| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0495/э |
| Дугаар | 420 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Улсын яллагч Р.Батнасан,
Шүүгдэгч Г.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Ганболдын Хуланд холбогдох эрүүгийн 1709008390113 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн удирдлага мэргэжилтэй, "Хайв" бааранд бармен ажилтай, ам бүл 4, эцэг, эх, 3 настай хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 2-14 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Нархан хотхоны 51А байрны 7 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Харнууд овогт Ганболдын Хулан, /РД: РЭ93091100/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Хулан нь 2017 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Лакс" бааранд иргэн Э.Алтанзаяатай маргалдаж, пивоны шил шидсэний улмаас Э.Алтанзаяагийн биед тархины доргилт, дух, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Хулан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Талуудын хүсэлтээр эрүүгийн 201725021396 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Хулан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 дугаар сарын 25-нд шилжих шөнө 02 цагийн үед “Лакс” баранд найз Нандин-Эрдэний хамтаар бүжиглэхээр бүжгийн талбай руу буусан. ...Нандин-Эрдэнэ хажуугаар нь гарах гэхэд нөгөө эмэгтэй гаргахгүй хаагаад зогсоод байсан. Тэгтэд Нандин-Эрдэнэ “алив зөрөөдөхье” гэж хэлээд тэр эмэгтэй болон эрэгтэй дундуур гарсан. Тэгтэл эмэгтэй нь Нандин-Эрдэнийг “гичий янхан” гээд хараагаад байсан. Би тэр эмэгтэйг араас нь дагаад “чи яагаад манай найзыг гичий янхан гэж байгаа юм бэ” гэхэд Алтанзаяа гээд гэмтсэн охин нь босч ирээд “чи зүгээр ширээ рүүгээ яв” гэж хэлэхээр нь би “би чамтай яриагүй” гэж хэлсэн. Тэгтэл Алтанзаяа гэх охин “чи зүгээр яваач гичий минь” гэж хэлсэн. Надтай маргалдсан 2 эмэгтэй араас ус ундааны сав шидээд байсан. Тэгэхээр нь би уурлаад ширээн дээрээ очоод ширээн дээр байсан пивоны шилийг аваад нөгөө эмэгтэйчүүдийн сууж байсан ширээ рүү шидсэн. Би дотроо жаахан пивотой, 2 шил авч шидсэн. Эхний шил нь тэдний буйдан дээр унасан. Дараагийн шидсэн шил нь тэр Алтанзаяа гэх эмэгтэйн нүүр рүү нь оночихсон...Дараа нь хартал тэр Алтанзаяа гэх эмэгтэйн нүүрнээс нь цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Алтанзаяа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2017 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 02 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн “Лакс” баранд орсон. ...манай найз охин ширээн дээрээ ирж суухад араас нэг танихгүй эмэгтэй ирээд уурлаад манай найз руу дайраад байсан. Би ширээн дээр ирсэн охиноос “чи яагаад манай ширээн дээр ирээд байгаа юм бэ” гэж асуухад “танай найз охин манай найз залууг өдөөд байна” гэсэн. Тэгээд хэрэлдсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь адилхан хэрэлдсэн. ...Тэгээд нөгөө охин ширээн дээрээ суугаад орилж байснаа ширээн дээр байсан пивоны шил манай ширээ рүү шидээд байсан ба ширээн дээр сууж байсан чинь манас гээд явчихсан чинь миний дух болон нүдний доод талын зовхиноос цус гоожоод эхэлсэн...Миний дух хавдаж, шалбарч цус гарсан ба баруун нүдний доод зовхи шилэнд урагдаж их хэмжээний цус гарсан. Миний толгой өвдөж, нүдний доогуур лугшиж, нүдээ анихад өвдөж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Сарнай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баранд би найз Алтанзаяа, Чинзоо, Идэрээ, Шинээ бид нар орсон. ...Алтанзаяа бид 2 бүжиглэж байгаад дээшээ 2 давхарын шатаар гарч ирж байсан чинь шатан дээр шил шиддэг охины найз залуу нь зогсож байсан юм шиг санагдаж байна. Тэгээд бид 2 ширээн дээрээ ирээд сууж байтал нэг охин ирээд орилоод бид нартай хэрэлдээд байсан. ... нөгөө охин ширээн дээрээ буцаж очоод шилтэй пиво манай ширээ рүү шидсэн. Ойролцоогоор 2-3 шил шидсэн. Тэгсэн чинь шил нь манай Алтанзаяагийн нүүрлүү нь оносон. Би Алтанзаяагийн нүүрлүү нь харахад дух болон нүүр хэсгээс нь их хэмжээний цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч А.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Хулан тэр хоёрын ширээн дээр очоод “яагаад манай найзыг гичий гэж байгаа юм бэ- гэж хэлээд очсон. Тэгээд нөгөө ширээний улаан цамцтай охин “цаашаа зайл” гээд бид нарыг хэл амаар доромжилсон...Тэгсэн чинь гэнэт Хулан уурлаад ширээн дээр байсан дотроо пивотой шил муудалцсан охидуудын ширээ рүү 2 шилийг шидсэн...Тэгээд байж байтал нөгөө ширээний Хулантай муудалцаад байсан охины дух, хацарнаас нь их хэмжээний цус нүүрийг нь дагаад урсаж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹10858 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Гэрч Э.Соёлмаагийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Т.Алтантариагийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Б.Баярмаагийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, Г.Хулангийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 32-35 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Хулан нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Лакс" бааранд иргэн Э.Алтанзаяатай “найзыг гичий гэж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар пивоны шил шидсэний улмаас хохирогч Э.Алтанзаяагийн эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Хулангийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Алтанзаяагийн мэдүүлэг, гэрч Б.Сарнай, А.Нандин-Эрдэнэ нарын мэдүүлэг, шинжээчийн №10858 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Хуланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Хуланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Хуланг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Г.Хулан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч Э.Алтанзаяагаас гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын төлбөрт 1.199.400 төгрөгийг нэхэмжилсэн баримттай байх тул шүүгдэгч Г.Хулангаас нэхэмжилсэн төлбөрийг гаргуулж хохирогч Э.Алтанзаяад олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Хулан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харнууд овогт Ганболдын Хуланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хуланг 700 /долоон зуу/ нэгжээр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хуланг оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжээр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Хулан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хулангаас 1.199.400 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 120 айлын 18 дугаар байрны 01 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Эрдэнэбилэгийн Алтанзаяа /УШ92072462/-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хулан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Хуланд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН