар утас нь өнгөний зөрүүгээр гарсан. Би хажуудаа утас хянагчтай хамт суудаг тул гар утас дутах ёсгүй. Төлбөр барагдуулах гэрээг намайг загнаж, айлган сүрдүүлж байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Б.У нь С ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №......... дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд агуулахын нярвын албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж, үргэлжлүүлэн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл агуулахын нярваар ажилласан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх8-10/
4.2. Дээрх хөдөлмөрийн гэрээнд үндэслэн талууд мөн өдрөө Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх ба гэрээний 1.2-т Гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 15-нд хэлэлцэн тохиролцсон хөдөлмөрийн гэрээний ......... дугаар зүйлд зааснаар зохицуулагдана. гэж заажээ. /хх11/
4.3. С ХХК-ийг төлөөлж Э.Л, санхүү удирдлагын газрын гар утасны нярав албан тушаалтай Б.У нар 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 22/01 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Самсунг галакси А52 загварын гар утасны төлбөр 5,754,021 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 523,093 төгрөгөөр төлөхөөр ажилтны цалингаас нөхөн гаргуулахаар тохиролцсон байна. /хх12/
5. Талуудын хооронд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан болон ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх эсэх, төлбөр барагдуулах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргав.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно. гэж заажээ.
Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлээс тодорхойлоход хариуцагч Б.Уээс гар утасны төлбөр 5,754,021 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-т заасныг үндэслэн нэхэмжилсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ. гэж, 132 дугаар зүйлийн 131.2-т Энэ хуулийн 131.1-д зааснаас бусад тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй. гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Б.У нар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №......... дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Б.У нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд агуулахын нярвын албан тушаалд туршилтын хугацаагаар ажилласан, туршилтын хугацаа дуусахад үргэлжлүүлэн агуулахын нярваар ажилласан үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Утэй байгуулсан туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэгч С ХХК, Б.У нарын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-ний 1.2.-т гэрээний хугацааг мөн өдөр байгуулсан №......... дугаар зүйлд зааснаар зохицуулна гэж тодорхойлсон бөгөөд ажил олгогчоос ажилтан Б.Утэй байгуулсан туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй байх тул 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг гэрээний хугацаа дууссан гэж үзнэ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцахаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 12.2.3-т эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг заавал хийнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч С ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 31, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тооллогын баримтуудыг хэрэгт өгсөн боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Гэрч Х.Б Тооллогын баримтууд архивт эх хувиараа хадгалагддаг гэж мэдүүлсэн, С ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооллогын баримт эх хувиараа байхгүй гэх 24/258 тоот албан бичиг ирүүлсэн тул нэхэмжлэгч С ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэв.
Түүнчлэн, нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Уийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй, Б.Уээс нэхэмжилж буй 7 ширхэг гар утасны төлбөрийг хэзээ хийсэн тооллогоор дутсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Мөн нэхэмжлэгч С ХХК нь байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор ажилтан Б.Утэй 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-т заасны дагуу ажилтнаас тайлбар авч, тайлбар өгөхөөс татгалзсан тохиолдолд тэмдэглэл үйлдэж, эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтоосон баримтгүй тул дээрх гэрээний дагуу шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлээр, хариуцагч Б.Уээс 5,754,021 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,015 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 133.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Уээс 5,754,021 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ