Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХК /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагч: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа,

Маргааны төрөл: газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй, гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэртэй маргасан,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М/цахимаар/, хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгчээс анх шүүхэд ““” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалын №11 “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “” ХХК-ийн Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалтай газар нутгийн Ө нэртэй 30024 м.кв га талбайг “Аялал жуулчлалын зориулалтаар” ашиглах эрхийг сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг “” ХХК-тай газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулахыг даалгах, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалын №11 “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

Хоёр.Хэргийн үйл баримтын тухайд:                                                                     

айгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр тушаалаар  “” ХХК-д Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ө нэртэй 30024 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгосон байна. Үүнийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дугаартай газар ашиглах гэрчилгээ олгожээ.

2.2.Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд  нь бүрэн төлөөгүй 20 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар хүчингүй болгосны нэг нь нэхэмжлэгч “ ” ХХК-ийн газар ашиглах эрх байна.

2.3.Нэхэмжлэгчээс “Манай компанийг газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй. Ковид-19 цар тахалтай холбогдуулан гэрээ байгуулах, газраа ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, Газрын төлөв байдал, хянан баталгааны дүгнэлт гаргуулж, газар ашиглах бэлтгэл ажлаа хангаж байсан. Хариуцагч хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй. Нэхэмжлэгч газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан боловч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, хариуцагч байгууллагын бичиг хэргийн ажилтан хүлээн авсан боловч тухайн үед бүртгээгүй, ирсэн албан бичгийг нөхөн бүртгэдэг зэрэг буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хүсэлтийг алга болсон буруутай. Газрын төлбөрөө төлсөн. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.

2.4.Хариуцагч нараас “Нэхэмжлэгчээс газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт ирүүлж байгаагүй, түүнчлэн гэрээ байгуулагдаагүй тул ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Хуульд заасан журмын дагуу өдөр тутмын сонин болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан сонсох ажиллагааг явуулсан. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээг авч газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэнэ үү гэсэн албан бичиг ирүүлснийг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлтэй” гэж тайлбарлан маргаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар:

3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Аялал жуулчлал, цайны газрын үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулагдаж, дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. 2020 оны 05 дугаар сарын 18 ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дугаар тушаалаар Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ө нэртэй 30024м² га талбайг “Аялал жуулчлалын зориулалтаар” таван жилийн хугацаагаар ашиглах дугаар гэрчилгээг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр авсан. 2020 оноос эхлэн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч, Монгол улсад бизнес, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа бүрэн хорьсноос бид төлөвлөсөн хугацаандаа ажил эхлүүлэх боломжгүй болсон. Аялал жуулчлалын бизнес иргэдийн чөлөөт урсгал, нээлттэй зорчих боломж хангагдсан байдлаас шууд хамаардаг. Манай улс ч мөн энэ нөхцөл байдлыг бүрэн ойлгож эдийн засгийн хямралын эсрэг шат дараалсан олон арга хэмжээ авч байсан ба зээлийн хүүг хойшлуулах гэх мэт олон таатай бодлого гаргаж, улс орноороо хүндрэлийг хүлээж, давах шийдлийг хайсан хүндрэлтэй үед байсан.

Ковид-19 цар тахлын үед Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хорио дэглэм тогтоосон хэд хэдэн тогтоол гарч байсан бөгөөд дээрх шийдвэр, тогтоолуудын улмаас Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай газар ашиглах гэрээ байгуулах боломжгүй болж, мөн 2020 оны 5 дугаар сараас 2021 он, 2022 оны 05 дугаар сар хүртэл бид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “” ХХК-иар газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа хийлгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Газар төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтээ гаргуулсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “” ХХК-иар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэхээр ******* дугаар гэрээ байгуулан тайлангаа гаргуулан авсан. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2020, 2021, 2022 онуудын газрын төлбөр 8,190,546 төгрөгийг улсын төсвийн дансанд тушааж, Нийслэлийн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны төлбөрийн мэргэжилтэн Т.Г*******тай газрын төлбөрийн тооцоо нийлсэн №******* дугаар акт үйлдэж баталгаажуулж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар албан бичгээр ХХК нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт байрлах 30024 м.кв газар дээр газар ашиглалтын гэрээг байгуулах хүсэлтээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан боловч хамгаалалтын захиргаа бидний хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй.

Бичиг хэргийн ажилтан н.Ө******* гэх хүнээс удаа дараа асуусан боловч хариуцсан ажилтан байхгүй гэх мэт олон шалтаг хэлж хойшлуулж, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутагт барилга, байгууламж барих ажлаар Налайх дүүргийн Газрын алба дээр очиход манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар мэдсэн. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны М.Э*******тай очиж уулзахад, манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаал гарсан талаар мэдээгүй, энэ талаар мэдэхгүй байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Б******* хандаж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгийн хамт маргаан бүхий дугаар сайдын тушаалыг авсан.

Уг тушаалыг гаргахдаа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 20 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02 -ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн, хавсралт №11-д “” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар сонсох ажиллагааг сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах зэргээр хуульд заасан аль нэг хэлбэрээр сонсох ажиллагаа хийж манай компаниас тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах эрхийг хүчингүй болгуулахаар санал ирүүлсэн гэх ба энэ хугацаанаас өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2020, 2021, 2022 онуудын газрын төлбөр 8,190,546 төгрөгийг төлж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн №******* дугаар акт үйлдэж баталгаажуулсан.

2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 08 дугаар албан бичгээр манай компанийн зүгээс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглалтын гэрээ байгуулах тухай хүсэлтээ гаргасан боловч хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй, манай компанитай газар ашиглах гэрээ хийгээгүй байгаа. Хуульд зааснаар “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж тайлбарласантай нийцэхгүй байна. Иймд “” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалын хавсралтын “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “” ХХК-ийн Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутагт орших Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ө нэртэй 30024м² га талбайг “Аялал жуулчлалын зориулалтаар” ашиглах эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хамгаалалтын захиргаа нь хуулиар олгогдсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах тухай хүсэлтийг хүлээн авах, хүсэлтийг үндэслэн тухайн газарт бусад этгээд санал ирүүлсэн эсэх, давхцалтай эсэхийг шалгаж төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт хууль тогтоомж, хамгаалалтын горимыг хангуулах, хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрыг тогтоох зэрэг хуульд тусгайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг. “” ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/18 тоотоор байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах шаардлагатай санал болон газрын нэгж талбарын зураглал гаргуулахаар хүсэлт гаргаж байсан бөгөөд хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай хүсэлт буюу газар ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлтийг “” ХХК-иас тус хамгаалалтын захиргаанд ирүүлж байгаагүй. Хамгаалалтын захиргаанаас  Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг үндэслэн Нийслэлийн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны газрын төлбөрийн мэдээлэл, газар дээр нь хээрийн судалгаа хийж гүйцэтгэсэн ажлын фото зураг зэргийг үндэслэн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй (Тухайлбал, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй гэх мэт)  газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг дуусгавар болгох тухай саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн газарт хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.3.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 35.3.4 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн гарсан.

Мөн тушаалыг гаргахдаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналыг үндэслэн нэхэмжлэгч “” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч “” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр тушаалаар 30024 м. кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаанд олгосон боловч нэхэмжлэгч тус газартаа үйл ажиллагаа явуулаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналаар тогтоогддог.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох үед ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд туулах, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасан.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулахдаа 21 буюу түүнээс дээш тооны этгээд байсан тул 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өдрийн сонины баасан гарагийн 6 дугаар нүүрт “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх аваад үйл ажиллагаа явуулаагүй, байгалийн цогцолборт газрын унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй, Ой, усан сан бүхий газартай давхцалтай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгох жагсаалт"-ыг байрлуулсан ба 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4.3-т заасан үйл ажиллагааг явуулах талаар мэдэгдсэн боловч тус хугацаанд нэхэмжлэгч “” ХХК нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдох тайлбар, баримтыг ирүүлээгүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул “” ХХК-тас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг.“” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг “” ХХК-тай газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулахыг даалгах шаардлагын тухайд:

1.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”,  37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж тус тус заажээ.

1.2.Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “ Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.”, 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус зохицуулсан.

1.3.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн захиргааны төв байгууллагын газар ашиглах эрх олгосон шийдвэр, тухайн газарт байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн тайлан, газар ашиглах эрх авсан этгээдээс гаргасан гэрээ байгуулах хүсэлт зэргийг үндэслэн талууд /сум, дүүргийн Засаг дарга, газар ашиглах эрхтэй этгээд, хамгаалалтын захиргаа/ газар ашиглах гэрээг байгуулахаар байна.

1.4.Нэхэмжлэгч “” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтийг гаргасан гэж тайлбарлаж байх хэдий ч хэрэгт авагдсан Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны ирсэн бичгийн бүртгэлийн 1, 2 дугаар дэвтэр, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч тус захиргааны газрын бичиг хэрэг, архив, нярав зэрэг дотоод ажил хариуцсан ажилтан Лхагвын Өнөржаргалын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан мэдүүлгээр тухайн хүсэлтийг гаргаж байсан нь тогтоогдохгүй байна.

1.5.Энэ тохиолдолд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хүсэлт шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

1.6.Иймд “” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг нэхэмжлэгчтэй газар эзэмших, ашиглах гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр.Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалын №11 “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр хуульд заагдсан арга хэмжээг авч газар ашиглах эрхийг дуусгавар болгох 51 иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг,

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газарт мөн дээрх үндэслэлээр 23 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгох нэрсийн жагсаалтыг ирүүлж, хавсралтаар 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан хээрийн судалгаа хийсэн ажлын фото зураг, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны  өдрийн 23/866 тоотоор ирүүлсэн газрын төлбөрийн мэдээллийг хүргүүлсэн, уг жагсаалт, мэдээлэлд “” ХХК-ийн нэр орсон байна.

2.2.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн дээрх саналыг үндэслэн 20 иргэн, аж ахуй нэгж, байгууллага, түүний дотор “” ХХК-ийн газар ашиглах эрхийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт болон гэрээ байгуулаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

2.3.Нэхэмжлэгч сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй гэж маргадаг.

2.4.Хэрэгт авагдсан “Өдрийн сонин”-ий 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Пүрэв гарагийн №198 дугаарт “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх аваад үйл ажиллагаа явуулаагүй, байгалийн цогцолборт газрын унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй, ой, усан сан бүхий газартай давхцалтай  57 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгох жагсаалт”-ыг нийтэлсэн, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ... тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн ... хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасантай нийцсэн тул хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг хийсэн гэж үзнэ.

2.5.Харин газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд Нийслэлийн налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23/866 дугаартай албан бичигт “” ХХК 2022 онд 8,190,546 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар тодорхойлсон боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (1 дэх хавтасны 15 дахь тал), мөн өдрийн 01113-2020/03378 дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар (1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал) нэхэмжлэгч 2020-2022 оны газрын төлбөрт 8,190,546 төгрөгийг төлсөн, маргаан бүхий акт гарахаас өмнө төлбөрийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байна.

2.6.Иймд нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

2.7.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах “... бодит нөхцөлд тохирсон ... байх” зарчмын заасан, энэ зарчмын дагуу мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.

2.8.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий тушаалаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахдаа дээрх хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй гэсэн бодит нөхцөлд тохирохгүй дүгнэлт хийж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

2.9.Мөн нэхэмжлэгчээс “Ковид-19 цар тахлын үед Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хорио дэглэм тогтоосон, улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай газар ашиглах гэрээ байгуулах боломжгүй болж, мөн 2020 оны 5 дугаар сараас 2021 он, 2022 оны 05 дугаар сар хүртэл бид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж тайлбарлан маргадаг.

2.10.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хавсралтад заасан 11 төрийн болон хуулийн этгээдээс бусад төрийн болон хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагаа болон зорчих хөдөлгөөнийг зогсоосон, хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, түүнчлэн Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06 цагаас эхлэн дуусгавар болсон нийтэд илэрхий үйл баримт байна.

2.11.Үүнээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны дүгээр тушаалаар  “” ХХК-д газар ашиглах эрх олгосон 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш газар ашиглах эрхийг дуусгавар болгосон 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт гаргах боломжтой байжээ.

2.12.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч газар ашиглах эрхтэй болсноос хойш 6 сар орчмын хугацаанд, нөгөө талаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсан үеэс эхлэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулах боломжтой байсан гэж үзэх тул нэхэмжлэгчийн “газар ашиглах гэрээ байгуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

2.13.Гэхдээ Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно: 1/“Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, 2/”Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэж заасан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тодорхойлсон  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт гаргаагүй, улмаар гэрээ байгуулаагүй нь түүний тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

2.14.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж зааснаар захиргааны байгууллага хуулиар өөрт олгосон хүрээ хязгаарын дотор шийдвэр гаргах эрх хэмжээтэй, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй.

2.15.Энэ нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах “хуульд үндэслэх” зарчимд нийцсэн байх агуулгыг илэрхийлнэ.

2.16.Тодруулбал, нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтээ хуульд заасан 90 хоногийн хугацаанд хариуцагч захиргааны байгууллагад хандан гаргаагүй, гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан, улмаар Газрын тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “... газрын тухай хууль тогтоомж ... удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэл болох эсэхэд хариуцагч дүгнэлт өгч шийдвэр гаргах байтал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар хуульд заагаагүй буюу “гэрээ байгуулаагүй” үндэслэлээр “” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь дээрх хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна.

2.17.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгохоор,  40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заасан.

2.18.Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно"гэж тус тус тайлбарлажээ.

2.19.Дээрх хуулийн хэмжээ, түүнийг тайлбарласан тайлбараас үзэхэд газар ашиглах гэж гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу газрын аль нэг ашигтай чанарыг  ашиглахыг ойлгох бөгөөд газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласан эсэх хугацааг газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулснаас хойш тоолохоор, гэрээ байгуулаагүй тохиолдолд гэрээнд заасан болзлын дагуу ашиглаагүй гэх нөхцөлийг тогтоох боломжгүй байна.

2.20.Энэ тохиолдолд нэхэмжлэгч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулах хүсэлт гаргаагүй, улмаар гэрээ байгуулаагүй нь дээр дурдсанчлан тогтоогдож байх тул “” ХХК-ийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй гэж үзлээ.

2.21.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалын №11 “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалын №11 “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг “” ХХК-тай газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.ГАНЗОРИГ